| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 185/2019/0679/Э |
| Дугаар | 455 |
| Огноо | 2020-07-24 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 455
Ц.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг, хохирогч “Тайгын булаг авто” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү, хохирогч “Ди Эй Эм Өү Эй капитал” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч К.У, түүний өмгөөлөгч С.Энхбат, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 615 дугаар магадлалтай, Ц.Б-т холбогдох 1809041360020 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Б-ыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Б-с 57,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Ди Эй Эм Өү Эй capital” ББСБ-д олгож, “Ди Эй Эм Өү Эй capital” ББСБ-ын нэхэмжлэлээс үлдэх 83,674,100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Хохирогч “Тайгын булаг авто” ХХК-ийн нэхэмжилсэн 90,358,835 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч “Тайгын булаг авто” ХХК нь шүүгдэгч Ц.Б-н үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Шүүгдэгч Ц.Б нь хохирогч “Тайгын булаг авто” ХХК-д хохирол төлбөрт тооцон 41,439,030 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ц.Б-н өмчлөлийн 73-77 УНБ улсын дугаартай Тоёото Ланд Круйзер-200 маркийн авто машиныг хураан авч түүний учруулсан хохирлыг төлүүлэхээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн" гэх үндэслэлээр доорх гомдлыг гаргаж байна. Ц.Б-н үйлдлүүдийг “үргэлжилсэн үйлдэлтэй залилах” гэмт хэрэг гэж үзэх боломжгүй юм. Учир нь “Ди Эй Эм Өү Эй капитал” ББСБ-д хандаж, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан аргуудыг хэрэглэн, хуурч, залилсны улмаас тэднийг эд хөрөнгийн эрхээ сайн дураар шилжүүлэн өгөхөд хүргэсэн зүйл огт байхгүй. Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хууртсаны улмаас хохирогч сайн дураар өөрийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ шилжүүлэхэд хохирогчийг хүргэсэн байдаг. Хохирогчийг өөрөө мэдээгүй байхад нь нууцаар залилна гэсэн ойлголт байхгүй. Тэгээд ч хохирогч "Ди Эй Эм Өү Эй капитал” ББСБ-н зүгээс “...сүүлд 10 сард мэдсэн.... Манайх залилуулаагүй... Иргэний эрх зүйн харилцаа байсан..." гэдэг талаараа гомдол, мэдүүлгээ аль ч үед тогтвортой гаргасан байдаг. Үүн дээр л залилах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэргээс ялган ойлгох учиртай бөгөөд эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэх зарчмыг баримтлах учиртай. Түүнчлэн тухайн үед 73-77 УНБ улсын дугаартай автомашины хууль ёсны өмчлөгч нь Ц.Б өөрөө байсан бөгөөд “Ди Эй Эм Өү Эй капитал” ББСБ-н хувьд зөвхөн барьцаалагч төдий бөгөөд гагцхүү зээлийн гэрээний хугацаа дууссаны дараагаар, Иргэний хуульд заасан Фидуцийн гэрээний зохицуулалтын дагуу жинхэнэ эзэмшигч нь болох учиртай байсан. Ингэхээр “Ди Эй Эм Өү Эй капитал” ББСБ-н хувьд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч биш бөгөөд харин Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болж, эрх нь зөрчигдсөн хуулийн этгээд юм. Тэдний зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд 73-77 УНБ улсын дугаартай автомашины эзэмшлийн гэрчилгээг тэдэнд буцаан олгохыг Автотээврийн үндэсний төвд даалгах замаар шийдвэрлэх боломжтой. “Ди Эй Эм Өү Эй капитал" ББСБ-тай холбоотой энэхүү хэргийг “Залилах" гэмт хэрэг гэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим алдагдахад хүрэх бөгөөд цаашилбал хохирогч байгууллагын Иргэний хуульд зааснаар хүү, алданги, гэм хорын хохирлоо нэхэмжлэх, Фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэрэг эрхэд нь халтай юм. Тодруулбал, Эрүүгийн журмаар бол бодит хохирол яригдана. Харин иргэний эрх зүйн харилцаагаар үндсэн зээлээс гадна бусад хүү, нэмэгдүүлсэн хүү, гэм хор зэрэг бүхий л асуудлаа чөлөөтэй нэхэмжилж, шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой.
Харин “Тайгын булаг авто” ХХК-д 41,439,030 төгрөгийн хохирол учруулсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулж байгаа гэдэгтэй маргахгүй. Хэдийгээр “Тайгын булаг авто” ХХК дээр тухайн үед Ц.Б нь албан ёсны, эрх бүхий байгууллагаас гарган өгсөн тээврийн хэрэгслийн гэрчилгээг авч очин, зээлийн гэрээ байгуулсан нь үнэн боловч бидний зүгээс үүн дээр хэзээ ч маргаж байгаагүй. Шалтгаан нь тухайн автомашиныг асуудалгүй хэмээн бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан 41 сая төгрөгийг шилжүүлэн авсан нь хууль бус хэмээн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Гагцхүү нэмж хэлэх зүйл бол шийтгэх тогтоолоор “Тайгын булаг авто” ХХК-д хүү, алдангаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь буруу юм. Учир нь залилах гэмт хэргийн хувьд хүү, алданги нэхэмжлэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг зөв тайлбарлаж ойлгох учиртай. “Тайгын булаг авто” ХХК-тай холбоотой зээлийн гэрээ нь хууль ёсны иргэний харилцаа биш бөгөөд Иргэний хуулийн 56, 59 дүгээр зүйлүүдэд заасан хуурч мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Товчхондоо бол залилах гэмт хэргийн хувьд бодит хохирлыг гаргуулах бөгөөд 41,439,30 төгрөгийн хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварт хүү, алданги, зогсоолын төлбөр зэрэг хамаарахгүй. Гагцхүү хүчин төгөлдөр иргэний эрх зүйн харилцааны үндсэн дээр л хуульд заасан хүү, алдангийг авах эрх үүсэх учиртай тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь буруу гэж үзэж байна. Эдгээрийг дүгнэвэл анхан шатны шүүх Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар зүйлчлэх учиртай байсан.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн тухайд шүүхийн харьяалалтай холбоотой хүсэлтийг анхан шатны шүүх хэлэлцээгүй биш хэлэлцсэн. Энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд тусгагдсан байх учиртай бөгөөд өмгөөлөгчийн хүсэлтэд прокурор, хохирогчийн өмгөөлөгч нар тус бүр 2 ч удаа тайлбар, няцаалт өгч байсан. Шүүгчийн зүгээс ч асуулт асуусан. Гагцхүү өмгөөлөгчийн хүсэлтийг хангаагүй. Магадлал нь асуудлыг ойлгомжтой байдлаар тодорхойлж чадаагүй, бусдад эргэлзээ төрөхөөр бичигдсэн. Түүнчлэн, ял хөнгөдсөн, торгох ял оногдуулж болохгүй гэх чиглэлийг анхан шатны шүүхэд өгсөн. Анхан шатны шүүхээс Ц.Б-г 15,000 нэгжээр торгохдоо түүний хувийн болон гэр бүлийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үлдэх хохирол болох 57 сая төгрөгийг нөхөн төлөхөд хангалттай хүрэлцэх 80 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашин нь бодитоор хураагдаж хохирогчийн эзэмшилд биет байдлаар байгаа гэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял сонгосон нь үндэслэлтэйИймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Ц.Б-т холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгөн, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хохирогч “Тайгын булаг авто” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй. Учир нь “Ди Эй Эм Өү Эй” ХХК Ц.Б нарын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Фидуцийн гэрээ нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон. Харин 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээ нь өөр хариуцлага, үнийн дүн бүхий гэрээ бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. “Тайгын булаг авто” ХХК нь хууль ёсны дагуу гэрээ байгуулж, автомашиныг шилжүүлж авсан байсан. Тийм учраас ямар ч гэрээгүйгээр “Ди Эй Эм Өү Эй” ХХК-д өгөхөөр шийдвэрлэх боломжгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.У-н өмгөөлөгч С.Энхбат шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хэлэлцэж шийдвэр гаргах ёстой. Гэтэл шүүх хэргийн харьяаллын талаар гаргасан хүсэлтийг хэлэлцэж шийдвэр гаргаагүй. Шүүгдэгчийн сүүлийн үйлдэл Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хийгдсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх үндэслэл тогтоогдсон. Мөн нэг хохирогчийн нэхэмжлэх эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан. Хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл сүүлд авсан зээлийг төлөхгүй байх санаа зорилго байсныг үгүйсгэхгүй. Мөн шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах гэхээс илүү хохирогч нарын эрх ашгийг хамгаалах нь зүйтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нь үргэлжилсэн үйлдлээр эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашиглах аргаа залилах гэмт хэргийг үйлдсэн учир хэргийг давхар зүйлчлэх шаардлага байхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан гомдлыг үндэслэн Ц.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Анхан шатны шүүх Ц.Б-г залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж хохирогч К.Ут 57,000,000 төгрөгийн, хохирогч Б.Г-т нийт 41,439,030 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 98,439,300 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон атлаа Ц.Б-н зүгээс хохирогч нартай байгуулсан гэх фидуцийн болон барьцааны гэрээнүүдэд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Эдгээр гэрээний заримыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн атлаа нөгөөг нь хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй, хүчин төгөлдөр бусад тооцсон гэрээний иргэний эрх зүйн үр дагаврыг жич шийдвэрлүүлэхээр заасан атлаа хүчинтэй үлдсэн гэрээний тухайд иргэний эрх зүйн хариуцлага тооцох боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдлаас энэ хэргийн иргэний нэхэмжлэлийн асуудлаар баримталсан ерөнхий зарчим, үндэслэлүүд харагдахгүй, ойлгомжгүй болжээ.
“Тайгын булаг авто” ХХК-тай хуурамч бичиг баримтаар гэрээ байгуулсан гэж үзэж хүчин төгөлдөр бусад тооцож буй бол “Ди Эй Эм Өү Эй капитал” банк бус санхүүгийн байгууллагын хувьд ч зээл, фидуци, барьцааны гэрээнүүдийг иргэний эрх зүйн харилцааг халхавч болгон ашигласан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож болох бөгөөд “үндсэн зээлийн хэмжээнээс 2-3 дахин илүү хүү, алданги төлөх” учиргүй гэсэн нь хууль зүйн тодорхой үндэслэл, зарчимд тулгуурлаагүй дүгнэлт гэж үзэхээр байна.
Түүнчлэн, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд хэргийн оролцогч нараас гаргасан хэргийн шүүхийн харьяаллын талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараагийн шат болох яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж шүүх хуралдааны товыг зарлаж, хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Хуульд заасан үндэслэлээр гаргасан шүүхийн харьяалалтай холбоотой хүсэлтийг хэлэлцэхгүйгээр шийдвэрлэсэн” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг гаргасан талаар магадлалд заасан нь үндэслэлтэй байна.
Гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршигт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.
Анхан шатны шүүхээс Ц.Б-г залилан мэхлэх замаар бусдад 98,439,300 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн атлаа нийт учруулсан хохирлоос гадна одоо төлөгдөөгүй үлдэж буй хохирлын хэмжээнээс хэд дахин багаар торгох ялын хэмжээг тогтоосон нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хувьд шударга ёсны зарчимд нийцэж буй эсэх талаар эргэлзээ төрүүлэхээр байгаа бөгөөд энэ талаар магадлалд мөн дурджээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Хэргийн харьяаллыг зөв тогтоож, эрүүгийн хэргийн хамт иргэний эрх зүйн шинжтэй үр дагавруудыг эцэслэн шийдвэрлэсний эцэст шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн хүсэлтэд дурдсан асуудлууд хэлэлцэгдэх учиртай тул гомдолд эцэслэн хариу өгөөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 615 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН