| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2018/0141/Э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 140
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Прокурор М.Энхбаатар
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй харъяалах шүүхэд шилжүүлсэн Халхнаг овогт Баярын Цолмонд холбогдох 1831001330125 дугаартай хэргийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар саын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 33 настай, тусгай дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 018 тоотод оршин суух, Идэр хүнсний дэлгүүрт туслах ажилтан ажилтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Халхнаг овогтой Баярын Цолмон, РД: /ВК-85062901/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Цолмон нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 018 тоотод орших өөрийн гэрийн гадаа П.Авирмэдийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1..Хохирогч П.Авирмэдийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 04 дүгээр сарын 26-нд би гэртээ байж байгаад хажуу айлын Эрдэнэчимэгтэй хамт 2 том пиво хувааж уугаад Пүрэв-Очирын хашаанд манай нөхөр Батбэхийн мотоцикл байна гэхээр нь очиж авах гээд явсан. Б.Цолмонд хандаж “манай нөхөр танайд ууж байгаад явсан байна шүү дээ. Хэлэхгүй яасан юм бэ?” гээд нөхрийнхөө мотоциклийг аваад хашаагаар нь гараад байж байхад Цолмон гарч ирээд нүүр рүү 2 удаа гараараа цохиход нь миний хамраас цус гарсан. Би ороолтоороо арчаад байж байхад Цолмонгийн нөхрийн ах, дүү хоёр нь Цолмонг бариад авсан. Тэр үед миний хажууд Төрбаяр байсан. Төрбаяраар мотоциклоо бариулаад ард нь суугаад бид хөдөө бонгын тохой явсан. Бонгын тохойд очиход хамар хавдсан учир Эрдэнэчимэг
манай охин руу залгаж ээж чинь хүнд зодуулчихсан гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/
2.Гэрч Т.Эрдэнэчимэгийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 19 цаг өнгөрч байхад П.Авирмэд нэг том пиво барьж манайд орж ирээд бид 2 хувааж уусан юм. Тэгээд П.Авирмэд манай нөхөр Бэхээ өнөөдөр байдаггүй, хороолол ороод хайгаад мотоциклийг нь олоод ирье гэсэн. Ингээд манай нөхөр Төрбаяр мотоциклоо жолоодоод Авирмэд бид 2 араар нь суугаад сумын төв орж ирээд Пүрэв-Очирынд очиход эхнэр нь буюу Цолмон байсан. “Бэхээ ирсэн үү” гэхэд Цолмон “өдөр ирээд манай нөхрийг дагуулаад гараад явсан” гэсэн чинь Авирмэд “янхнууд минь та нарыг мэднэ” гээд хэлэх хэлэхгүй үгээр хэлээд доромжлоод байхаар нь Цолмон “би танай нөхрийг яаж мэддэг юм, та яагаад хүн доромжлоод байгаа юм гэсэн чинь Авирмэд Цолмонг үсдээд авахад нь Цолмон үснээсээ гарыг нь тавиулах гээд гарыг нь татахад Авирмэд газар унасан. Тэгээд Авирмэд босож ирээд Цолмонруу дайраад агсраад байхаар нь “би чи болио чиний буруу” гээд манай нөхөр Төрбаяр Бэхээгийн мотоциколийг асаагаад араар нь Авирмэдийг суулгаад явсан. Ингээд би өөрийнхөө мотоциколийг жолоодоод шууд харьцгаасан. Хөдөө ирээд гэрт ороод хархад Авирмэдийн хамар жоохон хавдсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/
3.Гэрч Л.Төрбаяр 2018 оны 06 дүгээр сарын 21-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би эхнэр Эрдэнэчимэгтэй гэртээ байж байхад Авирмэд төв ороод мотоцикль аваад ирье хамт яваад өгөөч гэсэн юм. Тэгээд төв ороод хойд хороололд байдаг Пүрэвээгийнд очтол Пүрэвээгийн эхнэр Цолмон гэртээ байсан. Тэгтэл Авирмэд гэрт нь ороод “манай нөхөр хаана байна” гээд агсан тавиад байсан. Тэгтэл Цолмон гараад явсан гэж хэлсэн. Авирмэд Цолмон 2 маргалдаад Цолмон Авирмэдийн үснээс нь зулгаатал Авирмэд газар унасан. Тэгээд Пүрэвээгийн 2 дүү нь ирээд салгаад Цолмонг гэртээ оруулаад би мотоциклыг нь бариад хөдөө байдаг гэртээ ирсэн. Уг асуудал Пүрэвээгийн хашааны үүдэнд болсон асуудал байгаа юм. Гэрт очоод хархад хамар нь жоохон хавдсан байсан. Авирмэд манай гэрт байхад охин ирээд аваад явсан. Ийм л юм болсон....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дүгээр хуудас/
4.Гэрч Д.Баттогтохын 2018 оны 06 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Манай бэр дүү Цолмон нь огт архи дарс уудаггүй. Ааш зан сайтай олонтой их нийтэч. Хүмүүсийн дунд нэр хүнд сайтаймхүн байгаа юм. Манай бэр нөхөр болоод хэдэн нялх хүүхдээ тэжээх гээд л явж байдаг хүн байгаа юм. Манай нутгынхан сайн мэднээ их зөөлөн хүүхэд байгаа юм. Миний дүү Пүрэв-очир нь хөл гар муутай грүппэд байдаг ажил хийж чаддаггүй юм. Манай Цолмон л амьдарлаа авч яваа юм...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/
5.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №183 тоот актын дүгнэлт хэсэгт:
1.П.Авирмэдийн биед тархи доргилт, толгойн хуйх, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, хэвлийд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/
6.Яллагдагч Б.Цолмонгийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 14 цагийн үед П.Авирмэд эгчийн нөхөр Бэхээ мөн Баяраагийн хамт согтуу манайд ирээд манай нөхрийг аваад гарсан. Бэхээ гэх залуу нь согтуу байсан. Мотоциклтойгоо явж чадахгүй байсан. Тэгээд гурвуулаа явган явсан. Тэр үед манай нөхөр гэрээсээ гарахдаа эрүүл байсан. Манай нөхөр явахдаа гар утсаа гэртээ орхисон байсан юм. Гэтэл манай нөхрийн гар утас руу Авирмэд эгч залгахаар нь автал “манай нөхөр Бэхээ хаана байна” гэхээр нь манайд байхгүй байна. Тэр 3 гараад явсан гэсэн чинь байн байн залгаад хэл амаар доромжлоод нөхрийг маань гаргаад ир гээд орилоод байсан. Тэгээд байж байгаад 20 цагийн үед Авирмэд эгч, Эрдэнэчимэг эгч, Төрбаяр ахтай хамт нилээн согтуу ирээд над руу дайраад байсан. Бэхээдээ хэлээрэй агсам тавиад байсан. Тэгэхэд нь би “манайд нөхөр орж ирээд манай нөхрийг дагуулаад гараад явсан, мотоциклоо үлдээгээд явсан явсан” гэж хэлсэн чинь “чи миний нөхрийг нуулаа, манай нөхрийн гар утас нь хаана байна” гээд дайраад байсан. Би утас нь надад байхгүй гэдгийг хэлсэн. Манай хашаанд байсан Бэхээгийн мотоциклийг нь Төрбаяр ах асаагаад хашаанаас гаргахаар нь хашааны хаалга хаах гээд очтол Авирмэд эгч над руу “чи тэр Бэхээд хэлээрэй, өөрөө архидаад зугаалаад яваад байдаг” гэхээр нь “та өөрөө наадахаа нөхөртөө хэл, танай нөхөр надад ямар хамаа байхав” гэсэн. Гэтэл миний үснээс зулгаах гээд самардаад дайраад байхаар нь гарыг холдуулаад мөрөн дээрээс нь дугтраад татсан чинь Авирмэд эгч шургаад унасан. Яг тэр үед манай нөхрийн ах Баттогтох, дүү Баттуул нар ирж таараад боль гээд болиулсан. Манайг Баттогтох ах хориод, Авираа эгчийг Эрдэнээ эгч бариад байж байхад Авирмэд эгч учир зүггүй “чи намайг зодлоо” гээд дайраад байсан. Мөн хамт явсан Эрдэнээ эгч Төрөө ах хоёр Авираа чи боль, чиний буруу шүү дээ, айлын авгай руу дайраад гэж байсан. Тэгээд Төрөө ах Бэхээгийн мотоциклийг унаад, Эрдэнээ эгч өөрийнхөө гэрэлгүй мотоциклийг унаад Авирмэд эгчийг ардаа суулгаад явцгаасан. Явснаас нь хойш цаг орчимын дараа Эрдэнээ эгч манай нөхрийн утас руу залгаад миний дүү уучлаарай, би энэ согтуу авгайг дагуулж очиж муухай юм боллоо гээд уучлалт гуйгаад байсан. Тэгсэн чинь Авирмэд эгч хажуунаас нь утсыг нь аваад чи миний хамар руу цохисон байна. Миний хамарнаас цус гараад байна гэхээр нь би таныг цохиогүй гэсэн чинь Эрдэнээ эгч чи дуугүй бай гээд Авираа эгчийг загнаад байгаа бололтой байснаа утас нь тасарсан.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын
талаар шүүхээс өгөх дүгнэлт:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Халхнаг овогт Баярын Цолмоныг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 018 тоотод орших өөрийн гэрийн гадаа П.Авирмэдийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Цолмон нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 018 тоотод орших өөрийн гэрийн гадаа тус сумын иргэн Авирмэдийн “Манай нөхөр хаачив, мотоцикл нь яагаад энд байгаа юм” гээд элдэв бусаар хэлж барилцаж авахад нь түлхэж унагаснаас П.Авирмэдийн биед тархи доргилт, толгойн хуйх, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа зэргийг үндэслэн прокурор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д заасан хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанарыг харгалзан Б.Цолмонд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас Прокурорын саналыг үндэслэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Халхнаг Овогт Баярын Цолмонг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баярын Цолмонг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Ялтан Б.Цолмон гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