Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00985

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 05 20 210/МА2022/00985

 

 

 

З.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04ий өдрийн 101/ШШ2022/01495 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч З.Мийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оргил, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дэлгэрсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/00246 дугаар захирамжаар З.Алтантуяа, З.Мэ нараас 110,020,472 төгрөг гаргуулж Гарьд капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хөрөнгийн үнэлгээний В.В XXК нь З.Мийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204009469 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 27 дугаар байр, 68 тоот, 2 өрөө, 29 м.кв талбайтай орон сууцыг 79,332,000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тайлангийн хувийг гардаж авахдаа мэдлээ. Миний бие дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн жишиг үнэлгээ 90,000,000 -100,000,000 төгрөг байхад В.В ХХК нь зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг тогтоохдоо 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 68,460,000 төгрөгөөр худалдан борлуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг ашигласан бөгөөд орон сууцны 1 м.кв-ыг нь 1,416,643 төгрөгөөр үнэлсэн нь үл хөдлөх хөрөнгийг минь хэт үнэгүйдүүлсэн гэж үзэж байна. Бодитоор 56 м.кв талбайтай болох нь тайланд бичигдсэнээр тогтоогдох ба одоо 1 м.кв нь 1,400,000 төгрөгийн үнэтэй байр гэж хаана ч байхгүй билээ. Иймд З.Мийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204009469 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 27 дугаар байр, 68 тоот, 2 өрөө, 29 м.кв талбайтай орон сууцыг 79,332,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Төлбөр төлөгч З.Мэ нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд үндэслэлгүйгээр гомдол гаргаж, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 27 дугаар байр, 68 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009469 дугаарт бүртгэгдсэн, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч З.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Шүүгч Д.Ганболдод шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргахад үндэслэл нь тодорхойгүй гэх үндэслэлээр 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүсэлтийг хангахаас татгалзсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хангалттай үндэслэл бол шинжээч үнэлгээ гаргаж, түүнийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байх явдал бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болтол гэж заасан зохицуулалтын агуулга нь гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүх уг ажиллагааг түдгэлзүүлнэ гэж заасан. Шүүхэд уг үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулах гэж байгаа талаархи баримтыг хавсаргаж дахин хүсэлт гаргахад мөн л үндэслэл тодорхойгүй гэж татгалзаж хуралдааныг шууд үргэлжлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь шүүхэд худал тайлбар өгч, уг орон сууцыг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоол гаргасан. Гомдлыг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд зөвхөн автомашинд нь ажиллагаа явуулна гэж тайлбарлаж байсан гүйцэтгэгч нь үнэлгээнд маргаж байхад дуудлага худалдаа зарлаж, уг үл хөдлөх эд хөрөнгө зарагдсан гэж бидэнд мэдэгдсэн. Одоо бид орон сууцгүй болсон бөгөөд уг хуралдаанд мэтгэлцээн явагдаагүй, шүүгч нь гуравдагч этгээдтэй ярилцаж байгаад хэргийг шийдвэрлэсэн. Мөн бидэнд гомдол гаргах эрхийг олгоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхтэй захирамжийг гаргахдаа уг зүйлийг хэрэглэсэн ч бай, хэрэглээгүй ч бай гомдол гаргах эрхтэй байхаар захирамж гаргах хуулийн зохицуулалттай.

5.б. Шүүх хуралдаанд өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргахад уг хүсэлтийг шийдвэрлэж захирамж гаргаагүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

5.в. Гуравдагч этгээд нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр буюу шүүх хуралдааны өмнө хариу тайлбарыг бичгээр гаргасан. Шүүхэд уг тайлбартай танилцах боломж олгож өгнө үү гэж хүсэлт гаргахад хүсэлтийг хангаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс уг тайлбартай танилцаж, шүүх хуралдаанд бэлтгэх хугацаа шаардлагатай байсан боловч шүүгч нь танайх танилцах шаардлагагүй гэж хуралдааныг үргэлжлүүлсэн.

5.г. Шүүгчийг татгалзах хүсэлт гаргахад өөрөө шийдвэрлэсэн нь мөн хуульд нийцэхгүй юм.

5.д. Үнэлгээчин нь орон сууцны дотоод засал, эдэлгээ зэргийг тодорхойлохгүйгээр үнэлгээг гүйцэтгэх боломжгүй бөгөөд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 27 дугаар байрны 68 тоот орон сууцанд биеэр очиж үзээгүй. Үнэлгээний тайлан дээрх зураг бол манай хажуу талын байрны зарах гэж байсан айлын зургийг интернэтээс татан авч байршуулсан нь үнэлгээ бодитой гараагүйг илэрхийлж байна. Харьцуулсан орон сууцны зар нь байрны үнэ хямд байх үеийн зар байсныг бид олж мэдсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

 

2.   Нэхэмжлэгч З.Мэ нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх

газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

3.а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч З.Мэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг /хх-6/ шүүх хангаж шийдвэрлэсэн ба /хх 22-23/ уг захирамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзориг нь гомдол гаргаснаар /хх-86/ шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна. /хх-99/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оргил нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт дахин гаргасныг шүүх 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2022/06991, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2022/08076 дугаар захирамжуудаар хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /хх 102-103, 131-132/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлж болохоор зохицуулжээ.

Хуулийн дээрх заалт нь хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг заавал түдгэлзүүлэхээр үүрэг болгосон зохицуулалт биш тул шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангаагүй гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

3.б. Шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан өгөхөд татгалзан гаргах хүсэлт гараагүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн ба хэрэг хэлэлцэж эхлэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангаагүй гэх үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг өөрөө шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

3.в. Харин шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гуравдагч этгээдийн шинээр гаргасан нотлох баримт, бичгээр гаргасан тайлбартай холбогдуулан нэмэлт тайлбар гаргах, өмгөөлөгч авах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг зөрчсөн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул үнэлгээний талаар гаргасан гомдолд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04ий өдрийн 101/ШШ2022/01495 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч З.Мээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.БЯМБАСҮРЭН