Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 393

 

Б.Г, Л.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Ганбаяр, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхцэцэг, О.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 478 дугаар магадлалтай, Б.Г, Л.Ц нарт холбогдох 1908045611391 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Ганбаяр, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2012 оны 8 дугаар сарын 21-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, 2019 оны 5 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Жарангийнхан овогт Б.Г,

2.Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2018 оны 12 дугаар сарын 17-нд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэгдсэн, Өөлд овогт Л.Ц нар нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г, Л.Ц нарт холбогдох хэргээс “хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Б.Г, Л.Ц нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Г, Л.Ц нарыг тус бүр 3 жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1719 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалт дахь шүүгдэгч Л.Цийг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, хорих ялуудыг нэмж нэгтгэн Л.Цийн нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч Б.Г, Л.Ц нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн домкрат, тахир төмөр гар, дугуйн түлхүүр зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, иргэний нэхэмжлэгч Ц.Бын өмчлөлийн 90-15 УНИ улсын дугаартай, “Тoyotа” загварын “Pruis 20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгчид нь буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г, Л.Ц нарт холбогдох хэргийн “Хулгайлах” гэмт хэргийн “...тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж...” гэсэн хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1719 дугаартай шийтгэх тогтоолын тоггоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан гурван жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн Л.Цийн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/-ын хугацаагаар тогтоосугай...” гэж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн Ц.Бын өмчлөлд бүртгэлтэй 90-15 УНИ улсын дугаартай “Toyota Pruis 20” загварын тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ц, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Ганбаяр гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хулгайлах гэмт хэрэг үйлдэх үедээ “...учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан...” гэх үйлдэл нь дараах нь үндэслэлээр няцаагдаж байгаа юм.

1.Нотолгооны хувьд хулгайлах гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл ашигласан гэх шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс өөр ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлагдаагүй болно. Харин гэмт хэрэг төгссөнөөс хойш тээврийн хэрэгслийнхээ тээшинд агуулж байсныг нотлох үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг байх боловч энэ нь гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэж үзэх нотолгоо болохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8, 9 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж, мөн зүйлийн 8.3-т “Яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” хэмээн хуульчилсан. Нотлох баримтгүйгээр дан ганц яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.”гэж хуульчилсан.

3.Хохирогч О.Дгийн “...Шөнө намайг 02 цагийн үед тагтан дээрээ тамхи татаад зогсож байхад миний машины хажууд үл таних 2 залуу сэжиг бүхий байдалтай зогсож байсан. Би тухайн 2 залууг байж магадгүй гэж бодож байна. Тэр 2 залуу саарал өнгийн Тоуоtа Рruis 20 маркийн автомашинтай явж байсан....” гэх мэдүүлэг нь өөрөө эх сурвалжаа тодорхой зааж хэлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар дангаараа нотлох баримт болохгүй.

Иймээс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 сарын 27-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 2020 оны 4 сарын 16-ний өдрийн 478 дугаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхцэцэг гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...1.Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх “...Энэ хэрэгт битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч Ц.Бын өмчлөлийн 90-15 УНИ улсын дугаартай Тоуоtа загварын Рruis 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгчид нь буцаан олгож, энэ талаар иргэн Д.Цт мэдэгдсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн Ц.Бын өмчлөлд бүртгэлтэй 90-15 УНИ улсын дугаартай “Тоуоtа Рruis 20” загварын тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай...” гэж өөрчлөн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж хуульчилсан. Хуулийн дээрх зүйл, заалтаас үзвэл гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь баримтаар нотлогдсон, тогтоогдсон тохиолдолд л түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулагдах учиртай.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж дүгнэхдээ Төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагаас гаргаж өгсөн лавлагаа, тодорхойлолт, зээлийн болон фидуцийн гэрээ зэрэг албан баримтууд, мөн өмчлөх эрх нь зөрчигдөж, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөний улмаас нэхэмжлэл гарган оролцсон иргэн Ц.Бын мэдүүлэг, шүүхийн шийдвэр болон бусад бичгийн баримтуудаар нотлогдсон үйл баримтыг үнэн зөв үнэлээгүй, мөн дээрх автомашины өмчлөлийн байдлыг Л.Ц, Б.Г нар нь учрах саадыг арилгах зорилгоор Л.Цийн өмчлөлийн 90-15 УНИ улсын дугаартай Тоуоtа Рruis 20 загварын автомашиныг ашиглаж...”, “...2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “....Тоуоtа Рruis, улсын дугаар: 90-15 УНИ, хөрөнгийн үнэ: 7 000 000 ...” гэсэн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ зэргээр уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь гэрээ байгуулах үед Д.Ц байсан, “ААС Инвест” ББСБ-аас бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар зээлсэн 4 сая төгрөгийн зээлийн гэрээний барьцаалбар болгож тус автомашины өмчлөгчөөр Ц.Быг бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна”, “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээний “...өмчлөгч Ц Б...” гэсэн бүртгэлээр уг тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгчийг Л.Ц гэж үзэх үндэслэлгүй”, “...4 сая төгрөгийн зээлийн гэрээний төлбөрийн төлөөгүй төлбөрийг тус тээврийн хэрэгслийн үнээс биелүүлэх тул бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар зээлсэн 4 сая төгрөгийн зээлийн гэрээний үүргийг биелүүлэх баталгаа болгож барьцаалсан эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийг бүхлээр нь зээлдэгчийн /Ц.Бын/ өмч гэж үзэхгүй. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 90-15 УНИ улсын дугаартай Тоуоtа Рruis 20 загварын автомашин нь Л.Цийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь ...Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн баримт болох тус тээврийн хэрэгслийн өмнөх өмчлөгчдийн “...90-15 УНИ улсын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн Тоуоtа Рruis маркийн автомашиныг Д.Цын нэр дээр шилжүүлж өгнө үү... гэсэн хүсэлт, баримтууд ... зэргээр нотлогдож байна” гэх зэргээр олон янзаар тодорхойлж, зөрүүтэй бөгөөд үндэслэлгүй дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 90-15 УНИ улсын дугаартай Тоуоtа Рruis 20 маркийн автомашин нь иргэн Ц.Бын өмчлөлийн автомашин болох нь Улсын бүртгэлийн шилжилт хөдөлгөөн болон Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтсийн лавлагаа, хавтас хэрэгт бэхжүүлэгдсэн бусад баримтуудаар хангалттай нотлогддог. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, мөн хуулийн 182 дугаар зүйлийн 182.2.2-т “Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрх болон мэдэгдлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хөдлөх эд хөрөнгийн өмчлөл шилжсэн гэж үзэхэд ...Хууль буюу гэрээнд өөрөөр заасан...” байх зайлшгүй нөхцлийг анхаарах ёстойг, мөн хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шинээр үүссэн болон өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох үйл баримт зөвхөн улсын бүртгэлд үндэслэгдэхийг тодорхой зохицуулсан. Түүнчлэн автотээврийн хэрэгслийг эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг шууд зохицуулж байгаа “Автотээврийн тухай” хуулийн 171 дүгээр зүйлээр “Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн тухай” асуудлыг хуульчилсан.

Тодруулбал, “Автотээврийн тухай” хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” гэж заасан. Хуулийн дээрх заалтаас үзвэл, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний автотээврийн хэрэгслийн өмчлөх эрх зөвхөн автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагын бүртгэл, “тээврийн хэрэгслийн гэрчилгээ” зэрэг албан баримтаар нотлогдох ёстой болохыг хангалттай илтгэн харуулж байгаа юм.

Анхан шатны шүүхээс энэ талаар “...Тээврийн хэрэгсэл нь хөдлөх эд хөрөнгө боловч зарим төрлийн хөдлөх эд хөрөнгөөс эрх шилжүүлэх байдлаараа нэлээд ялгаатай. Тодруулбал, тээврийн хэрэгслийг бусдад худалдах, бусдаас худалдан авах эрх зүйн харилцаа нь заавал улсын бүртгэлд бүртгэгдсэний үндсэн дээр хууль ёсны болдог онцлогтой. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд 90-15 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч нь Ц.Б болох нь тогтоогдсон, шүүгдэгч Л.Цийн эзэмшилд шилжиж очсон нөхцөл байдал нь хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд иргэний нэхэмжлэгч Ц.Бын өмчлөлд албан ёсны бүртгэлтэй “Тоуоtа загварын Рruis 20” маркийн 90-15 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгчид нь буцаан олгож, харин автомашинаа барьцаанд тавьсан боловч бусдад шилжүүлсэн гэх иргэн Д.Цт мэдэгдэх нь зүйтэй” гэж хуулийн үндэслэлтэй зөв дүгнэж, энэ хэргийн иргэний нэхэмжпэгчид холбогдох хэсгийг үнэн зөв, үндэслэлтэй шийдвэрлэсэн.

Харин давж заалдах шатны шүүхээс автомашины өмчлөлийг тогтоохдоо хуулийн хүрээнд зөв тайлбарлаж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй ба хуулийн ямар ч гаргалгаагүй, үндэслэлгүй, буруу дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

2.Мөн иргэн Ц.Бын өмчлөлийн автомашиныг хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулахаар хураан авсан буюу “улсын орлого болгосон” нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”, 1.4 дүгаар зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-уудтай зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл, иргэн Ц.Б нь гэм буруутай этгээд биш учраас тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэггүй ба түүний өмчлөлийн эд хөрөнгийг хураан авсан нь Эрүүгийн хуулийн 1.3.3 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй”, мөн хуулийн 1.4.1 дүгаар зүйлд “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн зүйл заалтуудтай зөрчилдөж, Эрүүгийн хуулийн “Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах” зорилгод нийцээгүй шийдвэр болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Ц.Бын өмгөөлөгч О.Эрдэнэчимэг хэлсэн саналдаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь баримтаар нотлогдсон, тогтоогдсон тохиолдолд л түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулагдах учиртай. Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгсэл иргэн Ц.Бын өмч байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байхад улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд төрөлжсөн бүртгэлийн жагсаалтыг Засгийн газар батална гэж заасны дагуу хийгдсэн бүртгэлээр 90-15 УНИ улсын дугаартай автомашин иргэн Ц.Бын өмч болох нь тогтоогдож байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүх Л.Цийн өмч гэж тогтоосон, магадлалд заасан нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй. Л.Ц 2017 онд худалдаж авсан гэх боловч тухайн хугацаанд Д.Цын өмчлөлд байсан болох нь лавлагаагаар тогтоогдож байгаа. Тухайн автомашин 2018 оны 5 дугаар сард Д.Ц нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээгээр Ц.Бын нэр дээр шилжүүлсэн байдаг. Гэтэл шүүх зээлдүүлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн дүгнэлт хийсэн буюу тухайн автомашинаар зээлийн гэрээний үүрэг хангагдах ёстой. Мөн автомашин ашигласан гэх асуудал нотлох баримтаар бүрэн гүйцэд шийдвэрлэгдээгүй байсан. Иймд иргэний нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх “хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн. Учир нь гэм буруутайд тооцох эсэх нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Давж заалдах шатны шүүх хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн нь зөв хэдий ч хуулиар олгогдоогүй эрхийг эдэлсэн байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Ганбаяр, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Г, Л.Ц нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч Б.Г, Л.Ц нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 4-нөөс 9-ний хооронд 4 удаагийн давтан үйлдлээр, шөнийн цагаар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тоуоtа Рruis 20” загварын 90-15 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, домкрат, тахир төмөр гар, дугуйн түлхүүр зэргийг ашиглан бусдын тээврийн хэрэгслээс 10 ширхэг обудтай дугуй болон 2 талын хормойг хулгайлж, нийт 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Б.Г, Л.Ц нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ үйлдлээ хялбарчлах зорилгоор “Тоуоtа Рruis 20” загварын тээврийн хэрэгслээс гадна өргөгч буюу домкрат, дугуйн түлхүүр зэргийг ашигласан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “машин механизм ашигласан” шинжид хамаарч байхад анхан шатны шүүх нэр бүхий шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж дүгнэсэн нь буруу байна.

Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Ганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарах Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн “Тайлбар” хэсэгт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно гэж хуульчлан заасан бөгөөд автомашины домкрат, дугуйн түлхүүр, тахир төмөр гар зэрэг нь дээрх тайлбарт заасан аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалтаар бүтээгдсэн эд зүйлийн шинжийг хангахгүйгээс гадна шүүгдэгч нар нь дээрх эд зүйлийг хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг биш, харин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийг хялбарчлах зорилгоор ашигласан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон тул прокуророос шүүгдэгч Б.Г, Л.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэв.

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирлын шинж чанарыг харгалзан шүүгдэгч Б.Г, Л.Ц нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар тус бүр 3 жил хорих ял шийтгэж, шүүгдэгч Л.Цт өмнөх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, хорих ялуудыг нэмж нэгтгэн Л.Цийн нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч Б.Г, Л.Ц нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцжээ.

Харин шүүгдэгч  Б.Г, Л.Ц нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоуоtа Рruis 20” загварын 90-15 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Ц.Бын өмчлөлийнх болох нь тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх уг тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь иргэний нэхэмжлэгч Ц.Бын эрхийг зөрчсөн талаар өмгөөлөгч Ч.Мөнхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхийн холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г, Л.Ц нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоуоtа Рruis 20” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 6.000.000 төгрөгийг /1хх-98/ хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх талаар шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Ганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 478 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г, Л.Ц нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 6.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 3.000.000 /гурван сая/  төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсугай.

2.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн Ц.Бын өмчлөлд бүртгэлтэй 90-15 УНИ улсын дугаартай “Toyota Pruis 20” загварын тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай” гэж өөрчилсөн давж заалдах шүүхийн магадлалын тогтоох хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Ганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН     

                                                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН