Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/01318

 

 

 

 

 

 

 

2022 07 18 210/МА2022/01318

 

Ц.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/00888 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Дгийн хариуцагч Ч.Тд холбогдуулан барьцаа 7,500,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд 2,168,340 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ц.Д нь Ч.Тгээс Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхон/13312/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 723 дугаар байрны 49 тоот, улсын бүртгэлийн Ү-2204077238 дугаартай, 112.4 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 226,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэлцэл байгуулсан. Орон сууцыг анх авахдаа барьцаа болгон 10,000,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ч.Тгийн Хаан банкны 5163258017 дугаартай дансанд шилжүүлэн өгсөн. Сар бүр түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөг төлж байгаад бөөнд нь үндсэн төлбөрөө өгөөд үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж авахаар тохирсон. Талууд гэрээгээ харилцан тохирч цуцалсан бөгөөд байрыг нь чөлөөлж гарахад 2,000,000 төгрөгийг над руу дансаар шилжүүлж өгсөн. Ч.Т бидний хооронд байгуулсан хэлцлийн дагуу барьцаа болгон төлсөн 10,000,000 төгрөгнөөс 8,000,000 төгрөг үлдсэн. Үүнээс сүүлийн сарын түрээснээс үлдсэн 500,000 төгрөгийг хасч нийт 7,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Ц.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Дтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээг харилцан тохиролцож, бичгээр хэлцэл байгуулж, нотариатаар батлуулсан. Орон сууцны үнэ болох нийт 226,000,000 төгрөгийг 2021 оны 1 дүгээр улиралд багтаан 100,000,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах, орон сууцны нийт үнийг төлж дуусгах хүртэл орон сууцанд амьдрах хугацаандаа сар бүр 1,500,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээсэн. Ц.Д нь 2021 оны 01 дүгээр улиралд багтаан эхний 100,000,000 төгрөгийг төлсөн нөхцөлд орон сууцны сарын түрээсийн төлбөрийг 600,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан хэлцлийн 3 дугаар зүйлд заасны дагуу Ц.Д надад 10,000,000 төгрөгийн барьцааны мөнгийг шилжүүлэн өгсөн. Гэрээ цуцлагдсан тохиолдолд барьцааны мөнгийг буцаан олгохгүй байхаар талууд тохиролцож хэлцэлд тусгасан. Ц.Д нь хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчиж, орон сууцны үнийг тогтоосон хугацаандаа төлөөгүй. 2021 оны 11 дүгээр сарын эхээр Ц.Дтэй холбогдож, түүний хэлсний дагуу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сүүлийн хугацаа өгсөн боловч тэрээр орон сууцны төлбөрөө төлөөгүй тул орон сууцаа чөлөөлүүлж авсан. Ц.Д нь байрыг чөлөөлж өгөхгүй байсан тул аргагүй эрхэнд 2,000,000 төгрөгийг нь буцаан өгсөн, талуудын хооронд байгуулагдсан гэрээ ёсоор бол би барьцааны мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг нь буцаан өгөх ёсгүй. Иймд Ц.Дгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ц.Д нь миний орон сууцанд түрээсээр амьдрах хугацаандаа ашиглалтын бүх зардлыг хариуцан төлөх үүрэг хүлээсэн. Гэтэл өөрийн хэрэглэсэн, орон сууцны ашиглалттай холбогдох СӨХ-ийн 6 сарын төлбөр 275,040 төгрөг, орон сууц ашиглалтын зардал 293,300 төгрөг, 2020 оны түрээсийн төлбөрт 1,000,000 төгрөг, нийт 1,568,340 төгрөг, мөн уг орон сууцанд амьдарч байхдаа гадна хаалганы цоож эвдэж 200,000 төгрөг, жижиг өрөөний цоож 200,000 төгрөг, том өрөөний цонх хагалсан 200,000 төгрөг нийт 600,000 төгрөгийг төлөөгүй тул нийт 2,168,340 төгрөгийг Ц.Дгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан татгалзал тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2,168,340 төгрөгөөс 568,340 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 8,000,000 төгрөгөөс хасч тооцсон учраас 2021 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 2020 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг Ч.Т өөрөө хөнгөлсөн учир 500,000 төгрөгийг төлөхгүй. Гадна талдаа ухаалаг цоож хийсэн байсан. Нүүхдээ цоожоо тайлж аваад цоожны гол нь онгорхой үлдсэн байсан. Тухайн үед 100,000 төгрөгөөр солиод өгье гэхэд яарч байна, дараагийн хүн орох гэж байна өөрөө солиулъя гэж хэлсэн. Хөшиг 200,000 болно гэж бодохгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй, хэмжээ нь жижиг порчик, зах зээлийн ханшаар 40,000-50,000 төгрөг л болох байх. Иймээс 200,000 төгрөгөөс 100,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Модон хаалганы цоож зах зээлийн ханшаар 50,000 төгрөг гэж үзэж эвдсэн гэх 600,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Тгээс 7,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Дд олгож, Ч.Дэлгэрмөрөнгөөс 768,340 төгрөг гаргуулан Ч.Тд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Тгээс 134,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Дд олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ц.Дгөөс 22,990 төгрөг гаргуулан Ч.Тд олгож, Ч.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгөөс 35,819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 99,131 төгрөгийг улсын орлогоос гаргуулан Ч.Тд олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ц.Д нь орон сууцны үнийг төлөөгүй тул 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр орон сууцны түлхүүрийг шилжүүлэн авсан. Гэрээнээс татгалзах болон гэрээ цуцлах ойлголтууд нь ялгаатай. Талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хиймэгц биелэх шинж чанартай бус нэг жилийн хугацаанд үргэлжилсэн, хэлцлийн үр шимийг нь нэхэмжлэгч тал орон сууцыг хямдхан түрээслэх байдлаар хүртсэн тул шүүхийн дүгнэсэнчлэн гэрээнээс татгалзсан гэж үзэхгүй. Ч.Т болон Ц.Д нарын хооронд байгуулсан хэлцэл нь орон сууц хөлслөх болон худалдах, худадан авахтай холбоотой тохиролцоог давхар агуулсан. Орон сууц хөлслөхтэй холбоотой харилцааг хэвээр үлдээж, цаашид үргэлжлэх орон сууц хөлслөх болон худалдах, худалдан авахтай холбоотой үүсэх үүргийн харилцааг дуусгавар болгосон буюу цуцалсан. Тус хэлцлийн 3-т заасан барьцаа 10,000,000 төгрөг нь Ц.Д үүргээ зохих ёсоор биелүүлэх баталгаа болгож өгсөн төлбөр юм. Хэрэв Ц.Д нь үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд уг барьцаа 10,000,000 төгрөг нь орон сууцны үнээс хасагдах байсан. Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан Хэлцэл гэх гэрээний 3-т заасан заалтыг хүчин төгөлдөр бус гэж дүгнээгүй, хүчингүй гэж үзээгүй тул талуудын тохиролцсоны дагуу энэхүү заалт хэрэгжих ёстой. Гэтэл шүүхээс намайг гэрээнээс татгалзсан гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч Ч.Т надаас 7,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан гомдолд анхан шатны шүүх гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэлцэл байгуулсан талаар талууд маргаагүй бөгөөд хэлцлийн явцад худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих боломжтой байсан. Ч.Т нь орон сууцыг 1 м.квадратыг 2,800,000 төгрөгөөр худалдаж ав, боломжгүй бол орон сууцаа өндөр үнэд худалдана гэж Ц.Дг орон сууцнаас гаргасан. Орон сууцнаас гарах үед 10,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 8,000,000 төгрөгийг нотариатаар гэрээ байгуулж, бага багаар төлнө гэж хэлсэн. Хэлцэлд гэрээг цуцалсан тохиолдолд 10,000,000 төгрөгийг буцаан олгохгүй гэж заасан. Мөн талуудын орон сууц чөлөөлж өгсний дараа харилцсан фэйсбүүк зурваст үзлэг хийсэн. Энэ талаар талууд тухайн үед болсон асуудлыг үнэн гэж зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон улсын тэмдэгтийн хураамжийн өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч Ч.Тд холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний барьцаа болох 7,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 2,168,340 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх 1, 100-102/

3. Хэргийн баримтаас үзэхэд зохигчид 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэлцэл байгуулж, уг хэлцлээр Ч.Т нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхон, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 723 дугаар байрны 49 тоот, 112.4 м.квадрат талбайтай, 4 өрөө орон сууцыг 226,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Ц.Д нь уг төлбөрийг 12 сарын хугацаатайгаар төлж барагдуулах буюу сар бүрийн 06-ны өдөр 1,500,000 төгрөг төлөх ба 2021 оны 1 дүгээр улиралд 100,000,000 төгрөгийг Ч.Тд төлснөөр дараагийн түрээсийн төлбөрийг 600,000 төгрөгөөр бууруулахаар талууд тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хэлцлээр тогтоогдсон. /хх 1, 5, 18-19/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

Хариуцагч Ч.Т нь орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч Ц.Д орон сууцны барьцаа болох 10,000,000 төгрөгийн үлдэгдэл 7,500,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэжээ.

5. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хуваарилах Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчтой биш байх тул энэ үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэгч Ц.Дгийн хүлээн зөвшөөрсөн 768,340 төгрөгийг хангаж, үлдэх 1,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

 

6. Шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сард гэрээгээ цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, улмаар 2021 оны 12 дугаар сард орон сууцыг чөлөөлсөн бөгөөд барьцаанаас 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч хариуцагчийн суутган авсан 7,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэгч нь өөрөө гэрээ цуцлах хүсэлт гаргасан учраас барьцаа мөнгийг буцаан өгөх үндэслэлгүй гэж татгалзжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан хэлцлээр худалдан авагч талаас гэрээний үүргийн биелэлтийн барьцаанд 10,000,000 төгрөгийг өгөх, уг барьцаа мөнгө нь үндсэн төлбөрөөс хасагдахаар харилцан тохиролцсон байх ба гэрээг цуцалсан гэх үндэслэл зааж, гэрээний 3-д зааснаар хариуцагч барьцаа 7,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөхөөс татгалзжээ.

Гэрээний 3-д гэрээ цуцалсан тохиолдолд барьцааны мөнгө буцаан олгогдохгүй гэжээ.

Анхан шатны шүүх Ц.Д нь төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн тул орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс хариуцагч Ч.Т татгалзсан гэсэн дүгнэлт хийж, барьцаа 7,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар Ц.Д нь гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагавар буюу барьцаанд төлсөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэн хариуцагчаас барьцаа 7,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд барьцаа 7,500,000 төгрөг гаргуулсныг эс зөвшөөрсөн хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

7. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцохдоо тооцооллын алдаа гаргасныг зөвтгөн өөрчлөх, мөн үндсэн нэхэмжлэл бүрэн хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлаагүй алдааг залруулах нь зүйтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон улсын тэмдэгтийн хураамжийн өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/00888 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Тгээс 7,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Дд олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Дгөөс 768,340 төгрөг гаргуулан хариуцагч Ч.Тд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын 56 дугаар зүйлийн гэсний дараа 56.1 гэж нэмж, 35,819 гэснийг 49,644 гэж, 99,131 гэснийг 85,306 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.БЯМБАСҮРЭН