2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2026/05013

 

 

 

 

 

 

 

 

 

2026 04 09 191/ШШ2026/05013

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* овогт Б*******ын Ч******* /*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П******* д******* т******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Ч*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.С*******,

Хариуцагчийн төлөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Зулцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П******* д******* т******* ХХК-ийн Т талбайд 2015 оны 06 сарын 01-ний өдөр туслах оператораар ажилд орж улмаар 2017 оны 05 сарын 25-ны өдрийн 17/19-66 тушаалаар үйлдвэрлэлийн баазын эмчээр томилогдон ажиллаж байсан. Би ажиллах хугацаандаа мэргэжлийн алдаа, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй боловч намайг 2024.12.24-ний өдөр үйлдвэрлэлийн баазын хээрийн түр сууринд архидан согтуурч улмаар хүний амь нас бүрэлгэсэн хэрэгт урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ аваагүй, ажил олгогч шууд харьяалагдах удирдах албан тушаалтан, хамгаалалтын албанд мэдэгдээгүй сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэн тус компанийн захирлын 25/19-04 дугаартай тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Дээрх шийдвэр нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, илтэд үндэслэлгүй шийдвэр болсон гэж би үзэж байгаа. Учир нь тушаалд дурдсан хүн амины гэмт хэрэг миний түр амьдрах байранд гарсан нь үнэн гэхдээ би тухайн өдөр архи уугаагүй, эрүүл байсан. Мөн намайг архидан согтуурсан гэж дүгнэсэн хэдий ч энэ талаар нотолсон холбогдох баримт байдаггүй болно. Нөгөө талаас намайг тухайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ аваагүй, ажил олгогчид болон хамгаалалтын албанд мэдэгдээгүй сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Тус хэрэг нь хормын дотор үйлдэгдсэн бөгөөд цаг хугацааны хувьд таслан зогсоох ямар ч боломжгүй байсан талаар би гэрчийн мэдүүлэгт тодорхой дурьдсан. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тодруулах буюу миний хувьд гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, ажил олгогчид болон хамгаалалтын албанд мэдэгдэх боломж байсан эсэх талаар уг гэмт хэргийг мөрдөн шалгаж байгаа цагдаагийн байгууллагын зүгээс эцэслэн тогтоогоогүй байна.

Миний бие дээрх шийдвэрийг эс зөвшөөрч компанийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандан гомдол гаргасан ба улмаар комисс 2025.01.12-ны өдөр хуралдаж, захирлын тушаалыг үндэслэлтэй гэж үзэж хэвээр үлдээсэн бөгөөд дээрх шийдвэрийг би 2025.01.28-ны өдөр цахимаар гардан авсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар М сумын Засаг даргын тамгын газар болон Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг өгсөн.

Архи уух нөхцлийг бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэх боловч тушаал архидан согтуурсны улмаас гэж дуусаагүй, үүргээ биелүүлээгүй гэдэг байдлаар тушаалаа гаргасан байна. УДШ-ийн тайлбарыг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Компанийн тухай хуулинд гүйцэтгэх захирал гэж хэнийг үзэх вэ? гэдгийг тодорхой заасан байгаа. Кан д эрхтэй гээд байгаа боловч энэ талаарх баримтгүй байна.

Иймд Б.Ч******* намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, 2025.01.03-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Ч******* нь П******* д******* т******* ХХК-д 2015 оны 6-р сард анх олборлолтын туслах оператораар ажилд орсон бөгөөд эмчилгээний эрхийн лицензээ авч баталгаажуулан улмаар 2017 оны 6-р сараас эхлэн Үйлдвэрлэлийн баазын эмч албан тушаалд шилжин ажилласан. Б.Ч******* нь сүүлийн жилүүдэд БХГ-XIX талбайд ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ удаа дараа архи ууж согтууран зөрчил гаргах болсон. 2023.07.11-ний өдөр хээрийн түр сууринд архидан согтуурч тухайн өдөр хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан Э-ны хэлтсийн дэд менежер Н.Бид агсан тавьж заналхийлсэн зөрчил гаргасан бөгөөд үйлдвэрлэлийн баазын удирдлагын зүгээс тухайн өдөр нь бүх нийтээр тэмдэглэх баярын амралын өдөр буюу улсын их баяр наадмын амралтын өдөр байсан, түүний өмнөх хугацаанд ажилласан хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж амаар сануулах арга хэмжээ авч ажлын байрыг хэвээр үлдээсэн. Б.Ч******* нь 2024.01.15-ны өдөр хэсэг ажилчдын хамт хээрийн түр суурины 41-р сууцанд архи ууж байсан нь тухайн өдрийн эргүүл шалгалтаар илэрч улмаар ийм төрлийн сахилгын зөрчил дахин гаргахгүй байх амлалт өгч ажлын байрандаа үлдсэн байна.

Улмаар 2024.12.24-ний өдөр П******* д******* т******* ХХК-ийн БХГ-XIX талбайд гарсан хүн амины хэрэгт Б.Ч******* нь дараах байдлаар холбогдсон нь өөрийн өгсөн тайлбар болон гэрчийн тайлбаруудаар баталгаажсан болно. Үүнд: 2024.12.14-ний өдрийн оройн 21 цагийн үед Б.Ч******* нь хээрийн түр суурины 48-р сууцанд Т.Өтэй хамт байх үед Т.Ө нь амраад ирэхдээ 1 литрийн савлагаатай Беллуга хэмээх архи авчирсан бөгөөд хамт уух санал гаргасан. Тэр үед хүний нөөцийн ажилтан Д.Д нь Б.Ч*******ын гар утсаар залгасан. Тэдний яриан дундуур Т.Ө, Д.Дыг ня-бо Д.Дийг аваад 48-р сууцанд ороод ир хэмээн дуудсан байна. 21 цаг 30 минутын үед тэд ирснээр Б.Ч*******, Т.Ө, Д.Д, Д.Д нар Т.Өийн авчирсан архийг ууж эхэлсэн. Б.Ч******* нь тухайн архийг хундгалан тойруулсан. Архи дуусаж Д.Д гарч нэг архи авчирсан. Үүний дараа Т.Ө дахин хүнд захиж архи авчруулан уусан бөгөөд энэ үедээ Т.Ө, Д.Д нар нь муудалцаж эхэлсэн. Б.Ч******* нь салгаж тайвшруулсан боловч удалгүй дахин муудалцаж эхэлсэн гэх мэтээр үйл явдал өрнөсөн байна. Барагцаагаар шөнийн 1 цаг 30 минутын үед Т.Ө нь Д.Дын зүрхэн тус газар нь хутгалан амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан байна. Энэ үед мөн Б.Ч******* нь тухайн хэргийн газарт байсан бөгөөд хариу арга хэмжээ авах боломжгүй, гэнэтийн зүйл болсон, би үүнд буруугүй хэмээн мэдүүлсэн.

Энэхүү нөхцөл байдлыг үндэслэн Б.Ч******* нь тухайн үед архи уугаагүй байсан ч гэсэн компанийн хэсэг ажилчид 48-р сууцанд архи уун согтуурсан гэмт үйлдэлд биечлэн оролцсон бөгөөд архийг хундгалж өгснөөр нөхцөл байдлыг даамжруулах нэгэн гол шалтгаан болсон гэж үзэж байна. Мөн хамгаалалтын алба, компанийн ХАБЭА хариуцсан ажилтан болон холбогдох удирдлагад мэдэгдэж архидалтыг таслан зогсоох ямарваа нэгэн арга хэмжээ авалгүй нуун дарагдуулсан, Т.Ө, Д.Д нар нь удаа дараа согтуугаар муудалцаж байсан ч гэм хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх таслан зогсоох ямар ч арга хэмжээ аваагүй нь хүний амь нас эрсдэх нөхцөл байдал үүссэн чухал хүчин зүйл болсон.

Компанийн удирдлагын зүгээс Б******* овогтой Ч******* нь архидан согтуурах, согтуугаар хүний амь нас бүрэлгэсэн хэрэгт үйлдвэрлэлийн баазын хээрийн түр сууринд 48-р сууцанд хэсэг ажилчид архидан согтуурсан үйл явдлыг санаатайгаар нуун дарагдуулсан, архидан согтуурах үйл ажиллагааг дэмжиж улмаар архийг хундгалж өгсөн, удаа дараа муудалцан бие биеэ шууд заналхийлсэн үйлдлийг холбогдох удирдлага, ХАБЭА хариуцсан ажилтан, харуул хамгаалалтын ажилтанд шууд мэдэгдэж таслан зогсоох арга хэмжээ аваагүйгээр компанийн хариуцлагатай албан тушаалтан /үйлдвэрийн баазын эмч/-ийн болон иргэний үүргээ биелүүлээгүй, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, компанийн хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн үйлдэл хийсэн гэж үзэн цаашид энэ төрлийн хэрэг гарч хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг таслан зогсоох, нийт ажилтнуудад анхааруулга болгох шалтгааны дагуу үйлдвэрлэлийн баазын эмч Б******* овогтой Ч*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн зүгээс дуусгавар болгох шийдвэр гаргасан.

Ажлаас чөлөөлсөн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-ийг баримталж гарсан. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам нь шинэ хуульд нийцүүлэн өөрчлөгдөөгүй байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.5-т заасныг үндэслэн тушаалыг гаргасан гэж үзэж байна. Тушаал дээр гарын үсэг зурсан этгээдтэй холбоотой нэхэмжлэгч талын тайлбарын тухайд тушаал дээр компаний тамга тэмдэг дарагдсан. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийг тайлбарлан хэрэглэх, зохицуулалт гэж харж байгаа. Төлөөлүүлж байгаа этгээд буюу манай компани буруугаар ашиглаж болохгүй. Кан Ды гаргасан тушаал нь манай компанийн хүсэл зориг юм. Ноцтой зөрчил гэдэг нь хууль тогтоомжоор тодорхойлогдоно. Согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдлээс болж 1 хүний амь нас хохирсон үр дагавар гарсан байгаа гэв.

 

3.Нэхэмжлэгч нотлох баримтаар,

Б.Ч*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, Д аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025.03.07-ны өдрийн 01 тоот албан бичиг, Д аймгийн М сумын Засаг даргын тамгын газрын 2025.03.07-ны өдрийн 2/86 тоот албан бичиг, Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.02.27-ны өдрийн 309/ШЗ2025/00848 дугаар захирамж, 2025.02.06-ны өдрийн 309/ШЗ2025/00504 дүгээр захирамж, 2025.01.30-ны өдрийн Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2025.02.20-ны өдрийн нэхэмжлэл, П******* д******* т******* ХХК-ийн 25/19-04 дүгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, 2025.01.30-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, П******* д******* т******* ХХК-ийн БХГ-XIX талбайн хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралдааны 2025.01.12-ны өдрийн 25/01 тоот хурлын тэмдэглэл гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4.Хариуцагч нотлох баримтаар,

П******* д******* т******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015.06.01-ний өдрийн 15/19-126 тоот ажилд авах тухай тушаал, тушаалын хавсралт, 2015.09.01-ний өдрийн 15/19-186 тоот үндсэн ажилтнаар томилох тухай тушаал, 2017.04.10-ны өдрийн 17/19-944 дүгээр түр албан тушаалд томилох тухай тушаал, 2017.06.29-ний өдрийн 17/19-66 тоот албан тушаал өөрчлөх тухай тушаал, 2024.01.18-ны өдрийн 24/19-010 тоот сахилгын шийтгэл оногдуулан хатуу сануулах тухай тушаал, тушаалын хавсралт, санамж бичиг, ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

5.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд:

Шүүхийн 2025.05.06-ны өдрийн 309/ШЗ2025/01735 дугаар захирамжийн дагуу ирүүлсэн цалингийн карт, 2026.01.16-ны өдрийн 191/ШЗ2026/04584 дүгээр захирамжийн дагуу ирүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2026.01.26-ны өдрийн 03/264 тоот албан бичиг, 2026.01.22-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2026.03.12-ны өдрийн 191/ШЗ2026/15034 дүгээр захирамжийн дагуу ирүүлсэн Д аймгийн цэргийн гавъяаны одонт цагдаагийн газрын 2026.03.11-ний өдрийн 39/4-220 тоот албан бичиг, Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026.03.31-ний өдрийн 3/00391 тоот албан бичиг, 2024.12.15-ны өдрийн сэжигтнээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024.12.16-ны өдрийн яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2025.02.15-ны өдрийн яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа, 2024.12.15-ны өдрийн гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, гэрч Д.Дээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024.12.15-ны өдрийн гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, гэрч Б.Ч*******аас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2025.01.30-ны өдрийн гэрчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, гэрч Б.Ч*******аас хоёр дахь удаа мэдүүлэг авсан тэмдэглэл гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Ч******* нь хариуцагч П******* д******* т******* ХХК-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

2.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг 2024.12.14-ний өдөр архи уугаагүй эрүүл байсан. Миний түр амьдрах байранд хүн амины гэмт хэрэг гарсан ч цагдаагийн байгууллагаас хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа. Миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж тайлбарлав.

 

3.Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбарынхаа үндэслэлийг Б.Ч******* нь архийг хундгалж өгсөн, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй нь хүний амь нас эрсдэх хүчин зүйл болсон, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан гэж мэтгэлцсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

 

4.1.Нэхэмжлэгч Б.Ч******* нь 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс П******* д******* т******* ХХК-ийн Д аймгийн М суманд байрлах талбайн үйлдвэрлэлийн баазын эмч ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байжээ.

4.2.П******* д******* т******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Кан Ды 25/19-04 тоот тушаалаар тус компанийн БХГ-XIX талбайн Э-ны хэлтсийн ажилтан Үйлдвэрлэлийн баазын эмч албан тушаалтай Б******* овогтой Ч******* нь 2024.12.14-ний өдөр үйлдвэрлэлийн баазын хээрийн түр сууринд архидан согтуурч улмаар хүний амь нас бүрэлгэсэн хэрэгт урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ аваагүй, ажил олгогч, шууд харьяалагдах удирдах албан тушаалтан, хамгаалалтын албанд мэдэгдээгүй сахилгын ноцтой зөрчил гаргасан тул компанийн удирдлагын шийдвэрээр 2025.01.03-ны өдрөөр дуусгавар болгож Б******* овогтой Ч*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосугай гэжээ.

4.3.Б.Ч******* нь 25/19-04 тоот тушаалыг эс зөвшөөрч хөдөлмөрийн маргаан таслах комисс, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан болох нь П******* д******* т******* ХХК-ийн БХГ-XIX талбайн хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралдааны 2025.01.12-ны өдрийн 25/01 тоот хурлын тэмдэглэл, Д аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025.03.07-ны өдрийн 01 тоот албан бичиг, Д аймгийн М сумын Засаг даргын тамгын газрын 2025.03.07-ны өдрийн 2/86 тоот албан бичгээр тус тус тогтоогдсон.

 

5.Зохигч 2018.01.01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн эсэх, урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн эсэх талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч Б.Ч******* нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан эсэх, гүйцэтгэх захирал Кан Д нь ажил олгогчийг төлөөлөх, тушаал гаргах эрхтэй эсэх талаар маргаж байна.

 

6.Зохигчийн маргаж буй тушаалаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримталсан байх бөгөөд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан.

 

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх ёстой.

 

Талуудын хооронд 2018.01.01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнээс үзвэл гэрээний 9 дүгээр зүйлд гэрээ дуусгавар болох, гэрээг цуцлах тухай заасан байх боловч ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцох талаар нэрлэн заагаагүй.

Харин П******* д******* т******* ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.4-т Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах, хэвээр хадгалах, 3.4.5-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргавал хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар ажилтанд урьдчилан анхааруулалгүйгээр шууд цуцална. /ХХ 40.1.4, 40.1.5/ Дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцно. 3.4.5.6-т Үйлдвэрлэлийн бааз дахь ажилчдын хотхонд оршин суух үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон худалдсан эсхүл худалдахыг завдсан гэж заажээ.

7.Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.1-т Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлахдаа компанийн хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн хуулийн 37, 38, 39, 40-р зүйлүүдийн заалтыг үндэслэл болгон Ерөнхийлөгчийн тушаалаар шийдвэрлэнэ. Тушаалд ажлаас чөлөөлсөн шалтгааныг тодорхой бичнэ гэж заажээ.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай 25/19-04 дугаартай тушаалыг гүйцэтгэх захирал Кан Д гаргасан байх боловч хэрэгт авагдсан П******* д******* т******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл компанийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Зян Хунгфу байна.

 

Тодруулж хэлбэл Кан Д нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш байх бөгөөд түүнд эрх олгосон талаарх баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Тушаал дээр компаний тамга тэмдэг дарагдсан, Кан Ды гаргасан тушаал нь манай компанийн хүсэл зориг бөгөөд Иргэний хуулийн 65 дугаар зүйлийг тайлбарлан хэрэглэнэ гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй болно.

 

8.Нэхэмжлэгч Б.Ч******* нь 2024.12.14-нд Үйлдвэрлэлийн бааз дахь ажилчдын хотхонд оршин суух үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь Т.Өөд холбогдох эрүүгийн хэрэгт 2024.12.16-ны өдөр яллагдагч Т.Өийн өгсөн Уг архинаас бүгд адилхан хэмжээтэй уусан, тус архийг Ч******* нь бидэнд хундгалж өгсөн юм гэх мэдүүлэг, 2024.12.15-ны өдөр гэрч Д.Дийн өгсөн ...Чинбаа нь шкафнаас 1 литрийн шилтэй Белуга нэртэй архи гаргаж ирээд бид 4 тухайн архинаас хувааж уусан гэх мэдүүлэг, 2024.12.15-ны өдөр гэрч Б.Ч*******ын өгсөн ...Би эхлээд Өөд хийж өгөхөд Ө уучихаад надад хундгалж өгсөн. Би өгсөн хундага архийг уусны дараа Ө над руу архиа өгөөд чи насаар арай бага юм чинь тойруулчих гэхэд нь би Далай, Д нарт хийж өгөөд тухайн архийг тойруулж хундгалан бид ижил хэмжээтэй хувааж уусан. Гэхдээ миний хувьд арай бага уусан байж магадгүй. Би эмчилгээ хийлгэж эм ууж байгаа болохоор заримдаа өөрийгөө алгасаад бусдадаа хийж өгөөд байсан гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтыг дүгнэн үзвэл Б.Ч******* нь Үйлдвэрлэлийн бааз дахь ажилчдын хотхонд оршин суух үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.5.6-т заасан зөрчлийг гаргасан байх боловч талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэх талаар нэрлэн заагаагүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон 25/19-04 тоот тушаалд хөдөлмөрийн гэрээний зүйл, заалтыг баримтлаагүй, тушаалыг хариуцагч компанийг төлөөлөх эрхгүй этгээд гаргасан байна.

 

Мөн хариуцагч П******* д******* т******* ХХК нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг шинэчлэн батлаагүй. Зохигчийн маргаж буй тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.Ч*******ыг үйлдвэрлэлийн баазын эмчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

9.Нэхэмжлэгч нь 2025.01.03-ны өдрөөс 2025 оны 10 сар хүртэлх хугацааны цалинг гаргуулна гэж ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагаа тодруулсан.

 

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баталсан байх бөгөөд тус журмын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан бөгөөд тус журмын дагуу цалин хөлсийг тооцов.

 

Хэрэгт авагдсан 2026 оны 01 сарын 22-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нэхэмжлэгч нь 2025 оны 10 сард 4,372,461.60 төгрөг, 2025 оны 11 сард 3,381,038.10 төгрөг, 2025 оны 12 сард 3,398,992.16 төгрөгийн цалин авсан байх бөгөөд журмын дагуу тооцож үзвэл хүсэлт гаргагчийн сарын дундаж цалин нь 3,717,497.29 төгрөг байна.

 

Нэхэмжлэгч нь 2025.01.03-ны өдрөөс 2025 оны 10 сар хүртэл 8 сар 19 өдрийн цалинг аваагүй байх бөгөөд 8 сарын цалин 29,739,978.32 төгрөг /8 сар*3,717,497.29 төгрөг/, 19 өдрийн цалин 3,285,230.15 төгрөг / 1 өдрийн цалин 172,906.85 төгрөг, 19 өдөр*172,906.85 төгрөг/, нийт 33,025,208.47 төгрөг /29,739,978.32 +3,285,230.15/-ийг нэхэмжлэх эрхтэй байна.

 

10.Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн нэхэмжлэгч Б.Ч*******ыг П******* д******* т******* ХХК-ийн Д аймгийн М суманд байрлах талбайн үйлдвэрлэлийн баазын эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт хариуцагчаас 33,025,208.47 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

11.Хавтаст хэргийн 17-32-р хуудас, 58-69-р хуудас, 71-77-р хуудас, 99-112-р хуудсанд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх тус баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

12.Нэхэмжлэгч Б.Ч*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Ч*******т олгох, хариуцагч П******* д******* т******* ХХК-иас 323,076 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ч*******ыг үйлдвэрлэлийн баазын эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч П******* д******* т******* ХХК-иас 33,025,208.47 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ч*******т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас 323,076 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН