| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1313/Э |
| Дугаар | 1410 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 1410
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Хохирогч Л.Төмөрийн өмгөөлөгч О.Даваажаргал /ҮД:2726/,
Шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа /ҮД:0257/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Сд холбогдох 1803 00592 0313 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 1 дүгээр хэсэг, Дүнжингаравын 1 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 681 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Нийслэлийн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэг, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэг, 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар нийт 22 жилийн хугацаагаар хорих ял, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1,152,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан саруул гэх, Боржигон овогт Н.С /РД:НЫ76051073/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Н.С нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 07 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жоби-72 хотхоны урд замд Хьюндай Соната-6 маркийн 62-17 УНК улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Төмөрийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Сийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Зам тээврийн осол, хэргийн газарт 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.4-8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Төмөрийн өгсөн: “Би 2018 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 07 цаг 20 минутын орчимд нурууны массажны эмчилгээгээ хийлгэхээр ганцаараа Баянзүрх дүүргийн 4-р хороо, Жоби 72 хотхоны урд замд явган хүний гарцаар хойноосоо урагш чиглэлтэй зам хөндлөн гарч явтал ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй явж байсан автомашины жолооч гарцан дээр зогсолгүй их хурдтай ирж замын хоёрдугаар эгнээнд намайг мөргөсөн. Тэр үед би нэгдүгээр эгнээ рүү шидэгдэж унасан байсан. Ослын дараа юу болсноо сайн санахгүй байгаа нэг мэдсэн ГССҮТ-д жолоочийн хамт очсон байсан...” гэх мэдүүлэг /хх 17-18/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8641 дугаартай “... Л.Төмөрийн биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны доод 1/3 хэсгийн ясны дутагдал бүхий ил зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.21/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ө.Энхболдын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаартай “... Хьюндай соната-6 маркийн 62-17 УНК улсын дугаартай автомашины жолооч Н.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэснийг зөрчсөн” гэх магадлагаа /хх.46/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Сийн яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 06 цаг 50 минутын үед аавындаа очихоор 100-н айлаас гэрээсээ өөрийн эзэмшлийн ”Райт Финанс” ХХК-д зээлийн барьцаанд байгаа 62-17 УНК улсын дугаартай Соната- 6 маркийн автомашиныг жолоодон кабиндаа ганцаараа ойролцоогоор 60 орчим км/цагийн хурдтай ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр Баянзүрх дүүргийн 4-р хороо, Жоби-72 хотхоны урд замд явж байхдаа нэгдүгээр эгнээ рүү шилжин орох үедээ явган хүний гарцан дээр ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй явган хүний гарцаар гарч явсан явган зорчигчийг харалгүй зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд автомашиныхаа зүүн урд талын толиороо мөргөж унагасан. Тэр үед мөргүүлсэн хүн газарт унасан. Би автомашинаа зогсоогоод сандраад буугаад үзтэл явган зорчигч зам дээр автомашины урд сууж байсан. Яваад очтол хөлнөөс нь цус маш их гарч байсан. Тэгээд би сандраад 103-т дуудлага өгсөн. Түргэн тусламж ирэхгүй удаад байхаар нь өөрөө сандлын бүрээсээр хохирогчийн хөлийг чиг барьж боон эмнэлгийн анхны тусламж яаралтай үзүүлэхээр ГССҮТ-рүү авч явсан. Эмнэлэгт очоод хохирогчийг үзүүлэх үед эмч үзээд яаралтай хэвтүүл гэж хэлсэн. Би хохирогчоо эмнэлэгт хэвтүүлчихээд ослын газраа буцаж цагдаагийн алба хаагч нартай хамт ирж хэргийн газрын үзлэг хэмжилт хийлгэсэн. Мөн анх явган зорчигч мөргүүлсэн цэгийг би өөрөө зааж өгсөн. Би хэргийн газрын үзлэг дуусгаад хохирогч руу ГССҮТ-рүү явсан...” гэх мэдүүлэг /хх.52-55/,
Хохирлын тооцоо, баримт /хх.107-108/,
Шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримт, хохирогчийн хүсэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Н.С нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 07 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жоби-72 хотхоны урд замд Хьюндай Соната-6 маркийн 62-17 УНК улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Төмөрийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Төмөрийн өгсөн: “... явган хүний гарцаар хойноосоо урагш чиглэлтэй зам хөндлөн гарч явтал ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй явж байсан автомашины жолооч гарцан дээр зогсолгүй их хурдтай ирж замын хоёрдугаар эгнээнд намайг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх 17-18/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8641 дугаартай дүгнэлт /хх.21/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ө.Энхболдын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаартай магадлагаа /хх.46/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Сийн яллагдагчаар өгсөн: “... явган хүний гарцаар гарч явсан явган зорчигчийг харалгүй зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд автомашиныхаа зүүн урд талын толиороо мөргөж унагасан...” гэх мэдүүлэг /хх.52-55/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Сийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Н.Сэлэнгийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Н.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Н.Сийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Л.Төмөр нь эмчилгээний зардалд 897,820 төгрөг, бусад зардалд 230,000 төгрөг, нийт 1,127,820 төгрөг нэхэмжилж, шүүгдэгч Н.С нь 2,579,470 төгрөг нөхөн төлжээ.
Хохирогч Л.Төмөр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Сэс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Н.Сийн “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Сийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Н.Сд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчийн өмгөөлөгч аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай дүгнэлт тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Сд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Сд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Н.Сд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж байна.
Хэрэгт хураан ирүүлсэн жолоочийн 0049991 дугаартай үнэмлэхийг шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй.
Н.С урьд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Н.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Сд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь заалтад тус тус зааснаар, Н.Сд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Н.Сд сануулсугай.
5. Н.С урьд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 2,579,470 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт хураан ирүүлсэн жолоочийн 879898, 0049991 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч Н.Сд оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.
7. Хохирогч Л.Төмөр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Н.Сээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР