Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01426

 

 

 

 

 

 

 

 

2022 08 01 210/МА2022/01426

 

 

ТБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12ы өдрийн 101/ШШ2022/02222 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ТБ ХХК-ийн хариуцагч Н.Ад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 97,483,229 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ХариуцагчН.А, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:Н.А ТБтай 2014 оны 05 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 55,000,000 төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 21 хороо, Жамсран уулын өвөр 6 гудамж, 2228 тоотод байрлах 200 м.кв хүнсний дэлгүүр, нийтийн байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 596 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг тус тус барьцаалсан.Н.А зээл авснаас хойш үндсэн зээлээс 17,035,479.77 төгрөг, үндсэн хүүнээс 18,071,201.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 463,202.34 төгрөг, нийт 35,569,883.23 төгрөг төлсөн байна. 2021 оны 12 дугаар сарын 6-ны байдлаар үндсэн зээл 37,964,520.23 төгрөг, үндсэн хүү 54,173,875.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,344,833.26 төгрөг, нийт 97,483,229.01 төгрөгийн зээл, зээлийн хүүний үлдэгдэлтэй байна. ЗээлдэгчН.Агаас зээл, зээлийн хүүний төлбөрт 97,483,229 төгрөг гаргуулж ТБанд олгож өгнө үү. Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 21 хороо, жамсран уулын өвөр 6 гудамж, 2228 тоотод байрлах 200 м.кв хүнсний дэлгүүр, нийтийн байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 596 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Би 2011 онд нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 6 дугаар гудамж, 2228 тоотод хашаа байшин аваад дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байсан. 2016 онд хэвийн зээлээ төлөөд явдаг байсан. 2016 оны 01 сард нөхөр нас бараад үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод би зарах шийдвэрт хүрч байсан. Тэр үед үл хөдлөх хөрөнгөө зарж банкны зээлээ төлөх гэхэд тухайн үед үерийн далан явна, танайх газарт орж байгаа юм байна гэдэг яриа яригдаж, манай хажуу талд самбар байрлуулж зарахад саад учруулсан. Үерийн далан барихыг нь хүлээсэн. Үерийн далан 2018 оны 05 дугаар сард хийгдээд 2019 онд дуусах ёстой гэсэн байсан. Тус ажил 4-5 жил хүлээлгэсэн. Хүлээсний эцэст 50.000.000 төгрөгийн зээлийн хүүгийн өрөнд оруулсан байна. Би яагаад ажил явагдахгүй байна вэ гэж хандаад 3 хариу бичиг авч байсан. Танай 250 м.кв чинь үерийн далангийн зурваст орсон байна. Нөхөн олговор өгнө гэж 3 удаа бичгээр хариу өгч байсан. 2021 оны 05 дугаар сард тус ажил хийгдэж эхлэхэд манай газрыг тойруулаад тус ажил хийгдсэн. Хөрөнгө мөнгөний асуудлаас болоод танай газар газарт орох боломжгүй болсон гэсэн. Тэгээд гараа зарах болоход тэр үерийн далангаа барихдаа манайх уруу уулаас бууж ирж байгаа ус нь манай хашаа уруу цутгаж орж ирэхээр хийгээд, өнгөрсөн зун гэхэд 3 удаа ус орж ирсэн. Одоо байшингаа заръя гэхээр хана нь хөгцөрсөн хүн амьдрах шаардлагагүй болсон гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байдаг. Зээлийн хүүгийн цаг хугацаа, мөн үл хөдлөх эд хөрөнгөөр хохирч байна. ТБанд өөрийн буруугаас болж дээрх нөхцөл байдал үүссэнгүй, хүүг нь бууруулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Төрийн ажлаас болоод би үл хөдлөх хөрөнгөөрөө хохирч байна. Хүүг нь бууруулж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.6, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчН.Агаас 84,615,953 /наян дөрвөн сая зургаан зуун арван таван мянга есөн зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12,867,276 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчН.А үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Ү-2204033587 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 21 хороо, Жамсран уулын өвөр 6 гудамж, 2228 тоотод байрлах 200 м.кв хүнсний дэлгүүр, нийтийн байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Г-2204013992 дугаарт бүртгэлтэй 596 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 84,615,953 төгрөгийг гаргуулж, ТБ ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 715,567 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчН.Агаас 651,229 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэл гаргах хүртэл хуримтлагдсан хүү 22,363,079 төгрөгийн 50 хувь болох 11,181,540 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,371,474 төгрөгийн 50 хувь болох 1,685,737 төгрөг, нийт 12,867,277 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэснийг эс зөвшөөрч байна. Уг тооцооллыг хэрхэн яаж бодсон нь ойлгомжгүй, ямар хуулийг баримтлан хүүний 50 хувийг хасч байгаа, зээлийн гэрээний хугацаа хэзээ дууссан, хэдэн хувиар зээлийн хүүг тооцоод дээрх мөнгийг гаргаж байгаа зэрэг нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 12,867,276 төгрөгийг банкинд олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: ТБ ХХК нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.6 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг дуусгалгүйгээр үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байсан. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дахь хэсэгт Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжид авах үүрэгтэй гэж заасан. Тус үйлдлийг хийгээгүйгээс шалтгаалжН.Агийн зээлийн хүү, болон нэмэгдүүлсэн хүү нэмэгдсэн. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ТБ ХХК ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан. Зээлийн гэрээний 4.1.2-д Зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгээгүй байхад уг зээлийг хугацаанаас нь өмнө шаардах, мөн Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгчН.Агийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болсныг мэдсээр байжН.Агаас зээлийг нэн даруй шаардаагүй. Барьцааны гэрээний 4.1.2-д заасны дагуу зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд үл маргах журмаар барьцаа хөрөнгийг шилжүүлэн авч худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлээ хангах боломжтой байсан. Барьцааны гэрээний 6.1-д барьцаагаар хангагдах шаардлага үүсэх талаарх харилцааг зохицуулсан. Өөрөөр хэлбэл, ТБ ХХК дээрх үйлдлүүдийг хийлгүйгээр хугацаа хэтрүүлсэн болох нь харагдаж байна. ТБ ХХК нь хэтрүүлсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсан. Иймд шүүхээс Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д заасны дагуу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш үүссэн хүү 22,363,079 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,371,474 төгрөг, нийт 25,734,553 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага болох 97,483,229 төгрөгөөс хасаж шийдвэрлэж өгнө үү. Талууд гэрээ байгуулсан үеэс нөхцөл байдал өөрчлөгдсөн талаар маргаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээг ТБ ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд буюу ТБ ХХК-ийн төв салбарын захирал байгуулсан гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагчН.Ад холбогдуулан үндсэн төлбөр 37,964,520.23 төгрөг, хүү 54,173,875.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,344,833.26 төгрөг, нийт 97,483,229 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. ТБ ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 55,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1.9 хувийн, жилийн 22.8 хувийн хүүтэйгээр хариуцагчН.А, хамтран зээлдэгч Д.Батбаатар нарт зээлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэргээр тогтоогдсон. /хх 8-10/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх бөгөөд зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зээлдэгчН.А үндсэн зээлд 17,035,478 төгрөг, хүүд 18,071,201 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 463,202 төгрөг, нийт 35,569,883 төгрөг төлсөн, 2017 оны 7 дугаар сараас зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээлээ хугацаанд нь төлөөгүй, гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дууссан үйл баримт тогтоогдсон байна. /хх 4-7/

Гэрээний хугацаа дууссан 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг үндсэн зээл 37,964,520.23 төгрөг, хүү 31,810,796.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,973,358.95 төгрөг, нийт 71,748,677 төгрөг байсан ба гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч нь төлөлт хийгээгүй байна.

 

5. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж хуульчилсан. Гэтэл талууд зээлийн гэрээнд хэтэрсэн хугацааны хүүг тусгаагүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүүг шаардах эрхгүй.

Иймд хариуцагч нь зээлийн гэрээний хугацааны гүйцэтгээгүй үүрэг болох 71,748,677 төгрөг төлөхөөр байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 84,615,953 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байх ба шийдвэрт хариуцагч нь гомдол гаргаагүй болно

6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.6 дахь хэсгийг баримталсан нь үндэслэлгүй болжээ.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.6 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл эд хөрөнгөгүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэх хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг түүнээс шаардах эрхтэй гэж заасан байна. Ийнхүү үүрэг гүйцэтгэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх тул нэхэмжлэгчийг эрхээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12ы өдрийн 101/ШШ2022/02222 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 208 дугаар зүйлийн 208.6 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 220,827 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Д.БЯМБАСҮРЭН