Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2026/ДШМ/48

 

 

        

   

 

 

 

 

 

     2026         04            23                                                        2026/ДШМ/48

 

 

С.Охолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Э.Уянга,

Шүүгдэгч С.О,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

            Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бүжин даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЗ/347 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Уянгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч С.Охолбогдох эрүүгийн 2634000000012 дугаар хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            1. Шүүгдэгч С.О нь 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр баг 400 хэсэг, 1-12 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн харилцаа хамаарал бүхий төрсөн хүү болох 10 настай О.М“гэрийн даалгавар хийсэнгүй” гэх шалтгаанаар түүний гаран тус газарт нь галын дэгээ төмрөөр цохиж, зодсоны улмаас түүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3.Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ. 

4. Анхан шатны шүүх: Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч СОхолбогдох эрүүгийн 2634000000012 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж,

Эрүүгийн 2634000000012 дугаартай хэргийг прокурорт очтол шүүгдэгч СОурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн 2634000000012 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

5.Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянга бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хэрэгт хураан авсан эд мөрийн баримтыг ирүүлээгүй, шүүгдэгч С.Оийн хувийн байдлыг тодорхойлох шүүхийн шийдвэр хэрэгт хавсаргаагүй гэх үндэслэлээр хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр захирамж гаргаж, 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хурлыг товлон зарлаж хэргийн оролцогч нарт уншиж сонсгон үндэслэлийг тайлбарласан. Гэтэл 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2026/Ш3/347 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг 2026 оны 04 сарын 01-ний өдөр буюу 23 өдрийн дараа тус аймгийн прокурорын газарт ирүүлсэн байна.Хурлын тэмдэглэлд гэм буруугийн хурлын цаг хугацааг товлон зарласан атал түүнийг бичээгүй орхигдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “...шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол...” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан байдаг. Иймд шүүгчийн 2026/Ш3/347 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ...” гэж заасан байдаг. Гэтэл шүүгчийн 2026/Ш3/347 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл бүрэн хангагдсан байдаг. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн зарчим алдагдсан байна гэж үзэхээр байна. Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2026/Ш3/347 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн” гэв. 

 

6.Шүүгдэгч С.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хурал завсарлаагүй шийдвэр гарсан, хурал зарлалаа гэж хэлсэн, өөр хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх прокурор Э.Уянгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэлээ.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл  журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.

 

3.Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч С.О нь 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр баг 400 хэсэг, 1-12 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн харилцаа хамаарал бүхий төрсөн хүү болох 10 настай О.М“гэрийн даалгавар хийсэнгүй” гэх шалтгаанаар түүний гаран тус газарт нь галын дэгээ төмрөөр цохисны улмаас түүний биед хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримтын талаар тусгагджээ.

 

3.1.Прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

4.Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан тусгай журмаар зохицуулагдах бөгөөд мөрдөгч, прокурор, шүүх энэхүү журмыг мөрдөх үүрэгтэй.

 

4.1.Дээрх тусгай журам нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, прокурорт гаргах, улмаар тусгай журамд заасны дагуу хэргийг шүүхэд шилжүүлсэн бол шүүх даруй, эсвэл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдгээр онцлогтой болно.

 

5.Анхан шатны шүүх шүүгдэгч С.Охолбогдох хэргийг хүлээн авч, хуульд заасан хугацааны дотор хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхээс баталсан шүүх хуралдааны дэгийг баримтлаагүй байна.

 

5.1.Тодруулбал, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг болон шүүхийн шийдвэр бичих журам, аргачлал”-ыг баталсан байх ба уг тогтоолын нэгдүгээр хавсралтын 3 дугаар зүйлийн 3.1-д “Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас гадна дараах асуудлыг шүүгдэгчээс тодруулж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулна” гэж оролцогчийн эрхийн хэрэгжилт хангагдсан эсэхийг хянах үүднээс үүрэг болгосон бөгөөд үүнд шүүхэд шинээр хүсэлт, гомдол, баримт гаргах эсэхийг тодруулан нягтлахаар,

 

түүнчлэн дээрх журмын 3.4-т “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, эсхүл хэргийн зүйлчлэлийг өөрчлөх,  эсхүл шүүгдэгчийг цагаатгаж болох үндэслэл тогтоогдвол шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл яллагдагчийг шүүхэд  шилжүүлж,  хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэх асуудлыг хэлэлцэнэ” гэж тус тус зохицуулсан.

 

5.2. Прокурор Э.Уянга шүүх хуралдаанд “...эд мөрийн баримтаар хураагдсан дэгээ төмрийг авчруулъя..., яллагдагч С.Оийн урьд ял шийтгүүлсэн эсэх шийтгэх тогтоолын хуулбарыг гаргуулах талаарх албан бичгийг холбогдох шүүхэд хүргүүлсэн боловч хариу ирээгүй..., прокурорын зүгээс хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх агуулга бүхий хүсэлтийг /хх-ийн 93, дуу, дүрсний бичлэг/ гаргажээ.

 

5.3.Анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 347 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийг үзэхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааныг дэгийн дагуу явуулаагүй байхаас гадна улсын яллагчийн гаргасан хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлэхээр завсарласан гэж бичигдсэн боловч шүүх хуралдааныг завсарлаагүй шийдвэр гаргасан,

шүүгчийн захирамжийн “Захирамжлах” хэсэг шүүх хуралдааны тэмдэглэлээс зөрүүтэй байгаа нь дуу, дүрсний бичлэг болон яллагдагч С.Оийн “...шүүх хурал завсарлаагүй шийдвэр гарсан, хурал зарлалаа гэж хэлсэн...” гэх тайлбар, прокурор Э.Уянгын “... хурал завсарлаагүй, миний гаргасан хүсэлтийг шийдвэрлээд хурал зарлалаа гэж хэлсэн” гэх тайлбар зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 болон 1.9-т “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан  шийдвэрийн  тогтоох хэсгээс зөрүүтэй”, “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэг зөрүүтэй” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл болж байна.

 

5.4.Давж заалдах шатны шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл яллагдагч С.О урьд нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 549 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2, 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хх-ийн 61/ байх ч түүний ял эдэлж дууссан талаарх лавлагааг гаргуулаагүй, мөн эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дэгээ төмрийг хэргийн хамт шүүхэд хүргүүлсэн талаар прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан боловч ирүүлээгүй зэрэг нөхцөл байдал байна.

 

Гэвч шүүх хэрэгт авагдсан дээрх байдлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсны эцэст уг асуудал нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, эсхүл хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх эсэхээ шийдвэрлэх юм.

 

Иймд анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЗ/347 дугаар шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж заасан үндэслэлээр  хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, прокурор Э.Уянгын бичсэн эсэргүүцлийг хангаж  шийдвэрлэлээ.

 

6.Шүүгдэгч С.Оурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЗ/347 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, прокурор Э.Уянгын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

            2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч С.Оавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    3.Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ТҮВШИНТӨГС

 

                      ШҮҮГЧИД                           Д.МӨНХБҮРЭН

 

                                                                            А.ЦЭРЭНХАНД