Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01044

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01044

 

 

А.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00900 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.Б ХХК-ийн хариуцагч У.Б, Б.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 64,756,715.64 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Пүрэвдорж, хариуцагч Б.Болор-Эрдэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батгэрэл, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Б.Б, У.Б нар нь А.Б ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2105008632 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан жилийн 35.4 хувийн хүүтэй, 29 сарын хугацаатай 80,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах Ү-2205037312 тоот улсын бүртгэлийн дугаартай, 34.11 м.кв, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч нар эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн төлбөрөө барагдуулаагүй бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 29,967,235.59 төгрөг, үндсэн хүү 33,592,039.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,197,440.92 төгрөг, нийт 64,756,715.64 төгрөг болсон байна. Иймд хариуцагч нараас 64,756,715.64 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр буюу Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 34.11 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагч У.Бын татгалзал, тайлбарын агуулга: А.Б ХХК нь Б.Б, У.Б нараас зээлийн үүргийн гүйцэтгэлд 64,756,715.64 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Болор-Эрдэнийн хүсэлтийн дагуу түүний бизнесийг дэмжих зорилгоор 80,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Үүргийн гүйцэтгэлд У.Бын өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах, 34.11 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Өөрөөр хэлбэл тухайн зээлийн мөнгөнөөс У.Б нэг ч төгрөг аваагүй учраас зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний үүрэгт 2 орон сууц буюу У.Бынхоос өөр бас нэг орон сууцыг барьцаалсан. Б.Б нь тухайн зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл төлж явж байгаад 50,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Их тойруу 96/2 тоотод байрлах орон сууцны барьцааг У.Бод мэдэгдэлгүйгээр А.Б ХХК-тай уулзаад чөлөөлүүлчихсэн. Зээлийн болон барьцааны гэрээнд У.Быг хамтран зээлдэгчээр оролцуулж зээлдэгчийн нэгэн адил эрх эдлүүлж үүрэг хүлээлгэхээр заасан мөртлөө зээлийн болон барьцааны гэрээнд өөрчлөлт оруулсан, барьцаа хөрөнгийг чөлөөлсөн талаараа огт мэдэгдэл, мэдээлэл өгөөгүй шийдвэрлэсэн нь гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Зүй нь барьцааны хөрөнгөнд өөрчлөлт оруулахдаа гэрээний оролцогч талуудад тухай бүр мэдэгдэн, тэдгээрийн зөвшөөрлийн үндсэн дээр талуудын санал хүсэлтийг үндэслэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Зээлийн гэрээний 6.2-т зааснаар нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулаагүй, гэрээний бусад оролцогчдод мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй зэрэг нь үндсэн гэрээний заалтууд болон барьцааны гэрээний 5.3 дахь заалтыг тус тус ноцтой зөрчсөн тул 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсон гэж үзэж байгаа гэжээ.

 

3.    Хариуцагч Б.Болор-Эрдэнийн татгалзал, тайлбарын агуулга: Б.Б нь У.Б, Н.Эрдэнэбилэг нарын үл хөдлөх хөрөнгийг барьцаалж 80,000,000 төгрөгийн зээлийг авч хувийн бизнестээ хэрэглэсэн. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл төлж байгаад банктай харилцан тохиролцсоны дагуу үндсэн зээлийн төлбөрөөс 50,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлж үндсэн зээлээ 30,000,000 төгрөг болгон өөрчилсөн. Үндсэн зээлд нийт 70,000,000 төгрөг, зээлийн хүүнд нийт 23,470,799 төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 9,967,235.59 төгрөгийг зөвшөөрнө. У.Бын барьцаа хөрөнгийг чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

4. Хариуцагч У.Бын сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: А.Б ХХК зээлийн гэрээний 6.2, 6.3, 6.6, барьцааны гэрээний 1.7, 5.3 дахь заалтуудыг зөрчсөн байдал нь гэрээг дуусгавар болгох үндэслэл болж байна. Иймд зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцож өгнө үү гэжээ.

 

5.    Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 2105008632 тоот зээлийн гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үргэлжилж байна. Зээлийн болон барьцааны гэрээнд зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлөхдөө зээлдэгч нарт мэдээлэх үүрэг тусгагдаагүй байх тул хариуцагч У.Бод банк мэдэгдэх үүрэг хүлээхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б, У.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 64,756,715.64 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс буюу Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах, 34.11 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасныг баримтлан хариуцагч У.Бын шүүхэд гаргасан зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551,943 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 551,943 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

7. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.а. А.Б нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон Н.Эрдэнэбилэгийг хариуцагчаар татаагүй нь бусад зээлдэгчийн эрх ашгийг зөрчиж байх тул түүнийг хариуцагчаар татан оролцуулах талаар шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгчөөс тайлбар хэлсэн боловч шүүх шийдвэрлээгүй.

7.б. Мөн барьцааны зарим хөрөнгийг У.Бод мэдэгдэлгүй чөлөөлсөн талаархи баримтыг банк болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас гаргуулах тухай хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг шүүх хангаагүй.

7.в. А.Б нь Иргэний хууль, зээлийн болон барьцааны гэрээний зүйл заалтуудыг зөрчсөн болохыг хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүхэд тайлбарлан хэлсээр байхад шүүгч огт дүгнэлт хийхгүй хэт нэг талыг барьж шударга бус шийдвэр гаргасан.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хамтран зээлдэгч н.Эрдэнэбилэгийг хариуцагчаар татаагүй. Энэ хүн нь нас барсан учир хариуцагчаар татах боломжгүй байгаа. Үндсэн зээлдэгч Б.Б банкинд хүсэлт гаргаж банк шийдвэрлэсний дагуу 50,000,000 төгрөгийг төлснөөр банк н.Эрдэнэбилэгийн барьцаа хөрөнгийг чөлөөлсөн. Уг асуудлаар хариуцагч У.Б нь хариуцагч Б.Болор-эрдэнийг цагдаагийн байгууллагаар шалгуулсан боловч гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болсон. Хариуцагч нарын банктай байгуулсан гэрээнд барьцаа хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлөхдөө бусад барьцаа хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэж зөвшөөрөл авна гэсэн зохицуулалт гэрээнд байхгүй. Хариуцагч Б.Болор-Эрдэнийн хүсэлтээр гэрээнд өөрчлөлт оруулах бус зээлийн эргэн төлөлтийг хэрхэн төлөх талаар хувиар гаргаж өгнө үү. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой гэхдээ хариуцагчийн зүгээс санал хүсэлт гаргаж өгснөөр өөрчлөлт оруулах эсэхийг банк шийдвэрлэнэ. 50,000,000 төгрөг төлсөн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй. Анх 80,000,000 төгрөг зээлсэн учраас үлдэгдэл 30,000,000 төгрөгт хүү бодогдож байгаа. Монгол банкны актив ангилах журмын дагуу зээлдэгчийн ангилал чанаргүй ангилалд шилжсэн тохилдолд дансны хуулгын хүүг зогсоож түүнээс хойшхи хүү балансын гадуур хуримтлагддаг. Банкны хүү зогссон тохиолдолд зээлдэгчээс төлсөн төлбөрийг эхний ээлжинд үндсэн зээлээс оногдуулдаг. Банкны зээлийн ерөнхий журамд энэ тухай заасан байгаа. Гэрээг хүчин төгөлдөр бус талаар маргаан байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гарсан. Уг хугацаанаас хойш гомдол гаргах хугацаа нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй боловч энэ хугацаа өнгөрөөд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй гэж үзэж байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч А.Б ХХК нь хариуцагч У.Б, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 64,756,715.64 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч У.Б эс зөвшөөрч, зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан, хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагаас 9,967,235.59 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хариуцагч нарын гүйцэтгэх үүргийн хэмжээг буруу тодорхойлжээ.

4. Хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б, У.Б, Н.Эрдэнэбилэг нарт 80,000,000 төгрөгийг бизнесийн зээлийн зориулалтаар 29 сарын хугацаатай, жилийн 35.4 хувийн хүүтэй зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 3 тоотод байршилтай, 34.11 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 28 дугаар байрны урд байршилтай, 48 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газар, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу 96/2 тоотод байршилтай, 96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг тус тус барьцаалсан байна. /хх 7-12/

Талууд гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдалд маргаагүй, шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох харилцаа үүссэн гэж үзэж шаардах эрхийн талаархи хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

5. Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 29 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр дууссан нь тогтоогдсон. /хх 7-9/

6. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар болон хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулгаар тогтоогдсон байна. /хх 15-32/

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд зээлдэгч тал зээл, хүүг талуудын харилцан тогтоосон хэмжээгээр сар тутамд төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч нар нь нийт төлбөл зохих төлбөрөөс 92,627,500 төгрөг төлж, үлдэх хэсгийг биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлөгдсөн 92,627,500 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөл зохих зээл, хүүгийн дүнгээс хасч тооцоолон зээлийн үүрэгт үндсэн зээл 29,967,235.59 төгрөг, хүү 33,592,039.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,197,440.92 төгрөг, нийт 64,756,715.64 төгрөг нэхэмжилсэн байна.

7. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.

Хариуцагч нь нийт төлбөл зохих төлбөр 102,594,736 төгрөгөөс гэрээний хугацаанд 72,627,500 төгрөг төлж үлдэх хэсгийг биелүүлээгүй байна. Иймд гэрээний хугацаа дуусах үед хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 29,967,235.59 төгрөг байжээ. Гэрээний хугацаа дууссан 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс хойш төлсөн 20,000,000 төгрөгийг гүйцэтгэвэл зохих үүрэг 29,967,235.59 төгрөгөөс хасахад 9,967,236 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр жилийн 35.4 хувийн хүүтэй, хугацаандаа буюу сар бүр төлөлт хийх үүргээ зээлдэгч зөрчвөл үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү авахаар тохиролцсон байх тул 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны хүү 13,358,938 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,671,788 төгрөг, нийт 25,997,962 төгрөг төлөхөөр байна.

Иймд хариуцагч У.Б, Б.Б нараас 25,997,962 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38,758,754 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Мөн шүүх хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг баримтлаагүй алдааг залруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00900 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 452.1 гэсний ард 453 дугаар зүйлийн 453.1 гэж нэмж, 64,756,715.64 гэснийг 25,997,962 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс 38,758,754 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж, 4 дэх заалтын 57.1 гэсний ард 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 гэж нэмж, 551,943 гэснийг 287,940 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 551,943 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

  

Д.БЯМБАСҮРЭН