Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн

Улсын яллагч Ц.Сайнхүү

Шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Ц.Сайнхүүгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А-т холбогдох 1816001590081 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Ч-ын А

Шүүгдэгч Ч.А-ын 2018 оны 07 дугаар сарын 11-ний  шөнө 02 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байх Засаг даргын Тамгын газрын байрны өмнөх талбайд А.Г-ийг зодож,  түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Ч.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би Хаан банкны урд 2 найзтайгаа архи ууж байгаад таксий аваад гэр рүүгээ явах гээд явж байтал Г ах дуудсан. Тэгээд очиход малгай булааж авсан. Малгай өгчих гэсэн өгөхгүй байхаар нь  түлхэж унагаагаад өшиглөсөн. Тэгээд цагдаа ирээд авч явсан... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч А.Г-ийн “...Хүлээн авалт Засаг даргын Тамгын газрын 1-р байранд болж, 23 цагийн орчим тараад би цэргийн штабын даргын өрөөнд орж байж байгаад шөнө 01-02 цагийн үед гэртээ харих гээд гарсан. Гараад үүдэнд жолоочоо дуудах гээд зогсож байтал 3-4 залуу ирж намайг өдөж хоргоож байгаад нэг нь араас цохиж би газар унасан, унасан хойно намайг өшиглөж зодсон. Тэгээд нэгийг нь барьж аваад зогсож байхад Тамгын газраас хүмүүс гарч ирээд салгаж, цагдаа дуудсан. Мөн эмнэлэгт дуудлага өгч би эмнэлэгт хүргэгдсэн... Миний зүүн талын 2 хавирга хугарч, нуруунд зулгаралт үүсэж,  хүзүү өвчин орж гэмтсэн, мөн өмсөж явсан хувцас урагдсан байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ11-12/,

Гэрч Ч.Б-ийн “...Н-н дарга З гарч яваад удалүй орж ирээд гадаа үүдэн дээр чинь хоёр хүн зодолдож байна гараад ир гэхээр нь гараад очиход нөгөө хоёр заамдалцсан байдалтай байж байсан. Манай 2-р байрны харуул Го бас ирсэн тэгээд З, Го нар тэр хоёрыг салгасан, би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нарыг иртэл З, Го нар тэр хоёрыг салгаад барьж байгаад тавьсан чинь нөгөө малгайгаа авах гээд байсан залуу Г даргын нүүрэн тус газар нь цохиж унагаагаад унасан хойно нь өшиглөж авсан. Яг хаана өшиглөснийг нь анзаарч сайн хараагүй, тэгээд дахин салгаад цагдаа ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ14-15/,

Гэрч Ж.Го-ийн “...Шөнийн 01 цагийн үед байх би 1-р байрнаас гарч ирэхэд үүдэнд З дарга, Ш-н дарга бас нэг танихгүй залуу гурав байж байсан. Нөгөө хоёр нь хоорондоо заамдалцаж, барьцалдаж авах гээд байсан. З дарга бид хоёр салгаад нэг нэгээр нь бариад зогсож байсан. 1-р байрны жижүүр Б гарч ирээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирэхийг хүлээгээд бариад зогсож байгаад тэр хоёрыг холдуулаад зогсож байтал Г тэр залуу руу янз бүрийн юм яриад маргалдаж урд урдаасаа очиж түлхэлцэж байгаад Г-ийг түлхээд унагаах шиг болоод тэр залуу Г-ийг газар унасан байхад нь нэг удаа өшиглөсөн. Би очоод нөгөө залууг барьж аваад зогсож байтал цагдаа нар ирсэн ... унагаагаад нэг удаа өшиглөсөн, яг хаана өшиглөснийг анзаараагүй, нэг удаа өшиглөсөн, би хажуугаас нь очиж салгаж холдуулсан. Г ёолоод хэвтээд байсан, босож чадахгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ18-19/,

Гэрч М.З-ийн “...Тэр 2 зодолдсон зүйлгүй, заамдалцсан байдалтай байсан. Тэгээд Го бид 2 салгаад Б-г цагдаад дуудлага өг гээд өгүүлсэн. Цагдаагийн дуудлага иртэл Го бид 2 тэр хоёрыг салгаад барьж байгаад тавьсан чинь нөгөө малгайгаа авах гээд байсан залуу Г дээр очоод түлхээд унагаах шиг болсон. Харанхуй байсан болохоор би яг цохиж авсан, унасан хойно нь яасныг сайн анзаарч хараагүй. Тэгээд дахин салгаад барьж байгаад цагдаагийн машин ирэхээр нь цагдаа нарт нөгөө залууг өгөөд явуулсан. Г гэдэс орчмоо дараад өвдөөд байна гээд байсан болохоор түргэн дуудаж эмнэлэгт хүргүүлсэн  ...” гэсэн мэдүүлэг /ХХ21-22/,

Шинжээч Т.Алтайбаатарын “...  А.Г-ийн биед 10, 11-р хавирганы хугарал гэмтэл учирсан байсан. Рентген зургаас харахад шинэ гэмтэл байсан. Хоёр хавирга хугарсан тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаардаг ...” гэсэн мэдүүлэг /ХХ27/

Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 191 дугаартай “... 1. А.Г-ийн биед 10, 11-р хавирганы хугарал, зүүн ташаан толгойн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт /ХХ31-32/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.А-ын 2018 оны 07 дугаар сарын 11-ний  шөнө 02 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байх Засаг даргын Тамгын газрын байрны өмнөх талбайд хохирогч А.Г-ийг зодож, биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүхээс шүүгдэгч Ч.А-т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.А-ын эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажил, албан тушаалын онцлогыг харгалзан шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Говь-Алтай аймгийн ........... сумын нутаг дэвсгэрт 20/хорь/ доошгүй хүнийг хамруулсан үндэсний болон жудо бөхийн дугуйлан, бялдаржуулах клубын үйл ажиллагааг үнэ төлбөргүйгээр явуулах замаар биелүүлэхийг даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ч-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ыг 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Говь-Алтай аймгийн ......... сумын нутаг дэвсгэрт 20 /хорь/ доошгүй хүнийг хамруулсан үндэсний болон жудо бөхийн дугуйлан, бялдаржуулах клубын үйл ажиллагааг үнэ төлбөргүйгээр явуулж биелүүлэхийг шүүгдэгч Ч.А-т даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Ч.А-т сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Ч.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА