| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 197/2025/29399/И |
| Дугаар | 197/ШШ2026/02219 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2026/02219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *******,*******,*******,*******,*******од оршин суух РД:*******, Боржигон овогт ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч *******,*******,, байрлах ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 3.126.060 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн аваад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Хариуцагчийн өмгөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбаатар
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. Нэхэмжлэгч ХХК-иас 2024 оны 12 дугаар сарын илүү цагийн хөлс 3.126.060 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой нэхэмжлэгчийн ажил үүргийн цагийн хуваарьт өөрчлөлт ороод 14 хоног ажиллаад, 14 хоног амарч байгаа буюу 2024 оны 12 дугаар сард өдрийн 8 цаг биш 12 цаг, сард 168 цаг ажилласан. Иймд илүү ажилласан 56 цагийн хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 92.3, 109.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг уртын ээлжээр ажиллуулахдаа нөхөн амруулаагүй учраас илүү цагийн хөлсийг нэг цагийн 37.215 төгрөгөөр тооцож 3.126.060 төгрөгийг нэхэмжилсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн. Ажилтан 168 цагаас дээш ажилласан тохиолдолд илүү цаг олгох тухай тогтоомж, Улсын дээд шүүхийн тогтоолын 2 дугаар зүйлд хууль хэрэглээний эрэмбийг Хөдөлмөрийн тухай хууль, дараа нь түүнтэй нийцүүлэн гаргасан хөдөлмөрийн дотоод журам хэм хэмжээнүүдийг хэрэглэхээр заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 92.3, 109.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлтэй. 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргаж, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаад 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хурлын тэмдэглэл гарсан. Дараа нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан. Уг гомдлын хурал 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр болж 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 132 дугаартай Хурлын тэмдэглэл гарч мөн өдрөө гардаж аваад Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нарын нэхэмжлэл гээд нэр бүхий 9 этгээд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 44816 дугаартай Шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тухайн үед хэрэг хуваарилагдсан шүүгчийн ээлжийн амралт таарсантай холбоотой 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Шүүгчийн захирамж гараад мөн өдрөө гардаж аваад захирамжид заасан зөрчлийг арилгаад 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нотлох баримтаар нотлогдож байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. 2024 оны 12 дугаар сард 168 цаг ажилласнаас ердийн цагаар ажиллахад 112 цаг гэж хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсоны дагуу 56 цагийн илүү хөлс 3.126.060 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Тооцооллын тухайд 0.5 хувь болон 1.5 хувийн тухай асуудал яригддаг. Нэхэмжлэгчийн тухайд нэг цагийн хөлс 37.215 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд 56 цаг илүү цагаар ажилласан тул 1.5 дахин нэмэгдүүлж авах хууль зүйн үндэслэлтэй. Мөн өмнө шийдвэрлэгдсэн хэрэгтэй нэхэмжлэлийн шаардлага хамааралгүй гэж тайлбарлав.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа Хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. 2023 оны 03 дугаар сард нэхэмжлэгч болон 83 ажилтан илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах гомдлыг "" ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гомдлын урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж 2023 оны 04 дүгээр сард 83 ажилтныг төлөөлөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 50 ажилтны нэхэмжлэлийг хүлээн аваад иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэгч -ийн илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 00023 дугаартай Шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 00465 дугаартай Магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь заалтад "Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч 2023 онд илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах гомдлын урьдчилан шийдвэрлэх байгууллага, шүүхэд гаргаж байсан ба хэргийг 2025 оны 03 дугаар сард эцэслэн шийдвэрлэсэн тул одоо илүү цагийн нэмэгдэл хөлс дахин гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй. Иймээс нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар, ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байхаар зохицуулсан. Нэхэмжлэлд дурдсан хугацааны цалин хөлсийг авсан атлаа дахин илүү цагийн нэмэгдэл хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж авахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж илэрхийлж байна.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч , хариуцагч ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хөдөлмөрийнг гэрээ байгуулж, хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын албан тушаалд сарын цалин 1011 ам.доллар, илүү цагийн хөлсийг ажил олгогч холбогдох хууль тогтоомж, дотоод журмын дагуу шийдвэрлэж, 14 хоног ажиллаад 14 хоног амрахаар, цалин, нэмэгдэл хөлсийг сард 2 удаа мөнгөн тэмдэгтэд хөрвүүлж олгохоор хугацаагүй гэрээ байгуулсан нь гэрээ, хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтөөр тогтоогдож байна.
6.Нэхэмжлэгч, хариуцагчийг 2024 оны 12 дугаар сарын 112-168 цагийн хооронд ажилласан 56 цагийн илүү хөлсийг 1.5 хувиар тооцож олгоогүй, хариуцагч нэг цагийн хөлс 37.215 төгрөгийг зөвшөөрч байгаа боловч энэ хэрэг өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн тул илүү цагийн хөлс олгох үндэслэлгүй маргаж байна.
7.Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэгт нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна, 87.3 дахь хэсэгт ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу нэмж олгоно гэж хуульчилжээ.
8.Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж заасан байх ба ажил олгогч, ажилтныг 2024 оны 12 дугаар сард илүү цагаар ажиллаагүй хэвийн ажилласан гэж мэтгэлцэж байна.
9.Тодруулбал, ердийн ээлжийн болон уртын ээлжээр ажиллуулах ажлын цагийн үргэлжлэлийг ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу 4 хүртэл цагаар буюу нийт 12 цаг хүртэл цагаар ажиллуулахаар уртасгаж зохион байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд илүү цагийн нэмэгдэл хөлс олгохыг хуульд тодорхойлон заажээ.
10.Хариуцагч ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 69/21 дугаартай Цалин хөлсний журмын 14 дүгээр зүйлийн 14.1.2-А дахь хэсэгт Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг цагийн дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгоно гэж заажээ.
11.Хавтаст хэрэгт авагдсан ажилтны цагийн хүснэгт буюу цалингийн тооцоололоор д 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх 94 цагийн илүү хөлсийг 1.5 хувиар тооцож 5.269.102 төгрөгийг олгосон нь талуудын тайлбар, нотлох баримтаар тогтоогдож байна.
12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгч болон 83 ажилтан илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах хэргийг шүүх шийдвэрлэсэн гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс өөрийн шаардлага татгалзалын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах боломжийг олгосон боловч үүргээ хэрэгжүүлээгүй байна.
13.Иймээс уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг ажил олгогч олгох үүрэгтэй тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай Тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нотлох баримтаар үгүйсгэж няцааж чадахгүй байх тул нэхэмжлэгчийг 2024 оны 12 дугаар сард 56 цаг илүү ажилласан гэж үзээд тооцоход 37.215 төгрөг /нэг цагийн хөлс/ х 56 /ажилласан илүү цаг/ х 1.5 /илүү цагийн хөлс/ = 3.126.060 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
14.Нэхэмжлэгч 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргаж талууд харилцан тохиролцоогүйн улмаас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШЗ2025/44816 дугаартай Шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг нэхэмжлэгч 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гардан аваад 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, 154.6, 154.8 дахь хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 41.913 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 3.126.060 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 64.967 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Г.АРИУНАА