Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 172

 

                                      Монгол Улсын нэрийн өмнөөс

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:  

 

      Прокурор                                                  А.Энхтуяа

       Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Д.Даваасүрэн

      Нарийн бичгийн дарга                        Б.Намуунзул нар  оролцов.

   Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй харъяалах шүүхэд шилжүүлсэн Боржигон овогт Чадраабал Батнасанд холбогдох 1831002080157 дугаартай хэргийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                                   Биеийн байцаалт:

  Шүүгдэгч: 1979 оны 10 дугаар сарын 05-нд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, боловсролгүй, мэргэжилгүй, бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг 124 тоотод оршин суудаг, “Нөр их” ломбарданд жижүүр ажилтай, ял шийтгэлгүй, Боржигон овогт Чадраабалын Батнасан /РД:МН-79100595/

 

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Ч.Батнасан нь согтуугаар 2018 оны 06 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хас банкны урд хэсэгт иргэн З.Батбаатартай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахь нотлох баримтаар тогтоодож байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Ч.Батнасан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Би “Хас” банкны ойролцоо пиво уугаад сууж байтал Батбаатар ирээд надаас “юу хийж байгаа юм бэ” гэхээр нь би “ийм ахтайгаа мэдэхгүй” гээд цааш явсан. Би банк орчихоод гарч ирсэн чинь Батбаатар бид 2 дахин “Хас” банкны гадаа таарсан. Тэгээд намайг дуудахаар нь очсон чинь намайг заамдаж аваад хашаанд шахсан. Манай эхнэр салгах гэж оролдоход эхнэр рүү минь дайрахаар нь би толгой руу нь 2-3 удаа цохисон. Би өшиглөөгүй. Гэхдээ бид 2 сүүлд учраа олсон гэв.

 

2.Хохирогч З.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Батка над руу агсархаар нь би заамдаад автал намайг зөрүүлж заамдаад бид хоёр барилцаж авсан.  Намайг арагш түлхээд  би арагш саваад унасан шууд нүүрлүү өшиглөөд толгой дээрээс дэвсээд нуруу цээж хэвлий хөл гар руу  битүү дэвсэж өшиглөсөн. Би одоо болно гэхэд эхнэр нь арай гэж салгасан....гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/

 

3.Гэрч Д.Амаржаргалын өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “Хас” банкны урд нөгөө залуу гэнэт гарч ирээд манай нөхрийг мөрөлсөн, барилцаж авсан. Манай нөхөр уурлаад нөгөө залуутай барилцаж аваад унасан. Хоорондоо зодолдоод эхэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

4.Гэрч Ч.Батнасангийн....Батбаатарыг боль гэсэн чинь манай гэр бүлийн хүн хүү баруун гараа далайхаар нь би зүүн гарыг нь тавиулаад гараараа шанаа хэсэг рүү нь  2-3 удаа цохисон...тэгээд Батбаатар унаж босч ирээд зодсонд баярлалаа гээд хэлээд яваад өгсөн....гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12 дүгээр хуудас/

5.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дүгээр сарын 04-ны өдрийн  Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №277 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1.З.Батбаатарын биед баруун нүдний гадна хэсэгт шарх, баруун нүдний дээд зовхи,баруун хацарт цус хуралт, баруун шанаа, баруун чихэнд зулгаралт, толгойн орой баруун нүдний дээд доод зовхи баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл  тогтоогдлоо.

       2.Дээрх гэмтэл нь хатуу  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

6.Шүүгдэгч Ч.Батнасаны яллагдагчаар  мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2018 оны 06 дүгээр сарын 29-ний өдөр 14 цагийн үед боргио нэртэй 2 литрийн пивийг уугаад сууж байхад З.Баибаатар нь ирээд “Ахын дүү юу хийж байгаан” гэж хэлэхээр нь би  “Чам шиг ахтай байснаа мэдэхгүй юм байна” гэж хэлээд би эхнэртэйгээ биллихрд орохоор явсан. Тэгээд эхнэртэйгээ хамт 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед Сэлэнгэ  аймгийн Хас банкнаас гарч ирэхэд З.Батбаатар нь намайг дуудахаар эь би яаасан юу болсон гээд очиход намайг боогоод ар нуруугаар хашаан дээр дарсан.  Тэгтэл миний эхнэр Амаржаргал боль гээд хэлсэн чинь З.Батбаатар нь миний эхнэр Амаржаргал руу гар далайсан. Тэгэхээр нь би намайг боосон гарыг  нь тавиулаад З.Батбаатарын нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохиход З.Батбаатар нь газар унасан. З.Батбаатар босч ирээд надад хандан “Сайхан зодсонд баярлалаа гээд Хасбанкны хажуугаар гараад яваад өгсөн”...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар  хуудас/ зэрэг болно.

 

                Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын

                                                   талаар шүүхээс өгөх дүгнэлт:

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2018 оны 06 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хас банкны урд хэсэгт иргэн З.Батбаатартай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

  Шүүгдэгч Ч.Батнасан нь 2018 оны 06 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хас” банкны урд хэсэгт иргэн З.Батбаатартай маргалдаж улмаар түүнийг зодож баруун нүдний гадна хэсэгт шарх, баруун нүдний дээд зовхи,баруун хацарт цус хуралт, баруун шанаа, баруун чихэнд зулгаралт, толгойн орой баруун нүдний дээд доод зовхи баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл  учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна.   

   Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д заасан хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанарыг харгалзан Ч.Батнасанг Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас Прокурорын саналыг үндэслэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.    

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогтой Чадраабалын Батнасанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чадраабалын Батнасанг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор төлж барагдуулахаар тогтоосугай.

  4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.

  5.Ялтан Ч.Батнасан нь гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

 6.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

 7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                    Б.НАЦАГДОРЖ