Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01265

 

 

 

 

 

 

 

2022 07 04 210/МА2022/01265

 

 

Г.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/01864 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Нийн хариуцагч НЕБ 97-Р Сд холбогдуулан гаргасан 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2018 оны 12 дугаар сарын 21-ний үед тус сургуулийн дундын сургалтын менежер Ш.Оюунсайхан нь Өвөр Монголын Зүүн үзэмчин сургуулиас сургалтад ашиглахаар самбар, проекторуудыг авчрах гээд явах гэтэл санхүүгээс зардлыг одоохондоо гаргах боломжгүй байгаа учир боломжтой хүмүүсээс зээлээд яв гэж захирал хэллээ,туслах боломж байна уу гэхээр нь өөрийнхөө хувийн данснаас 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл орой нь бичиг баримт бүрдүүлэх юм байна, портер машинтай хүн хэрэгтэй байна гэсэн. Ингээд менежер Ш.Оюунсайхан нь бага ангийн багш Н.Тунгалаг, Н.Мандир нарын хамт явцгаасан бөгөөд хилээр машиныг нь гаргаагүй гээд том оврын машинаар самбар ачиж ирсэн гэж байсан. Тухайн үед захирал Д.Эрдэнэцог байсан, тэгэхэд тэрээр нягтлан Н.Оюунбилэгтэй ярьчихлаа, тээврийн зардалд 500,000 төгрөгийг хувиасаа шилжүүлчих, дараа нь сургуулиас гаргаж өгнө гэхээр нь өөрийнхөө данснаас нарийн бичгийн хажууд тэр жолоочийн данс руу 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мобайлаар мөнгийг шилжүүлсэн. Захирал Д.Эрдэнэцог сонгон шалгаруулалтад материалаа бүрдүүлж чадаагүй гээд дараагийн захирал Б.Алтанцэцэг томилогдоод сургууль дээр шинээр захирал томилогдсонтой холбоотой маргаантай үед нь энэ асуудлаа шийдвэрлүүлэх боломжгүй байсан. Миний бие өөрийнхөө данснаас гаргасан мөнгөө авах боломж байгааг удаа дараа асууж лавласан боловч одоог хүртэл авч чадаагүй, тэр самбар, проекторыг сургууль ашиглаж байгаа мөртлөө тээврийн зардлын төлбөрийг сургуульд хамаагүй гэсэн утгатай хариултыг захирал, нягтлан өгч байгааг зөвшөөрөхгүй. Сүүлд Ш.Оюунсайхантай уулзаж, мөнгөө асуухад тэрээр тээврийн бичиг баримт буруу, дутуу бүрдүүлсэн гээд аудитын төлбөрийг төлсөн, чиний 500,000 төгрөгийг төлж чадахгүй, сургуулиас ав, санхүүгээс чамд гаргаж өгнө гэж хэлсэн. Өмнөх захирал Д.Эрдэнэцог энэ асуудлыг мэдэж байсан учир түүнд хүсэлт гаргаж байгаагүй, харин захирал Б.Алтанцэцэгт хэлэхэд буруу бичиг баримт бүрдүүлсэн нь та нарын асуудал, сургуульд хамааралгүй гэсэн. Тээврийн зардалд дутсан 500,000 төгрөгийг менежерийн гуйлтаар гаргасан болохоос өөрөө сайн дураар тэр хүнд шилжүүлээгүй юм. Иймд хариуцагч 97 дугаар сургуулиас 500,000 төгрөгийг гаргуулж надад олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Өвөр монголын өөртөө засах орны Зүүн үзэмчин хошууны Монгол бага сургуулийн захиргаанаас манай сургуульд хандиваар 13 ухаалаг самбар өгөхөөр болж менежер Ш.Оюунсайханыг яваад аваад ир гэж захирал хэлсэн. Төрийн байгууллагын данс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хаагддаг тул 21-ний өдөр гүйлгээ гаргаж, орлогын 10 хувийн татвар хасаад 2,070,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 4042006984 тоот дансанд бэлэн бусаар буюу Ш.Оюунсайханы гэрээ байгуулсан жолооч Э.Батбаярын данс руу шилжүүлсэн. Ш.Оюунсайханыг Хятад руу явахаас өмнө мөнгийг жолооч Э.Батбаярын дансанд шилжүүлсэн, эдгээр нь тээвэр, шатахуун, гаалийн татварын төлбөр гэсэн. Тэгээд Ш.Оюунсайхан яаралтай явах ёстой гэж хэлээд Н.Мандир багшийн машинаар Н.Тунгалаг багштай хамт явцгаасан. Хамт явсан Н.Мандир багш нь Хэнтий аймгийнх тул тэд Хэнтий хүртэл түүний машинаар яваад түүнээс цааш хилээр явган гарсан, тэднийг Өвөр монголчууд тосоод ямар ч зардалгүй авахгүйгээр самбарыг хил гаргасан. Ингээд удалгүй тэд хүрч ирсэн. Тухайн үед нь санхүүгийн баримт үйлдэж, зардлын мөнгийг шилжүүлэн авсан мөртлөө дахиад зардлын мөнгө шаардлагатай болсон гэх боловч санхүүгийн ямар ч баримтгүй байсан. Тэд 13 ширхэг биш, 3 проектор, 5 самбар авчирсан, түүнийг байгууллага орлогодоо бүртгээд 2019 оны балансад тусгасан. Эдгээр самбар нь ашиглалтын шаардлага хангахгүйгээс сургуульд хэрэглэгдэхгүй байж байна. Ш.Оюунсайхан өөрөө 2,000,000 төгрөгийг буруу зарцуулснаас болоод тээврийн зардалд дутсан 500,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Н багшаас авсан байх тул уг мөнгийг нь сургууль биш, харин менежер Ш.Оюунсайхан түүнд төлөх ёстой гэж үзэж байна. Зардал гаргах талаар захирлын тушаал, санхүүгийн акт, баримт байсан бол сургууль төлж болох байсан. Тухайн цаг хугацаанд Б.Алтанцэцэг захирал манай сургуульд томилогдсонтой холбоотойгоор Д.Эрдэнэцог захирлыг ажлаас чөлөөлсөн тушаал нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гарсан тул тэрээр ажилдаа ирдэггүй байсан. Энэ асуудал нь захирал солигдох зааг үед болсон зүйл байна. Бэлэн мөнгө хүссэн өргөдлийг санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн нягтлан бодогч, захирал хоёр цохолт хийж зөвшөөрснөөр гүйлгээ хийгдэх ёстой. Нэхэмжлэгч Г.Н өөрөө Б.Алтанцэцэг захиралд энэ асуудлынхаа талаар хүсэлт гаргаад, санхүүгийн баримт үйлдсэн бол тухайн сарын өр авлагад тооцоод тэр онд нь багтааж түүнд төлөх ёстой байсан, гэтэл ийм зүйл огт болоогүй. Иймд Г.Нийн бусдад шилжүүлсэн 500,000 төгрөгийг сургууль хариуцахгүй учир түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч НЕБ 97-Р С ТБАГУТҮГ-аас 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 15,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Миний хувьд 500,000 төгрөгийг дур мэдэн шилжүүлээгүй. Захирал, нягтлан, менежерийн гуйлтаар шилжүүлсэн. Дээрх мөнгөө авч чадаагүй. Анх төлөвлөснөөс дутсан миний хувиасаа гаргасан мөнгийг 97 дугаар сургууль гаргах боломжтой гэж үзэж байна. Ачааг ирэхэд жолоочид тээврийн зардлын мөнгийг нэмж гаргуулах талаар захирлын тушаал гаргаагүй ч тэр үед удирдлагын түвшинд яригдаж байсан. Өвөр Монголоос ачиж ирсэн самбаруудыг одоог хүртэл сургууль ашиглаж байгаа. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Н манай нөхрийг тухайн өдөр гуйж авч явах болсон гэж худал тайлбарлаж байна. Анх энэ зардлыг гаргахдаа ямар унаагаар, хэдэн төгрөгийн зардал гаргах талаар тооцоолсон төсвийг үндэслээд даргын тушаалаар батлагдсан байх ёстой. Тушаал шийдвэрээ үндэслээд төсөв нь шилждэг учраас үйл ажиллагаа процессын дагуу явагдсан. Анхан шатны баримтад Г.Н багшийн нөхрийнх нь бичиг баримт ирж байсан, би тухайн үед нөхөр нь гэдгийг мэдээгүй. Сургалтын менежер болон захирлууд нь энэ хууль бус ажиллагааг өөрсдөө эхэлж хийсэн. Замд гарсан зардал болон бусад зардлын талаар баримтыг огт үйлдээгүй. 2018 оны Аудитаар зөрчил болох нь тогтоогдоод н.Оюунсайханд зөрчлийн хэрэг үүсэж байсан. Хэрэв илүү зардал гарсан бол баримтыг бүрэн гаргаж өгснөөр журмаараа авлага, өглөгө нь бүртгэгдэнэ. Тухайн зардлыг Төсвийн тухай хуулиар зохицуулах боломжгүй тул 500,000 төгрөгийг байгууллага төлөх нь үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

2. Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч НЕБ 97-Р Сд холбогдуулан 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... тус сургуулийн менежер нь Өвөр Монголын Зүүн үзэмчин хошууны сургуулиас сургалтад ашиглахаар самбар, проекторуудыг авчрахад тээврийн зардалд дутсан 500,000 төгрөгийг сургуулийн өмнөөс надаар төлүүлсэн... гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Ш.Оюунсайхан өөрөө 2,000,000 төгрөгийг буруу зарцуулснаас болоод тээврийн зардалд дутсан 500,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Н багшаар төлүүлсэн байх тул уг мөнгийг сургууль биш, харин менежер Ш.Оюунсайхан түүнд төлөх ёстой... гэж тус тус тайлбарлан мэтгэлцжээ.

Нэхэмжлэгч тээврийн зардалд 500,000 төгрөгийг захирал , менежер, нягтлангийн гуйлтаар сургуулийн өмнөөс хувиасаа төлсөн гэж тайлбарлаж байх ба хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд нэхэмжлэгчийн 5026148589 тоот данснаас 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ж.Эрдэнэжавын 5632076918 тоот данс руу 97 тэ зардал гэсэн гүйлгээний утгатайгаар 500,000 төгрөг шилжүүлсэн байна. Хэрэгт мөн тухайн үед менежерээр ажиллаж байсан Ш.Оюунсайханы батлан мэдүүлэг гэх баримт авагдсан байх ба уг баримтад ... 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны 2-р монгол бага сургуулиас самбар авч ирэхээр явсан. Замын зардлыг тухайн үед сургуулиас гаргаж өгсөн бөгөөд замын зардал нь хүрэлцээгүй ... замын зардал дутсан тул үлдэгдэл хөлсийг сургууль дээр ирж төлүүлэх болсон. Тухайн үеийн захирал Д.Эрдэнэцогтод хэлэхэд одоо бэлэн мөнгөтэй хүн байна уу, Г.Н менежер өгөөдөх, дараа нь сургуулиас гаргаж өгье гээд жолоочид зардлыг шилжүүлсэн. Үүнээс хойш зардлыг Г.Н менежерт одоо болтол шилжүүлээгүй гэжээ. Шүүх уг баримтад дурдагдсан үйл баримтыг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд аливаа иргэдийн тодорхойлолтыг шууд үнэлэх боломжгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/01864 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

.