| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0445/Э |
| Дугаар | 2026/ДШМ/44 |
| Огноо | 2026-04-16 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2026/ДШМ/44
2026 4 16 2026/ДШМ/44
М.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.М даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Лувсанцэрэн,
Цагаатгагдсан этгээд М.М, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр, С.Базардорж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/92 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Лувсанцэрэнгийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн М.Мд холбогдох 2434003240375 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхбүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.
2.М.М нь Төв аймгийн Бдарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", 39 дүгээр зүйл "Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл"-ийн 39.1.2-т "албаны эрх мэдлээ хэтрүүлэх", 39.1.4-т "албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах" гэснийг,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.6-т "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх" гэснийг,
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно" гэснийг,
3.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн "Энэ хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна", 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 11.2.4-т "түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах" гэснийг тус тус зөрчиж,
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Нгэгээ" ХХК-ийн 2022 оны 11 сарын 08-ны өдөр 22/147 дугаартай албан бичгээр "...сумын хогийн цэгийн ойролцоох байрлалд шороон орд гаргаж авто замын далан суурийн ажилд хэрэглэх..." тухай хүсэлтийг хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/170 дугаартай "Сумын төв доторх 2 км авто замын ажлын гүйцэтгэлд зориулан газар ашиглах тухай" захирамж гаргаж, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 01 дугаартай "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай" гэрээг О.Нацагдоржтой байгуулж, Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт сумын төвөөс зүүн хойш 4.5 км газарт "Хүүхдийн худаг" гэх газраас 9638.44 м3 түгээмэл тархацтай ашигт малтмал буюу ялгаж ангилаагүй дайрга олборлуулж тус компанид давуу байдлыг бий болгосны улмаас байгаль орчинд 3.815,329 төгрөгийн хохирол,
"Х" ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 30/2024 дугаартай "...түгээмэл тархацтай ашигт малтмал хайрга, шороо ашиглах зөвшөөрөл олгож өгөхийг..." тухай хүсэлтийг хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 01 дугаартай "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай" гэрээг захирал В. Бугандайтай байгуулж, Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт сумын төвөөс зүүн хойш 4.5 км газарт "Хүүхдийн худаг" гэх газраас 800 м3 түгээмэл тархацтай ашигт малтмал буюу ялгаж ангилаагүй дайрга олборлуулж, тус компанид давуу байдлыг бий болгосны улмаас байгаль орчинд нь 353,891 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Төв аймгийн прокурорын газраас М.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх: Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Мөнхбатын Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.Мцагаатгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайх уулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,
Эрүүгийн 2434003240375 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, цагаатгагдсан этгээд М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хариуцагч "Нгэгээ" ХХК нь 3,815,329 төгрөгийг, иргэний хариуцагч "Хзам" ХХК нь 353,876 төгрөг, нийт 4,169,358 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж,
Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,
Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагаатгагдсан этгээд М.Мд урьд авсан хувийн баталгаа гарах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
5.Прокурор Б.Лувсанцэрэнгийн 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр бичсэн 06 тоот эсэргүүцэлд: “Яллагдагч М.Мд холбогдох 2434003240375 дугаартай эрүүгийн хэргийг хянаад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч М.Мд холбогдуулан 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 274 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч М.М нь Төв аймгийн Бдаргаар ажиллаж байхдаа, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар гэрээ байгуулсан нь ажил үүргийн хүрээнд гарсан буруу ойлголт, зохион байгуулалтын доголдолтой, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгод ашигласан гэж үзэх үндэслэлгүй, эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж "Нгэгээ" ХХК болон "Х" ХХК-д давуу байдал бий болгож, субьектив санаа зорилго буюу албан тушаалаа урвуулан ашиглах санаа зорилго агуулсан болон өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан талаарх баримт хэрэгт авагдаагүй, нийтийн болон байгууллагын ашиг сонирхолд бодит хохирол учраагүй... сэдэл санаа зорилгыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй" гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй", 1.2 дахь заалтад заасан "эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн" гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
5.1.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий Төв аймгийн Бдаргын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/170 дугаартай "Сумын төв доторх 2 км автозамын ажлын гүйцэтгэлд зориулан газар ашиглах тухай" захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 01 дугаартай "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай" гэрээ, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 01 дугаартай "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай" гэрээ, Төв аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, Байгаль орчны зөвлөх "Нуман-Алтай" ХХК-ийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1/55 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан.
Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн. Гэтэл хэргийг материалд цугларсан Төв аймгийн Бдаргын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/170 дугаартай "Сумын төв доторх 2 км автозамын ажлын гүйцэтгэлд зориулан газар ашиглах тухай" захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 01 дугаартай "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай" гэрээ, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 01 дугаартай "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай" гэрээ зэрэг нотлох баримтуудыг Төв аймгийн Бдаргын 01/205 дугаартай албан бичгээр хэрэгт хавсаргуулахаар хүргүүлснийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.Цогтгэрэл 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хүлээн авч хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, "хийх ёсгүй үйлдлийг хийх", эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Субьектив шинжийн хувьд хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олж авах, бусдад давуу байдал бий болгох гэсэн зорилгод үндэслэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай Конвенцуудад албаны чиг үүргийн хувьд хуулиар зөвшөөрөгдөөгүй, эсхүл хориглосон үйлдлийг гүйцэтгэсэн өөртөө, бусдад хууль бус давуу байдал олгосон санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлэх талаар заажээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийснээр төгсдөг гэмт хэрэг юм. Дээрх нотлох баримтуудаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4-т "түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах" гэснийг буюу Аймгийн Засаг даргаас түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой өргөдлийг хянаж шийдвэрлэхээр байхад Төв аймгийн Бдарга М.М нь тусгай зөвшөөрөлгүй "Нгэгээ" ХХК, "Х" ХХК-аас ирүүлсэн түгээмэл тархацтай ашигт малтмал хайрга, шороо ашиглах хүсэлтийг хүлээж авч "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай" гэрээ байгуулж "Нгэгээ" ХХК-д 9638.44 м3 түгээмэл тархацтай ашигт малтмал буюу ялгаж ангилаагүй дайрга, "Х" ХХК-д 800 м3 түгээмэл тархацтай ашигт малтмал буюу ялгаж ангилаагүй дайрга олборлох, ашиглах боломж үүсгэн давуу байдал бий болгосон нь тогтоогдсон буюу тус хуулийн этгээдүүдтэй гэрээ байгуулснаар М.Мгэмт хэргийн шинжтэй үйлдэл нь төгссөн байна.
Иймд шүүгдэгч М.Мдээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байхад түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
5.2.Гэмт хэргийн сэдэл санаа зорилгыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй гэх үндэслэлийн тухайд: Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал олгох зорилгоор өөрийн хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал олгох гэсэн гэм буруугийн санаа зорилгыг агуулдаг.
Хэргийн материалд Төв аймгийн Бдарга М.М нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 тоот захирамжаар өөрийн урьд гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/170 дугаартай "...газар ашиглуулах тухай..." захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үйлдлээр газар ашиглахтай холбоотой харилцаа буюу хуулийн этгээдээс ирүүлсэн түгээмэл тархацтай ашигт малтмал хайрга, шороо ашиглах хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэх эрх өөрт нь хуулиар олгогдоогүйг мэдэж байсан нь тогтоогддог.
Мөн Төв аймгийн Бдарга М.М нь Төв аймгийн Засаг дарга руу 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 01/99 дугаартай "... Орон нутгийн тусгай хамгаалалт, хэрэгцээнээс чөлөөлүүлэх тухай саналыг аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаар хэлэлцүүлэн газар ашиглах зөвшөөрөл олгож өгнө үү..." гэсэн албан бичиг явуулсан болох нь тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл М.М нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайрга, шороо ашиглах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх эрх өөрт нь олгогдоогүйг, хуулийн этгээдүүдийн хүсэлтэд дурдагдсан тус газар нь орон нутгийн тусгай хэрэгцээнд хамаарах газар буюу тусгай хэрэгцээнээс өөрөөр ашиглаж болохгүй болохыг мэдсээр байж 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 01 дугаартай "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай" гэрээг "Х" ХХК-тай байгуулсан нь бусдад давуу байдал олгох санаа зорилго агуулж өөрийн хийх ёсгүй үйлдлийг хийсэн байна. Дээрх үйл баримтаас дүгнэлт хийж үзэхэд М.Мдээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэргийн субьектив талын шинжийг бүрэн хангасан байна. Гэтэл Анхан шатны шүүхээс М.Мдээрх үйлдлийг сэдэл санаа зорилгыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй гэж зөрүүтэй дүгнэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.
3.М.М нь Баян суманд хийгдэх далангийн ажлыг хийж гүйцэтгүүлэх зорилгоор нэр бүхий компаниудтай гэрээ байгуулан, бусдад түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах зөвшөөрөл олгосон нь шүүгдэгчийн өөрт олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлэн бусдад санаатай давуу байдал бий болгосон гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, түүний гэм бурууг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.
Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/92 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулах үндэслэл бүрдсэн гэж дүгнэж прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
6.Цагаатгагдсан этгээд М.Мөмгөөлөгч Ш.Амарбаяр давж заалдах шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхээс М.Мд холбогдох хэргийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаар цагаатгах тогтоолоор цагаатгаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Хэргийн үйл баримтын талаар илтгэгч шүүгч болон прокурорын зүгээс давж заалдах гомдлын үндэслэлийг тайлбарласан. Тухайн захирамж гаргаж, гэрээ байгуулсны үндсэн дээр тухайн газраас шороо авсан үйл баримтын талаар маргахгүй. Харин уг үйлдлийн улмаас ямар эрх ашиг зөрчигдсөн, хуульд заасан ямар хохирол, хор уршиг үүссэн, М.М өөртөө ямар эдийн болон эдийн бус давуу байдал бий болгосон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Харин ч тухайн сумын нөхцөл байдлын хувьд өмнө нь автозам баригдаж байгаагүй, сумын дотоод нөөц боломжид тулгуурлан, өөрийн хөрөнгөөр автозам барих ажлыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталж, хэрэгжүүлсэн. Тухайн ажлыг аймгийн Худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж, холбогдох компаниудыг сонгон шалгаруулсны үндсэн дээр гүйцэтгэсэн байдаг. Сумын 100 жилийн ойтой холбоотойгоор тодорхой хугацаанд ажлыг гүйцэтгэх шаардлага үүссэн бөгөөд холбогдох компаниуд ажлаа гүйцэтгэх хүрээнд шаардлагатай материалыг хаанаас авах асуудлыг хөндсөн. Үүний дагуу холбогдох албан тушаалтнуудад албан бичиг цохогдож, судалгаа, дүгнэлт гаргуулсны үндсэн дээр шийдвэр гаргасан. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар аймгийн Засаг даргад тодорхой бүрэн эрх байдаг гэж прокурорын зүгээс тайлбарлаж байна. Хэрэв энэ нь эрх хэмжээний зөрчил гэж үзвэл тухайн үйлдэл нь захиргааны зөрчлийн шинжтэй байж болох ч үүний улмаас өөртөө давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тухайн авто зам баригдсанаар сумын иргэдийн амьдрах орчин сайжирч, иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдсэн. Өнөөдрийн байдлаар уг замын үр шимийг иргэд хүртэж байгаа бөгөөд бодит хохирол, хор уршиг үүсээгүй байна. Прокурорын зүгээс “бусдад давуу байдал олгосон” гэж үзэж байгаа боловч тухайн компаниуд нь авто замын ажлын гүйцэтгэгч, тусгай зөвшөөрөлтэй компаниуд байсан бөгөөд ашигт малтмал хайх, олборлох, ашиглах тусгай зөвшөөрөлтэй этгээдүүд биш. Тэдгээрийн үйл ажиллагаа нь зам барилгын ажлын хүрээнд хийгдсэн бөгөөд ашигт малтмалын үйл ажиллагаатай адилтган үзэх үндэслэлгүй. Ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөл, шат дараалсан процесс, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэрэг нарийн зохицуулалттай байдаг. Харин тухайн тохиолдолд зам барилгын ажлын хүрээнд орон нутгаас шороо авч далангийн ажил гүйцэтгэж, улмаар хучилтын ажлыг хийсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд өмгөөлөгчийн зүгээс уг үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар акт гаргасан буюу илт хууль бус захиргааны акт гэж үзэх боломжтой гэж дүгнэж байна. Тухайн захирамжийг Засаг дарга өөрөө хүчингүй болгосон нь энэ нөхцөл байдлыг баталж байна. Хэрэв хууль бус акт гаргаснаас үүдэн хохирол учирсан бол түүнийг нөхөн төлүүлэх асуудал яригдах ёстой болохоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн олон улсын конвенц, Улсын дээд шүүхийн тайлбаруудын дагуу албан тушаалын гэмт хэрэгт субьектив тал буюу санаа зорилго, сэдэлт чухал ач холбогдолтой. Гэтэл М.М нь өөртөө болон бусдад ашиг хонжоо олох зорилго агуулаагүй, харин сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө ажилласан нь хэрэгт авагдсан баримтуудаар харагдаж байна. Иймд прокурорын гаргасан эсэргүүцэлд дурдсан “бусдад давуу байдал олгосон” гэх үндэслэл нотлогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна” гэв.
7.Цагаатгагдсан этгээд М.Мөмгөөлөгч С.Базардорж давж заалдах шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, өөрөөр хэлбэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Нгэгээ" ХХК болон “Х” ХХК-д давуу байдал бий болгосон гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангаж байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бодит байдалд нийцүүлэн, нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, бусдад давуу байдал бий болгох шинжтэй бөгөөд гэм буруугийн хувьд шууд санаатай үйлдэгддэг гэмт хэрэг юм. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтаар М.М албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болохыг нотлох баримт байх ёстой. Гэтэл хэрэгт ийм агуулгатай баримт огт авагдаагүй байна. Прокурорын зүгээс "Нгэгээ" ХХК “Х” ХХК-д давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа боловч эдгээр компаниудад яг ямар эдийн болон эдийн бус давуу байдал бий болсон талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Тухайлбал, хэдий хэмжээний эдийн засгийн ашиг хүртсэн, ямар бодит давуу байдал олгогдсон талаар нотолж чадаагүй байна. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг ойлголт нь албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх зорилгоор албан тушаалын эрх мэдлийг ашиглах, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, эсхүл хийх ёсгүй үйлдлийг хийхийг хэлдэг. Гэтэл М.Мгаргасан 170 дугаартай захирамж нь нийтийн эрх ашигт чиглэсэн, тухайлбал сумын нутаг дэвсгэрт авто зам барих зорилготой шийдвэр байсан байна. Иймд албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоор гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн “давуу байдал” гэх ойлголтын тухайд холбогдох хуульд зааснаар албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус давуу байдал бий болгосныг ойлгоно. Гэтэл прокурорын зүгээс дээрх 2 компанид ийм давуу байдал бий болсон талаар бодит баримтаар нотолж чадаагүй байна. Нөгөө талаас нотлох баримтын талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн цуглуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, хуульд заасан журмын дагуу бүрдүүлээгүй байна гэж дүгнэсэн. Харин шүүгдэгч болон иргэний хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуульд нийцсэн гэж үнэлэгдсэн. Өөрөөр хэлбэл, мөрдөгч нотлох баримт цуглуулахдаа хуульд заасан журмыг зөрчиж, тэмдэглэл үйлдээгүй, эх хувийг бүрдүүлээгүй зэрэг зөрчил гаргасан нь тухайн баримтын нотлох чадварыг бууруулсан гэж үзсэн. Энэ нь нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан гэсэн дүгнэлт биш, харин нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн үнэлгээ юм. Мөн гэм буруугийн субьектив тал буюу санаа зорилго, сэдэл тогтоогдоогүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь шууд санаатай үйлдэгддэг бөгөөд тухайн этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилготой байх ёстой. Гэтэл М.Мхувьд ийм санаа зорилго байгааг нотолсон баримт хэрэгт байхгүй байна. Харин тухайн захирамж гаргасны үр дүнд Баян суманд 2 км авто зам баригдаж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах, зорчих нөхцөл сайжирсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Энэ нь нийтийн эрх ашиг хангагдсан үйл баримт юм. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөвөөр үнэлж, хуульд нийцүүлэн дүгнэж, цагаатгах шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
8. Цагаатгагдсан этгээд М.М давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд Баян сумын хөгжлийн бодлого, үйл ажиллагааг сумын 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэхдээ 2020-2024 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан төсвийн дагуу ажилласан. Төв аймгийн Худалдан авах ажиллагааны газраас шалгаруулсан компанийн хүсэлтийн дагуу, холбогдох төрийн албан хаагчдын өгсөн үүрэг, зөвлөмжийн хүрээнд гэрээ байгуулж ажилласан. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад дэлгэрэнгүй тайлбарласан. Миний хувьд дээрх 2 компанийг шууд сонгон шалгаруулаагүй, мөн тэдгээр компаниуд өөрсдөө Баян сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох, ашиг олох зорилгоор шууд хүсэлт гаргаагүй. Харин төрийн худалдан авах ажиллагааны журмын дагуу тендерт шалгарсан, төрийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа ажлын хүрээнд оролцсон компаниуд юм. Прокурорын зүгээс энэ асуудлыг өөр утгаар тайлбарлаж байгаатай санал нийлэхгүй байна. Миний хувьд орон нутгийн хөгжлийн төлөө ажилласан. Авто замын ажлууд ерөнхийдөө улсын төсвийн хөрөнгөөр хийгддэг бол Төв аймгийн хувьд анх удаа Баян сум өөрийн хөрөнгөөр сумын төв доторх автозамыг барьсан. Анх холбогдох компанийн ирүүлсэн албан бичгийн дагуу газрын асуудал хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, хууль эрх зүйн ажилтан, тухайн үеийн Тамгын газрын дарга зэрэг холбогдох албан тушаалтнуудаар судлуулж, тэдгээрийн санал, дүгнэлтийн үндсэн дээр шийдвэр гаргасан. Сумын өөрийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа ажил байсан тул холбогдох төрийн албан хаагчид гарын үсэг зурж, эцэст нь Засаг даргын хувьд би баталгаажуулсан. Прокурорын дурдсан 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн захирамжийн тухайд, тухайн асуудлыг өөрөө олж мэдсэн даруйдаа уг захирамжаар өмнөх шийдвэрийг хүчингүй болгосон. Мөн 2024 онд сумын 100 жилийн ой тохиосонтой холбоотойгоор авто замын төслийг үе шаттай хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Сум орон нутаг бүх ажлыг нэг дор санхүүжүүлэх боломжгүй байсан тул 2022 онд далангийн ажлын 455.6 сая төгрөгийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж санхүүжилтийг шийдвэрлэсэн. Уг ажлыг "Нгэгээ" ХХК гүйцэтгэж, цаашид ажлаа үргэлжлүүлэх нөхцөл бүрдсэн. Дараа нь 2023 оны 12 дугаар сард сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2024 оны төсвийг батлахдаа автозамын хучилтын ажлын санхүүжилтийг тусгаж, холбогдох журмын дагуу компани шалгаруулж, гэрээ байгуулсан. Миний зүгээс өөртөө болон дээрх компаниудад ямар нэгэн давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох зорилго агуулаагүй. Мөн эдгээр компаниудтай урьдчилсан тохиролцоо хийх, ашигт малтмал олборлох чиглэлээр давуу эрх олгох зэрэг үйлдэл хийгээгүй. Бүх шийдвэр нь холбогдох хууль тогтоомж, төрийн байгууллагын шийдвэр, үнэлгээний хорооны дүгнэлтэд үндэслэн гарсан гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурор Б.Лувсанцэрэнгийн 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр бичсэн 06 дугаар эсэргүүцлийг үндэслэн цагаатгагдсан этгээд М.Мд холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь нотлох баримтад үндэслэн хянав.
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай эсэх, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцээтэй байдал хангагдсан эсэхийг бүхэлд нь үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай.
Учир нь, шүүх яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор тухайн шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн дүгнэлт хийх бөгөөд шүүхээс гарч буй шийдвэр эргэлзээгүй, ойлгомжтой бичигдсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий байх зарчмыг хангасан гэж үзнэ.
