| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2018/0147/Э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2018-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 148
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Прокурор М.Энхбаатар
Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй харъяалах шүүхэд шилжүүлсэн Чонос овогт Лхагваагийн Ганхуягт холбогдох 1831001330124 дугаартай хэргийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын харъяат, 1987 оны 05 дугаар саын 05-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, эрэгтэй 31 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар багийн нутагт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 2009 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 138 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1.2, 181.2.5-т заасан ялыг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл, Чонос овогт Лхагваагийн Ганхуяг РД: /МЛ-87050533/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Ганхуяг нь 2018 оны 05 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Хүрэлбаатарын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Л.Ганхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:..Би 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр найз Дарханбаярынд төрсөн өдөр тэмдэглэхээр ирсэн. Тэгээд жаахан уугаад сууж байтал гаднаас Хүрэлбаатар орж ирсэн. Өмнө нь Хүрэлбаатар надтай таарахдаа архи нэхээд байдаг байсан. Би хэлье гэж бодоод явдаг байсан. Тэгээд намайг уучихсан байхад орж ирсэн болохоор нь би “чи дандаа надаас архи нэхээд байдаг биз дээ, одоо надад ганц юм олоод ир” гэж хэлтэл маргаан үүсч би Хүрэлбаатарыг нэг алгадаад авсан. Тэгээд гадаа гараад ганц хоёр цохилцож байгаад салсан гэв.
2.Хохирогч Э.Хүрэлбаатарын 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. 2018 оны 05 дугаар сарын 05-ний өдөр Батаанаагийн дэлгүүр орж тамхи авчихаад Д.Баттулга ахын гэрлүү явах замд манай найз Дарханбаярын хашаанд Хуягаагын машин харагдахаар нь эд нар ирсэн байна гэж бодоод Дарханбаярын гэрлүү ороход Дарханбаяр, Гантөмөр, Ганхуяг нар нэг шил архи задалчихсан уугаад сууж байсан. Би тэр гуравтай нийлж суугаад архинаас нь хоёр хундага уусан, тэгтэл Ганхуяг “Өнөөдөр миний төрсөн өдөр болж байна, чи согтуу явах болгондоо надаас архи нэхдэг, өнөөдөр би чамаас архи авч өг гэж нэхчихье” гэхээр нь би “архи авч өгье” гэж хэлсэн. Тэрнээс болоод бид хоёр маргалдаж Ганхуяг ширээний цаана сууж байгаад миний нүүрлүү алгадахаар нь би “чи яагаад байгаа юм бэ” гээд босоход Ганхуяг дагаад босож ирээд нүүрлүү гараараа нэг удаа цохисон. Би нүүрээ дараад тонгойтол толгой руу өвдгөөрөө цохиод байсан. Тэгтэл Дарханбаяр “та хоёр гэрээс гараад учраа ол” гэсэн чинь Ганхуяг намайг чирээд гарсанаа дахиад хоёр удаа гараараа миний баруун талын бөөрлүү цохьсон тэгээд би Ганхуягт “одоо болье” гэж хэлээд байж байтал Батаанаа ирээд намайг авч яваад манай дүүгийн гэрт хүргэж өгсөн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07 дүгээр хуудас/
3.Гэрч С.Гантөмөрийн 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ганхуягийн машинтай Дарханбаяр бид 3 хөдөө явж хоночихоод маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 5-ны өдөр Хушаат суманд ирсэн. Тэр өдөр Ганхуягийн төрсөн өдөр байсан тул бид 3 Дарханбаярын гэрт ирээд нэг шил архи задлаад ууж сууж байтал гаднаар Хүрэлбаатар ганцаараа орж ирээд бид гуравтай юм яриад хамт архи уусан. Ганхуяг Хүрэлбаатарт чи шоронд орж гарснаа юу гэж бодоод байгаа юм бэ? таарах болгондоо архи нэхэж байдаг гэж хэлснээс болоод Хүрэлбаатар Ганхуяг хоёр маргалдаж Ганхуяг сууж байгаад Хүрэлбаатарын нүүр рүү нь нэг удаа алгадсан. Тэгтэл Хүрэлбаатар босож ирээд зууралдаж авсан. Гэтэл Дарханбаяр тэр хоёрыг та 2 гэрээс гарч учраа ол гэж хэлсэн. Ганхуяг тэр хоёр Дарханбаярын гэрээс зууралдаад гарсан. Дарханбаяр бид 2 тэр хоёрын араас гараагүй. Ганхуяг Хүрэлбаатар хоёр удалгүй учраа олчихлоо гээд орж ирээд Хүрэлбаатар архинаас 2 хундага уучихаад ганцаараа гараад явсан. Өөр асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/
