Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01264

 

 

 

 

 

2022 07 04 210/МА2022/01264

 

Ч.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2022/01263 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Агийн, хариуцагч Н.Бд холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.А, хариуцагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр над руу Монгол дээж ХХК-аас утсаар ярьж таны 37 ширхэг хайрцаг бараа ирсэн, хүргэлтээр авах уу гэж асуухад би хүргэлтээр авъя гэж хэлсэн. Гэтэл Н.Б гэх жолооч миний 37 ширхэг хайрцаг барааг 50,000 төгрөгөөр тохиролцож, хүргэж ирэхээр манай гэрийн хаягийг авсан. Хэсэг хугацааны дараа манай гэрийн хаягаар ирчихлээ гэхээр нь гартал хайрцагтай бараануудыг маань хогийн цэгийн хажууд замбараагүй шидчихсэн байсан. Тэгэхээр нь би уурлаж, хүний энэ их мөнгөөр хүмүүсийн захиалсан юмыг ингэж шидэж болохгүй, ийшээ ингэж хураа гээд газар зааж өгөөд хураалгасан. Тухайн үед хайрцагтай барааг өргөж үзэхэд доторх зүйл нь шажигнаж дугарсан. Н.Б миний дараагийн ажил хэцүүдлээ гээд онгойлгож үзээгүй байхад явсан. Явсных нь дараа шуудайг хайчилж үзэхэд хайрцаг эвдэрч, хайрцаг доторх ариутгагч буу хагарсан байсан. Тухайн үед би Н.Б руу залгаж нөхцөл байдлыг хэлэхэд би ажилтай байна гэж утасны дуудлагаа тасласан. Монгол дээж ХХК-руу залгатал бидэнд хамаагүй, Н.Бтайгаа ярьж, учраа ол гэж хэлсэн. Каргоны мөнгө 1,175,000 төгрөг, хүргэлт 50,000 төгрөг, нийт 1,225,000 төгрөгийг Molgol deej гэсэн утгатайгаар өгсөн данс руу нь хийсэн. Гэхдээ тэр үед хүргэлтийн жолоочийн нэрийг Н.Б гэдэг, тэр данс нь Н.Батсуурийн данс гэж мэдээгүй. Нийтдээ 37 ширхэг хайрцаг барааны 7 хайрцаг нь ариутгагч буу байсан, түүнээс 2 хайрцаг буюу нийтдээ 40 ширхэг агааржуулагч буу эвдэрч хагарсан байсан. Би нэг ариутгагч бууг 50,000-55,000 төгрөгөөр захиалга аваад хүргэж өгдөг. 1 хайрцагт 20 ширхэг ариутгагч нэмээд шилжүүлсэн мөнгө байгаа. Би одоо бүүр энэ хүнийг ингээд зөвшөөрөхгүй байгаа бол буу байдаг ба 1 бүрийн үнэ нь 50,000 төгрөгөөр тооцоход 40 ширхэг ариутгагч бууны нийт үнэ 2,000,000 төгрөг болно. Би Н.Бд 500,000 төгрөгөөр хуваагаад мөнгөө төлчих гэж утсаар хэлж байсан.

