Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 134

 

 

 

 

 

 

                                      Монгол Улсын нэрийн өмнөөс

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хурлын танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

      Прокурор                                                  М.Энхбаатар

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Р.Атарцэцэг

                                                                            Г.Амартүвшин

      Хохирогчийн өмгөөлөгч                       А.Ариунзаяа

      Шинжээч                                                   Б.Ариунзул

      Нарийн бичгийн дарга                         С.Энхтайван нар  оролцов.

  Сэлэнгэ аймгийн   аймгийн  Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж харъяалах шүүхэд шилжүүлсэн  Заншир овогтой Пүрвээгийн Энхбаяр, Боржигон овогтой Дэмбэрэлийн Болормаа нарт холбогдох 201718000134 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлэгт заасан журмын дагуу хянан хэлэлцэв.

                                         Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч, эх барих эмэгтэйчүүдийн их эмч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Нэгдсэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх кабинетын эмч ажилтай, ял шийтгэлгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар 1 дүгээр хэсэг 94 тоотод оршин суух хаягтай, Заншир овогт Пүрвээгийн Энхбаяр, РД: ЦГ-73081511/

Монгол Улсын иргэн, 1966 оны 03 д\угаар сарын 24-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Нэгдсэн эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга ажилтай, ял шийтгэлгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 4 дүгээр хэсэг, 27б тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Дэмбэрэлийн Болормаа, РД:ЦГ-66032401/

                                                  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Д.Энхбаяр нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 09 цагаас 09 цаг 50 минтуын хооронд төрөх эх Б.Болорцэцэгт хийсэн кесаров мэс заслаар эхийн биеийн байдлыг дутуу үнэлсэн, умайн эрт үеийн цус алдалтын үед авах арга хэмжээг дутуу авсан, хоёр дахь хагалгаанд хугацаа алдаж орсон зэрэг өвчтөнд үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан,

 Яллагдагч Д.Болормаа нь Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутанд өвчтөн Б.Болорцэцэгт хийгдсэн 2 дахь хагалгааг хугацаа алдуулан эхлүүлэх шийдвэр гарган эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй бэлэн байдлыг ханган ажиллах, эмчилгээ үйлчилгээтэй холбогдсон өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулж мэргэжлийн удирдлагаар хангаж чадаагүй зэрэг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч П.Энхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт....Тухайн өдөр миний бие 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Намайг жижүүр хийж байхад 8 эх амаржсан. Хамгийн сүүлийн эх буюу талийгаач үүрээр орж ирсэн. Эх өөрөөрөө төрөх боломжгүй байсан тул хийсвэр мэс ажиллагаа хийж хүүхдийг төрүүлсэн. Хийсвэр хагалгааг хийхэд төрөх тасгийн эрхлэгч Мөнхзул эмч хамт орсон.  Хийсвэрээр төрүүлэх мэс ажилбар хийх явцад ямар нэгэн хүндрэлтэй зүйл гараагүй. Ингээд эхийг төрөх тасаг руу шилжүүлэх үед эхийн үтрээнээс цус гарч эхэлсэн. Ингээд миний бие болон сэхээн амьдруулах тасгийн эмч Ганзориг, болон Мөнхзул эмч нар эхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан бөгөөд хяналт тавьж байсан. Улмаар Д.Болормаа эмч Цогтбаатар эмчийг дуудсан бөгөөд Цогтбаатар эмч ирж хоёр дахь хагалгааг хийсэн. Эмч нар хагалгаанд орохдоо хагалгаа хийх зөвшөөрлийн бичиг авдаг. Хоёр дахь хагалгааг хийхэд хүндрэлтэй зүйл маш их байдаг тул би Цогтбаатар эмчийг тэр бүгдийг ойлгож байсан гэж бодож байгаа. Хоёр дахь хагалгааг хийсний дараа эхийн бие 3-4 цаг орчим тогтвортой байсан. Түүний дараа дахин цус алдаж эхэлсэн бөгөөд цус их хэмжээгээр алдсан нь нас барах шалтгаан болсон гэж үзэж байна гэв.

2.Шүүгдэгч П.Болормаагийн шүүхийн хэлэлцүүлэгт....Тухайн өдөр 11 цаг 45 минутын үед эрчимт эмчилгээний эмч Ганзориг над руу залгаад төрсөн ээж цус алдаад байна. Цус цусан бүтээгдэхүүн захиалсан боловч ирэхгүй удаад байна гэж хэлсэн. Тухайн цаг мөчид би хүүхэд үзээд явж байсан. Ингээд 12 цагийн үед доошоо төрөх тасаг руу буусан. Намайг очиход П.Энхбаяр, Ганзориг, Мөнхзул эмч нар болон бага эмч нар эхэд бүхий л хийх ёстой тусламжийг үзүүлээд байж байсан. Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үндсэн үүрэг нь удирдлагаар л хангах байдаг. Түүнээс биш эмчлэгч эмчийн урдуур орж хийж байгаа эмчилгээг нь хийлгэхгүй байх, эмчилгээг нь өөрчлөх эрх байхгүй. Намайг ирэх үед эх 3 литр орчим цус алдсан байсан. Улмаар хоёр дахь хагалгааг хийх зайлшгүй шаардлага гарсан бөгөөд арай туршлагатай гэдэг үүднээс Цогтбаатар эмчийг Хушаат суманд явж гэхээр нь дуудсан. Би ирснээсээ хойш эмчилгээ эрхэлсэн орлогч даргынхаа хувьд багаа бүрдүүлэх хүний нөөцийнхөө бэлэн байдлыг хангах бүх л үүргээ гүйцэтгэсэн гэж бодож байгаа. Улаанбаатар хотод байгаа мэргэшсэн эмч нараас ч гэсэн зөвлөгөө авч байсан. Эхийг эсэнд мэнд авч үлдэхэд үүрэг оролцоотой бүх л эмч нарыг дуудсан. Мөн эхэд хүндрэл гарсан тохиолдолд эрүүл мэндийн газар болон нэгдсэн эмнэлгийнхээ дарга удирдлагуудад мэдэгдэх ёстой байдаг бөгөөд энэ үүргээ ч гэсэн биелүүлсэн. Нэмж хэлэхэд миний зүгээс П.Энхбаяр эмчийг хоёр дахь хагалгааг хийж болохгүй гэж хэлсэн зүйл байхгүй гэв.

3.Хохирогч Ц.Оюунцэцэгийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... “Миний охин Болорцэцэг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өглөөний 05 цагт Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр ирээд нас барсан. 09 сар гарантай жирэмсэн илүү тээлттэй байсан, өвдөөд очиход эмч үзээд өөрөөр нь төрүүлэхээр болоод өөрөөр нь төрүүлэх гэсэн хүндрэл гараад хийсвэрээр төрүүлэх болсон 3.7 кг охинтой болсон, хагалгааны дараа охин минь цус алдаж улмаар дахин хагалгаанд орж эмчилгээ хийлгэж байгаад цус алдснаасаа болоод нас барсан. Миний үзэж байгаагаар жирэмсний хяналт тавьж байсан эмч Алангуа нь жирэмсний хяналтаа сайн тавиагүй, төрөхийн өмнөх тасагт хэвтүүлээгүй, үзлэг хийж хүн өвчин зовиураа хэлж яриад байхад “өвдөлт өгөхөөрөө ирээрэй”  гээд явуулсан байгаа юм. Талийгаач охин минь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Алунгуа эмчид үзүүлэхдээ “хэвлийн доогуур зангирч өвдөөд байна, хэвтэж байгаад босоход хэсэг гайгүй болоод байна” гэж эмчид хэлж ярьсэн талаараа эмчид үзүүлж гарч ирснийхээ дараа надад гар утсаар хэлсэн. Тэгсэн “намайг өвдөхөөрөө ирээрэй” гэж хэлээд явуулсан гэж хэлсэн. Эмч Алунгуа нь өөрийн ажилдаа хайнга хандсан, хайхрамжгүй хандсанаас болж эцсийн үр дүнд миний охин нас барах шалтгаан болсон гэж үзэж байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 23-24 хуудас/

4.Гэрч П.Жаргалсайханы 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ 2016 оны 12 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед талийгаач эхнэр маань төрөх гээд өвдөлт өгч байна гэж ярьж байсан. 30 минутын зайтай өвдөлт өгч байна. Хугацаа нь ойртохоороо явна гэж яриад байж байсан. Өвдөлтийн хугацаа нь ойрхон болохоор төрөх үед амар төрнө гэж ярьж байсан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн үүрээр 05 цагийн үед Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн. Энхбаяр эмч үзээд 8 хуруу нээгдсэн байна өөрөөр нь төрүүлнэ гээд буцаад орсон. Тэрнээс хойш 30-40 минутын дараа хагалгаа хийж төрүүлэх шаардлагатай боллоо хагалгаа хийх баг дуудна гээд орсон. Тэгээд 09 цагийн үед эмч нар ирж хийсвэрээр төрүүлсэн, үндсэндээ хагалгаа хийх хүмүүс нь 3 цагийн дараа ирсэн гэсэн үг. Төрснөөсөө хойш цус алдсан гээд цус сэлбэх эмчилгээ хийгээд цус нь тогтохгүй байгаад, дахиж хагалгаа хийж савыг нь тайрах арга хэмжээ авна гээд уг мэс заслыг хийдэг эмч нь байхгүй, хөдөө явсан гээд цаг хугацаа алдаж 15 цагийн үед хагалгаанд орсон. Энэ хугацаанд талийгаач эхнэр минт бараг цусаа юүлээд дууссан байсан байх. Хагалгааны дараа биеийн байдал нь овоо дээрдлээ гэж ярьж байсан боловч 2016 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн үед нас барсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 32-33 хуудас/

5.Гэрч Б.Цогтбаатарын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “Жавхлант суманд ажлаар явж байхад 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед Болормаа эмч залгаад төрөх эх цус алдаад байна,  давтан хагалгаанд орох шаардлагатай байна, чи ирэх шаардлагатай байна гэхээр нь ирсэн. Сэлэнгэ аймагт яаралтай дуудсан учир шуурхай очсон.  Эмнэлэг дээр 12 цаг 50 минутын орчим ирэхэд төрөх тасагт эмчилгээний албаны дарга Болормаа, эх барих эмэгтэйчүүдийн эмч Энхбаяр, Мөнхзул, сэхээний эмч Ганзориг нар өвчтөнийг төрсний дараах өрөөнд оруулсан. Цус алдалтын үед хийгдэх шаардлагатай эмчилгээг хийж шингэн залгасан байсан ба өвчтөнд дахин хагалгаа хийх шийдвэр гарсан байсан. Ингээд өвчтөний биеийн байдалт хамтарсан үзлэгийн бусад эмч нарын хамтаар хийхэд төрсний дараах умайн сулралын шалтгаантай цус алдалт, цус алдалтын дараах шок гэсэн оноштой байсан ба шокийн хүнд зэрэгтэй цус бүлэгнэлтийн гажуудал үүссэн гэсэн оноштойгоор умайх авах хагалгаа хийхээр шийдсэн байсан. Эхийн биеийн байдал маш хүнд цус алдалттай байсан ба эмчлэгч эмчийн тооцоогоор 3 литр цус алсан гэж байсан .Үзлэгийн үед массаж хийхэд 500 миллитр цус алдсан ба талийгаач ухаантай байсан боловч асуусан асуултанд цөөн үгээр идэвхи муутай хариулж байсан. Ингээд Болормаа эмч намайг ахалж 2 дахь хагалгааг хий гэсэн үүрэг даалгавар өгсний дагуу цаг алдалгүй шууд хагалгаанд орсон. Би очоод 5 орчим минут болоод буюу өвчтөний биеийн байдалтай танилцаад шууд хагалгаанд орсон. Хэвлийг нээх үед хэвлийн хананаас бүл бүлэгнэлт муутайгаар урсан гарч байсан цус тогтоолтын дор хэвлийг нээж эхийн умайг тайрах мэс ажилбар хийгдэж шархнаас цус гараагүй хэвлийд хяналтын гуурс 2 ширхэгийг үлдээж хэвлийг цус тогтоолтын доор үечлэн хаасан. Ингэж хагалгаа хийж дууссаны дараагаар эхийн амин үзүүлэлтүүд тогтвортой байсан хэвлийд тавьсан хяналтын гуурсаар цус гараагүй байсан ба эмч нарын хамтарсан үзлэг хийж сэхээн амьдруулах эрчимт эмчилгээг үргэлжлүүлэх шийдвэр гарсан. Хагалгаанаас хойш 19 цаг хүртэл амин үзүүлэлтүүд тогтвортой байсан ба миний учир Улаанбаатар хотод сургалттай сууж байсан учир 1 өдөр хичээлтэй тул эмчилгээний албаны даргаас зөвшөөрөл аваад Улаанбаатар хот руу явсан. Намайг явснаас хойш буюу маргааш өглөө нь биеийн байдал нь муудаж нас барсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 хуудас/

6.Гэрч О.Ганзоригийн оны 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... “2016 оны 12 дугаар сарын 25-ны өглөө эхний хагалгаа 09.05 минутанд ороод 09.50 минутанд дууссан. Хагалгаанаас хойш 15 минутын дараа 10-15 минут орчмын дараа эхийн умай суларч доош цус алдаж эхэлсэн. Богино хугацаанд 1 литр 500 грам цус алдахаар нь цус захиалсан. Эмчлэгч эмч Энхбаярт би 2 дахь хагалгааг шуурхай орох хэрэгтэй юм байна даа гэж хэлсэн. Болормаа эмчид 11 цаг өнгөрөөгөөд мэдэгдсэн...Энхбаяр эмч Болормаа эмчид танилцуулж 2 дах хагалгааг орохоор болоод Цогтбаатар эмчийг дуудуулж 13 цаг өнгөрч байхад 2 дахь хагалгаанд орсон...2 дах хагалгаанд оруулах үед эхийн байдал туйлын хүнд хөөрлийн байдалд шилжсэн бага зэргийн таталт өгөх маягтай байсан. Хагалгаа эхлээд 20-оод минут орчим болж байхад ээжийн зүрх зогсож сэхээн амьдруулах арга хэмжээг богино хугацаанд босгож ирсэн...хагалгааг үргэлжлүүлж дуусгасан...18 цаг орчмоос амин үзүүлэлт өөрчлөгдөж эхэлсэн...биеийн байдал дордож 21 цагийн үед зүрх нь зогссон сэхээн амьдруулах арга хэмжээ авч 20-30 минутын дараа зүрх орж эрчимт эмчилгээг үргэлжүүлсэн эмчилгээний явц үр дүнгүй болж 2016.12.26-ны өглөө 09 цагт нас барсан” ... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42-43 хуудас/

7. Гэрч А.Мөнхзулын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....”2016 оны 12 дугаар сарын 25-ны өглөө амралтын өдөр байсан санагдаж байна. Гэртээ байхад 103-аас яаралтай ажил дээр ир гэсэн. Эмнэлэг дээр 09  цаг 05 минутанд ирсэн. Жирэмсэн эх хагалгаанд орох гэж байна гээд хагалгааны өрөөнд оруулсан. Хагалгааг би гардан хийгээгүй. Энхбаяр эмч шийдвэр гаргаж удирдаж явуулсан. Би туслах эмч буюу 2-р эмчээр орсон. Ингэж хагалгаанд орж 09 цаг 50 минутанд дуусгахад эхийн биеийн байдал дунд зэрэг байсан. Хагалгааны үед 1 литр цус алдсан ба хагалгааны дараа 500 грамм цус алдсан учир умай агшаах тариа, шингэн сэлбэх эмчилгээ хийгдсэн ба хагалгааны өрөөнөөс 10 цаг 20 минутанд төрөх тасаг руу шилжүүлсэн.11 цагийн үед Энхбаяр эмч дахин умайн массаж хийхэд нэмж 300 орчим мл цус алдсан. 11 цаг 45 минутанд эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Болормаад өвчтөний талаар мэдэгдсэн. Ингээд Болормаа эмч 12 цагт өвчтөн дээр ирээд биеийн байдлыг нь үзэж харсан ба ямар эмчилгээ хийгдэж байгаатай танилцсан. Энхбаяр эмч бид 2 Болормаа эмчид 2 дахь хагалгааг орох шаардлагатай байна, биеийн байдал нь сайжрахгүй байна, холбогдох бүхий л эмчилгээг хийлээ гэж хэлэхэд Болормаа эмч бид 2-т хандаж “Та 2 бие даагаад хагалгаанд орж чадах уу? гэж асуухад нь би “умай тайрах хагалгаанд орж байгаагүй, энэ хагалгаа их хүнд, хэцүү” гэж хэлсэн. Энхбаяр эмч ямар нэгэн зүйл хэлэлгүй чимээгүй сонсож байтал Болормаа эмч Цогтбаатар эмчийг дуудаж багаар хамтарсан үзлэг хийж байгаад дуудсан нь дээр юм байна гэсэн шийдвэр гаргасан. Үүнийг нь Энхбаяр эмч бид 2 хүлээн зөвшөөрсөн. Цогтбаатар эмч 12 цаг 40 минутанд ирээд хамтарсан үзлэг бүрэлдэхүүнээрээ хийсэн. Болормаа эмч, Ганзориг эмч, би, Энхбаяр эмч, Цогтбаатар эмч  нарын бүрэлдэхүүнтэй байсан. Болорцэцэгийн умайн агшилт суларч дахин цус алдалт үргэлжилж байгаа тул эмч нарын хамтарсан үзлэг хийж дахин хагалгаа оръё гэж шийдвэрлэсэн. 2 дахь хагалгаа 13 цаг 30 минутаас 14 цаг 30 минут үргэлжилсэн. Хагалгааны дараагаар эхийн биеийн байдал хүнд, хагалгааны явцад 500 гр цус алдсан. Дуусгаад өрөөнд байлгаж шаардлагатай эмчилгээг хийж байсан. Миний хувьд туслагч эмчээр оролцсон учир өвчтөний биеийн байдлыг хянаж байгаад намайг явснаас хойш Энхбаяр эмч, жижүүр эмч нар эмчилгээ үйлчилгээг үргэлжлүүлэн хийж байсан. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 9 цаг өнгөрч байх үед нас барсан байсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 хуудас/

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дүгээр сарын 31-ны өдрийн 670 дугаартай дүгнэлт:

6.11.12.13 Талийгаачид эмчлэгч эмч нар Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 42 тоот тушаалын дагуу кесар хагалгаа хийсэн нь зөв байна.

7.8.9.10.15. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эмч нар нь эрүүл мэндийн сайдын 42 тоот тушаалын жирэмслэлт, төрлөгийн хүндрэлийг удирдах арга зүйн удирдамжийн S1/дайрлага шокийн арга хэмжээ/, S28 /Умайн булчин агшилтгүй болох үеийн арга хэмжээ/ заалтуудыг зөрчсөн ба талийгаачийн биеийн байдлыг дутуу үнэлж, бүрэн оношлоогүй, хугацаа алдаж давтан мэс засалд орсон, эмчилгээг дутуу хийгдсэн байна.

17.Талийгаачид төрөлтийг зөв удирдаж эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй зөв үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой.

16.талийгаач нь төрсний дараах умайн булчингийн сулрал, эрт үеийн /4000 мл/ цус алдалт, цус алдалтын дараах хурц цус багадалт, шокийн улмаас нас баржээ.

14.Талийгаачид жирэмсний хяналт хангалтгүй байжээ....гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 62-65 хуудас/

9.Эмгэг судлаач эмч С.Цэцэгмаагийн “...дотор эрхтнүүдийн цус багадалт, цус харвалт, тархины эдийн ба уушгины хаван, бөөрний тахир ба шулуун сувганцарын үхжил, элэгний эдийн хэсэгчилсэн үхжил, хаалган зурвасын үрэвсэл, нойр булчирхайн эпителийн үхжил, умайн булчингийн сулрал цус хомсрол зэрэг эмгэг өөрчлөлтүүд илэрлээ.Эх кесар хагалгаагаар төрсний дараа умайн агшилт суларч цус алдан дахин хагалгаанд орсон боловч үргэлжилэн их хэмжээний цус алдаж, хурц цус багадалт, цус алдалтын дайрлагын улмаас олон эрхтний дутагдлаар нас барсан байна. Эмгэг судлалын ба эмнэлзүйн онош үндсэн өвчнөөр тохирсон. Эх барихын шууд шалтгаантай эхийн эндэгдэл болно. Умайн эрт үеийн цус алдалтын үед авах арга хэмжээ хангалтгүй, дахин хагалгаанд  хожуу орсон, цус салбэлтийг хугацаа алдаж сэлбэсэн зэрэг нь эмчилгээ үйлчилгээний дутагдал болно”...гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 245-250, 2 дүгээр хавтаст хэргийн 1-2 хуудас/

  10. Шинжээчийн 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 108 дугаартай....

  1. Талийгаач Б.Болорцэцэгт хийгдсэн кесаров мэс заслын заалт болон техник ажиллагаа зөв байжээ. Хэвлийг дахин нээж умайг зүүн дайврын хамт авах 2 дахь мэс засал хугацаа алдаж хожуу хийгджээ. Энэ мэс заслыг П.Энхбаяр эмч хугацаа алдахгүйгээр эмчлэгч эмчийн хувьд шийдвэр гарган хийх ёстой байжээ.