3.Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзвэл, М.М нь 2020-2024 онуудад Төв аймгийн Бдарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт сумын 2 км автозам барихад "Нгэгээ" ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 22/147 дугаартай албан бичгээр "...сумын хогийн цэгийн ойролцоох байрлалд шороон орд гаргаж авто замын далан суурийн ажилд хэрэглэх..." тухай хүсэлтийг хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/170 дугаартай "Сумын төв доторх 2 км авто замын ажлын гүйцэтгэлд зориулан газар ашиглах тухай" захирамж гаргаж, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 01 дугаартай "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай" гэрээг О.Нацагдоржтой байгуулж, Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт сумын төвөөс зүүн хойш 4.5 км газарт "Хүүхдийн худаг" гэх газраас 9,638.44 м3 түгээмэл тархацтай ашигт малтмал буюу ялгаж ангилаагүй дайрга олборлуулсны улмаас байгаль орчинд 3,815,329 төгрөгийн хохирол, мөн "Х" ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 30/2024 дугаартай "...түгээмэл тархацтай ашигт малтмал хайрга, шороо ашиглах зөвшөөрөл олгож өгөхийг..." тухай хүсэлтийг хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 01 дугаартай "Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, ашиглуулах, газрын хэвлийг нөхөн сэргээх тухай" гэрээг захирал В.Бугандайтай байгуулж, Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт сумын төвөөс зүүн хойш 4.5 км газарт "Хүүхдийн худаг" гэх газраас 800м3 түгээмэл тархацтай ашигт малтмал буюу ялгаж ангилаагүй дайрга олборлуулсны улмаас байгаль орчинд 353,891 төгрөгийн хохирол учирсан үйл баримтын талаар тусгагджээ.
4.Давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэн, хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
5.Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоох учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг явуулан 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/138 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаахдаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно" гэж, 2-т "Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна" гэж, 3-т "Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж тус тус заасан байх тул “Нгэгээ” ХХК болон “Х” ХХК-уудыг яллагдагчаар татан ирүүлэх...”, “энэ хэрэгт хохирогчоор хэн болохыг тогтоогоогүй”, “нотлох баримтыг үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулахдаа хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлийг заажээ.
Харин прокурор дээрх шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийгээгүй шүүхэд хэргийг шилжүүлсэн байхад анхан шатны шүүх 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, цагаатгах тогтоол гаргахдаа тодорхойлох хэсэгт: “улсын яллагчаас 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №0997652 дугаар, №0997651 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр "Нгэгээ" ХХК болон "Х" ХХК-уудыг тус бүр 2,000,000 төгрөгийн торгох арга хэмжээ авсан нь ойлгомжгүй. Эрүүгийн хуулийн хорин дөрөвдүгээр бүлэгт Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжийг тодорхойлсныг тэмдэглэх нь зүйтэй” гэх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, эргэлзээ бүхий байдлыг бий болгож байна.
6.Мөн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгавал зохих зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд зааснаар нэг бүрчлэн заасан бөгөөд шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн талуудын дүгнэлт, саналын үндэслэл болгосон баримт, яллах баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг нэг бүрчлэн заах ёстой.
Гэтэл шүүх “М.М...хууль зөрчсөн үйлдэлд нь гэм буруутайгаар тооцуулахаар ирүүлсэн нотлох баримт болох 1 дүгээр хавтаст хэргийн 25-32, 37-43 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 1, 3, 4-т заасантай нийцэхгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Хэрэгт зөвхөн шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас гаргаж өгсөн баримтууд нь нотариатаар гэрчлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм” гэж дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх зарчимд нийцэхгүй байна.
Түүнчлэн прокуророос М.Мяллах үндэслэл болгосон нотлох баримтыг нэг бүрчлэн үгүйсгэхгүйгээр “өөртөө болон бусдад ямар нэгэн давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан талаарх баримт хэрэгт авагдаагүй”, ...шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжлэн судалж сэдэлт санаа зорилгыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй...” гэсэн ерөнхий дүгнэлт өгч, цагаатгасан нь дээрх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл болов.
7.Дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Иймд давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлээс “...шүүх цагаатгах тогтоолдоо М.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүний үйлдлийг сэдэл санаа зорилгыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй гэж зөрүүтэй дүгнэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Баян суманд хийгдэх далангийн ажлыг хийж гүйцэтгүүлэх зорилгоор нэр бүхий компаниудтай гэрээ байгуулан, бусдад түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах зөвшөөрөл олгосон нь шүүгдэгчийн өөрт олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлэн бусдад санаатай давуу байдал бий болгосон гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, түүний гэм бурууг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн...” гэх агуулга бүхий хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
8.Хэргийг анхан шатны шүүхэд очтол М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1,3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/92 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.