Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 1430

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

          Улсын яллагч И.Ариунсанаа,

          Шүүгдэгч Ү.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Рд холбогдох 1806 05613 1608 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1967 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 2 хүүхэд, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 7А дугаар гудамжны 301 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Харнууд овогт Ү.Р /РД:ЧВ67041169/,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Ү.Р нь 2018 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, 4-43 тоотод иргэн Ж.Отгонбаатарын толгойг тавгаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Ргийн өгсөн: “... Отгонбаатарыг санаатай цохиогүй. Охиноо өмөөрөөд хайруулын таваг шидсэн. Цохих санаа байгаагүй. Хохирогч миний гар дээр гишгэж миний биед гэмтэл учруулсан. Энэ асуудлаар шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулсан. Би өөрийгөө шүүгдэгч биш хохирогч гэж ойлгож байсан...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч   Ж.Отгонбаатарын өгсөн: “... Би эргэж гэртээ ороод ах болон худтай нь архи уусан, тэгээд дахин нэг шил архи аваад талыг нь уучихаад худ нь бие заслаа гээд гарсан чинь ахын гэрт ороод орилж хашгичаад байсан. Тэгээд гараад явангуут Р эгч араас нь гараад, тэгсэн охин Эрдэнэцэцэг нь гарч ирсэнээ ээжийгээ худыгаа хүргэж өгсөнгүй гээд дайраад байсан, тэгэхээр нь би Эрдэнэцэцэгийг алгадсан. Тэгсэн ээжийгээ аваад гэр лүүгээ орсон юм. Тэгсэн Р эгч бурхан тахил болон юмнууд авч шидээд байсан. Тэгсэн Тулга босч ирээд над руу аяга авч шидсэн, намайг оноогүй, Р эгч шаазан том таваг аваад миний толгой руу цохиод толгойны орой дээр гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нацагнямын өгсөн: “... Тулга Р 2 таваг шидээд байсан, тэгсэн Рийн шидсэн таваг Отгонбаатарын толгойг оносон. Тэгээд би Гэмтэлийн эмнэлэг рүү Отгонбаатарыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.23/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7983 дугаартай дүгнэлтэд “Ж.Отгонбаатарын биед дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо... Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.26/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Ү.Р нь 2018 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, 4-43 тоотод иргэн Ж.Отгонбаатарын толгойг тавгаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч   Ж.Отгонбаатарын өгсөн: “... Р эгч шаазан том таваг аваад миний толгой руу цохиод толгойны орой дээр гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нацагнямын өгсөн: “... тэгсэн Ргийн шидсэн таваг Отгонбаатарын толгойг оносон...” гэх мэдүүлэг /хх.23/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7983 дугаартай дүгнэлт /хх.26/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Ргийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ү.Рг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд Ү.Рг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Ү.Ргийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Шүүгдэгч Ү.Р шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ хохирогч Ж.Отгонбаатар нь намайг болон охиныг маань гэмтээсний улмаас бид хохирсон гэх боловч Ж.Отгонбаатарт холбогдох эрүүгийн хэргийг тусад нь үүсгэн шалгаж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.  

          Хохирогч Ж.Отгонбаатар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Ү.Рг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Ү.Ргийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ү.Ргийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Ү.Рд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Ү.Р нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй байх тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй байх бөгөөд шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Ү.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Харнууд овогт Үснэхээгийн Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Рд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ү.Рд сануулсугай.

          4. Ү.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хохирогч Ж.Отгонбаатар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ү.Рд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР