Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01431

 

 

 

 

 

 

 

 

2022 08 01 210/МА2022/01431

 

АФ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/02722 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч АФ ХХК-ийн хариуцагч ГЭ ХХК-д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл 7,858,070 төгрөг, алданги 3,929,035 төгрөг, нийт 11,787,105 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Голд-Элиза" ХХК нь манай компанитай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр "Эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх УАТ/21/247 тоот гэрээ байгуулж эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авч байсан. Уг гэрээний дараа 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хоёр талаас тооцоо нийлж акт үйлдэх үед 7,858,070 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл гарсныг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Гэвч төлбөрийг одоог хүртэл төлөөгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т худалдан авагч тал худалдан авсан эм барааны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги хоног тутам тооцохоор харилцан тохиролцсон. Иймд хариуцагч Голд-Элиза ХХК нь төлбөр төлөх үүргээ 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 238 хоног хугацаа хэтрүүлсэн ба хоногт 39,290 төгрөгийн алданги тооцож нийт 9,351,020 төгрөг болсон бөгөөд үүнээс Иргэний хуульд заасны дагуу алдангийн үнийн дүнгийн 50 хувь буюу 3,929,035 төгрөгийн алданги төлхөөр байна. Иймд хариуцагч Голд-Элиза ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд биелүүлээгүй үүрэг болох 7,858,070 төгрөг, алданги 3,929,035 төгрөг, нийт 11,787,105 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Голд-Элиза ХХК нь үндсэн төлбөр 7,858,070 төгрөгийг төлсөн тул алданги 3,850,454 төгрөгийг нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.5-д зааснаар сар бүрийн 25-30-ны өдрийн хооронд гэрээний төлбөрийн үлдэгдлийг төлөх үүргийг хүлээдэг, гэтэл хариуцагч хамгийн сүүлд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2,403,770 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан, нийт авлага, өглөг 12,858,070 төгрөг болсон, үүнээс хойш 5,000,000 төгрөг төлөөд үлдэгдэл төлбөрийг төлөхгүй удаасан учраас алданги тооцсон. Гэрээний 4.6-д зааснаар 30 хоногоос дээш хугацаа хэтэрсэн, тохиолдолд алданги тооцох, 5.2-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувиар алданги тооцохоор заасан. Иймд гэрээнд заасан нөхцөлийн дагуу алданги гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компанийн зүгээс төлөх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүл мэндийн сайдын өр авлагын асуудалд харилцан бие биенээсээ алданги тооцохгүй гэсэн тушаал гарсан, манай компанид өгсөн, нэхэмжлэгч компанид ч албан бичиг өгсөн, тухайн албан бичгийг бид хараахан олж чадаагүй байна, энэ талаар нэхэмжлэгч компани мэдэж байгаа. Тухайн үед албан бичгээр харилцан бие биендээ мэдэгдсэн байдаг, өмнөх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дарханцэцэг өөрөө оролцож бүтээгдэхүүнээ буцааж аваач гэж хэлж, ярьсан, сүүлд төлбөрөө төлөөд өргөдөл бичиж өгсөн гэдгээ тодорхой тайлбарласан. Гэвч тухайн үед хэлж, ярьсан зүйлээ нотлох гэтэл сүүлийн 3 сарын хугацааны утсаар ярьсан мэдээлэл гарч ирдэг учраас тухайн Мобикомоос гаргаж өгөх боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Алдангийг төлөхгүй гэсэн татгалзлаа дэмжиж байна. Гэрээний 3.7-д эд хөрөнгийн доголдолтой холбоотой хугацаа заах үүрэгтэй байсан, энэ үүргээ АФ ХХК биелүүлээгүй. Тухайн цаг хугацаанд хэлсэн, гэтэл танайх бүтээгдэхүүн захисан гэж хэлээд буцааж өгөх боломж нөхцөл гаргаагүй. 2022 оны 05 дугаар сард төлбөрөө төлөөд өргөдөл өгөөд үүний дараа хариу ирснээс үзэхэд нэхэмжлэгч тал хүлээж авсан гэж үзэх үндэслэл байна. 2020 оноос хойш улс орон даяар ковидтой холбоотой онцгой нөхцөл байдал үргэлжилж байгаа, ялангуяа Голд-ЭлизаХХК нь улаан бүсэд тусламжийн үйл ажиллагаа явуулсан учраас Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж заасан учраас алданги тооцох үндэслэл байхгүй. Харин үндсэн төлбөр мөнгийг санхүүжилт орсны даруй бүрэн төлсөн, үүргээ биелүүлсэн. Иргэний хуулийн 253 дугаар зүйлд зааснаар худалдагч тал эд хөрөнгийн доголдлын талаар тухайн цаг үед мэдсэн бол өөр шаардлагатай бүтээгдэхүүнээр сольж өгөх үүрэгтэй, удаа дараа мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй, үүргээ биелүүлээгүй. Улаан бүсэд ажиллаж байсан учраас тэр болгон гараад явж чадаагүй. 900,000 орчим төгрөгийн бараа бүтээгдэхүүн өнөөдрийг хүртэл хэвээр байгаа, үүнийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, энэ талаар тусдаа нэхэмжлэл гаргах асуудал нээлттэй байгаа. Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдалд хүү, алданги тооцож болохгүй, нөхцөл байдлыг ойлгож хараасай гэдэг үүднээс тушаал шийдвэр гаргасан, үүнийг заавал биелүүлэхгүй ч гэсэн эрүүл мэндийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг учраас үүнийг сахин биелүүлэх ёстой гэдэг үүднээс тайлбар гаргаж байна. Төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул алдангийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Голд-Элиза ХХК-аас 3,929,035 /гурван сая есөн зуун хорин есөн мянга гучин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АФ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,544 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Голд-Элиза ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 77,814 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АФ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх хуралдааны өмнө АФ ХХК-аас худалдсан гэх хугацаа нь дууссан сиропыг машинд ачиж аваачаад шүүхэд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Шүүх хугацаа дууссан сироп худалдсан АФ ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн учир алданги төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь хугацаа нь дууссан шошготой бүтээгдэхүүнийг шүүх биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй гэж дүгнэж байгаа нь өөрөө зөрчилтэй буюу гэрээний маргаанд яригдсан гол зөрчил нь буюу үлдэгдэл төлбөр төлөөгүй шалтгаан нь хугацаа дууссан, худалдах боломжгүй бүтээгдэхүүн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч АФ ХХК нь хариуцагч Голд-Элиза ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 7,858,070 төгрөг, алданги 3,929,035 төгрөг, нийт 11,787,105 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээс 7,858,070 төгрөгийг төлж, алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр УАТ/21/247 дугаартай Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр АФ ХХК нь дараа төлбөрт нөхцлөөр эм, бараа нийлүүлэх, Голд-Элиза ХХК нь эм, барааг захиалж, хүлээн авах, худалдан авалтын төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулах, төлбөрийг уг худалдан авалтын сард нь багтаан бүрэн төлж барагдуулах, гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон болох тогтоогдсон. /хх 1,6-9/

