Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2026/ДШМ/546

 

2026         05           01                                                                           2026/ДШМ/546

 

 

Л.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч Л.Б-ы өмгөөлөгч Я.Энхжаргал,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/636 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Л.Б-д холбогдох 2503010751239 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн Л-ын Б-, 1977 оны 09 дүгээр :арын 07-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн 5ус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Л-” төвд ачигч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт, ...........оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УЛ-/;

Шүүгдэгч Л.Б- нь Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг Нисэхийн дэнжийн буудал замд 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Toyota prius” маркийн Л- ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10.13. Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно: В/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр; гэсэн заалтуудыг зөрчиж зорчих хэсэг дээр буцаж эргэх үйлдэл хийхдээ Wuyi Zuma k5-CB маркийн Л- УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж улмаар Ш.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Л.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 (дөрвөн) жилийн хугацаагаар хасаж, 01 (нэг) жил 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Б-д мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт шүүгдэгч Л.Б-ы цагдан хоригдсон 07 (долоо) хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг.хоногоор тооцож эдлэх ялаас нь хасч тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 (дөрвөн) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Б-аас 20,197,637 (хорин сая нэг зуун ерэн долоон мянга зургаан зуун гучин долоон) төгрөг гаргуулж хохирогч Ш.О-ад олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б-ы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.О- нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Энхжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Л.Б- болон өмгөөлөгч миний зүгээс хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй болсон гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч Л.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээрээ маргаагүй, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.О-аас мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалтай холбоотой баримтаар 2.453.941 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 2.245.000 төгрөг нэхэмжилсэн байсныг бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс Л.Б-ыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн ба Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарласан болно. Миний үйлчлүүлэгч Л.Б- нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүхээс ажлын газрын хаягийг асуухад Сонгинохайрхан дүүрэг гэж андуурч хэлээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхээ хязгаарлуулсан болно. Л.Б- нь “О-” ХХК-д агуулахын бараа бэлтгэгч албан тушаалд 2023 оноос эхлэн ажиллаж байгаа ба уг компанийн агуулах нь Баянгол цүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг ба агуулахаас бэлтгэсэн бараа бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын хэмжээнд түгээдэг ажилтай болно. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Л.Б-аас 20.197.637 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.О-ад олгуулахаар шийдвэрлэсэн ба одоогийн байдлаар 5.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн байгаа болно. Цаашид хохирогчийн хохирлыг төлж барагдуулахын тулд зайлшгүй ажил хөдөлмөр эрхэлж тодорхой хэмжээний орлого олох шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зорчих эрх хязгаарлах ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоож өгнө үү.” гэв.

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн хувьд гэрийн хаяг нь Хан-Уул дүүрэгт бүртгэлтэй. Мөн сүүлд “О-” ХХК-иас ирүүлсэн тодорхойлолтоор шүүгдэгчийн ажлын байр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрладаг болох нь тогтоогдсон.Иймд зорчих эрхийн хязгаарлалтыг Хан-Уул болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтооход татгалзах зүйлгүй гэж үзэж байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсанчлан Улаанбаатар хотын хэмжээнд бүхэлд нь зорчих эрхийг хязгаарлах боломжгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. 

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

Шүүгдэгч Л.Б- нь Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг Нисэхийн дэнжийн буудал замд 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Toyota prius” маркийн Л- ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Мөн дүрмийн 10.13-т заасан заалтуудыг зөрчиж зорчих хэсэг дээр буцаж эргэх үйлдэл хийхдээ Wuyi Zuma k5-CB маркийн Л- УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж улмаар Ш.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-10/,

хохирогч Ш.О-ын: “...Би тухайн өдрийн өглөө 07 цагийн үед өөрийн эзэмшлийн “Wuyi Zuma” маркийн Л- УРА дугаартай мотоциклийн жолоодоод Нисэхийн замаар ажил руугаа явж байсан. Тэгэхэд автобусны буудал дээр зогсож байсан машин гэнэт урдуур хөндлөн дараад ороод ирсэн. Би тоормос гишгэхтэй зэрэгцээд мөргөлдөж осол гарсан, ослын дараа юу болсныг санахгүй байна. Би 40 орчим км цагийн хурдтай явсан. Би хамгаалах малгай, бээлий, өвдгөвч, гутал гээд хамгаалах хэрэгсэлтэй байсан. Би 2008 онд жолооч болсон. Одоо А, В, С, Е, М ангилалтай жолоодох хүчинтэй байгаа. Би одоо хэвтрийн дэглэмтэй эмчилгээ хийлгээд байж байна. Би гомдолтой байна, ослын дараагаас одоог хүртэл хэвтрийн дэглэмтэй ажил хийх боломжгүй цаашид хэр хугацаанд ийм байхыг мэдэхгүй байна. Өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарсан зардал, цаашид гарах зардал, сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан үеийн цалингаа нэхэмжилнэ мөн эхнэр маань намайг асарч ажлаа хийхгүй байна. Энэ ажилгүй байсан төлбөрийг ч нэхэмжилмээр байна.” /хх 16/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ЕГ0725/11383 дугаар “1. Ш.О-ын биед дагз ясны шугаман хугарал, эрүү ясны ооч, баруун хажуу сэртэнгийн зөрүүтэй далд хугарал, баруун сүүжний дэлбээний ар доод хэсгийн сэлтэрсэн хугарал, уруул, тагнай, эрүүний ооч, баруун хажуу, баруун сарвууны 1, 2 дугаар хуруунд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралт, шодой баруун цавь, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх 101-104/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЕГ0825/3541 дугаар “1.Ш.О-ын сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна.” /хх 139-141/ гэсэн дүгнэлтүүд,

2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Мөрдөгчийн “1. Toyota prius маркийн Л- ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3.3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 10.13. Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно: чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр; гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна. 2. “Wuyi Zuma” маркийн Л- УРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.О- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.” /хх 150/ магадалгаа,

2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн” шинжээчийн дүгнэлт /хх 129-132/

“Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх 119-121/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогджээ. 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Б-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ш.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Л.Б-ы Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”. Мөн дүрмийн “10.13. Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно: В/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр”; гэсэн заалтуудыг зөрчиж зорчих хэсэг дээр буцаж эргэх үйлдэл хийхдээ Wuyi Zuma k5-CB маркийн Л- УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж улмаар Ш.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол  учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг түүний хувийн байдал болон оршин суугаа нутаг дэвсгэр болох Улаанбаатар хотын Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Энхжаргал “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зорчих эрх хязгаарлах ялыг Сонгинохайрхан гэснийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр эсхүл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасны агуулга бүхий давж заалдах гомдол гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Л.Б-ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдалдаа хандаж буй хандлага, хувийн байдал, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр гэснийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр гэж шийтгэх тогтоолд өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Харин бүсчлэлийг “Улаанбаатар хотын хэмжээгээр тогтоож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тодруулбал, зорчих эрх хязгаарлах ял нь нийгмээс хүнийг бүрэн тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх зэрэг боломжийг олгож, гэмт хэргийн хохирогч, бусад хүний эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэргийлэх зорилгыг агуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлаас хамааруулан ялтныг шүүхээс тогтоосон хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих” эрхийг тодорхой хугацаанд хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраас явах, өөрчлөх, тодорхой газарт очихыг хориглож, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэх зэрэг хэлбэрээр хэрэгжих учиртай.

Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа нутаг дэвсгэрийн хүрээ, хязгаарлалт тогтоох хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр ялтны гадагш зорчихгүй байх хязгаарлалтын бүсийг хэт өргөнөөр буюу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн том нэгж болох аймаг, нийслэл, эсхүл сум, дүүргийн нутаг дэвсгэрээр хялбарчилж тогтоох, эсхүл үндэслэл заахгүйгээр хязгаарлалын бүсийг хэт хумьж ялтны оршин суугаа баг, хорооны нутаг дэвсгэр, эсхүл оршин суух тодорхой хаяг буюу гэрээсээ гарч явахыг хориглох нь ял оногдуулах үндэслэл, журамд нийцэхгүй бөгөөд уг ялын хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлдэг.

Иймээс шүүхээс хүлээлгэсэн зорчих эрхийн хязгаарлалт нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүмүүжлийн үр нөлөөтэй байх шаардлагыг хангахаас гадна ялтан ял завших, эрх бүхий байгууллагаас уг ялын хэрэгжилтэд тасралтгүй техникийн болон биечилсэн хяналт тавих боломжийг хязгаарласан шинжтэй байж болохгүй тул анхан шатны шүүх шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн “Сонгинохайрхан  гэснийг Баянгол гэж өөрчилж өгнө үү.” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авч, “бүсчлэлийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү.” гэснийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Л.Б- нь хохирогч Ш.О-ын гэм хорын хохирол 6.000.000 төгрөгийг бүрэн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/636 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарласугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарласугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Л.Б- нь хохирогч Ш.О-ын гэм хорын хохиролд 6.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 


           ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР

                       ШҮҮГЧ                                                       Ц.МӨНХТУЛГА