Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 361

 

Р.А-ийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн Улсын бүртгэлийн

хэлтэст холбогдох захиргааны

хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

       Шүүгчид:                   Х.Батсүрэн

                                         М.Батсуурь

                                         Д.Мөнхтуяа

       Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дүгээр захирамжийг хэрэгжүүлж, үрчлэлтийн бүртгэл хийлгэхийг даалгах”

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 418 дугаар магадлал,  

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Р.А-ийн Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дүгээр захирамжийг хэрэгжүүлж, үрчлэлтийн бүртгэл хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 418 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Р.А-аас Дорнод аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дугаар захирамжийг хэрэгжүүлж, нэхэмжлэгч Р.А-нд үрчлэлтийн бүртгэл хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох Б.Г-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Р.А, түүний өмгөөлөгч Д.У нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хэрлэн сумын Засаг даргын А/289 дүгээр захирамжийг хүчингүйд тооцоогүй, энэ захирамж нь хууль зөрчсөн, хууль бус захиргааны акт биш бөгөөд уг шийдвэр нь захирамжилсан, даалгасан шинжтэй заавал биелэгдэх хууль зүйн үр дагавартай шийдвэр бөгөөд энэ захирамжийн үндэслэл болон хийгдсэн иргэд хоорондын хэлцэл хүчин төгөлдөр юм. Хамгийн гол нь 6 настай Б.А-д гэх хүүд эрх зүйн үр дагавар үүсч байгаа юм. Тэгэхээр Б.А-д хүүгийн үрчлэлтийг бүртгэхгүй байснаар, мөн сумын Засаг даргын захирамжаар Б.Г-д үрчлэгдэх шийдвэр гарснаар одоо хэний хүүхэд гэж хэлэгдэх вэ гэсэн асуудал гарч байна. Энэ үр дагавар хамгийн чухал бөгөөд эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм.

4. Хүүхдийн үрчлэлтийн бүртгэлийг хийхгүй байснаар хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдөн хэдийгээр үрчлэн авч буй эх Р.А-нд үрчлэлт хийх эрх зүйн хувьд боломжтой ч гэсэн Засаг даргын захирамж гарснаар үрчлэлт хүчин төгөлдөр хэвээр байсаар байна. Үрчлэлтийн бүртгэл хийлгэхдээ эцэг, эхийн хэн нэг нь очиж, хэн нэг нь бүртгэсний дараа гэрчилгээ авч болно. Нас барсан этгээдэд хүүхэд үрчлүүлэх захирамж гараагүй, амьд сэрүүн байхад нь гарсан захирамж ба захирамжаа бүртгүүлэхээс өмнө бүртгүүлсэн байгаа нь захирамжийн үр дагавар, үр нөлөөг өөрчлөх юм. Эцсийн үр дүндээ нэгэнт үрчлэн авсан тэжээгч нь нас барснаар тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх үүсэх нь Б.А-ын хувьд эрх, ашиг сонирхлыг хамгаалах шийдвэр биз ээ. Б.Г, Р.А нарт үрчлүүлэх захирамж 08 дугаар сарын 01-ний өдөр гарсан хүчин төгөлдөр захирамж. Хэрвээ захирамж гарч амжаагүй байхад үрчлэн авагч нас барсан бол заавал бүртгүүлнэ гээд маргаад явахгүй.

5. Нэгэнт захирамж гарчхаад байхад захирамжийг биелүүлэхгүй байх нь эс үйлдэхүй болно. Энэ захирамжийн хувьд одоог хүртэл үйлчлэл нь зогсоогүй, хүчингүйд тооцсон шийдвэр гараагүй. Б.Г-ын нас барахаасаа өмнө хийсэн хүүхэд үрчлэн авах тухай хэлцэл нь хүчин төгөлдөр бөгөөд эрх зүйн үр дагаврыг бий болгосон. Нэгэнт Б.Г, Р.А нарт үрчлэгдсэн шийдвэр гарсан байхад цаашид хүү Б.А-д нь хуульд зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх үүснэ. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх ёстой. Эцэг Б.Г нь ч хүүхдээ үрчлэн авах хүсэлт нь хангагдсан болохыг нас барахаасаа хэдхэн цагийн өмнө мэдсэн бөгөөд зүрхний ишеми оношоор нас барсан хүн гэнэтийн үйл явдалд баярлаж зүрх нь хаагдсан байхыг үгүйсгэх аргагүй.

6. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь заалтын дагуу хэлцэл хүчин төгөлдөр байх үндэслэлтэй бөгөөд энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцоогүй байхад эрх зүйн үр дагавар үүссэн Б.А-тай холбогдуулан үрчлэлт хэвээр байх үндэслэлтэй юм. Р.А-аар үрчлэлтийг нь бүртгэж авахгүй байсан захиргааны байгууллагын шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс буруутган эх Р.А-нд бүртгэх шийдвэр гаргасан нь үндэслэлтэй боловч эцэг нь насан эцэслээгүй байхад гарсан захирамж бол хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд Улсын бүртгэлийн байгууллагын татгалзаж буй үндэслэл нь хуулийн зарчим бөгөөд үндэслэл бүхий татгалзал биш, үүнийг үндэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт өөрчлөлт оруулан Хэрлэн сумын Засаг даргын А/289 дүгээр захирамжийг хэрэгжүүлж, Б.А-ын үрчлэлтийг Б.Г, Р.А нарт үрчлэлт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж маргааныг эцсийн байдлаар иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 418 дугаар магадлалаар “...нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дүгээр захирамжийг хэрэгжүүлж, нэхэмжлэгч Р.А-нд үрчлэлтийн бүртгэл хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох Б.Г-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон...шийдвэрлэжээ.

8. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үйл баримтыг дүгнэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Р.А нь Б.А-ыг зөвхөн өөрийн нөхөр Б.Г-ын нэр дээр үрчлэлт хийлгэх талаар маргаж нэхэмжлэл гаргасан. Өөрөө ч шүүх хурал дээр нөхөр Б.Г-ын нэр дээр л Б.А-ын үрчлэлтийг бүртгүүлнэ, өөрийн нэр дээр хүү Б.А-ыг бүртгүүлэхгүй гэж маргаж байхад давж заалдах шатны шүүх эсрэгээр нэхэмжлэгч Р.А-ийн нэр дээр Б.А-ын үрчлэлтийг бүртгэхийг даалгаж, шийдвэрлэсэн нь буруу байна. Нэхэмжлэгчийн гол зорилго нь тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах зорилготой. Энэ талаар ч нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо дурдсан байна. Анхан шатны шүүх болон манай байгууллагын зүгээс Б.А-ыг Р.А-нд үрчлүүлэх асуудлыг Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дүгээр захирамжийн дагуу шийдвэрлэх боломжтой гэдгээ шүүх хурал дээр тодорхой тайлбарласаар байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлд дурдаагүй асуудлаар шийдвэр гаргаж хууль зөрчсөн. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулав.

10. Нэхэмжлэгч Р.А-аас Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дүгээр захирамжийг хэрэгжүүлж, үрчлэлтийн бүртгэл хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн гол зорилго нь үрчилж авсан хүүхэд болох Б-ын А-ыг өөрийн нөхөр талийгаач Б.Г-ын нэр дээр бүртгүүлэх /овоглох/, улмаар хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авах эрхийг бий болгохыг хүссэн байна.

11. Шүүхүүдийн дүгнэсэнчлэн, Г-ын Б, Ц-ийн А нар нь өөрийн төрсөн хүү Б.А-ыг өөрийн төрсөн аав Б-ийн Г, ээж Р-ийн А нарт үрчлүүлэхийг зөвшөөрсөн өргөдлийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, Б.Г, Р.А нар нь өөрийн төрсөн хүүгийн хүүхэд Б.А-ыг үрчилж авахыг хүссэн өргөдлийг бусад холбогдох баримтуудын хамт 2019 оны 6 дугаар сарын 30, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт гаргасан, уг хүсэлтийн дагуу Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгааллын мэргэжилтэн Ж.С “Б.А-ыг үрчлэн авахтай холбогдуулан бичиг баримтад хийсэн 15 дугаар дүгнэлт”-ийг 2019 оны 07 дугаар сарын 31-нд гаргаж, Засаг даргад хүргүүлсэн, уг дүгнэлтийг үндэслэн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дүгээр захирамжаар Б-ын А-ыг Б.Г, Р.А нарт үрчлүүлэхийг зөвшөөрсөн, харин Б.Г нь уг захирамж гарсан өдөр нас барж, улсын бүртгэлийн байгууллагад нас барсны бүртгэлийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлсэн үйл баримт тогтоогджээ.

12. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.Г-ын иргэний эрх зүйн чадвар дуусгавар болсон тул үрчлэлтийг бүртгэх боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх энэхүү Иргэний хуулиас гадна Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн “нас барсан этгээдэд хүүхдийг үрчлүүлсэн бүртгэлийг хийлгэхээр даалгах нь эдгээр хуульд заасан хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болно” гэсэн үндэслэлээр Б.Г-д үрчлэлтийн бүртгэл хийлгэх үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, харин Засаг даргын захирамж хэвээр байгаа тул уг захирамжийн дагуу Б.А-ыг Р.А-ийн үрчлэлд бүртгэхэд хуульд заасан харшлах нөхцөл байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б-ын А-ыг Р-ийн А-нд үрчлүүлснийг бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна.

13. Учир нь, шүүхүүд хэргийг шийдвэрлэхдээ үрчлүүлэхийг зөвшөөрсөн Засаг даргын захирамжаас үрчлэлтийг бүртгэх бүртгэл нь тусдаа бие даасан эрх зүйн үр дагавар үүсгэх захиргааны акт мэтээр дүгнэж, хэрэглэх ёстой Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийг хэрэглэлгүйгээр, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрлэжээ.

14. Тодруулбал, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.“Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлж, хүүхдийн оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргад өөрийн биеэр хандана...”, 11.4.“Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 11.1, 11.3-т заасан баримт бичгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл хүүхэд, гэр бүл, нийгмийн асуудал хариуцсан ажилтнаар дүгнэлт гаргуулна”, 11.5.“Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг энэ хуулийн 11.4-т заасан дүгнэлтэд үндэслэн 20 хоногийн дотор гаргана” гэсэн хуульд заасан журмын дагуу Б.А-ыг Б.Г, Р.А нарт үрчлүүлэхийг зөвшөөрсөн эрх бүхий сумын Засаг даргын захирамж гарч, хүчин төгөлдөр болсон, өөрөөр хэлбэл уг үрчлэлтийг зөвшөөрсөн захирамжийг Засаг дарга өөрөө, эсхүл шүүхээс хууль бус гэж үзсэн, эсхүл хүчингүй болгосон шийдвэр байхгүй байна.

15. Энэ тохиолдолд Улсын бүртгэлийн байгууллага нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ” гэсний дагуу үрчлэлтийг бүртгэж, гэрчилгээнд тэмдэглэх л үүрэгтэй болохоос бус улсын бүртгэгч нь үрчлэлт хууль ёсны эсэхийг, эсхүл “боломжтой” эсэхийг шалган шийдвэрлэх, улмаар татгалзах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэгч нь үрчлэлтийн асуудлыг бие даан шийдвэрлэх бус харин эрх бүхий этгээдийн шийдвэрийг албажуулж, гэрчилгээжүүлэх л үүрэгтэй, үүгээрээ иргэний улсын бүртгэл нь бусад бүртгэлээс, тухайлбал бүртгэх эсэхийг улсын бүртгэгч шийдвэрлэдэг, бүртгүүлснээр эрх үүсдэг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл зэргээс ялгаатай байна.  

16. Маргаан бүхий бүртгэл нь агуулгын хувьд Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д заасан “Эцэг нь нас барснаас хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг эцгийн овог, нэрээр энэ хуулийн 6.1-д заасан баримт бичиг болон нас барсны гэрчилгээг үндэслэн бүртгүүлж болно” гэсэнтэй ч адилтган үзэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, “эцэг нь нас барсан тул хүүхдийг эцгийн нэрээр нь бүртгэх боломжгүй” гэж үзэхгүйтэй адил юм.

17. Түүнээс гадна, Б.А-ыг Б.Г-ын нэр дээр үрчлүүлсэн бүртгэлийг хийснээр Б.А-нд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авах боломжтой болох ба ингэснээр шүүхийн шийдвэрт заасан Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн зохицуулалтад нийцэхээс бус хүүхдийн эрхийг ноцтой зөрчих үр дагавар үүсэхгүй юм.

18. Иймээс “...Хэрлэн сумын Засаг даргын А/289 дүгээр захирамжийг хүчингүйд тооцоогүй, энэ захирамж нь хууль зөрчсөн, хууль бус захиргааны акт биш бөгөөд уг шийдвэр нь захирамжилсан, даалгасан шинжтэй заавал биелэгдэх хууль зүйн үр дагавартай, ...Нас барсан этгээдэд хүүхэд үрчлүүлэх захирамж гараагүй, амьд сэрүүн байхад нь гарсан захирамж юм, ...Эцсийн үр дүндээ нэгэнт үрчлэн авсан тэжээгч нь нас барснаар тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх үүсэх нь Б.А-ын хувьд эрх, ашиг сонирхлыг хамгаалах шийдвэр болно...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-6-д заасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

19. Харин “давж заалдах шатны шүүх нэхэмжлэлд дурдаагүй асуудлаар шийдвэр гаргаж хууль зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээнэ үү” гэсэн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-8-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

20. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд “нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан” өөрчлөлт оруулахаар тогтов.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 418 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасныг баримтлан Р.А-аас Дорнод аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж, Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дүгээр захирамжийг хэрэгжүүлж, Б.Г, Р.А нарт үрчлэлтийн бүртгэл хийлгэхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчилж,  магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

     

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