Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01263

 

 

 

 

 

 

 

 

 

2022 07 04 210/МА2022/01263

 

 

Г.Лгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/01379 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Лгийн хариуцагч Д.Бид холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 37,870,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сэлэнгэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ХариуцагчД.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Тоёота приус маркийн 78-50 УБЧ улсын дугаартай автомашин жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчин Г.Лгийн өмчлөлийн миний хулгар чихтэй, хээр зүсмийн хурдан азаргыг дайрч хүнд гэмтээж, цаашид уралдах боломжгүй болгон бидэнд маш хэмжээний хохирол учруулсан юм. Миний дээрх хурдан азарга маань дараахь амжилтуудыг гаргасан. Үүнд: Хүй долоон худаг-т 2012 оны 5 дугаар сард зохион байгуулагдсан Нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах хурдан морины уралдаанд шүдлэн насандаа 5 дугаар байр буюу айрагдсан, Их Монгол улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Төв аймгийн Баянхангай сумын 35 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдаанд түрүүлсэн, Монголын тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жил, Төв аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр, Төв аймгийн Баянхангай сумын 36 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдаанд 3 дугаар байрт орсон, Үндэсний эрх чөлөөний 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Төв аймгийн Аптанбулаг сумын 80 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдаанд аман хүзүү буюу 2 дугаар байрт орсон. Төв аймгийн Алтан булаг сумын хурдан морьдын уралдаанд түрүүлсэн. Дээрх амжилтуудыг гаргасан хулгар чихтэй, хээр зүсмийн хурдан азарга маань 7 настай бөгөөд цаашид 10 орчим жил амжилттай уралдах бололцоотой байсан төдийгүй зах зээлийн үнэлгээ нь 50,000,000 сая төгрөг, цаашид 10 орчим жил хурдан морьдын уралдаанд оролцож бай шагнал авах бүрэн хүч чадалтай, үзүүлсэн амжилтаараа зах зээлийн үнэлгээ нь нэмэгдэх байсан хурдтай азарга юм. Иймд бидэнд учирсан хохиролдД.Боос 30,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаарлагыг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодруулж, нэмэгдүүлсэн болно. Үүнд, Хан-Уул дүүргийн Мал эмнэлгийн зөвлөх эмч н.Намшир тухайн үед дуудлагаар очиж бэртэж гэмтсэн хурдан азаргыг үзээд бүх бие нь чичирч амьсгаадсан зүрх нь маш хурдтай цохилж байсан, хошуу далны хажуу талын хондлой яс нь шалбарсан, ард, урд хөлөө сойж зогссон, явахдаа хойд талаараа доголсон, хондлойн хавьцаа эмзэг газраа гэмтэлтэй, хамар амнаас цус гарсан, баруун нүдний дээд зовхи гэмтсэн, баруун талын цавь язарсан гэж дүгнэсэн. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Бадьмаагийн зам тээврийн ослын шинжилгээ хийлгэх тогтоолоор шинжээчээр томилогдсон замын цагдаагийн албаны шинжээч н.Эрдэнэбатын дүгнэлтээр хариуцагчД.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. Азаргыг хариулж явсан иргэн, уяач Б.Бүрэнбат нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж дүгнэсэн байдаг. 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Бадьмаа тухайн азарганы зах зээлийн үнэлгээг тогтоолгох зорилгоор Итгэлт эстимэйт ХХК-г шинжээчээр томилсон ба иргэн Г.Лгийн эзэмшлийн хулгар чихтэй, хээр зүсмийн 7 настай азарганы зах зээлийн үнэлгээг 11,500,000 төгрөгөөр, Г.Лд учирсан хохирол 11,000,000 төгрөг гэж тогтоосон байсан. Бид нар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа даатгалын компаниас 5,000,000 төгрөг орж ирсэн, үүнийг хасаад одоо үлдэгдэл 6,000,000 төгрөгийг хариуцагчД.Б төлөх ёстой гэж үзэж байгаа. Хариуцагч хаяг дээрээ байгаагүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр түүнийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн. Тэгээд бэртсэн азаргаа хөдөө ачаад явахад унааны зардалд 800,000 төгрөг, адууны өвс тэжээлд 15,500,000 төгрөг, шим тэжээлд 2,000,000 төгрөг, эмчилгээний зардалд 4,500,000 төгрөг, малчны цалинд 9,000,000 төгрөг, нийт 37,870,200 төгрөгийн зардал гарч байна. Нэмээд хэлэхэд хариуцагчД.Б Улаанбаатар хотын ногоон бүсэд мал байлгахыг хориглосон байдаг гээд яриад байна. Гэтэл Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Монгол мал хөтөлбөр батлах тухай 119 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотод мал байлгах бүсийг тогтоосон, тогтоолын хоёр дугаар хавсралтаар Хан-Уул дүүргийн нутагт, Морингийн даваанд мал байлгах-ыг зөвшөөрсөн байдаг. Мөн Г.Л нь адуугаа А.Дэлгэрсайхан гэдэг уяачнаар уяа сойлгыг нь тааруулуулдаг. Бид нар н.Батболд гэдэг хүнээр дамжуулж Сүхбаатар аймгаас энэ азаргыг худалдаж авсан. Г.Л гэдэг хүн адууны эзэн гэдэг нь замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээчин Итгэлт эстимэйт ХХК-ийн тайлангаар ч нотлогдоно, тэрээр энэ адуугаа 2014 оноос хойш хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгаж ирсэн гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумаас Улаанбаатар хот руу өөрийн 78-50 УБЧ улсын дугаартай Тоёота приус маркийн авто машинтай ах Б.Баярбат, бэр А.Ганчимэг нарын хамт оройн 20 цаг 43 минутанд Морин-гийн давааны зүүн талын гэр хорооллын замаар явж байхад зам хөндлөн нэг адуу гарч ирсэн, би уг адууг хармагц хурдаа сааруулан тойрон гарах үйлдэл хийсэн. Гэвч эсрэг талын урсгалын машин ойрхон байсны улмаас амжилгүй бөгсөн биеийг нь хөнгөн мөргөсөн. Тухайн газар мал амьтны гарц, тэмдэг тэмдэглэгээ огт байгаагүй. Адуу тэр дороо босон замын хойд талыг барин давхисаар хашаа руу гаа орсон. Мөн адууг хариулж явсан гэх Бүрэнсайхан орилж чарлаад янз бүрээр дуудаад Г.Л сайдын адууг мөргөчихлөө, наад адууны чинь эзэн нь сайд, эзэнийх нь ээж нь Н.Энхбаярын хуулийн зөвлөх гээд янз янзын үгээр хэлээд ирсэн. Би үгүй ээ эзэнгүй адуу наана чинь яваад байна, миний машинд хохирол учрууллаа, бид 3 ч бас аюултай байлаа, тийм учраас би өөрөө цагдаа, даатгал дуудна гэж хэлээд цагдаа дуудаад, адууны эзэн Г.Лг дууд гэхэд адууны эзэн гээд н.Чанцалмаа, Г.Л гэх 2 хүн ирсэн, цагдаагийн байгууллагаас хэмжилт хийсэн. Ямар нэгэн малын тэмдэг, тэмдэглэгээ байна уу гэж яваад нэлээн орой Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасаг дээр ирсэн. Бидэнд тухайн адууг хариулгатай буюу хүн тууж явсан гэж яриад байгаа боловч хариулгагүй байсан гэдгийг тухайн осол гарсан гэх газар надтай хамт байсан манай бэр эгч, би, манай ах бид 3 мэднэ. Мөн тухайн үед уг адуунд учирсан гэмтлийн улмаас түүний эзэнд нөхөн төлөх төлбөрийн хэмжээг шинжээчийн дүгнэлтээр 11,500,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд уг адууг зөвхөн хурдан удмын азарга гэдэг талаас нь буюу зөвхөн нэхэмжлэгч талын хүсэл сонирхлыг үндэслэн тэдний хэлсэн тайлбарласнаар үнэлгээг гаргаж, хэтэрхий нэг талыг барьсан байгаа явдал нь уг дүгнэлт үндэслэл бүхий болсон гэж үзэхэд боломжгүй байгаа юм. Учир нь уг адуу хурдан удмын азарга гэж хэлэхэд эргэлзээтэй байх бөгөөд улс, бүсийн уралдаан тэмцээнд түрүүлж, айрагдаагүй л бол махны чиглэлийн адуу гэж явдаг журамтай. Гэтэл юуг үндэслэн тийм их хэмжээний үнэлгээ гаргасан нь ойлгомжгүй, үндэслэлгүй байгаа билээ. Адуунд учирсан гэмтлийн тухайд гэвэл нэхэмжлэгч тал нь 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Гүнтэрэм ХХК-ын мал эмнэлэгийн зөвлөх эмч Н.Намширт уг адууг үзүүлэн тариа тариулж, дусаалга үнэрлүүлж эмчилгээ хийлгэсэн байдаг бөгөөд эмчилгээний төлбөрт 67,500 төгрөг төлсөн тухай баримт байдаг. Энэ нь уг адууг 11,500,000 төгрөг хүртэлх хэмжээнд үнэлэгдэх байдалд биш байсныг нотолж байгаа юм. Түүнчлэн нэхэмжлэгч Г.Л гэм хорын хохиролд яагаад 37,870,200 төгрөг шаардсан нь ойлгомжгүй байна. Учир нь гэм хорын хохирол нь бодитой байх ёстой бөгөөд 37,870,200 төгрөг хаанаас хэрхэн үүсэж байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл уг адуу цаашид тэмцээн уралдаанд түрүүлэх эсхүл айрагдах асуудал нь бодит биш, ирээдүйд бий болох эсэх нь тодорхойгүй үйл явдал байна. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа 37,870,200 төгрөгөөс 67,500 төгрөгийг зөвшөөрнө, гэхдээ энэ төлбөрийг даатгалаас төлчихсөн. Тухайн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Г.Л бид хоёрыг цагдаагаас дуудаж уулзсан, мэдүүлэг авсан, үнэлгээгээ гаргаж өг гэж энэ хэдийг нилээн удаан шаардсан. 2017 оны 04 дүгээр сарын 11-нд шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Энэ хэд чинь 2017 оны 04 дүгээр сарын 12-нд өдөр үнэлгээгээ барьж ирсэн. Хан-уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн хэрэг бүртгэгчийн танилцуулсан шинжээчийн дүгнэлттэй танилцаад гарын үсэг зураад гарахдаа би даатгалын байгууллагаар шийдүүлнэ гэж хэлээд гарсан. Тухайн үед би ажлын шаардлагаас болоод зам тээврийн ослын талаарх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ би тухайн үед завтай байсан бол тэр дүгнэлтийг зөвшөөрөхгүй байх үндэслэлтэй байсан. Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шаардах эрхийн тухайд осол гарах үед бол тухайн адуу нь малын А дансанд иргэн А.Дэлгэрсайханы нэр дээр бүртгэлтэй байжээ. Тэгэхээр нэхэмжлэгч Г.Л гуайд гэм хорын хохирол учраагүй, харин А.Дэлгэрсайханы адуунд учирсан гэм хорын хохирлыг Г.Л гуай шаардах эрх байна уу? үгүй юу? гэхээр эрхгүй юм гэж хэлэх гээд байгаа юм. Замын хөдөлгөөний дүрэм, шинжээчийн дүгнэлтээр зөвхөнД.Бийг буруутгасан байгаа хэдий ч илэрхий зүйлийг нь дурдахад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26 дугаар зүйлийн 26.5-д Малыг зам хөндлөн буюу гүүрээр тууж гаргахдаа 1.22 тэмдгээр анхааруулсан замын хэсгийг сонгох бөгөөд тийм хэсэг байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлгүй үед гаргана. Ингэхдээ аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд гүйцэд гаргаж амжаагүй байхад ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө, мөн дүрмийн 26.6-т Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Харин зам хөндлөн тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл (дэнлүү) буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана гэсэн байгаа юм. Тэгэхээр иргэн Г.Лгийн байна уу, А.Дэлгэрсайханы байна уу адууг миний үйлчлүүлэгчД.Б санаатай мөргөж осол гаргаагүй, түүнд самбаачлах хугацаа байгаагүйгээс осол гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа юм. Гэвч адуу өөрөө хариулгатай, эзэнтэй байх ёстой байсан. Эзэн өөрөө зам хөндлөн гарахдаа зохих дүрмийн дагуу гарах ёстой байсан, энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна. Нэгэнт гэм хорын хохирлын асуудал ярьж байгаа учраас хөрөнгийн эзэн хүн өөрөө хөрөнгөндөө анхаарал тавьсан байх ёстой байхад өөрийнх нь хайхрамжгүй, анхааралгүй байдлаас эд хөрөнгөөрөө хохирсон байна. Миний үйлчлүүлэгчийн тухайд даатгалтай байсан учраас даатгалын байгууллага нэхэмжлэгчид 5,000,000 төгрөг гаргаад өгсөн. Даатгалаас гаргаж болох хохирлын хэмжээгээ тултал нь гаргуулсан байна. Үлдэх эсэхээ нэхэмжлэгч А.Дэлгэрсайхан байна уу, Г.Л байна уу өөрсдөө хариуцах ёстой. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд мал оруулах хориотой юм билээ. Хавтаст хэрэгт Нийслэлийн Иргэдийн хурлын тогтоол байхгүй ч энэ нь нийтэд илэрхий баримт юм гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчД.Боос 6,070,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэхн 31,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 112,073 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Хулгар чихтэй, хээр зүсмийн7 настай адуу /азарга/ нэхэмжлэгч Г.Лгийнх мөн эсэх, түүнд шаардах эрх үүссэн эсэхэд шүүх дүгнэлт хийхдээ дэмжсэн баримтгүй тайлбарт үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагийн үед, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, морингын давааны орчим зам тээврийн осолд өртсөн адууны өмчлөгчийг тогтоосон байх юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй, уг адуу өөрийнх нь өмч болохыг тайлбараар бус баримтаар нотлох үүрэгтэй. Мөн зам тээврийн осол гарах үед хулгар чихтэй хээр зүсмийн 7 настай азарга нь иргэн А.Дэлгэрсайханы өмчлөлд бүртгэлтэй байсан нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байхад нотлох баримтад бус, тайлбарт, мөн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн мал, амьтныг тээвэрлэх, тууварлах зорилгоор авсан гарал үүслийн гэрчилгээ-нд үндэслэж өмчлөгч, эзэмшигчийг тогтоож, улмаар шаардах эрхтэй гэж үзсэн нь хуультай нийцэхгүй байна.

4.б. Уг адуу нь 11 сая төгрөгийн үнэ бүхий хурдан адуу байсан эсэхэд эргэлзээтэй, адуу цаашид уралдах боломжтой, боломжгүй талаар мэргэжлийн дүгнэлт гаргаагүй байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч хориглосон байршилд мал аж ахуй эрхэлж байсан, Замын хөдөлгөөний дүрмийн 26.5, 26.6 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, адуу хариулагагүй зам хөндлөн гарч ирсэн байдал зэргийг харгалзан үзэж, мөн зам тээврийн осол нь болгоомжгүй үйлдлийн улмаас үйлдэгддэг ба хариуцагч ЗХД-ийг санаатайгаар зөрчөөгүй болохыг, хариуцагчийн эд хөрөнгийн байдлыг тус тус харгалзан үзэж хохирлын хэмжээг багасгаж болохоор байтал дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хохирлыг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэнд нь гомдолтой байна. Иймд 11,000,000 төгрөгийн 50 хувийг нэхэмжлэгчид, 50 хувийг хариуцагчид тус тус хуваарилж, даатгалын байгууллагаас гаргуулсан 5,000,000 төгрөгийг гэм хор учруулагчаас гаргуулах төлбөрт тооцож, үлдэх 500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж зэргийг хариуцагчаас гаргуулах байдлаар шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах, мөн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгох байдлаар буюу хариуцагчаас гаргуулах гэм хорын хэмжээг 5,500,000 төгрөгөөр тогтоож, үлдэх 5,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: ХариуцагчД.Б приус маркийн машинтай явж байхдаа замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тухай шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан байдаг. Монгол мал хөтөлбөрөөр тухайн байршилд мал байлгахыг зөвшөөрсөн тогтоол гарсан. Нэхэмжлэгч талаас хотод амьдардаг боловч өөрсдийн өмч хөрөнгөд малчинтай бөгөөд малчинг цалинжуулдаг. Тухайн үед малчин хариуцлагатайгаар малаа туугаад зам хөндлөн гарч байсан. Манай талаас ямар нэгэн асуудал үүсээгүй гэдэг нь замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Зүгээр уралдаж байсан адууг хариуцагчД.Б мөргөж маш их хэмжээний хохирол учруулсан. Бидний зүгээс 30,000,000 гаруй төгрөгийн зардал гарсан. Хариуцагч нь хариуцлагаас зугтаадаг. Малын тэжээл эмчилгээнд зарцуулсан мөнгө болон бусад зардалд гаргасан 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

2. Нэхэмжлэгч Г.Л нь хариуцагчД.Бид холбогдуулан гэм хорын хохирол 37,870,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Д.Бямбадорж нь 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ... хулгар чихтэй, хээр зүсмийн хурдан азаргыг дайрч хүнд гэмтээж, зам тээврийн осол гаргасан. Итгэлт эстимэйт ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн үнэлгээгээр хурдан хээр азарганд учирсан хохирлыг 11,000,000 төгрөг гэж тогтоосон... гэж, хариуцагч татгалзаж буй үндэслэлээ ...нэхэмжлэгч нь Замын хөдөлгөөний дүрмийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн, дээрх азарга нь малын А дансаар бол А.Дэлгэрсайхан гэж хүний нэр дээр бүртгэлтэй, харин Г.Л өмчлөгч гэдэг нь тогтоогдохгүй, мал хариулгатай, эзэнтэй байх ёстой, Нийслэлийн ногоон бүсэд мал байлгах хориотой, нэхэмжлэлийн шаардлагаас тариа хийсэн 67,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна ... гэж тус тус тайлбарласан байна.

3. Хэргийн 18 дугаар талд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тэмдэглэснээр 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цаг 45 минутын орчим Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Морингийн гэр хорооллын урд замд хариуцагчД.Б нь 78-50 УБГ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үед зам хөндлөн гарч байсан нэхэмжлэгчийн адууг мөргөж зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй.

Замын Цагдаагийн албаны 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар дүгнэлтэд Тоёота Приус маркийн 48-50 УБЧ улсын дугаартай автомашины жолооч Дорж овогтой Бямбадорж нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй, хулгар чихтэй, хээр зүсмийн 7 настай азаргыг хариулж явсан гэх иргэн Д.Бүрэнбат нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. /хх 33/

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Түүнчлэн, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Шүүх Итгэлт эстимэйт ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 20/014 дугаар дүгнэлтээр хурдан хээр азарганд учирсан хохирлыг 11,000,000 төгрөгөөр үнэлсэнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг зөрчөөгүй.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэслэлийг нотлох үүргийг хүлээх ба шүүх талуудын гаргасан нотлох баримтын хэмжээнд харьцуулан үнэлж шийдвэр гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйл болон 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ. Хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлжээ.

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5.а. Хариуцагч давж заалдах гомдолдоо адууны өмчлөгч нь А.Дэлгэрсайхан байхад Г.Л нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэжээ.

Хэрэгт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1499 дүгээр тодорхойлолт болон мал амьтны эрүүл мэнд, гарал үүслийн 0037235 дугаар гэрчилгээ авагджээ. /хх74-75/

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны тодорхойлолтод Адъяа овогтой Дэлгэрсайхан нь ... малын А дансанд 48 адуу тоологдсоноос хулгар хээр азарга бүртгэгдсэн нь үнэн болно гэсэн, мал амьтны эрүүл мэнд, гарал үүслийн гэрчилгээнд А.Дэлгэрсайханыд байгаа Г.Лгийн өмч болох адуу-1 /хулгар чихтэй хээр, 8 настай/ гэсэн байх ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа уяач А.Дэлгэрсайхан, түүний хүү Д.Бүрэнбат нар хулгар хээр азаргыг хариулж уядаг байсан гэжээ. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд тухайн адууны өмчлөгч Г.Л болох нь тогтоогдсон байна.

5.б. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэж хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болохоор заажээ.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.

Хэрэгт авагдсан Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлтэд Хулгар чихтэй, хээр зүсмийн, 7 настай азаргыг хариулж явсан гэх иргэн Д.Бүрэнбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй гэснээс үзэхэд зам тээврийн осол гарахад хохирогчийн гэм буруу нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно.

Хэрэгт хариуцагчД.Бийн эд хөрөнгийн байдлын талаархи нотлох баримт авагдаагүй байх тул энэ үндэслэлээр гэм хорыг нөхөн төлөх хэмжээг багасгах боломжгүй.

Иймд гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг шүүх анхаарч үзээгүй гэх гомдол үндэслэлгүй.

5.в. Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаар Г.Лд учирсан хохирлыг 11,000,000 төгрөг гэж тогтоосон, Хан-Уул дүүргийн мал эмнэлэг үржлийн Гүнтэрэм ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 22/1 дүгээр албан бичигт уг азаргыг цаашид унаж эдлэх, уяж уралдуулах боломжгүй талаар тодорхойлсон байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэгчид 11,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд уг адуу нь 11,000,000 төгрөгийн үнэ бүхий хурдан удмын адуу байсан нь эргэлзээтэй, уг адуу цаашид уралдах боломжтой эсэх талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргаагүй байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэх гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулах гэм хорын хэмжээг багасгуулах агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/01379 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.