Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01406

 

 

 

 

 

 

 

2022 07 27 210/МА2022/01406

 

Т.Г нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/01408 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.Г хариуцагч ХХ ХХК-д холбогдуулан ажлаас халсан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюундарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Т.Гал-Эрдэнэ миний бие анх 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ХХ ХХК-ийн ил уурхайн уулын хэсэгт авто самосвалын жолоочоор ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Миний бие 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа амарч ирээд байж байхад манай саахалт байсан хадам ах Д.Найдансүрэнгээс Ковид-19 өвчний халдвар илэрч, би 1 дүгээр хавьтал болсон. Ингээд Монгол улсын Шадар сайдын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 2.1.3 дахь заалтын дагуу гэрийн тусгаарлалтад байсан. Мөн 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хадам ах Д.Найдансүрэн Ковид-19 халдварт өвчний улмаас нас барсан тул оршуулга, буяны ажилд оролцоод, талийгаачийн гэр бүлийнхнийг Хатгал сум руу нүүлгэн шилжүүлэх ажилд туслалцаад 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Цэцэрлэг суманд гэртээ ирсэн. Гэртээ ирээд мөн 7 хоног өөрийгөө тусгаарлаад, уурхайн захирал Д.Пүрэвсүх ажилдаа ир гэсний дагуу 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ажил руугаа явж байх үедээ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт авто осолд орж, биеийн байдал маш хүнд байна. Дээрх байдлын талаар компанийн уурхайн дарга Энхжаргал, хүний нөөцийн албаны ажилтнуудад эхнэр Бадамгаравын 99611132, өөрийн эзэмшлийн 95739274 дугаарын утсаар байнга мэдээлж байсан. Гэтэл манай ажлын удирдлагууд миний хүнд хэцүү байгаа үеийг далимдуулан, хариуцлагаас мултарч үлдэх зорилгоор хүн чанаргүй, увайгүй үйлдэл гарган хууль бус тушаал гаргаж ажлаас халсанд гомдолтой байна. Иймд ХХ ХХК-ийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 338 тоот Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ил уурхайн албаны уулын хэсэгт автосамосвалын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү.

Нэхэмжлэгч ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаантайгаас очиж чадаагүй гэдэг нь хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Ажлаас буугаад 6 дугаар сарын 28-нд гэртээ ирсэн гэдэг. Гэтэл хариуцагч 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаа тасалсан гэдэг ба энэ нь тогтоогдохгүй байна. Харин Хөвсгөл аймгийн сумын болон багийн засаг даргын тодорхойлолтуудаар Т.Гал-Эрдэнэ 6 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа амарч ирсэн, ирээд хадам ахаас нь Ковид-19 халдвар илэрснээр тусгаарлагдсан гэдэг нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Иргэн Т.Гал-Эрдэнэ нь ХХ ХХК-ийн уурхайн албаны уулын хэсэгт автосамосвалын жолоочоор ажилладаг байсан. Компанийн зүгээс өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн хангах үүднээс компанийн хүний нөөц, ажиллах хүчин, түүний хөдөлмөрийн хуваарилалтанд зүй ёсны анхаарал хандуулж ажилладаг. Үүний тулд ажилтан нь өөрийн хариуцан авсан ажил үүргийг цалгардуулахгүй байх, аливаа байдлаар ажиллах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тохиолдолд урьдчилж чөлөө авах байдаар Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.7, 9.25, 9.29 дэх хэсгүүдэд тус тус заасан. Нэхэмжлэгчид энэ журмыг 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр танилцуулж, тэрээр ойлгосон талаарх гарын үсгээ зурсан байдаг. Гэтэл тэрээр компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Нэхэмжлэлд дурдсанаар 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Ковидын ойрын хавьтал болсон учир өөрийгөө тусгаарласан гэх боловч 20 хоног өөрийгөө тусгаарласан нь журамд нийцээгүй байна. Мөн 28-ны өдрөөс талийгаачийн гэр бүлд туслалцсан гэх боловч энэ нь ажилдаа ирээгүй хүндэтгэн үзэх шалтгаан биш бөгөөд энэ талаар компаниас чөлөө аваагүй, мэдэгдээгүй байна. Т.Гал-Эрдэнэтэй 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр №20/1/98 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 9.5 дахь хэсэгт зөрчвөл ажлаас шууд халах ноцтой зөрчлүүдийг жагсааж бичсэн ба үүний 9.5.n заалтад: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 өдөр дараалан ажил таслах, чөлөөний хугацааг 3 хоногоос дээш хугацаанд хэтрүүлсэн тохиолдолд үүнийг нь ноцтой зөрчил гэж тооцож, ажлаас халахаар зохицуулсан.

Нэхэмжлэгч нь 6 дугаар сарын 20-ны өдөр ажлаасаа бууж, 7 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ирэх ёстой байсан. Гэтэл тус өдрөө ажилдаа ирээгүй. Дараагийн ээлж болох 7 дугаар сарын 10-ны өдөр болон 7 дугаар сарын 20-ны өдөр нь ажилдаа ирээгүй. Манай байгууллагын дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд заавал бичгээр чөлөө авах зохицуулалт байх боловч тухайн үед цар тахал гарсан тул уг журмаа баримтлаагүй, утсаар чөлөө авах боломжтой байсан. Нэхэмжлэлийн үндэслэл болгосон Улсын онцгой комиссын 4 дүгээр сарын 02-ны өдрийн 31 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар, 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь хэсэгт батлагдсан тохиолдолд ойрын хавьтал болсон бол 10 хоног, халдвар бүртгэгдсэн орон нутгаас ирвэл 7 хоног тусгаарлана гэж заасан байна. Нэхэмжлэгчийн хадам ах болох Д.Найдансүрэнгийн эмнэлгийн тодорхойлолт шүүхэд ирсэн. Үүнд 7 дугаар сарын 06-ны өдөр шинжилгээ өгсөн байсан бөгөөд нэхэмжлэгч нь 7 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ирэх ёстой байсан. Уг үйл баримтаар Хөвсгөлд 7 дугаар сарын 06-ны өдөр шинжилгээний хариу нь эерэг гарсан хүнтэй ямар нэг хавьталд ороогүйг нотолж байна. 7 дугаар сарын 06-ны өдрөөс өмнөх шинжилгээгээр түүний хадам ах П.Найдансүрэнгийн Ковид-19 шинжилгээний хариу сөрөг гарч байсан байдаг. Мөн Д.Найдансүрэн нь 6 дугаар сарын 30-ны өдөр эмнэлэгт хэвтсэн. Иймд эдгээр үйл баримтаар Т.Г өөрийгөө тусгаарласан гэж байгаа нь үндэслэлгүй болж байна. Сумын болон багийн засаг даргын тодорхойлолт хуульд нийцээгүй, юуг үндэслэж тодорхойлолт гаргасан нь ойлгомжгүй байна. Иймд Т.Гал-Эрдэнэ нь 30 хоног ажлаа үндэслэлгүй тасалсан учир түүнийг ажлаас халсан тушаал хуульд нийцсэн, үндэслэлтэй гарсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 1281.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан, ХХ ХХК-д холбогдуулан захирлын 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 338 тоот тушаал хүчингүй болгуулах, ил уурхайн албаны уулын хэсэгт автосамосвалын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Т.Ган-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Гал-Эрдэнэ тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 өвчний улмаас улс орон даяар хөл хорио тогтоосон байсан. Т.Г саахалт айл болох хадам ах, талийгаач Д.Найдансүрэн нь 2021 оны 06 дугаар сарын сүүлээр ковидын шинж тэмдэг илэрч 06 дугаар сарын 30-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Талийгаачаас өвчний шинж тэмдэг илэрсэн үед сум орон нутгийн удирдлага, эмнэлгийн байгууллага, эмч нар өөрөө өөрсдийгөө тусгаарлаж арга хэмжээ авах талаар анхааруулга өгсөн байхад бид иргэний үүргээ биелүүлж бусдад өвчин тахал халдварлуулахаас урьдчилан сэргийлсэн. Энэ талаар ХХ ХХК-ийн хүний нөөцийн ажилтнуудад удаа дараа утсаар мэдэгдэж байсан бөгөөд энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. Гэтэл анхан шатны шүүх бодит байдалд болон хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлж дүгнээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Ковид-19 өвчин туссан хүнтэй ойрын хавьтал болсон учир тусгаарлагдсан гэж тайлбарладаг. 30 хоног ажилдаа ирээгүй гэх асуудалд талууд маргаагүй. Хадам ах н.Найдансүрэн гэх хүн хэзээ Ковид-19 туссан бэ гэдгийг хэргийн хэргийн материалаас авч үзвэл, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ковид-19 өвчний хариу нь эерэг гарсан байдаг. Т.Гал-Эрдэнэ нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ирэх ёстой байсан. Иргэний үүргээ биелүүлж сайн дураар тусгаарлагдсан гэж тайлбарладаг. 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Шадар сайдын тушаалын дагуу өрхийн эмнэлэгтээ эхэлж бүртгүүлж, шинжилгээ өгч, шинжилгээний хариу нь Гэрэгэ системд бүртгэгдэх процесс явагдах ёстой байсан. Уурхайн даргатай ярьсан эхний харилцан яриад Ажилдаа ирэхгүй байгаа учир чөлөөлнө гэх утгатай зүйлийг хэлсэн байдаг. Үүнээс үзэхэд уурхайн дарга ямар үндэслэлээр яагаад ирэхгүй байгаа талаар мэдээлэлгүй байсан нь харагддаг гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Нэхэмжлэгч Т.Гал-Эрдэнэ нь хариуцагч ХХ ХХК-д холбогдуулан ажлаас халсан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр амарсан бөгөөд, амралттай байх хугацаанд хадам ахаас Ковид-19 цар тахлын халдвар илэрч, ойрын хавьтал болж, гэрийн тусгаарлалтанд байсан, хадам ах 7 дугаар сарын 18-нд нас барж, оршуулга, буяны ажилд оролцоод 7 дугаар сарын 31-ний өдөр гэртээ ирж 7 хоног тусгаарлагдан, 8 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа буцах замд осолд орсон, энэ тухайгаа ажил олгогчид утсаар мэдэгдсэн боловч үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Т.Гал-Эрдэнэ нь 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ажлаас бууж, 7 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ирэх байсан, Ковид-19 халдварын ойрын хавьтал болсон гэх боловч, халдвар авсан хүн нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эмнэлэгт хэвтсэн, 7 дугаар сарын 06-нд шинжилгээний хариу эерэг гарсан байгааг ойрын хавьтал гэж үзэхгүй, Сайдын тушаалд зааснаар 10 хоног тусгаарлагдахаар байхад 20 хоног тусгаарлагдсан нь үндэслэлгүй гэж тус тус тайлбарласан.

3. Нэхэмжлэгч Т.Гал-Эрдэнэ нь ХХ ХХК-ийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар автосамосвалын жолоочоор томилогдсон бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 110 дугаар хөдөлмөрийн гэрээг туршилтын 3 сарын хугацаатай байгуулж, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 20/1/98 дугаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулжээ. /хх 24-33/

Хариуцагч ХХ ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 338 дугаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болж, ажлаас чөлөөлөх тухай гүйцэтгэх захирлын тушаалаар Т.Гал-Эрдэнийг ил уурхайн албаны уулын хэсэгт автосамосвалын жолоочийн албан тушаалаас 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан тушаал, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон. /хх 4/

4. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 9.5.n дэх заалт, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.13.4 n-д заасныг үндэслэсэн ба Т.Гал-Эрдэнийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлажээ.

4.а. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар зохицуулсан.

4.б. Т.Гал-Эрдэнэ болон ХХ ХХК-ийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5-д ажилтан нь дор дурдсан ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар энэхүү гэрээг цуцлах эрхтэй. Үүнд: n хэсэгт: ...хүндэтгэх шалтгаангүйгээр 3 өдөр дараалан ажил тасалсан, чөлөөний хугацааг 2-оос дээш хоногоор хэтрүүлсэн, ажлын цагийн хоцролт нь 3 сар дараалан 8 цагаас дээш гаргасан, мөн ХХ ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.13.4 хэсэгт талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаж, ноцтой зөрчил гэж үзэх нөхцлүүдийг заасан байх бөгөөд уг заалтын n) хэсэгт: хүндэтгэх шалтгаангүйгээр 3 өдөр дараалан ажил тасалсан, чөлөөний хугацааг 2-оос дээш хоногоор хэтрүүлсэн, ажлын цагийн хоцролт нь 3 сар дараалан 8 цагаас дээш гарсныг ноцтой зөрчилд тооцож, ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцсон байна.

5. Нэхэмжлэгч Т.Гал-Эрдэнэ нь 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 19-ний өдрийг хүртэл ажиллаж, 20-ны өдөр ажлаас буусан бөгөөд 10 хоног амарснаар 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дараагийн ээлжийн ажилдаа ирэх байсан нь байгууллагын цагийн бүртгэлээр тогтоогдсон. Хэргийн баримтаас үзэхэд Т.Г хадам ах болох иргэн Д.Найдансүрэн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа Ковид-19 цар тахлыг илрүүлэх шинжилгээгээр эерэг гарч, тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байгаад 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эмнэлэгт нас барсан байна. Нэхэмжлэгч Т.Гал-Эрдэнэ нь буяны ажилд оролцон 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэртээ 7 хоног тусгаарлагдан, 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ажил руугаа явж байхдаа осолд орж хүнд зэргийн гэмтэл авсан үйл баримт тогтоогдсон. /хх 82-86/ Энэ талаар зохигчид маргаагүй

6. Т.Гал-Эрдэнэ нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс талийгаач Д.Найдансүрэнгийн Ковид-19 цар тахлын халдвар илэрсэн 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх ямар шалтгаанаар ажилдаа ирээгүй тухай тайлбарлаагүй, энэ талаар хэрэгт баримтгүй байна.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд Т.Гал-Эрдэнэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 30 хоног ажлаа тасалсан нь хөдөлмөрийн гэрээний 9.5.n дэх заалт, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.13.4 n-д заасан ноцтой зөрчилд хамаарч байх бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцнэ.

Иймд Т.Гал-Эрдэнийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ. Шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн маргааныг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

7. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтад харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/01408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Д.БЯМБАСҮРЭН