Миний шилжүүлсэн мөнгө бол замын үүдээс ирсэн замын зардал нийт 1,500,000 төгрөг аваад эвлэрч болно гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ч.Агийн 37 ш хайрцаг 15:00 цагийн үед 4-р хороололд хүргэж өгсөн. Ч.Агийн зааж өгсөн газарт буулгаж тавьсан. Ачааны тооцоо 1,175,000 төгрөгийг авья гэхэд ачаагаа шалгаж үзчихээд данс руу чинь хийнэ гэсэн. Би өөр олон газар ачаа буулгах байсан тул за гээд явсан. Түүнээс хойш 7 цагийн дараа буюу 22:00 цагт ачааны тооцоогоо данс руу хийсэн. Ачаагаа шалгаж үзэх хангалттай хугацаа байсан учир шалгаад бүрэн бүтэн хүлээж авсан байна гэж би ойлгосон. Гэтэл 3 хоногийн дараа над руу залгаж бараа хангарсан байна, 500,000 төгрөгөөр хохирчихлоо гэж хэлсэн. Тухайн үед нь надад хэлээгүй атлаа одоо ингэж ярьж байгааг нь би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед Ч.Агийн ачааг зааж өгсөн газарт буулгасан. Хайрцгуудыг шидсэн зүйл байхгүй бөгөөд намайг хайрцгуудыг машинаас буулгаж байхад Ч.А өөрөө хараад зогсож байхдаа хайрцаг доторх бараанаас шажигнасан дуу гарч байна гэж огт хэлээгүй. Нийт 37 ширхэг хайрцагтай барааг нь тоо ёсоор нь хүлээлгэж өгөхөд, мөнгийг орой шилжүүлнэ гэхээр нь би явсан. Ингээд орой 22 цагийн орчимд урдаас ирсэн каргоны мөнгийг, миний хүргэлтийн 50,000 төгрөгийн хамт шилжүүлсэн. Тиймээс ачаа, бараагаа бүрэн, бүтэн хүлээж аваад, тооцоогоо хийж байна гэж би ойлгосон. Тухайн өдөр Ч.А над руу залгаагүй. Харин би тооцоогоо хийх болж байгаа эсэхийг тодруулахаар 1, 2 удаа залгасан. Түүнээс 11 сарын 01-ний өдөр буюу хүргэлт хийснээс хойш 6 хоногийн дараа залгаад, Манай бараа хагархай ирсэн байна, барааны 1 бүрийн үнэ 50,000 төгрөг, 10 ширхэг ариутгагч буу эвдэрсэн байна, нийт үнэ 500,000 төгрөг болж байна гэж хэлсэн. Гэтэл одоо 500,000 төгрөгөөр цувуулаад өгчих гэж хэлсэн гээд зөрүүтэй зүйл яриад байна. Тухайн үйл явдлын дараа бараануудаа хэнээр, хаашаа зөөлгөсөн нь мэдэгдэхгүй байхад хүргэлт хийснээс хойш 6 хоногийн дараа залгаад, ийм тодорхой бус зүйл яриад байгаад гайхаж байна. Би энэ хүний нэхэмжилж байгаа 2,000,000 төгрөгийг огт зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Батсууриас 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Миний бие анхан шатны шүүхэд хагарч гэмтсэн ачаа барааныхаа зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн Н.Б гэдэг хүн рүү залгасан утасны дуудлага болон мэссэж баримтаар тогтоогдож байхад эдгээр баримтыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй зөвхөн хариуцагчийн тайлбараар үнэлэлт дүгнэлт хийж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүх хэрэгт авагдсан баримт болон хэргийн үйл баримтыг анхаарч үзэлгүй ачааны тээврийн зардлаа бүрэн төлсөн нь ачаа бүрэн бүтэн байсан байх боломжтой, хэрвээ хагарч хэмхэрсэн бол төлбөрөө төлөхгүй байх байсан, мөн цаг хугацааны хувьд ч хүлээн авснаас хойш 21 цагт төлбөрөө төлсөн нь ачааг бүрэн бүтэн хүлээн авсан гэж үзэх боломжтой гэсэн хариуцагчийн тайлбараар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн хэт нэг талыг барьж шийдсэн байна хэмээн үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчаас гаргасан тайлбарын агуулга: Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 14 цагийн орчимд барааг хүргэж өгсөн. Гэрийнх нь гадаа очоод залгахад буулгахгүй байж байгаарай гэсэн. Барааг машинаас буулгаж байх явцад нэхэмжлэгч ирсэн. Буулгасан барааг хураагаарай гэж заасан газарт хураасан. Тухайн үед барааг тоо ширхэгээр нь хүлээж авсан. Төлбөр тооцоог ачаа буулгасан өдрийн орой 22 цагийн орчимд миний дансруу шилжүүлсэн. Өмнө нь тооцоогоо хийх болж байна уу гэж нэг залгасан. Тухайн үед хагарсан, эвдэрсэн гэж надад яриагүй. 7 хоногийн дараа эргэж надруу залгаад чиний авчирсан бараа хагархай байна гэж хэлсэн. Тооцоо мөнгөө хийхээсээ өмнө хэлж болоогүй юм уу 5,6 хоносны дараа мэдэгдсэн учраас хариуцлага хүлээх боломжгүй гэж хэлсэн. Анх ярихдаа 1 ширхэг нь 50,000 төгрөгийн үнэтэй 10 ширхэг бараа хагарсан 500,000 төгрөгийн хохиролтой байна гэж хэлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2,000,000 төгрөгийн хохиролтой гэж нэхэмжилсэн. Хагарсан гэх бараанууд нь миний буулгасан газар байгаагүй. Хаана хэзээ хагарсан нь тодорхойгүй барааны зурагнууд дарж хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байсан. Иймд миний бие хариуцлага хүлээх үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч Н.Бд холбогдуулан хохиролд 2,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ч.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Н.Б нь миний 37 хайрцаг барааг 50,000 төгрөгөөр хүргэхээр тохиролцсон... Миний бараануудыг хогийн цэгийн хажууд замбараагүй шидчихсэн байсан. Н.Батсуурийг явсны дараа шуудайг хайчилж үзэхэд ариутгагч буу хагарсан байсан. Иймээс 40 ширхэг ариутгагч бууны 2,000,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ... иргэн Ч.Агийн 37 хайрцаг барааг 15:00 цагийн үед 4-р хороололд хүргэж өгсөн. Ачааны тооцоо 1,175,000 төгрөгийг авъя гэхэд ачаагаа шалгаж үзчихээд данс руу хийнэ гэсэн. Түүнээс хойш 7 цагийн дараа буюу 22:00 цагт ачааны тооцоогоо данс руу хийсэн. Ачаагаа шалгаж үзэх хангалттай хугацаа байсан, шалгаад бүрэн бүтэн хүлээж авсан гэж ойлгосон. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ. /хх 1, 10/

3. Хариуцагч Н.Б нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Амгаланд байрлалтай Монгол дээж нэртэй агуулахаас 37 хайрцаг барааг нэхэмжлэгчийн гэрийн хаягаар хүргэхээр, нэхэмжлэгч Ч.А 50,000 төгрөгийн хөлс төлөхөөр хэлэлцсэн тохиролцсон бөгөөд ачаа тээвэрлэсэн талаар талууд маргаагүй байна.

Талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурласан байна.

Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь ачаа тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээх талаар Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заажээ.

Н.Б нь ачааг Ч.Агийн гэр хүртэл автомашинаар тээвэрлэн хүлээлгэн өгсөн ба нэхэмжлэгч нь тээврийн хөлсөнд 50,000 төгрөг төлсөн байна.

4. Нэхэмжлэгч хариуцагчийн тээвэрлэлтийн буруутай ажиллагаанаас болж зарим ариутгагч буу гэмтсэн гэсэн үндэслэлээр хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.1 дэх хэсэгт зааснаар ачаа хүлээн авагч ачааг хүлээн авахдаа тээвэрлэгчтэй хамт түүнийг шалгаагүй бол эсрэгээр нотлогдох хүртэл ачаа хүлээн авагч ачааг дагалдах бичигт заасан байдлаар хүлээн авсанд тооцдог.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ч.А нь ачааг хүлээн авахдаа хариуцагчтай хамт шалгаагүй байх тул ачаанд илэрсэн гэмтлийг тээвэрлэлтээс үүдсэн буюу шалтгаант холбоог нотлох үүрэг нэхэмжлэгчид ногдоно. Нэхэмжлэгч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.2 дахь хэсэгт зааснаар ачаа хүлээн авагч ачааны илэрхий гэмтэл, дутагдлын талаархи шаардлагыг ачаа хүлээн авсан өдөр бичгээр тээвэрлэгчид гаргана. Нэхэмжлэгч нь хариуцагчид ачааны гэмтэл, дутагдлын талаар ачаа хүлээн авсан өдөр бичгээр шаардлага гаргасан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шатны шүүх тээвэрлэлтийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Хэргийн 4, 32 дугаар талд авагдсан гэмтсэн гэх ачаа барааны гэрэл зураг нь хариуцагч Н.Б ачааг тээвэрлэх явцдаа уг бараа бүтээгдэхүүнийг гэмтээсэн гэдгийг шууд нотлох баримт биш юм.

Зохигчдын утасны дуудлага, мессежний лавлагаа хэрэгт авагдсан байгаа хэдий ч уг баримтаар Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.2 дахь хэсэгт заасан бичгээр шаардлага гаргасан гэж үзэхгүй.

Иймд дээрх гэрэл зураг болон лавлагааг шүүх нотлох баримтаар үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2022/01263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй..

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.