Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 392

 

М.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, хохирогчийн өмгөөлөгч Б.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар магадлалтай, М.Ад холбогдох 2036000000005 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч А.А, түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2019 оны 6 дугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, К овогт М.А нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч А.А, түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч А.А, түүний өмгөөлөгч Б.Батсүх нар хамтран гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1.Шүүгдэгч М.А нь 2019 оны 12 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр А.Аийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлд Ховд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн...

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан “...шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх, мөн зүйлийн 8.2-т заасан шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрлийн...” талаар асуудал тус бүрийг хэлэлцэх үүргээ биелүүлээгүйгээс зөвхөн прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь өрөөсгөл ойлголт юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт зэрэг шийдвэр гаргахад нөлөөлөх бодит баримтанд тулгуурласан нөхцөл үүссэн байхад үүсээгүй мэтээр дүгнэлт хийсэн нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг тодорхойлсон. Энэхүү хэлбэр нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэх мэтээр илрэх бөгөөд шүүгдэгч М.Аын хувьд эдгээр хэлбэрийг бүгдийг нь агуулсан үйлдэл, эс үйлдэхүйг гаргаж байсан. Түүнчлэн мөн хуулийн 4 дүгээр зүйлд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зарчмыг тодорхойлсон. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг шуурхай хангах, нууцлалыг хамгаалах, хүчирхийллийг үл тэвчих зарчмыг баримтлах ёстой. Энэхүү зарчим алдагдаж бүх хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын, хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны, хүний цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг эдийн засгийн, гэр бүлийн хамаарал бүхий этээдийг бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг бэлгийн хүчирхийлэл гэж үзнэ гэжээ.

Гэтэл шүүгдэгч М.Аын 2019 оны 12 дугаар сарын 10, 12-ны үйлдэл нь зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл байхаас гадна хохирогчтой харгис хэрцгий харьцсан. Тухайлбал, А.Аийн гэрчээр өгсөн “...өдөржингөө хэнтэйгээ хүслээ хангаж ирсэн янхан, банзал вэ?, чиний хоёр гарыг барьж аваад мушгиад хурууг чинь хугална”, мөн А.Аийн хохирогчоор өгсөн “... А нь байнга 21 цаг гэхэд орондоо орсон байхыг шаарддаг учраас би орондоо ороод бага хүүхдээ хөхүүлээд, унтуулаад буруу хараад хэвтэж байтал чи намайг тэвэрч хэвтсэнгүй, хэнтэйгээ өдөржигөө банзалдаж хүслээ хангаж ирчихээд над руу харахгүй байгаа юм, танай эмээ нас бараад удаагүй байхад танай ажлынхан яагаад ирдэггүй юм, мөнгө авчирч өгдөггүй юм...” гэх мэдүүлэг, гэрч А.Бийн “...гэр лүү нь ороод 2 давхар луу гарахад эгч орон дээр хэвтчихсэн, А дээр нь мордчихсон, 2 хүүхэд нь хажуу талд нь номхон зогсож байсан”, гэрч Э.Бийн “...А ажил дээрээ сууж оройтоход А ирээд Аийг алгадаад аваад явсан байсан. А нөхөр нь гэртээ байсан байгаагүй ч байнга хүүхдээ өөрөө цэцэрлэгт нь зөөж, авдаг, ажил дээрээ оройтож ажиллаж чаддаггүй, сэтгэл нь байнга түгшүүртэй байгаа харагддаг, орой Аээс юм асуух гээд утас руу нь залгахад утсаа авдаггүй, яагаад утсаа авдаггүй талаар асуухад нөхөр нь гэртээ оронгуут нь утсыг нь хураагаад авчихдаг, гарсан хойгуур нь утсаа авах боломжтой гэж ярьдаг” гэх мэдүүлгээс дүгнэхэд М.А нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр, хүүхдүүдтэйгээ байнга харгис хэрцгий хандсан үйлдэл байдаг.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор заасан. Түүнчлэн мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэжээ. Энэхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл М.Аын 2019 оны 12 сарын 10, 12-ны өдрүүдийн үйлдэл нь хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох нөхцөл байдал үүссэн байхад гагцхүү гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж үзэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэх ёстой. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд “Энэхүү хуулийн зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэжээ.

Хохирогч нь 2019 оны 12 дугаар сарын 10 болон 12-ны өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдэд зодуулсан. Энэхүү үйлдэл нь үргэлжилсэн үйлдэл бөгөөд М.А нь ичгүүр сонжуургүй авирлаж, харгис хэрцгий аргаар, 2 өдөр дараалан үргэлжлүүлэн хүчирхийлэл үйлдсэн, /зодсон, бэлгийн харьцаанд хохирогчийг хүсээгүй байхад орсон, бэлэг эрхтэн лүү гараа хийж ёс бус авирласан/ түүнчлэн хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь догшин авирласан, тарчлаасан гэж үзэх бүрэн боломжтой. Түүнчлэн хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан зэрэг үйлдлийг тогтоогоогүй явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хэрэгжүүлээгүйн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тодруулаагүй, гагцхүү хөнгөн зэргийн гэмтэл авснаар хэргийг зүйлчлэх боломжгүй юм...

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх зэрэг шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байдаг.

2.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...шүүгдэгч М.А нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр А.Атэй зүй бус харьцаж, хүсээгүй байхад нь бэлгийн харьцаанд орсон, мөн алгадаж нуруу руу цохисон, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хоолоо ид гэснээс болж хэрүүл үүсгэн эхнэрээ зодож хөнгөн гэмтэл учруулсан нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэл гэх үндэслэл тогтоогдсон гэж... дүгнэсэн. Энэхүү дүгнэлтээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан, нөгөө талаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэсэн атлаа зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэж үзэн гэм буруутайд тооцох боломжгүй юм.

Ер нь гэр бүлийн хүчирхийлэл нь эхнэр, нөхрийн таарамжгүй харьцаанаас улбаатай, тогтвортой, давтагдах шинжтэй бөгөөд хүчирхийллийн хэлбэрийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд хэргийн бодит байдлыг тогтооход онцгой анхаарах ёстой. Энэхүү үйлдлийг зөвхөн хүндрүүлэх нөхцөл буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн нэр томьёогоор бус М.Аын үйлдэл, эс үйлдэхүйг давхар зүйлчлэх нь шударга ёсны зарчимд нийцэх ёстой.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч М.А нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр А.Аьтэй зүй бус харьцаж хүсээгүй байхад нь бэлгийн харьцаанд орсон, мөн алгадаж, нуруу руу нь зодож цохисон, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн гэртээ ирж, хоол ид гэж дуудлаа гэж хэрүүл үүсгэн, зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдсон...” гэжээ. Энэхүү тодорхойлолтоос дүгнэхэд дээр дурьдсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн бүхий л хэлбэрийг агуулсан үйлдэл, эс үйлдэхүй /зүй бус харьцсан, хоол ид гэж дуудлаа гэж хэрүүл үүсгэсэн, зодсон, бэлгийн харьцаанд хүсээгүй үед нь орсон/ байх бөгөөд нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчимтай харшилсан, нэг үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг агуулсан байхад зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж дүгнэсэн нь өрөөсгөл бөгөөд хэргийн бодит байдал болон магадлалд заасан үндэслэл хоорондоо зөрүүтэй гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн 11.7-д заасан гэм хэрэгт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтан шинжийг тодорхойлоход давтан, байнга гэсэн хоёр ойлголт хэрэглэдэг, байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав ба түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт гэж үзсэн. Тоон илэрхийллийн хувьд гурав ба түүнээс дээш үйлдсэн байхыг шаарддаг нь эргэлзээгүй боловч шүүгдэгчийн үйлдэл нь гурав буюу түүнээс дээш үйлдэгдсэн нь хэрэгт авагдсан баримт, шийтгэх тогтоол, магадлалд заасан дүгнэлтээр нотлогддог. Гэтэл байнгын шинжтэй үйлдэл байсаар байхад байнгын шинжгүй мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах бөгөөд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирол, хор уршиг учраагүй, эсхүл өөр салбар эрх зүйд тодорхойлсон хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байхыг багтаан ойлгоно гэж Улсын Дээд шүүхийн 2019 оны 506 тогтоолд тайлбарласан. Энэхүү тайлбараар Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан зодсон гэдэгт гурав буюу түүнээс дээш байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулсан, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдэл байгаа тул Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар давхар зүйлчлэгдэх нь зүйтэй. Түүнчлэн 12 дугаар сарын 10, 12-ны өдрүүдийн үйлдэл нь байнгын шинжтэй гэж үзвэл мөн адил байнгын шинжтэй харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдэл байгаа болно.

Энэ бүхнээс дүгнэхэд шүүгдэгч М.А нь 2019 оны 12 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинж, сэдэлтийг давхар агуулсан, түүнчлэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдэл байгааг шалгаж, энэхүү мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д зааснаар Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 сарын 12-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 сарын 21-ний өдрийн 20 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Батсүх хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүх “М.А нь гэр бүлийн хамаарал бүхий А.Атай зүй бусаар харьцаж, хүсээгүй байхад нь бэлгийн харьцаанд орсон, мөн алгадаж нуруу руу нь цохисон, “хоолоо ид” гэж хэлснээс шалтгаалж зодож хөнгөн гэмтэл учруулсан  байна” гэх дүгнэлт хийсэн. Шийтгэх тогтоол, магадлалын үндэслэх хэсэгт гэр бүлийн гэх дүгнэлтийг хийсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй гэх үндэслэлийг шийтгэх тогтоол, магадлалд тодорхой зааж өгөөгүй. Байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн мэт харагдах боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ойлголтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэнд хохирогч болон өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна. Гэр бүл хүчирхийлэл нь гол төлөв нууц далд аргаар үйлдэгддэг бөгөөд бусад этгээдэд хэлэх нь харьцангуй хомс байдаг. Улсын Дээд шүүхийн тогтоолоос харвал М.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулсан үйлдэл байх бөгөөд бие даасан давхар үйлдэл болох харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдэл байгаа тул мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар давхар зүйлчлэгдэх нь зүйтэй. Гэр бүлийн хамаарал бүхий хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эзэмшлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцууулах эрхэд халдсан үйлдлийг мөрдөн байцаалт болон прокурорын шатанд зайлшгүй тогтоох үүргээ биелүүлээгүй. Хяналтын журмаар гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Шүүгдэгч нь 2019 оны 12 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр А.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. Тус үйл баримтад анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй. Өөрөө хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн тохиолдлыг хуульчилсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээгээгүй, гэр бүлийн хамааралтай байдлыг далимдуулан зодсон ба гурав ба түүнээс дээш удаагийн бие даасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан шинжийг хангана. Шүүх М.Ад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтооол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч А.А, түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.А нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, мөн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд оршин суух гэртээ эхнэр А.Аийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн шанаа, баруун гарын шуу, зүүн гарын бугалга, баруун гуя, хэвлий зүүн хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч М.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Хохирогч А.А, түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын хамтран гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд шүүгдэгч М.А нь 2 удаагийн давтан үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх М.Аын гэм бурууг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгдэгч М.Ад холбогдох хэргийг прокурорт буцааж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар зүйлчилж шийдвэрлэх талаар хохирогч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзэв.

Иймд хохирогч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч А.А, түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                         ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                         ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН