Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 163

 

                                                                  

 

 

                               Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

 Улсын яллагч                        А. Энхтуяа

 Хохирогч                                Б. Батдэлгэр, Б.Баяраа

 Нарийн бичгийн дарга        Б.Намуунзул нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ирүүлсэн Боржигон овогт Баньдийн Баяраа, Баяр овогт Батхуягийн Батдэлгэр нарт холбогдох 1831001740144 дугаартай хэргийг эрүүгийн 1831001740144 дугаартай хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1977 оны 02 дүгээр сарын 03-нд төрсөн, 41 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Түшиг сумын эрүүл мэндийн төвд сувилагч ажилтай, Сэлэнгэ аймаг Түшиг сумын 1-р баг, Жаргалмандах 3 хэсэг гудамж, 163 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Баньдын Баяраа  /РД:ПА:81042402 /

Монгол улсын иргэн, Ховд аймгийн Алтай суманд 1981 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нятлан бодогч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын тамгийн газарт санхүүгийн албаны дарга ажилтай, ял шийтгэлгүй, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1-р баг Жаргалмандах 5 хэсэг гудамж, 247 тоотод оршин суух хаягтай, Баяр овогт Батхуягын Батдэлгэр

        

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Баяраа нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн үед Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын тамгын газрын байранд хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Батдэлгэртэй маргаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан,

 Яллагдагч Б.Батдэлгэр нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн үед Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын тамгын газрын байранд хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Баяраатай маргаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч Б.Баяраа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Б.Батдэлгэр манай нөхөртөй гэр бүлийн гадуур харилцаатай болоод 2 жил болсон. Би маш их тэвчсээр ирсэн тул тэр өдөр ажил дээр нь очоод хэрүүл маргаан үүсгэж Б.Батдэлгэрийг үсдэж, хойш татаж унагаасан. Б.Батдэлгэр миний толгой руу гутлаараа 5 удаа цохисон. Би өөдөөс нь шилтэй кофе шидсэн. Над руу зөрүүлээд савтай цэцэг шидсэн. Намайг Б.Батдэлгэр хэл үгээр доромжилж хорон үг зөндөө хэлсэн гэв.

2.Шүүгдэгч Б.Батдэлгэр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Б.Баяраа намайг нөхөртэйгээ хардаад 2 жил болж байна. Тэр өдөр 10 цагт Б.Баяраа миний ажлын өрөөнд орж ирээд намайг үсдээд татаж унагахад толгой минь сефэнд цохигдсон. Би гутлаараа олон цохиогүй. Нэг удаа цохисон гэв.

3.Хохирогч Б.Баяраа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: 2018 оны 05 дугаар 28-нд сумын Засаг даргын өрөөнд Б.Батдэлгэртэй маргаан үүсгэж зодоон болсон. Б.Батдэлгэрийг үсдэж түлхэхэд унахдаа сеф мөргөн унасан гэв. 

4.Хохирогч Б.Батдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 05 дугаар сарын 28-нд намайг ажил дээрээ байж байтал Б.Баяраа миний ажлын өрөөнд орж ирээд намайг хэл үгээр доромжилж миний нүүрийг маажсан. Бид 2-ыг зодолдож байхад манай ажлынхан орж ирж салгасан. Миний хамраас цус гарч би маш их айсан. Тэгээд би хэсгийн төлөөлөгч дуудсан. Тэгээд гэр рүүгээ явсан. Нөхөртөө энэ байдлыг хэлсэн чинь Б.Баяраа манай нөхөр рүү утсаар ярьсан байна лээ гэв.

5.Хохирогч Б. Батдэлгэрийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн мэдүүлэг: “...2018 оны 05 дугаар сарын 20-ны өглөө миний бие ажил руугаа очоод ЗДТГ-т ажлаа хийгээд сууж байхад 10 цагийн үед гэнэт өрөөнд манай сумын иргэн Б. Баяраа гэгч нь орж ирээд “Битгий давраад байгааарай янхан минь” гэж хэлээд миний нүүрлүү гараараа самардаж, миний зүүж байсан нүдний шил унагаасан. Тэгээд шууд миний үснээс зулгааж сууж байсан сандлаас босгосон, тэгээд намайг чирэхдээ хойшоо унаж өрөөнд байсан төмөр сэйф хэсэг рүү унасан. Тэгээд босч ирээд миний нүүрийг маажиж, зулгаан, миний дэргэд суудаг ажилчны ширээн дээр байсан ногоон бичигтэй шилтэй кофе байсныг авч миний толгой хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд намайг үсдэж, хөлөөрөө өшиглөөд байсан. тэгэхээр нь анх үсдэж байхад нь гутал тайлагдсан байсан ба тайлагдсан гутлаараа Б. Баяраагийн толгой хэсэг рүү нь 1 удаа цохисон юм. Тэгээд байж байхад Цэцэгжаргал салгах гээд чадахгүй гараад явсан. Тэгтэл Гантогтох гээд манай ажилчин орж ирээд салгасан.Тэгтэл Б.Баяраа нь миний дэргэд суудаг ажилчны ширээн дээр байсан шилэн бор сэнжтэй аяга, тооны машин зэргийг шидэж эвдэлсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд ширээн дээр байсан жижиг ногоон савтай кактус цэцэг зэргийг Б.Баяраа руу шидсэн. Тэгээд манай ажилчид бид 2-г салгасан. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 07 дугаар тал/ 

6.Хохирогч Б.Баяраагийн 2018 ны 06 дугаар сарын 19-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...Батдэлгэр бид 2-ын дунд гэр бүлийн маргаан байдаг.Энэ хүүхэн нь миний нөхөртэй гэр бүлийн гадуур харилцаатай болоод 2 жил гаруй болж байна.Энэ асуудлаас үүдэж би 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед миний бие Батдэлгэрийн нөхөр лүү утасдаж “танай авгай чинь манай нөхөртэй явалдаад байна,авгайгаа татаж аваарай” гэж хэлээд уур хүрсэндээ Түшиг сумын ЗДТГ-т Батдэлгэрийн ажлын өрөөнд ороод “яасан янхандаж дуусдаггүй юм бэ? гэж хэлээд Батдэлгэрийг сандлан дээрээ сууж байхад нь үсдсэн.Тэгээд Батдэлгэр нь намайг түлхэж би өрөөнд байсан төмөр сейф хэсэг рүү нуруугаараа налж унасан. Тэгээд би босож ирээд ширээн дээр байсан шилтэй кофений савыг шидэж Батдэлгэрийн толгой хэсэг рүү нэг удаа цохьсон. Тэгтэл Цэцэгжаргал гэх хүүхэн намайг салгах гэж бариад Батдэлгэр нь миний толгой хэсэг рүү өөрийн өмсөж байсан модон ултай өсгийтэй гутлаар 4 удаа цохьсон.Тэгээд байж байтал гаднаас Гантогтох гэдэг ажилтан орж ирээд салгасан. Тэгээд Батдэлгэр нь надруу ширээн дээр байсан ногоон савтай цэцэг шидэж, би зөрүүлээд тооны машин шидсэн юм. Тэгэхэд Батдэлгэр нь намайг “ чи муу янхан нөхрөө татаж аваад надтай олон юм яриараа хогчин” гэж хэлсэн. Тэгээд миний бие ЗДТГ-аас гарч явсан гэх гэжээ.

                   / хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/.

7.Гэрч И.Одтүшигийн 2018 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн мэдүүлэг: “... 2018 оны 05 дугаар сарын 28- ны өдөр намайг Түшиг сумын 1 дүгээр багт гэртээ байж байхад өглөө 10 цагийн үед миний 99814544 утас руу манай сумын иргэн Б.Баяраа нь утасдаж “ чи өөрийнхөө янхан авгайгаа татаж аваарай” гээд хэрүүл үүсгээд байсан юм. Тэгэхээр нь би “ хаана янхандаж байсан юм бэ” гээд миний өөдөөс хэрүүл үүсгээд байхаар нь би утсаа тасалсан. Тухайн үед манай эхнэр Б. Батдэлгэр нь өглөө ажилдаа явсан байсан юм. Тэгээд удалгүй миний эхнэр Б.Батдэлгэр нь надруу утсаар яриад “Б.Баяраа өрөөнд орж ирээд намайг цохилоо, цэвэрхэн цамц аваад ир, миний хувцас цус болчихлоо” гэж хэлэхээр нь би эхнэрээ ажил дээрээс нь очиж авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн   дүгээр тал

8.Гэрч Х. Мягмаржав 2018 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн мэдүүлэг: “...2018 оны 05  дугаар сарын 28-ны өдөр намайг Түшиг сумын ЗДТГ-т 10 цагийн үед Санхүүч нарын өрөөндөө ажилаа хийж байгаад өрөөнөөсөө гарч Б. Уранчимэг даргын өрөө рүү ороод өрөө лүүгээ ороход надтай цуг манай сумын Б. Баяраа эгч манай өрөө рүү хамт орсон юм. Тэгээд Б.Баяраа эгч шууд л очоод Батдэлгэрийг үсдэж суудлаас нь босгоод хойшоо эрчиндээ төмөр сэйф биеэрээ налж унаж байсан.Тэгэхээр нь гарч гүйгээд Гантогтох гээд манай ажилчинг дуудах гэж гарсан юм. Тэгээд Гантогтохыг дуудаад Гантогтохыг салгах гээд өрөө рүү оруулсан өрөөнд өөд өөдөөсөө юм шидэлцээд байх шиг сонсогдон, би өрөө рүү ороогүй, асуудал дууссаны дараа өрөө рүүгээ ороход эмх замбараагүй байдалтай, ширээн дээр байсан тооны машин, кофений аяга хагарсан цэцгийн савтай цэцэг хагарч шороо болсон байдалтай, Б. Батдэлгэрийн цагаан цамц нь цус болсон байдалтай,толгой хэсгээс нь цус гарч байсан. Б. Баяраа эгч гараад явсан.

9.Гэрч Ч. Нандинцэцэгийн 2018 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн мэдүүлэг: “... 2018 оны 05 дугаар сарын 28-ний өдөр намайг Түшиг сумын ЗДТГ-т 10 цагийн үед өрөөндөө ажилаа хийж байхад хажуу талын өрөөнд хүмүүс зодолдох шиг чимээ гараад орьлолдоод байсан юм. Тэгээд би хажуу талын санхүүч нарын өрөө рүү ороход Б. Батдэлгэрийн толгойноос цус гарч цагаан цамц нь цус болсон байсан. Б. Баяраа гэх хүний толгойны ар хэсгээс цус гарсан байдалтай, өөд өөдөөсөө хэрэлдэж ширээн дээр байсан зүйл шидэлцсэн байдалтай байсан. Тухайн үед Цэцэгжаргал дунд нь салгах гээд зогсож байсан. өрөө нь эмх замбараагүй байдалтай болсон байсан юм. Тэгээд удалгүй тухайн өрөөнд Гантогтох болон манай ажилчид орж ирээд тухайн 2 хүнийг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/

10.Гэрч Э.Цэцэгжаргалын 2018 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн мэдүүлэг: “... 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр намайг Түшиг сумын ЗДТГ-т 10 цагийн үед санхүүч нарын өрөөнд ороход Учрал, Батдэлгэр гээд манай 2 ажилчин байсан. Тэгээд байж байтал манай сумын иргэн Б. Баяраа эгч орж ирээд Б. Батдэлгэрийг “давраад байгаарай янхан минь” гэж хэлээд үсдээд Б. Батдэлгэрийг суудлаас нь босгоод эрчиндээ хойшоо төмөр сэйф биеэрээ налж унасан. Тэгээд би салгах гээд оролдсон боловч хоёулаа үсдэлцээд би дийлэхгүй байсан болохоор нь хүн дуудахаар өрөөнөөс гарсан ба Батдэлгэр, Баяраа эгч 2 үсдэлцээд Баяраа эгч ширээн дээр байсан шилтэй кофены сав барьсан байдалтай босоод ирэхээр нь би хүн дуудах гээд өрөөнөөс гарсан юм.Тэгээд гарахад манай ажилчин Гантогтох, Уранчимсэг дарга надтай зөрөөд орсон.Тэгээд удалгүй Баяраа эгч ЗДТГ-аас толгой хэсгээ шар алчуураар толгойны ар хэсгийн арчаад гарч харагдсан юм.Тэгэхээр нь би санхүүч нарын өрөө рүү ороход өрөө нь эмх замбараагүй байдалтай байсан. Батдэлгэрийн толгой хэсгээс цус гарсан, цагаан цамц нь цус болсон байдалтай байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/

11.Шинжээчийн 2018 оны 06 дүгээр сарын 04-ны өдрийн №226 дугаартай:

1.Б.Баяраагийн биед толгойн хуйханд шарх, зүүн чихэнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 

2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 53 дугаар тал/

12.Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07 өдрийн №222 дугаартай:

1.Б. Батдэлгэрийн биед толгойн орой хуйх, баруун сарвуунд шарх зүүн хөмсөг, зүүн зовхи, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэг, зүүн хацар,зүүн эрүү, хүзүүний зүүн хэсэг, зүүн бугуйнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн тохой, баруун бугалганд цус хуралт, хуйх, дух, зүүн чамархай, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 59 дүгээр тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох

баримтуудыг дүгнэхэд

 

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогтой Баньдийн Баярааг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн үед Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын тамгын газрын байранд хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Батдэлгэртэй маргаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан, шүүгдэгч Баяр овогтой Батхуягын Батдэлгэрийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн үед Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын тамгын газрын байранд хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Баяраатай маргаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй,харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

Учир нь: Шүүгдэгч Б.Баяраа нь Б.Батдэлгэрийг нөхөртэйгээ гэр бүлийн гадуур харилцаатай болсон хэмээн хардаж Түшиг сумын Засаг даргын тамгын газарт очиж маргаан үүсгэж Б.Батдэлгэрийг үсдэж, хойш татаж унагаан биед нь толгойн орой хуйх, баруун сарвуунд шарх зүүн хөмсөг, зүүн зовхи, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэг, зүүн хацар,зүүн эрүү, хүзүүний зүүн хэсэг, зүүн бугуйнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн тохой, баруун бугалганд цус хуралт, хуйх, дух, зүүн чамархай, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан, шүүгдэгч Батхуягын Батдэлгэр нь 05 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн үед Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Засаг даргын тамгын газрын байранд Б.Баяртайтай маргалдаж улмаар Б.Баяраагийн толгой руу гутлаараа 5 удаа цохиж, савтай цэцэг шидиж биед нь толгойн хуйханд шарх, зүүн чихэнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна. Прокурорын газраас Б.Баяраа, Б.Батдэлгэр нарын гэм буруутай үйлдэлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв гэж Шүүх дүгнэв.

 Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон байдлуудыг үндэслэн прокурор тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял хүлээлгэх санал тавьсныг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д заасан хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанарыг харгалзан Б.Баяраа, Б.Батдэлгэр нарт Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас Прокурорын саналыг үндэслэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь зүйтэй.   

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогтой Баньдын Баяр, Баяр овогтой Батхуягийн Батдэлгэр нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баньдын Баяраа, Батхуягийн Батддэлгэр нарыг тус тус 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар тогтоосугай.

 4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.

6.Ялтан Б.Баяраа, Б.Батдэлгэр нар нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай. 

 7.Ялтан Б.Баяраа, Б.Батдэлгэр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

 8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                    Б.НАЦАГДОРЖ