Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00984

 

 

 

 

 

 

 

 

2022 05 20 210/МА2022/00984

 

 

Д.Ж-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10ы өдрийн 181/ШШ2022/00475 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Ж-ы хариуцагчБ.Х.З.Х төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Тотком сервис ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01384 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцадБ.Х.З.Х төлбөр барагдуулах ажлын албанаас үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр явуулахдаа өмчлөгч Д.Ж-д мэдэгдээгүй. Иймд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цогзол гэх хүнд гарын үсэг зуруулж хүлээлгэж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Д.Ж-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2021/14882 дугаар захирамж нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:Б.Х.З.Х төлбөр барагдуулах ажлын албанаас Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Тотком сервис ХХК-д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тухайн шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгүүдээс Д.Ж- миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахдаа өмчлөгч Д.Ж- гэх иргэн надад огт мэдэгдэлгүй оруулснаар миний эрх ашгийг хөндсөн. Хуулийн этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч иргэн Д.Ж-ыг төлөөлсөн гэж дүгнэх нь буруу гэж бид үзэж байна. Иймд анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлаагүй, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хоёр дахь албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Д.Ж- нь Цогзолд итгэмжлэл олгосныг үндэслэж, дуудлага худалдааны тогтоол, албан бичгийг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цогзолд гардуулж өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Ж- ньБ.Х.З.Х төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01384 дугаартай шийдвэрээр Тотком сервис ХХК-аас 1,373,471,880.66 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгож шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байрны 10 тоот хаягт байршилтай, 47 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороололд байршилтай 12х6х3 хэмжээтэй, 4 автомашины гаражийн барилга, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 1295/21 тоот хаягт байршилтай, 344 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Орбит /18171/, 88/2 тоот хаягт байршилтай, 760 м.кв талбайтай, 45 хувийн гүйцэтгэлтэй, үйлдвэрлэлийн зориулалттай дуусаагүй барилга, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, 12,000 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай эзэмших эрх бүхий газар, Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 72 м.кв талбай бүхий автомашины гаражийн зориулалттай, 15 жилийн хугацаатай эзэмших эрх бүхий газрыг тус тус битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад талууд тохиролцоогүй үндэслэлээр шинжээч томилон үнэлүүлж, шинжээчийн тогтоосон үнэлгээ 1,405,894,062 төгрөгийн 70 хувиар санал болгох доод үнийг тодорхойлж анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй, улмаар хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар тогтоосон, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үйл баримт тус тус хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллага болон төлбөр төлөгчид хүргүүлнэ.

Нэхэмжлэгч Д.Ж- нь төлбөр төлөгч Тотком сервис ХХК-ийн ерөнхий захирал бөгөөд тус компаний 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 120/21 дугаартай итгэмжлэлийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/6, 11/7-8 дугаар тогтоолуудыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдэж, 3/3762, 3/3764 дугаартай мэдэгдлийг хүлээлгэн өгсөн тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хэрэгт авагджээ.

Иймд анхны албадан дуудлага худалдааны товыг нэхэмжлэгчид мэдэгдсэн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтыг зөрчөөгүй байх тул ... анхны албадан дуудлага худалдааг өмчлөгчид мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10ы өдрийн 181/ШШ2022/00475 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.БЯМБАСҮРЭН