  2. Эмгэг судлаач эмч С.Цэцэгмаагийн гаргасан дүгнэлтэнд “Умайг тайрсан үлдэцний гялтангийн доогуур болон бүдүүн гэдэсний араар, хэвлийн гялтангийн араар их хэмжээний нөж бүхий цус хурсан” гэдэг нь хагалгааний үед ямар нэгэн алдаа гарснаас үүсээгүй, энэ нь цочмог цус алдалтын улмаас судсанд цус түгмэл бүлэгнэх хам шинжийн улмаас үүссэн байна.

  3. Талийгаач Б.Болорцэцэг нь өмнө нь хачигт энцифалит өвчнөөр өвчилсөн нугасны урд эвэрийг гэмтээсэн нь умайн булчингийн агшилтын сулралд нөлөөлөхгүй.

  4.ДВС буюу судсанд цус түгмэл бүлэгнэх хам шинж нь их хэмжээний цус алдалт, халдвар хордлого зэрэг олон шалтгааны улмаас цус бүлэгнэлтгүй болж гоожимхой болдог хүндрэл бөгөөд энэ хам шинж үүссэн үед судасны ханын арын гялтан доогуур бөөрний дээд булчирхай хүртэл цус хурсан нь нэвчих хэлбэрээр цус алдсаны илрэл байна.

  5. Өмнөх ШШҮХ-ийн 670, 958  дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй зөв байна.

  6. Удирдлагын баг нь их барихын шалтгаант хүнд хэлбэрийн цус алдалтын үед багаар ажиллах дүрэм журмыг дагах, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд эмчилгээ эрхэлсэн орчлогч дарга Д.Болормаа, эмчлэгч эмчийн өмнөөс шийдвэр гарган, эмчлэгч эмч мэс засал хийх боломжтой байхад өөр эмч томилж мэс заслыг хийлгэсэн нь буруу, үүнээс болж дахин мэс засалд орох хугацаа алдсан байна....  гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 132-136 хуудас/

  11.Иргэний хариуцагч Ц.Эрдэнэчимэгийн 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “Манай эмнэлгийн хөдөлмөрийн гэрээтэй ажилтан нар ажил үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой энэ асуудал үүссэн учир хохирлыг бол байгууллагаас төлж барагдуулна”.... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 238-239 хуудас/

   12.П.Энхбаярын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн.... Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анхны үзлэгээр эхийн биеийн байдлыг дутуу үнэлсэн зүйл байхгүй. Эхний хагалгаа орох шийдвэрийг цаг хугацаа алдалгүй зөв гаргасан. Ямар ч байсан хүүхдийг эсэн мэнд төрүүлж авсан. 1 дэх хагалгааны дараа умай агшилт сайн байсан умайн байдал, агшилтын байдлаа үнэлээд хэвлийг хаасан, хаасны дараа умайн эрт үеийн сугралын шалтгаант цус алдалтын шинж илэрч эхэлсэн ба эмийн эмчилгээг стандартын дагуу түргэн шуурхай хийсэн. Эхийн биеийн байдал тогтворжсон учир төрөх тасаг руу шилжүүлсэн. Төрөх тасагт буугаад тодорхой хугацааны дараагаар эх цус алдаж эхэлсэн. Ингээд би 2 дахь хагалгааг орох шаардлагатай гэж эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Болормаа болон хамт хагалгаа хийсэн Мөнхзул эмч нарт хэлэхэд Болормаа эмч Цогтбаатар хаана Цогтбаатарыг дуудаж хагалгааг хийлгэе гэсэн шийдвэр гаргаад хүлээлт үүссэн. Энэ үед зохих ёсоор цус шингэн, сэлбэх, цус тогтоох, умай агшаах, цусны эзэлхүүн нөхөх бусад дагалдах эмчилгээг стандарт горимын дагуу хийсэн. Эхийн бүх амин узүүлэлтүүд тогтвортой хэвийн байсан. Иймд надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд 2 дахь хагалгааг хийх чадвартай байсан ба хагалгааг дахин хийхэд бэлэн байхад Болормаа эмч Цогтбаатараар оруулна гэж хэлээд намайг эмэн эмчилгээгээ хийж бай гэж хэлсэн. Үүнээс үүдэн хүлээлт үүсч 2 дахь хагалгааг ороход цаг хугацаа алдсан асуудал байгаа. Миний хувьд хагалгаа хийхэд бэлэн сэтгэл санааны болон ур чадварын хувьд бэлэн байсан....гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 68-69 дүгээр мэдүүлэг/

