Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 289

 

          Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар;

         Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б-М холбогдох эрүүгийн 1821004790 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 198 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Дорнод Их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн эчнээгийн 3 дугаар дамжаанд сурдаг, ам бүл 2, 10 настай охины хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын  дүгээр баг оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх регистрийн дугаартай, ******* овогт Б-М.

         Шүүгдэгч ******* нь согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн ******* ******* тоотод иргэн *******г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

          Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би М-д чи дандаа тооцон дээр будилдаг гэж хэлсэн. Тэр үед М надад чи муу ер нь юу гээд байгаа юм өөрийгөө юу гэж бодоод байгаа юм гэж хэлсэн. Улмаар сууж байснаа гэнэт над руу аягатай пиво миний нүүр рүү цацсан. Тэгэхээр нь миний уур хүрээд чи муу халтар хүүхэн минь яаж байгаа юм бэ? гэж хэлсэн ба М миний үснээс зулгаасан бөгөөд би тухайн барьцийг нь тавиулах гэтэл М миний гуяны дотор талаас базаж татаж байгаад өмдийг маань урсан. ...М миний үснээс зулгаачихаад тавихгүй байсан. ...би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй тул мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Харин хувцасны мөнгө болох 210,000 төгрөгийг Маас нэхэмжилсэн боловч М миний мөнгийг бүрэн төлж барагдуулсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

         Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: “...М бол миний найз охин байгаа юм. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шөнийн 02 цагийн орчим манай гэрт би болон манай найз охин *******, түүний найз ******* нарын хамтаар пиво уусан. Тухайн үед манай найз охин М.М архиныхаа халуунд өөрийн найз болох *******г зодчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/

        Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 608 тоот дүгнэлтэд: "1. *******гийн биед зулайн хуйханд зүсэгдсэн шарх, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт, зүүн баруун өвдөг, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 33/

        -Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 41/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

             Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн ******* ******* тоотод хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, биед нь зулайн хуйханд зүсэгдсэн шарх, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт, зүүн баруун өвдөг, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “…Би ******* үснээс зулгааж 2-оос 3 удаа цохисон, яг аль хэсэгт нь цохисноо санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/, түүнийг давхар нотолсон хохирогч ******* /хх-ийн 24-25/, гэрч ******* /хх-ийн 31/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 608 тоот дүгнэлт /хх-ийн 33/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

          Хохирогч *******гийн биед учирсан “зулайн хуйханд зүсэгдсэн шарх, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт, зүүн баруун өвдөг, баруун гуянд цус хуралт” зэрэг хөнгөн зэргийн хохирол /гэмтлүүд/ шүүгдэгч *******-ын хохирогч *******гийн үснээс нь зулгаасан, улмаар гуяны дотор талаас нь базсан, нүүрэн тус хэсэгт нь санаатайгаар гараараа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ. 

          Иймд шүүгдэгч ******* холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

       Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

       Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 210,000/ төгрөг төлсөн болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

        Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******-ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгчид буцаан олгобол зохино.

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

         1.Шүүгдэгч ******* овогт *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдсүгэй.

         4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 210,000/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

         5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч *******-ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгчид буцаан олгосугай.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

       8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР