Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00998

 

 

 

 

2022 05 23 210/МА2022/00998

 

 

 

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22ы өдрийн 102/ШШ2022/01004 дугаар шийдвэртэй

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

Б.Ат холбогдох

9,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б.Д миний бие Б.Атай 1999 оноос хамтран амьдарч 2013 онд гэрлэлтээ батлуулсан. Бид 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Миний бие хүүгээ аваад өнөөдрийг хүртэл 20,000,000 гаруй төгрөгөөр байр хөлслөн амьдарч байна. Эцэг, эх үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд адил тэгш эрх, үүрэгтэй оролцож, хэрэгцээт зүйл, орон байраар хангах үүрэгтэй тул байрны хөлсний 50 хувь болох 7,975,000 төгрөгийг Б.Ааас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хүүг миний асрамжид байхад авч яваад өөрийнхөө болон эгчийнхээ байрны зардлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ааас 2,150,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,725,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ааас 49,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хүүтэйгээ амьдрахаар байр хөлсөлсөн байхад аав дээрээ хааяа очсоныг хариуцагч орон байраар хангасан, хэн аль нь хүүг асрамжилдаг байсан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн тухайн хөлсөлсөн байрны хаягаар өрхийн эмнэлэгт үзүүлдэг, багшийн болон сургуулийн тодорхойлолтоор ээжтэйгээ амьдардаг болохыг нотолсон баримт хэрэгт өгсөн. Шүүх хуралдаанд хүү маань хүртэл ээжтэйгээ хаана, хаана байр түрээслэн амьдарч байгаа талаараа болон энэ хугацаанд хааяа аав дээрээ очиж байсан тухайгаа мэдүүлсэн байхад дээрх нотлох баримтуудыг огт үнэлээгүй. Иймд хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн зарим хэсэг болох 7,725,000 төгрөгийг Б.Ааас нэмж гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нь хүүхдийн тэтгэлгийг оршин суугаа газрын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар бус бүтнээр нь төлж байгаа. Нэхэмжлэгч нь худал тайлбар гаргаж байна. Өмнө нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд хүүхдийг хэний асрамжид байгааг зайлшгүй тогтоох шаардлагатай гэж дүгнэн хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Хүүхэд хаана оршин сууж байгаа талаарх хорооны тодорхойлолт хэрэгт авагдсан. Хүүхэд нь хариуцагчтай хамт байсан талаар гэрчийн мэдүүлэг өгсөн. Хэрэгт хариуцагчаас нотлох баримтын шаардлага хангасан гэрэл зургийг гаргаж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчийг хүүхдээ авч байгаагүй гэж удаа дараа худлаа мэдүүлсэн. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.9 дэх хэсгүүдэд зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байна гэж байгаа нь хүүхдэд муугаар нөлөөлж байна. Эцгийг нь үзэн ядуулж өсгөж байна. Хүүхдийн нөхцөл байдлын үнэлгээ хэрэгт авагдсан. Тухайн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй боловч муу гэсэн үнэлгээтэй байдаг. Нэхэмжлэгч нь хүүхдийг өсгөх боломжгүй бол хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргана. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэлт зардал гэж нэхэмжилсэн. Энэ нөхцөл байдал нь онцгой тохиолдолд хамаарах эсэх нь тодорхойгүй. Онцгой тохиолдол гэх ойлголтыг хуульд тодорхой заасан бөгөөд энэ нь ердийн зардлаас тусдаа ойлголт. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд суурь өвчингүй, тахир дутуу биш, ажил хийж байгаа гэдгээ хэлсэн. Хүүхдийн асрамжийн талаар 2021 онд шүүхийн шийдвэр гарсан. Гэрлэлтийг цуцалснаас хойш хүүхэд нь хариуцагчтай хамт байсан гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогддог. Онцгой нөхцөл байдал бий болоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдврийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

2. Нэхэмжлэгч Б.Д нь 2018-2021 онд орон сууцны хөлсөнд төлсөн 19,750,000 төгрөгийн тал хувь болох 9,875,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.А эс зөвшөөрч маргажээ.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/01194 дугаар шийдвэрээр Б.Д, Б.А нарын гэрлэлтийг цуцалж, хүү А.Баясалыг эх Б.Дгийн асрамжид үлдээж, эцэг Б.Ааас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

4. Нэхэмжлэгч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Х.Бат-Эрдэнэтэй Орон сууц хөлслөх гэрээг 36 сарын хугацаатай байгуулсан, нийт 18,000,000 төгрөгийг түрээслүүлэгч Х.Бат-Эрдэнийн 5034436441 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон гэх бичгийн баримт гаргасан.

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 2,150,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэхээр байх боловч хариуцагч энэ талаар гомдол гаргаагүй.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал буюу хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон тохиолдолд түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцагчид хариуцуулахаар шийдвэрлэж болно.

Нэхэмжлэгч Б.Д нь хүүхдийн хамт орон сууц хөлсөлсөн нь тэжээн тэтгүүлэгч буюу хүүхдэд онцгой нөхцөл байдал тохиолдсон гэх үндэслэлд хамаарахгүй юм.

Харин хариуцагч Б.А нь анхан шатны шүүхийн шийдвэрийн 2,150,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй байх тул талуудын зарчмыг үндэслэж шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22ы өдрийн 102/ШШ2022/01004 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.БЯМБАСҮРЭН