 

4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурласан байна.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээдэг.

 

5. Хэргийн 13 дугаар талд Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт авагдсан бөгөөд тус баримтад 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд нийлүүлсэн эм, бараа болон төлсөн төлбөрийг хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, санхүүгийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр тулгахад Голд-Элиза ХХК нь 7,858,070 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй бөгөөд уг төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор хавсралтад заасан хуваариар төлөхөөр, хэрэв худалдан авагч тал нь уг төлбөрийг барагдуулах хуваарийг тохиролцоогүй бол талуудын байгуулсан гэрээнд заасан төлбөрийн хугацаа, нөхцөлөөр тогтоохоор тусгасан байна.

Хариуцагч Голд-Элиза ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх төлбөрийг төлж барагдуулсан. Харин барааны төлбөрийг төлөлгүй хугацаа хожимдуулсан тул төлбөрийн үлдэгдэл 7,858,070 төгрөгөөс алданги тооцон 3,929,035 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу ба уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэв.

Талууд төлбөр төлөх хуваарийг тохиролцоогүй байх тул тооцооны үлдэгдлийн баталгаанд зааснаар гэрээний 3.12-д заасан хугацааг баримтална.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хугацаа хэтэрсэн гэж үзэж алдангийг тооцон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алдангийг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу. Учир нь тооцооны үлдэгдлийн баталгаагаар талууд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд нийлүүлсэн эм, барааны үнийн тооцоог хийсэн байх ба гэрээний 3.12-д зааснаар харилцагч нь төлбөрийг уг худалдан авалтын сард нь багтаан хийх үүрэг хүлээсэн байна.

Иймд 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх нийт 99 хоногийн алданги /99*39,291/ 3,889,809 төгрөгийг хариуцагч Голд-Элиза ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч АФ ХХК-д олгох нь зүйтэй байна.

6. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-д аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар заажээ.

Мөн гэрээний 3.7-д эм, барааг харилцагч нь хүлээн авахдаа нийлүүлэгчийн зарлагын баримт дээрх нэр төрөл, тун хэмжээ, цуврал, савлалт, тоо ширхэг, баталгаат хугацаа, хаяглалт, шошго, үнэ, холбогдох шаардлагатай бичиг баримтын бүрдэл, бүрэн бүтэн байдал зэргийг нэг бүрчлэн шалгаж хүлээн авах бөгөөд шаардлага хангахгүй эм, барааг нийлүүлэгчид шууд буцаан өгөх, солиулах үүрэгтэй гэжээ.

Иймд хариуцагч Голд-Элиза ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авах үедээ нэн даруй шалган хугацаа дууссан байвал нийлүүлэгчид шууд буцаан өгөх, солиулах үүргээ хэрэгжүүлээгүй байх тул үлдэгдэл төлбөр төлөөгүй шалтгаан нь хугацаа дууссан, худалдах боломжгүй бүтээгдэхүүн гэх гомдол үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/02722 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 232.4 гэснийг 232.6 гэж, 3,929,035 /гурван сая есөн зуун хорин есөн мянга гучин таван/ гэснийг 3,889,809 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39,226 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, 77,814 гэснийг 202,916 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,815 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.БЯМБАСҮРЭН