13.Д.Болормаагийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн....Миний зүгээс цаг хугацаа алдуулсан зүйл огт болоогүй П.Энхбаяр эмчийн зүгээс Б.Болорцэцэгт кейсвэр хагалгааг хийсэн ба хагалгааг хийж дууссанаас хойш хагалгааны орон дээр ээж 1 летр 500 грамм цус алдсан байсан. Хагалгааны өрөөнөөс гаргаж төрөх тасаг руу шилжүүлсэн байсан. Ингэж ээжийг төрөх тасаг руу шилжүүлснээс хойш буюу 11 цаг 45 минутанд надад Ганзориг кейсвэр хагалгаагаар төрсөн эх цус алдаад цус захиалсан чинь удаад байна гэж хэлэхээр нь цусны бага эмчрүүгээ утасдаж ямар учраас удаад байгаа талаар асуухад цусны тохироог нь үзээд дуусаад өгчихлөө гэж хэлсэн. Ингээд би юу болов гэж бодоод оөрийн биеээр хагалгаа хийлгэсэн ээж дээр очиход Энхбаяр, Мөнхзул, Ганзориг эмч нар байсан ба Б.Болорцэцэг гэх хүн төрөхийн тасаг руу шилжсэнээсээ хойш дахин 1 летр 500 грамм цус алдсан нийтдээ 3 летр цус алдсан байдалтай байсан. Хагалгааг 09 цаг 05 минутаас 09 цаг 50 минутын хугацаанд орсон байсан ба 11 цаг 45 минутанд Ганзориг эмч цус ирэхгүй байна гэж надад мэдэгдэж би хагалгаанд ээжийн бие муу байгааг мэдсэн юм. Тэрнээс П.Энхбаяр надад албан ёсоор мэдэгдэж намайг дуудсан зүйл огт болоогүй. Ингээд би яагаад кейсвэрээр төрсөн ээж цус алдаад байгаа талаар эмчлэгч буюу хагалгаа гардан хийсэн эмч Энхбаяраас асуухад ээжийн умай сулраад цус алдаад байна гэж хэлэхээр нь дахин хагалгаанд яаралтай ороочээ гэж хэлэхэд Энхбаяр эмч ямар нэгэн зүйл дуугараагүй ба Ганзориг эмч умайг нь тайрах экстперпази хагалгаа хийх шаардлагатай гэж хэлэхэд Мөнхзул эмч толгой сэгсэрсэн. Ямар учиртай толгойгоо сэгсэрснийг нь мэдэхгүй байна. Ингээд Мөнзул эмч надад хандаж Цогтбаатар эмч Жавхлант суманд үзлэгээр явж байгаа шүү дээ гэж хэлэхээр нь би арай туршлагатай олон хүнд хагалгаанд орж байсан гэдгээр нь Цоггбаатар эмчрүү утасдаж дуудсан юм. Ингээд Цогтбаатар эмч ирээд хагалгаанд орсон. Миний зүгээс туршлагатай хүн гэдгээр нь л дуудаж ирүүлсэн юм. Тухайн үед 2 дахь хагалгааг Энхбаяр эмч хийж болох байсан. Гэтэл дахин хагалгааг хийлгүй хойшлуулсан хугацаа алдуулсан байсан. 09 цаг 50 минутаас 1 цаг 45 минут хүртэл буюу би мэдэх хүртэлх 1 цаг 45 минутын хугацаанд ээжийг төрөхийн өрөөнд байлгаж 3 летр цус алдуулсан байсан. Надад мэдэгдэхээсээ өмнө л дахин хагалгаагаа хийх ёстой байсан. Гэтэл 1 цаг 45 минут төрөхийн ерөөнд байлгасан байсан. Ингээд би мэдээд Цогтбаатар эмчийг дуудуулаад 40 минутын дараагаар ирээд өвчтөнийг үзээд хагалгааны өрөө рүү 13 цагт шилжүүлээд 13 цаг 30 минутанд бэлтгэл ажил хийгдэж дуусаад 2 дахь хагалгааг эхэлсэн. Ийм л зүйл болсон миний хувьд хугацаа алдуулаад байлгаад байсан зүйл огт болоогүй. Хугацаа алдуулах асуудлыг П.Энхбаяр эмч гаргасан. Ямар учиртай намайг хугацаа алдуулсан гэж яриад байгааг гайхаж байна....гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч П.Энхбаяр, Д.Болормаа нарын гэмт хэрэг холбогдсон

                        гэм буруу, хохирол төлбөрийн талаар Шүүхээс өгөх дүгнэлт:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Заншир овогтой Пүрвээгийн Энхбаярыг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 09 цагаас 09 цаг 50 минтуын хугацаанд төрөх эх Б.Болорцэцэгт хийсэн кесаров хагалгаагаар эхийн биеийн байдлыг дутуу үнэлсэн, умайн эрт үеийн цус алдалтын үед авах арга хэмжээг дутуу авсан, хоёр дахь хагалгаанд хугацаа алдаж орсон зэрэг өвчтөнд үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасан “Өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэгт,

Боржигон овогтой Дэмбэрэлийн Болормааг Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутанд өвчтөн Б.Болорцэцэгт хийгдсэн 2 дахь хагалгааг хугацаа алдуулан эхлүүлэх шийдвэр гарган эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй бэлэн байдлыг ханган ажиллах, эмчилгээ үйлчилгээтэй холбогдсон өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулж мэргэжлийн удирдлагаар хангаж чадаагүй зэрэг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулсныг хянаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр харъяалах шүүхэд шилжүүлснийг  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан журмын дагуу хянан хэлэлцээд дараах дүгнэлтийг хийв.

   Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:

1.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн иргэн Баасанжавын Болорцэцэг нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн үүрээр 5 цаг 40 минутын орчимд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт төрөхөөр ирсэн байна. Тухайн үед эхийн биед үзлэг хийхэд: Амин үзүүлэлтүүд хэвийн байсан. Дотуур үзлэгээр умайн хүзүү 8 см нээгдсэн, зөөлөрсөн, нимгэрсэн усны хальстай байсан. Эх барихын өгүүлэмж дээр 1 удаа хэвийн төрсөн, 1 удаа бүтэлттэй төрсөн гэж байсан ба ураг хамгаалах болон үрэвслийн эсрэг эмчилгээ авч, төрөх замаар буюу өөрөөрөө төрүүлэх шийдвэр гаргасан. Энэ үзлэг эмчилгээ, шийдвэрийг Энхбаяр эмч хийсэн байна.

