Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 344

 

“Г...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                  М.Батсуурь

                                                  Х.Батсүрэн

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга:    Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Г...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0055 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 231 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0055 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 48 дугаар зүйлийн 48.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Г...” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Г...” ХХК-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 231 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 55 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 5, 33 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г...” ХХК-иас Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдуулан гаргасан “2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч “Г...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, өмгөөлөгч Ч.У нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” тухайд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн, уг зохицуулалт нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгохдоо зөвхөн дээрх зохицуулалтын дагуу түр буудаллах орон байрыг ашиглах эрхтэй байх агуулгатай бөгөөд уг хуулийн 12 дугаар зүйлийн 5-д зааснаар “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих” үйл ажиллагаа явуулахыг хориглодог байна” гэж дүгнэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0055 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

4. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр “Г...” ХХК-ийн 21.8 га газрын ашиглах эрхийг цуцапсан. Гэтэл хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаануудын алийг нь нэхэмжлэгч явуулсан болохыг нотлох баримтгүй, шалгаж тогтоогоогүй бөгөөд нэхэмжлэгч нь тийм хориглосон үйл ажиллагаа явуулаагүй болно. “Г...” ХХК нь одоогоор тухайн газартаа ямар нэгэн барилга байгууламж бариагүй бөгөөд шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон түүнд хавсаргасан фото зургаас харахад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь тодорхой харагдана. Мөн нэхэмжлэгч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж заасан хязгаарлалтын бүсийн дэглэмийг зөрчөөгүй. Тус хуулийн заалт нь тухайн дэглэмийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан, зөрчил нь бодитоор үйлдэгдэж тогтоогдсон тохиолдолд хамаарах зохицуулалт бөгөөд давж заалдах шатны шүүхээс “Г...” ХХК-ийн газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах нь яагаад “Байгаль орчинд сөрөг нөлөөтэй” гэж үзсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

5. Түүнчлэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэх заалтыг давж заалдах шатны шүүх буруу хэрэглэсэн бөгөөд дараах утгаар зөв тайлбарлаж хэрэглэх ёстой байсан. Үүнд:

Хуулийн урьдчилсан нөхцөл

Тайлбар

1.хэн?

Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн

Аялал жуулчлал хийх, тухайн үйл ажиллагааг явуулах зорилгоор тус бүсэд нэвтэрч байгаа, мөн тугсай хамгаалалтад нэвтрэх зохих төлбөрөө төлж зөвшөөрөл, тасалбараа авсан этгээд

2.ямар зориулалтаар?

Түр буудаллах, отоглох, зориулалтаар

Аялал жуулчлалын цогцолбор, зочид буудал, гэр буудал, амралт, сувиллын бааз зэрэгт аялагч, зочин этгээд нь суурьшлын бүс шиг байнга оршин суух, амьдрах бус тодорхой богино хугацаанд байгалийн сайханд амарч сувилуулан түр буудаллах отоглох зорилгоор оршино.

3.Хэрхэн барьсан

Зохих журмын дагуу барьсан

Тухайн бүсэд зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрсөн. Энэ нь МУ-ын холбогдох Барилгын тухай хууль, бусад хууль, норм, дүрмийг хангаж барьсан байна уу үгүй юу гэдэг дээр асуудал хөндөгдөх байхад үүнийг шалгаад зохих журмын дагуу бус гэж тогтоосон зүйлгүй байдаг. Шүүхээс хийсэн газрын үзлэгээр газар дээр тийм үйл ажиллагаа явагдаагүй.

4.Юуг ашиглах?

Орон байрыг ашиглах

Орон байр гэх ойлголтыг МУ-ын Дээд шүүхийн 2006.05.29-ний өдрийн 28 дугаар тогтоолын 1.9-т “орон байр гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тайлбарласан байна.

6. Дээрхээс дүгнэн үзвэл давж заалдах шатны шүүх нь дээрх хуулийн зүйл заалтыг явцууруулан буруу тайлбарлаж, аялал жуулчлалын зориулалтаар тухайн бүс нутагт зохих журмын дагуу барьж болох орон байр гэдэгт юуг ойлгохыг өөрсдөө хүртэл бүрэн дүүрэн ойлголгүйгээр, хуулийн заалтыг хэрэг маргаанд зөв хэрэглээгүй гэж үзэж байна.

7. Хэдийгээр захиргааны байгууллага нь өөрийн гаргасан актаа хүчингүй болгох эрхтэй хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан үндэслэлээс өөр үндэслэлээр эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгож болохгүй юм. Манай компанид газар ашиглах эрхийг анх олгосон сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 дугаар тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасан “Дархан цаазат газрын ...хязгаарлалтын бусээс Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгапь орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасны дагуу аялал жуулчлалын зориулалтаар анхнаасаа олгож болох зохицуулалттай мөн хуулийн 36 дугаар зуйлийн 36.1 дэх хэсгээр газар ашиглах эрх олгох асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх сайдад олгогдсон тул ямарваа хууль зөрчсөн зүйлгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 болон 48.3 дахь заалт энэ хэргийг шийдвэрлэхэд хэрэглэгдэхгүй юм.

8. “Г...” ХХК нь газар ашиглах эрхээ авснаас хойш газрын төлбөрт нийт 767,408,021 төгрөгийг төлсөн бөгөөд 190,462,800 төгрөгийн зардал гаргаж 21,8 га газраа бүхэлд нь хашаалсан байдаг. Гэтэл хариуцагч нь маргаан бүхий газарт ашиглах эрхийг анхнаасаа олгох ёсгүй байсан гэж маргаж өөрийн гаргасан тушаалаа хүчингүй болгосноор нэхэмжлэгчид их хэмжээний хохирол учраад байна. Хэрэв үнэхээр Байгаль орчин аялал жуулчлалын яам төдийгүй шүүх хуулийн дээрх заалтыг тийнхүү явцууруулан хэрэглэх, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д заасныг тийнхүү ойлгож зориулалт нь хязгаарлагдана гэж үзвэл тухайн хүрээнд “Г...” ХХК нь газраа ашиглахад бүрэн боломжтой. /Анх газар ашиглах эрхийг олгосон тушаал болон гэрчилгээ нь өөрөө ерөнхий “аялал жуулчлалын зориулалт”-аар учир дотроо яг аль зориулалт гэдэгт хөрвөхөд нээлттэй/. Гэтэл энэ талаар зориулалтыг хэрхэх талаар нөхцөл байдлыг асууж тодруулалгүй, урьдчилан мэдэгдэж, сонсгож, тайлбар санал авалгүй манай эрхэд шууд халдаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 24-26 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргаж ажиллагааны журмыг зөрчсөн болно.

9. “Г...” ХХК-ийн тухайн газарт хэрэгжүүлэх гэж буй төсөл нь Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын тодорхой хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх, томоохон аялал жуулчлалын цогцолбор болох газар бөгөөд энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хамгийн зохимжтой газар нь манай газар гэж үзсэн тул тухайн төслийг хэрэгжүүлэхээр хоёр улсын Засгийн газар хэлэлцээний түвшинд яригдаж байгаа асуудал юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад урьд байгаагүй, орчин үеийн дотоод, гадаадын жуулчдыг татах томоохон аялал жуулчлалын цогцолбор бий болж, гаднаас орж ирэх валютын урсгалыг сайжруулах гээд маш олон эерэг үр дагаврыг бий болгох ач холбогдолтой төсөл юм. Мөн Аялал жуулчлалын тухай хуульд төрөөс аялал, жуулчлалыг дэмжиж ажиллах тухай зохицуулалт тодорхой тусгагдсан төдийгүй, салбарын яам болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь үүнийг харин ч бүр илүү дэмжин ажиллах ёстой атал ийнхүү үндэслэлгүйгээр манай эрхэд халдаж байгаад гомдолтой байна.

10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0055 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тухайд: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын үндэслэл болгосон хуулийн зохицуулалтыг үзвэл манай компани хуульд заасан ямар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь тодорхой бус байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зэрэг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй юм.

11. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглуулж болно” гэж заасан. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүх хуралдаанд хариуцагчаас гаргасан тайлбартаа “...нэхэмжлэгч компанийн ашиглах эрхтэи байсан 21.8 га газар нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаардаг, тухайн бүсэд газар ашиглах эрх нь цуцлагдаагүй өөр иргэн, хуулийн этгээдүүд байгаа” гэдгийг хүлээн зөвшөөрсөн төдийгүй, нэхэмжлэгч нь хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

12. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийи 2-т захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдэд эерэг үйлчлэл үзүүлсэн өөрийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг тодорхой заасан. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй ч иргэн, хуулийн этгээдэд эерэг үйлчлэл үзүүлсэн шийдвэрийн хувьд хүчингүй болгоход тодорхой хязгаарлалт тавьсан. Тухайлбал, хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй, захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авилга өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” бол хүчингүй болгож болохоор заасан байхад хуульд заагаагүй үндэслэлээр цуцалсан маргаан бүхий акт нь хуульд нийцээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

13. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ нь:

14. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

15. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг тус тус баримтлан “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар ашиглах эрх олгосон” гэх үндэслэлээр, уг тушаалын хавсралтад заасан 46 аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, үүний дотор нэхэмжлэгч “Г...” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн “Ташгайн ам” гэх газарт байршуулан 21.8 га газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд (тухайн үеийн нэрээр)-ын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 дугаар тушаал багтжээ.

16. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 дугаар тушаалаар “Г...” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт 21.8 га газрыг “аялал жуулчлалын зориулалтаар” ашиглуулахаар шийдвэрлэсэн,  “Г...” ХХК-иас 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 74 дүгээр албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан, “... Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн “Ташгайн ам” гэх газарт “ ... эхчүүдийн сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэх ...-ээр үйлчилгээ үзүүлэх барилга байгууламж бүхий цогцолбор барих ... /тул/ манай компанийн ажлыг дэмжиж хуулийн дагуу газар ашиглах гурвалсан гэрээ байгуулж бидний ажилд тусална уу” гэх хүсэлт гаргасан, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 2014/64 дугаартай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гурвалсан гэрээг “Г...” ХХК-ийн захирал Ж.Жавзандулам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Шинэхүү, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нар байгуулж, гэрээг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар баталсан, уг гэрээгээр газар ашиглагч “Г...” ХХК “... жирэмсэн эхчүүдийг сувилах сувиллын цогцолбор” барих төсөл хэрэгжүүлэхээр тохирсон, одоогоор “Г...” ХХК нь уг газар дээр ямар нэг барилга бариагүй, хашаа татсан, цаашид “... 50 000 хүний суудалтай стадион, түүнийг тойрсон оффис, худалдаа үйлчилгээ, зочид буудал, үзвэр үйлчилгээний газрууд ... –ын зориулалтаар үйл ажиллагаа явуулах 4 барилга бүхий цогцолбор байгуулах зорилготой”, газар ашиглах гэрээний дагуу газрын төлбөрийг жил бүр төлж ирсэн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

17. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай (1994) хуулиар дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг тогтоосон, уг хуулийн 11 дүгээр зүйлд “/дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд/ байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр явуулж болох үйл ажиллагаа”-г, 12 дугаар зүйлд “... дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа”-г тус тус тусгайлан заасан, хуулийн эдгээр зохицуулалтаар дархан цаазат газрын хамгаалалтын болон хязгаарлалтын аль ч бүсэд аливаа зориулалтаар “цогцолбор, барилга байгууламж” барьж байгуулах, ийм зорилгоор газар ашиглах эрх олгохыг зөвшөөрөөгүй, уг хууль хүчин төгөлдөр байх тул “... дархан цаазат газарт ... хууль зөрчин газар ашиглах эрх олгосон” гэх үндэслэлээр “Г...” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 дугаар тушаалыг хүчингүй болгосон маргаан бүхий А/355 дугаар тушаалыг “... хууль зөрчсөн” гэж шүүх дүгнэх боломжгүй, давж заалдах шатны шүүх уг асуудлаар зөв дүгнэлт хийсэн байна.

18. Анхан шатны шүүхийн “... дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд бусад этгээдэд газар ашиглах /олон эрх/ олгогдсон, үйл ажиллагаа явуулж /байхад/ ... нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон” гэх дүгнэлт нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл биш, энэ тохиолдолд “тэгш байдлын зарчим”-ыг шүүх буруу хэрэглэжээ.

19. Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай (1994) хуулиар дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг тогтоосон, уг хууль хүчин төгөлдөр үйлчилж ирсэн байхад “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага”, эрх бүхий албан тушаалтнууд уг хуулиар тогтоосон дэглэмд нийцэхгүй, зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагааны зорилгоор  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалт, хязгаарлалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгож ирсэн, мөн хуулиар хүлээсэн “дархан цаазат газар нутагт хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” үүргээ  зохих ёсоор хэрэгжүүлээгүй, дархан цаазат газарт “барилга байгууламж бариулах”-аар гэрээ байгуулж, эрхийг баталгаажуулж ирснээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалт, хязгаарлалтын бүс нь уг хуульд зааснаар хамгаалагдаж ирээгүй нь нийтийн илэрхий үйл баримт боловч, энэ нь хүчин төгөлдөр хууль, хуулиар тогтоосон журмыг цаашид мөрдөхгүй байх учир шалтгаан, үндэслэл болохгүй, хуулийг “тэгш” зөрчсөн нь “тэгш байдлын зарчим”-аар зөвтгөгдөх учиргүй.

20. Өөрөөр хэлбэл, “тэгш байдлын зарчим” нь энэ тохиолдолд хүчин төгөлдөр хууль тогтоомжийг нийтээрээ, тэгш мөрдөх агуулгаар тайлбарлагдана, хууль  зөрчсөн захиргааны аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд хүчингүй болох, цуцлагдах боломжтой, хэргийн оролцогчдоос дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах эрх олгосон нь “хууль ёсны эсэх” талаар маргаж буй энэ тохиолдолд шүүх хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр “хуульд үндэслэх” зарчимд нийцэх юм.

21. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай (1994) хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвшөөрөгдөх үйл ажиллагааг нэгэнт хуульчлан тогтоосон байх тул хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагааны зориулалтаар газар ашиглуулахаар олгосныг хууль бус гэж үзнэ, энэ үндэслэлээр,  “Г...” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 дугаар тушаалыг “эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт” гэж үзэх үндэслэлтэй, уг тушаалыг хүчингүй болгосон маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаал Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “захиргааны байгууллага /энэ хуульд/ заасан тохиолдолд /эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт/-ыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасныг зөрчөөгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт мөн зөв болно.

22. Маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгч “Г...” ХХК-ийг газар ашиглахдаа “хууль зөрчсөн” гэж түүний газар ашиглах эрхийг цуцлаагүй,  өмнөх актаа “хууль бус” гэж өөрөө хүлээн зөвшөөрч, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 дугаар тушаалыг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “... дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаануудын алийг нь нэхэмжлэгч явуулсан болохыг нотлох баримтгүй, шалгаж тогтоогоогүй бөгөөд нэхэмжлэгч нь тийм хориглосон үйл ажиллагаа явуулаагүй, ... хязгаарлалтын бүсийн дэглэмийг зөрчөөгүй /байхад/ шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

23. Нэхэмжлэгч  “Г...” ХХК-д анх газар ашиглуулах эрх олгосон эерэг үйлчлэл бүхий тушаалыг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий А/355 дугаар тушаалын үндэслэлээ хариуцагчаас “дархан цаазат газрын хамгаалалт, хязгаарлалтын бүсийн хуулиар тогтоосон дэглэмийг сахиулах, хамгаалах” зорилгын хүрээнд буюу “нийтийн ашиг сонирхлын үүднээс” гэж тайлбарлан маргаж байгааг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан, зөвшөөрөгдсөн хүрээнд байна гэх үндэслэлээр шүүх хүлээн авч байгаа, хүчин төгөлдөр хууль тогтоомжийг нийтээрээ, тэгш мөрдөх “тэгш байдлын зарчим”-ын үүднээс шүүхийн энэхүү шийдвэр нь хариуцагчаас уг газрыг өөр этгээдэд “аялал жуулчлалын зориулалтаар” эсхүл аливаа бусад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, дархан цаазат газрын хамгаалалт, хязгаарлалтын бүсийн хуулиар тогтоосон дэглэмд нийцээгүй байдлаар ашиглуулахаар, газар ашиглах эрхийг “дахин хуваарилж” олгох үндэслэл болохгүйг, түүнчлэн, “Г...” ХХК-иас “... газар ашиглах эрхээ авснаас хойш газрын төлбөрт нийт 767,408,021 төгрөгийг төлсөн, ... 190,462,800 төгрөгийн зардал гаргаж 21.8 га газраа бүхэлд нь хашаалсан, ... хариуцагч нь маргаан бүхий газар ашиглах эрхийг анхнаасаа олгох ёсгүй байсан гэж маргаж өөрийн гаргасан тушаалаа хүчингүй болгосноор нэхэмжлэгчид их хэмжээний хохирол учраад байгаа” гэх асуудлаар нэхэмжлэгч зохих журмын дагуу шүүхэд хандах, гомдол нэхэмжлэл гаргаж, хохирол төлбөрийн асуудлаа шийдвэрлүүлэхэд энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

24. Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 231 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, өмгөөлөгч Ч.У нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Г...” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Ч.ТУНГАЛАГ

    ШҮҮГЧ                                                 Д.МӨНХТУЯА