| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 183/2022/00595/И |
| Дугаар | 210/МА2022/01422 |
| Огноо | 2022-07-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2022/01422
2022 07 29 210/МА2022/01422
Н.Чы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/01180 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Чы хариуцагч Т.Нд холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 6,636,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Н.Чинчлуун нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэрэлж лоудж амралтын газар өөрийн найз Т.Нд зодуулж биедээ зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын нийлмэл хугарал, зүүн доод зовхи, доод урууланд шарх, дух, зүүн дээд, доод зовхи, зүүн дал, баруун мөрөнд цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл авсан. Дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн газар шалгаад Налайх, Багахангай дүүргийн Прокуророос Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэн Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллагдагчаар татсан. Улмаар Т.Нд холбогдох эрүүгийн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч шүүх дээрх эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокуророос Т.Нд холбогдох эрүүгийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үндэслэлээр 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Т.Нгийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн шатанд ч миний биед учруулсан гэмтлийн эмчилгээний зардлыг төлөхгүй өнөөдрийг хүргэсэн. Энэ хугацаанд миний хувьд найз нөхдийн харилцаа холбоогоо бодоод аль болох эв зүйгээр асуудлаа шийдүүлэхийг хүсч байсан ч Т.Н нь өршөөлд хамрагдахаа мэдээд хохирлоо төлөхгүй намайг дорд үзсэн. Би Орбито эмнэлэгт хагалгаанд 3,800,000 төгрөгийн хагалгаа хийлгэсэн ч одоог хүртэл миний нүд урьд байсан шиг хэвийн биш болсон. Мөрдөн байцаалтын шатанд хууль эрх зүйн мэдлэг дутмаг тул өөрийн эрхий хамгаалуулах үүднээс өмгөөлөгч авсан. Налайх дүүргийн Цагдаа, прокурор, шүүх рүү ирж очих бүртээ хүний машинд бензин хийж өгөөд явах, эм тариа гэх мэт зардал гарч байсан ч би Т.Нгоос найзыгаа л хагалгаанд оруулаад өгчих бусад нь яахав ээ гэж мөн ч их гуйсан боловч хүн чанар гаргалгүй өөрийгөө бодсонд нь маш их гомдож байгаа. Иймд Т.Нгоос гэмт хэргийн улмаас миний биед учруулсан гэм хорын хохирол болох гэмтэл түүнийг эмчлүүлсэн зардал 3,800,000 төгрөг, эрүүгийн хэрэгт төлсөн өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, иргэний хэрэгт төлсөн өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, эмчийн үзлэг, эм тарианы зардал 264,200 төгрөг, эрүүгийн хэргээс баримт хуулбарлан авахад гарсан зардал 35,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад хавсаргах нотлох баримтуудыг нотариатаар батлуулсан зардал 37,000 төгрөг, нийт 6,636,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор хариуцагч Т.Нд холбогдох эрүүгийн 2107000000123 дугаартай Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн гаргасан дүгнэлтээр Н.Чы биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон бөгөөд үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрнө. Хариуцагч Т.Н нь нэхэмжлэгч Н.Чы эмчилгээний зардалд нь өөрийн хүүхэд Б.Чингүүний эзэмшлийн данснаас 150,000 төгрөг, 500,000 төгрөг, 200,000 төгрөг, өөрийн эзэмшлийн данснаас 120,000 төгрөг, 300,000 төгрөгийг нийт 1,270,000 төгрөг төлсөн. Н.Чы Орбит эмнэлэгт хагалгаа хийлгэсэн төлбөр 3,800,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргасан боловч одоо эмчилгээний зардалд нэхэмжилсэн 3,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн эмчийн үзлэг, эм тарианы зардалд 264,200 төгрөг гарсан болох нь баримтаар тогтоогдсон тохиолдолд үүнийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин өмгөөллийн хөлсөнд 2,500,000 төгрөг нэхэмжилсэн тухайд энэ нь эмчилгээний зардал, эсхүл гэм хор учруулсантай холбогдож гарсан асарч, сувилуулах зэрэг зайлшгүй гарах зардал гэж үзэхгүй байгаа тул өмгөөллийн хөлсөнд төлсөн 2,500,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Боржгон овогт Төмөрбаатарын Номин /УУ92020728/-оос 5,436,200 /таван сая дөрвөн зуун гучин зургаан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан Тайжыхан овогт Намсрайн Чинчулуун /УХ88051481/-д олгож, нэхэмжлэгч Н.Ч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.Нгоос 121,129 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн хөлсөнд 2,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр өмгөөлөгчтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг төлблөрөө эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас шууд учирсан хохирол болон зайлшгүй гарах зардал гэж үзэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 2,500,000 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Миний хувьд өмнө нь нүд зүгээр байсан боловч одоо 2 өөр нүдтэй болсон ойрхон эмнэлгээр явдаг. Хариуцагчаас үндэслэлгүй мөнгө нэхээгүй. Хариуцагчийн гэм буруугаас үүдэлтэй бодитой, баримттай хохирлыг нэхэмжилж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Н.Ч нь хариуцагч Т.Нд холбогдуулан нүдний хагалгааны зардалд 3,800,000 төгрөг, эм тарианы зардал 264,200 төгрөг, эрүүгийн хэрэгт өмгөөлөгчид төлсөн хөлс 1,500,000 төгрөг, иргэний хэрэгт өмгөөлөгчид төлсөн хөлс 1,000,000 төгрөг, баримт хуулбарлахад гарсан зардал 72,000 төгрөг, нийт 6,636,200 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эмчилгээний зардал 4,064,200 төгрөгийг хүлээн зөвшөөрч, өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.
Зохигчийн хооронд өмгөөллийн хөлсийг хариуцагч төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
3. Хариуцагч Т.Н нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэрэлж лоудж амралтын газарт Н.Чтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа толгой, нүүр орчим цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, улмаар Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1 дугаар тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Т.Н нь хууль бусаар нэхэмжлэгч Н.Чы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө.
Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа хохирогчийн эрхийг өмнөх байдалд сэргээх, хэрэв боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэх зарчмыг баримталдаг.
Хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх тохиолдолд учруулсан гэм хорын улмаас гаргасан зардлын хэмжээ тогтоогдсон байхыг шаардана.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангүй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж зохицуулжээ.
5. Хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч давж заалдах гомдолдоо өмгөөллийн хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэжээ.
5.а. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-д хууль зүйн туслалцаа авах эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1-д хохирогч өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй тул Н.Ч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрхээ хангах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон байх ба өмгөөлөгчид 1,500,000 төгрөгийн зардал төлсөн нь түүний депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.
Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчид төлсөн зардлыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
5.б. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч өмгөөлөгчтэй оролцох эсэх нь түүний эрх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөгчийг заавал оролцуулахаар хуульчлаагүй, өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эсэхнь зохигчийн хүсэл зоригийн асуудал байна. Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчид төлсөн зардлыг гэмт хэргийн улмаас гарсан зайлшгүй зардал гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчаас гаргуулах боломжгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т.Нгоос мэс заслын үнэ 3,800,000 төгрөг, эм тарианы зардал 264,200 төгрөг, эрүүгийн хэргээс баримт хуулбарлахад гарсан зардал 35,000 төгрөг, нотариатын зардал 37,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг, нийт 5,636,200 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас төлсөн 1,270,000 төгрөгийг хасч 4,366,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Чд олгосон өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/01180 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 5,436,200 /таван сая дөрвөн зуун гучин зургаан мянга хоёр зуун/ гэснийг 4,366,200 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс 2,270,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 121,129 /нэг зуун хорин нэгэн мянга нэг зуун хорин есөн/ гэснийг 84,810 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас урьдчилан төлсөн 54,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.БЯМБАСҮРЭН