 2.Өглөө нь буюу 2016 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 7 цаг 30 минутад дахин Энхбаяр эмч үзэхэд умайн хүзүү бүрэн нээгдсэн, ургийн төрүүлсэн хэсэг буюу толгой аарцагны 0 хавтгайд суман заадас, аарцагны баруун ташуу хэмжээнд эхийн дүлэлт, умайн базлалтаар давших хөдөлгөөн хийхгүй байсан учир хийсвэр мас заслаар төрүүлэх шийдвэр гаргасан.

3.Хийсвэр төрүүлэх хагалгааг 9 цаг 5 минутад эхэлж, 9 цаг 50 минутад дууссан. Хагалгаа 45 минут үргэлжилсэн байна. Хагалгааны дараа 3 кг, 760 грамм жинтэй, 56 см урттай, 2-7 баалтай охин төрсөн. Хагалгааны явцад эхээс нийт 500 миллитр цус алдсан, цус тогтоолтыг шалгаж хэвлийн хөндийг хаасан байна.

4.Хагалгааны дараа эхийн биед хийсэн умайн массажаар 1000 миллитр цус алдсан тул дахин цус тогтоох, цусны бүлэгнэл сайжруулах, умайн агшилт сайжруулах, эргэлдэх цусны эзэлхүүнийг нөхөх зэрэг эмчилгээ хийж хяналт тавьсны дараа дахиж цус алдалт явагдаагүй тул 10 цаг 20 минутанд мэс заслын тасгаас төрөх тасаг руу шилжүүлсэн байна.

5.Өдөр 11 цагийн үед хийсэн үзлэгээр умайнаас дахин 300 миллитр цус алдсан. Зохих эмчилгээг хийж байх хугацаанд умай суларч цус алдалт үргэлжилсэн тул эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Болормаад мэдэгдэж, эмч нарын хамтарсан үзлэг хийж, дахин буюу 2 дахь хагалгаа хийх шийдвэрийг гаргасан байна. Энэ үед буюу 11 цаг 45 минутын үед эхийн умайнаас нийт 1800 миллитр цус алдсан байсан.

6.Д.Болормаа дарга Цогтбаатар эмчийг дуудаж 2 дахь хагалгааг удирдаж явуулах шийдвэр гаргасан ба энэ үед Цогтбаатар эмч Жавхлант суманд явж байсан ба иртэл нь хүлээсэн байна.

7. 2 дахь хагалгаа Цогтбаатар эмчийг ирснээр буюу 13 цаг 30 минутад орж, хагалгааны явц дунд, эхийн зүрх 2 минут орчим зогссон ба эрчимт эмчилгээний эмч сэхээн амьдруулалт хийж 2 минутын дараа эхийн амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа хэвийн болсон тул эрчимт эмчилгээний эмч хагалгааг үргэлжлүүлж болно гэсэн шийдвэрийн дагуу хагалгааг эхлүүлж, эхийн умайг зүүн дайврын хамт тайрч авснаар 14 цаг 30 минутад хагалгаа дууссан байна.  

8.Хагалгаа орохын өмнө буюу 13 цаг 30 минутын үед эхийн умайнаас 3000 миллитр цус алдсан байсан. Хагалгааны дараа өвчтөний амин үзүүлэлтүүд тогтвортой болж ирсэн ба удалгүй биеийн байдал нь гэнэт муудсан тул Улаанбаатар хотоос эрчимт эмчилгээний их эмч дуудуулж, их эмч Энхжаргал гэдэг эмч ирж өвчтөний биед үзлэг оношлогоо хийж, хяналт тавьж ажилласан ба 4000 миллитр цс алдаж, өвчтөн маргааш өглөө нь буюу 2016 оны 12 дугаар сарын 26-ны өглөө нас барсан байна.  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дүгээр сарын 31-ны өдрийн 670 дугаартай дүгнэлтэд:

Талийгаачид эмчлэгч эмч нар Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 42 тоот тушаалын дагуу кесаров хагалгаа хийсэн нь зөв байна.

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эмч нар нь эрүүл мэндийн сайдын 42 тоот тушаалын жирэмслэлт, төрлөгийн хүндрэлийг удирдах арга зүйн удирдамжийн S1/дайрлага шокийн арга хэмжээ/, S28 /Умайн булчин агшилтгүй болох үеийн арга хэмжээ/ заалтуудыг зөрчсөн ба талийгаачийн биеийн байдлыг дутуу үнэлж, бүрэн оношлоогүй, хугацаа алдаж давтан мэс засалд орсон, эмчилгээ дутуу хийгдсэн байна.

Талийгаачид төрөлтийг зөв удирдаж эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй зөв үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой.

Талийгаач нь төрсний дараах умайн булчингийн сулрал, эрт үеийн /4000 мл/ цус алдалт, цус алдалтын дараах хурц цус багадалт, шокийн улмаас нас баржээ.

Талийгаачид жирэмсний хяналт хангалтгүй байжээ....гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 62-65 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 106 дугаартай дүгнэлт:

1.Талийгаач Б.Болорцэцэг нь өмнө нь хачигт энцифалит өвчнөөр өвчилсөн нугасны урд эврийг гэмтээсэн нь умайн булчингийн агшилтын сулралд нөлөөлөхгүй.

2.ДВС буюу судсанд цус түгмэл бүлэгнэх хам шинж нь их хэмжээний цус алдалт, халдвар хордлого зэрэг олон шалтгааны улмаас цус бүлэгнэлтгүй болж гоожимхой болдог хүндрэл бөгөөд энэ хам шинж үүссэн үед судасны ханын арын гялтан доогуур бөөрний дээд булчирхай хүртэл цус хурсан нь нэвчих хэлбэрээр цус алдсаны илрэл байна.

3.Өмнөх Шүүхийн шинжилгэний үндэсний хүрээлэнгийн 670, 958  дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй зөв байна.

4.Удирдлагын баг нь их барихын шалтгаант хүнд хэлбэрийн цус алдалтын үед багаар ажиллах дүрэм журмыг дагах, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд эмчилгээ эрхэлсэн орчлогч дарга Д.Болормаа нь эмчлэгч эмчийн өмнөөс шийдвэр гарган, эмчлэгч эмч мэс засал хийх боломжтой байхад өөр эмч томилж мэс заслыг хийлгэсэн нь буруу, үүнээс болж дахин мэс засалд орох хугацаа алдсан байна....  гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 132-136 хуудас/.

           Хавтаст хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудад үндэслэн дүгнэхэд:

 

Эмч П.Энхбаяр нь 2 дахь хагалгааг эмчлэгч эмчийн хувьд хугацаа алдахгүйгээр шийдвэр гарган хийгээгүйээс өвчтөн маш их хэмжээний цус алдсан, ийм нөхцөл байдал үүсээд байгааг харсаар байж яаралтай хагалгаанд оруулах шийдвэр гаргаагүй нь эмчлэгч эмч П.Энхбаярын буруу байна. Өөрөөр хэлбэл өвчтөн тухайн үед хүнд хэлбэрийн цус алдалтанд орсон 3000 миллитр цус алдчихсан байсан байна.

Энэ үед удирдлагын баг багаар ажиллах дүрэм журмыг даган мөрдөж, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, өвчтөний амь насыг аврахын тулд бүхий л арга хэрэгсэл, нөөц бололцоог хэрэгжүүлж ажиллах үндсэн чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан,

Шүүгдэгч Д.Болормаа нь эмчлэгч эмчийн өмнөөс шийдвэр гарган, эмчлэгч эмч мэс засал хийх боломжтой байхад өөр эмч томилж, дахин мэс засалд орох хугацаа алдуулснаас өвчтөн нас барсан буруутай байна гэж Шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл 2 дахь мэс заслыг цаг алдалгүй хийсэн бол өвчтний амь насыг аврах боломж байсан гэж Шүүх дүгнэж байна. Шүүгдэгч Д.Болормаа, П.Энхбаяр нарын зүгээс өвчтөнд тусламж үзүүлэх явцад гадны нөлөөлөл буюу ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаан үүсээгүй байна. Эдгээр нөхцөл байдлууд нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдов. Эдгээр нөхцөл байдлууд нь хуульд нийцсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсгүүдэд заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.

Иймээс шүүгдэгч нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн 4 дүгээр багийн иргэн Боржигон овогтой Пүрэвжавын Жаргалсайхан энэ хэргийн улмаас нас барсан талийгаач Б.Болорцэцэгийн  оршуулгын зайлшгүй зардалд 6.235.431 төгрөг нэхэмжилснийг хангаж, Иргэний хариуцагчаар тогтоогдсон Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс гаргуулж олгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь: Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийг “...үйлчилгээний хэвийн үйл ажиллагаа, ажлын байрны зохион байгуулалт чанартай биш байдгаас ажиллагсадын хөдөлмөрлөх болон ард иргэдийн хуулиар хамгаалсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх болсон...” үндэслэлээр иргэний хариуцагчаар татсан ба байгууллагын төлөөлөгч, нэгдсэн эмнэлгийн дарга ажилтай Ц.Эрдэнэчимэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгааг харгалзан уг зардлыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хариуцуулах нь зүйтэй гэж үзэв.  

 

                          2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Болормаа, П.Энхбаяр нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүхээр тогтоогдсон тул 2002 оны Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн, мөн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Учир нь: 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх”-ээр заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилснийг шүүх үндэслэлтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт оногдуулахаар заасан ялын хэмжээнээс өндөр байгаа тул хуучин хуулийг буцаан хэрэглэв.

 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт  “...тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж  заасан ялаас шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хир хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч,  жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтов.  

Шүүгдэгч Д.Болормаа, П.Энхбаяр нар нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  34, 35 дугаар бүлэг 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага    болгон ТОГТООХ нь:

 

1.Заншир овогтой Пүрвээгийн Энхбаяр, Боржигон овогтой Дэмбэрэлийн Болормаа нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Заншир овогтой Пүрвээгийн Энхбаяр, Боржигон овогтой Дэмбэрэлийн Болормаа нарын тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, тус тус 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Энхбаяр, Д.Болормаа нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

4.Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

5.2017 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 6.235.431 төгрөгийг Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс гаргуулж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар 4 дүгээр хэсгийн 143 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, Боржигон овогтой Пүрэвжавын Жаргалсайханд олгохоор тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Энхбаяр, Д.Болормаа нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосугай.

7.Ялтан Д.Болормаа, П.Энхбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

8.2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хэргийн оролцогч эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                  

                       ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                Б.НАЦАГДОРЖ