4.Гэрч Ж.Нарангийн 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн үед миний төрсөн хүү болох Энхсайханы Хүрэлбаатарыг найз болох Лхагваа овогтой Ганхуяг зодсон байна гээд манай охин Хүрэлцэцэг надад хэлсэн. Би охин Хүрэлцэцэгийг ирэхэд манай Хүрэлбаатар хэвтрийн байдалтай баруун нүд нь хөхөрч хавдсан, хамар амнаас нь цус гараад тогтохгүй, хоёр хөлний шилбэ хөхөрч хавдсан байсан. Тэгээд би дуудлага өгсөний дараа бага эмч Гэрэлмаа ирж үзээд цус тогтоох, өвчин намдаах тариа хийчихээд явсан. Эмч явснаас хойш 30-40 минутын дараа Хүрэлбаатар таталт өгсөн. Тэгээд манай охин Хүрэлцэцэг бэр Болортуяа хоёр эмчтэй хамт Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/
5.Гэрч Б.Дарханбаярын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2018 оны 05 дугаар сарын 5-ны Ганхуяг, Гантөмөр бид 3 хөдөөнөөс Хушаат суманд ирсэн. Тэр өдөр Ганхуягийн төрсөн өдөр байсан тул бид 3 манай гэрт хоол хийж 1 шил архи задлаад уугаад сууж байтал гаднаас Хүрэлбаатар ганцаараа орж ирээд бид гуравтай юм яриад хамт архи уусан. Хэсэг хугацааны дараа Ганхуяг Хүрэлбаатар 2 маргалдаж Ганхуяг Хүрэлбаатарт “чи таарах болгондоо архи нэхэж байдаг” гээд маргаан эхэлж Ганхуяг сууж байгаад Хүрэлбаатарын нүүр рүү нь нэг удаа алгадсан. Тэгтэл Хүрэлбаатар босож ирээд зууралдаж авсан. Тэгтэл Ганхуяг Хүрэлбаатарыг гараараа нэг удаа цохиж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг та 2 гэрээс гарч учраа ол гэж хэлсэн. Ганхуяг, Хүрэлбаатар хоёр удалгүй учраа олчихлоо гээд орж ирж байсан..гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дүгээр хуудас/
6.Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200 дугаартай дүгнэлтэд:
1. Э.Хүрэлбаатарын биед баруун ухархайн дотор хана цөмөрч хугарсан, зовхинд цус хуралт, өвдөг, шилбэнд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/
7.Яллагдагч Л.Ганхуягын мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би Хүрэлбаатарыг гараараа цохиж зодсон. Дарханбаярын гэрээс бид хоёр гараад хашаанд нь маргалдаж байхдаа би халаасанд байсан нэг ширхэг винтов бууны сум гартаа атгачихсан юм. Би сум атгасан гараараа Хүрэлбаатарын бие рүү 2 удаа цохисон. Би хүрэлбаатарт учруулсан хохирлоо барагдуулсан. Бид хоёр хоорондоо эвлэрсэн.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын
талаар шүүхээс өгөх дүгнэлт:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Чонос овогт Лхагваагийн Ганхуягийг 2018 оны 05 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Хүрэлбаатарын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв. Учир нь:
Шүүгдэгч Л.Ганхуяг нь 2018 оны 05 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Хүрэлбаатарт хандан “Өнөөдөр миний төрсөн өдөр болж байна, чи согтуу явах болгондоо надаас архи нэхдэг, өнөөдөр би чамаас архи авч өг гэж нэхчихье” гэж хэлснээс маргаан үүсч, улмаар түүний нүүр рүү гараараа цохиж тонгойхоор нь толгой хэсэг рүү нь өвдгөөрөө хэд хэдэн удаа цохиж, биед нь “баруун ухархайн дотор хана цөмөрч хугарсан, зовхинд цус хуралт, өвдөг, шилбэнд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл” учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д заасан хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанарыг харгалзан Л.Ганхуяагт Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас Прокурорын саналыг үндэслэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чонос овогт Лхагваагийн Ганхуягийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Лхагвагийн Ганхуягийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Ялтан Л.Ганхуяг нь гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ.