Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0672/з |
Дугаар | 332 |
Огноо | 2020-09-16 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 332
“Т-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 дүгээр хууль бус захирамжийг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0271 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 394 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Я.Ц нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, Д.Н нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0271 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.2.1, 22.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч үүссэн нөхцөл байдалд өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүн шинжилгээ хийж, дахин шинэ акт гаргах хүртэл нэхэмжлэлд дурьдагдсан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгох тухай А/540 дугаар захирамжийг 4 /дөрөв/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгохыг дурьдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 394 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 271 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.2.1, 22.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч үүссэн нөхцөл байдалд өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүн шинжилгээ хийж, дахин шинэ акт гаргах хүртэл нэхэмжлэлд дурьдагдсан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгох тухай А/540 дугаар захирамжийг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй...” гэснийг “...Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3, 49.3.5, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 22 дугаар зүйлийн 22.2.1, 22.4, 22.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т Э” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 дугаар хууль бус захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж, 2 дахь заалтын “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгохыг дурьдсугай...” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдолыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, Д.Н нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... магадлалд “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг баталж, уг тушаалыг үндэслэж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоолыг гаргаж, үүгээр Туул голын урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын урсацыг тогтвортой хэмжээнд барих, хуримтлуулах, ундны усны эх ундрага, нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах зорилгоор Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийн зургуудыг хавсралтуудаар тогтоосон буюу Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоожээ” гэжээ.
4. Гэтэл бодит байдал дээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 51/75 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм”-д заасан “онцгой хамгаалалтын бүс”-ийн 50 метр, “энгийн хамгаалалтын бүс”-ийн 200 метр гэх хэмжээнүүд 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоолоор ч өөрчлөгдөөгүй, харин эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүсийг шинэчлэн тогтоосон болно.
5. Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гишүүний ам” нэртэй газарт байрлах, манай компанийн эзэмшлийн 53,1 га талбай нь анх тусгай зөвшөөрөл авах үедээ болон одоо ч нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 дугаар захирамжиндаа дурдсан “усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс”-тэй давхцалгүй юм.
6. Нөгөө талаас давж заалдах шатны шүүх Усны тухай хуулинд заагдсан “усны эх үүсвэр”, “ус хангамжийн эх үүсвэр”, “усны сан бүхий газар” гэх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, ойлголтуудын ялгаа заагийг бүрэн гүйцэд гаргаж чадаагүйгээс үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
7. Мөн магадлалд “Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д зааснаар “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах” нь нийслэлийн Засаг даргын бүрэн эрх байх бөгөөд энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д “онцгой хамгаалатын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заасан” гэжээ.
8. Харин манай “Т-Э” ХХК нь Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасан нийслэлийн Засаг даргын бүрэн эрхтэй маргаагүй бөгөөд нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 тоот захирамжийн хууль зүйн үндэслэл болсон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 заасан Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан 4 үндэслэлээр л цуцлах эрхтэй байсан. Тэгвэл “Т-Э” ХХК нь дээрх 4 үндэслэлд заасан ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаагүй байхад “бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах, тэмдэгжүүлэх” үүрэг нь мэтээр шүүх дүгнэсэнд гомдолтой байна.
9. Магадлалд “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А/230-127 дугаар хамтарсан тушаалаар Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөхөөр журамласан бөгөөд тус журмын 2 дугаар зүйлд Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүс түүний дэглэмийг тогтоосон бөгөөд энгийн хамгаалалтын бүс нь онцгой хамгаалалтын бүсээс дотогш байж болохгүй гэж заасан байна“ гэжээ.
10. Тэгвэл шүүх энэхүү хамтарсан тушаалын журмын 2 дугаар зүйлийн 2.10-д заасан “энгийн хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглах харилцааг Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д заасны дагуу зохицуулна” гэсэн зохицуулалтыг огт анхаарч үзээгүйд гомдолтой байна.
11. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д “гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сайн бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах харилцааг хуулиар зохицуулна” гэсэн зохицуулалт байх бөгөөд энэхүү хууль нь 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан “гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” /урт нэртэй хууль/ хуулиар зохицуулагдахыг тодорхойлсон болно.
12. Тэгвэл үнэхээр манай компанийн тусгай зөвшөөрлийн талбай онцгой хамгаалалтын бүстэй давхцал болсон бол дээрх хууль /урт нэртэй хууль/-ийн 4.3, 4.6 дахь заалтын дагуу асуудлыг шийдвэрлэх боломжтой байсныг шүүх анхаарч үзээгүй.
13. Мөн магадлалд: “хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч “Т-Э” ХХК-ийн эзэмшиж буй М\/-012700 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрэн бүрдсэн буюу /53.16 га/ талбай нь энгийн хамгаалалттай бүсэд хамаарч байна” гэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.
14. Учир нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2/161 дугаартай “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий М\/-012700 дугаартай 53,1 га талбайтай газрыг усны хамгаалалтын бүс болон нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2020 оны 01 дүгээр сарын зурган мэдээлэлтэй давхцуулан үзэхэд уг газар нь усны хамгаалалтын бүсэд багтаж байна” гэсэн албан бичиг энэхүү захиргааны хэрэгт /хх-ийн 222-р талд / ач холбогдол бүхий нотлох баримтаар авагдсан байдаг.
15. Дээрх “усны хамгаалалтын бүс” гэдэг нэр томъёо нь Усны тухай Монгол Улсын хуулинд огт байдаггүй нэр томъёо байх ба тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ”онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэсэн нэр томъёог л тайлбарласан зохицуулалт байдаг болно.
16. Тэгвэл Газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгч “Т-Э” ХХК-ийн “М\/-012700” дугаартай, 53,1 га талбай бүхий газар нь Монгол Улсын Усны тухай хуулийн 3.1.9, 22 дугаар зүйлийн 22.2.1-д тус тус заагдсан усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс эсвэл усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцаж байгаа эсэх талаарх ялгаа заагийг тодорхойлуулахаар шүүхэд хүсэлт гаргасны дагуу уг байгууллагад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хандсан ч онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн алин нь давхцсан эсэхийг гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан болно.
17. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18- ны өдрийн 394 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
18. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
19. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 дугаар захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1, 49.3.3, 49.3.5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.6, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 22 дугаар зүйлийн 22.2.1, 22.4, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А/230/127 дугаар хамтарсан тушаал, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Гишүүний ам” гэх газарт олгогдсон “Т Э” ХХК-ийн MV-... дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгосон, нэхэмжлэгчээс “... хуулиар хориглосон онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн аль алинд нь огт хамаарахгүй байхад, ... хүчин төгөлдөр болоогүй, хүчин төгөлдөр бус нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоолыг удирдлага болгон манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон” гэж, хариуцагчаас “... уг түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд бүхэлдээ орсон, ... Усны тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ыг зөрчсөн” гэж тус тус маргажээ.
20. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоож, Туул голын урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын урсацыг тогтвортой хэмжээнд барих, хуримтлуулах, ундны усны эх ундрага, нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах зорилгоор Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн зургийг 5 дугаар хавсралтаар, Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн зургийг 7 дугаар хавсралтаар тус тус тогтоосон, нэхэмжлэгч “Т Э” ХХК-ийн MV-... дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн талбай нь уг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон Туул голын усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд бүхэлдээ давхцсан нь хэрэгт авагдсан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09/189, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2/161, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02-01/244, 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 02-03/1522 дугаар албан бичиг, тайлбар, баримтуудаар тогтоогджээ.
21. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтоох”-оор заасны дагуу, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А/230/127 дугаар тушаалаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг баталсан, уг журмын 2.10-т “энгийн хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглах харилцааг Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д заасны дагуу зохицуулах”-аар, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д “гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах харилцааг хуулиар зохицуулах’-аар тус тус заасан, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж тусгайлан заасан тул тогтоосон Туул голын усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд бүхэлдээ давхцсан газарт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах боломжгүй, энэ үндэслэлээр MV-... дугаар тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/540 дугаар захирамж хууль зөрчөөгүй.
22. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцалж болох тохиолдлуудыг нэрлэн заасны дотор 49.3.3-т “шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол”, 49.3.5-д “нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд” эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцалж болохоор тусгайлан заасан тул нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон Туул голын усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд бүхэлдээ давхцсанаас “Т Э” ХХК-д олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг Захиргааны ерөнхий хуульд заасан дээрх үндэслэлээр цуцлах, дуусгавар болгох эрх зүйн боломж хариуцагч нийслэлийн Засаг даргад олгогдсон гэж үзнэ.
23. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Болорцэцэг, Д.Нарангоо нарын хяналтын журмаар гаргасан ‘... манай компанийн эзэмшлийн 53,1 га талбай нь ... усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй, ... давж заалдах шатны шүүх Усны тухай хуулинд заагдсан “усны эх үүсвэр”, “ус хангамжийн эх үүсвэр”, “усны сан бүхий газар” гэх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, ойлголтуудын ялгаа заагийг бүрэн гүйцэд гаргаж чадаагүйгээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн” гэх гомдлыг хангах боломжгүй, харин Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д “энэ хуулийн 49.3.3, 49.3.4, 49.3.5-д заасан үндэслэлээр захиргааны актыг цуцалсан тохиолдолд учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээдийн шаардснаар нөхөн төлнө” гэж заасан байх тул нэхэмжлэгчээс хохирол төлбөрийн асуудлаар гомдол, нэхэмжлэл гаргах, шүүхэд маргахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 394 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т Э” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Б, Д.Н нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т Э” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА