| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0079/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/137 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714001000064 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой. ******* овогт *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Баянхонгор зочид буудлын хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн албан хаагч *******ын тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, албаны дүрэмт хувцсыг урсан,
Мөн цагдаагийн газрын эргүүлийн цагдаа *******ын мөрдөснөөс базаж, заамдан авч цохино шүү гэж гараараа далайн, хөлрүү нь өшиглөсөн, хэл амаар доромжилсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
... 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хамт ажиллаж байсан Сайнаагийн төрсөн өдөр болж 10-д хүн нийлж аймгийн төвд орж ирээд биллъярд тоглож байхдаа 0.75 литрийн 2 шил архи хувааж уусан. Дараа нь Биеийн тамир спортын газрын урд талд байх цэцэрлэгт хүрээлэнд 0.75 литрийн хэмжээтэй 3 шил архи хувааж уугаад дуусахад шөнийн 01 цаг өнгөрч байсан. Бидэндтэй хамт байсан 4 залуу байрандаа очиж амрахаар явсан, манай дүү *******, ******* болон хамт явсан 2 эрэгтэй, 1 эмэгтэй бид 6 буудалд орж амрахаар Баянхонгор зочид буудал руу ороход сул өрөө байхгүй гэхээр нь ажлынхаа байрлаж байсан байрандаа очиж амрахаар буудлаас гараад зам дээр такси барих гээд ******* бид хоёр гар өргөөд зогсож байсан чинь 2-3 машин зогсохгүй явчихсан. Тэгтэл нэг машин тойргоор эргээд нааш ирж байгаа харагдахаар би замын голд гараа өргөөд зогсож байтал нөгөө машин миний урдаас тулж ирээд зогсохоор нь би хойшоо 2-3 алхахад нөгөө машинаас 2 хүн бууж ирээд та нар яаж такси бариад байгаа гээд намхан залуу нь миний нүүр лүү түлхээд, манай дүү *******ын нүүр лүү нь цохиод авсан. Тэгээд *******ыг цохиод авсан нуруугаар намхан цагдаагийн алба хаагч нь *******той барилцаад авахаар нь би салгах гээд дундуур нь орсон чинь түүнтэй хамт явсан цагдаагийн алба хаагч нь намайг салгаад хажуу талын хашаа руу тулгаж зогсоосон. Тэр үөд *******ыг нөгөө намхан нуруутай цагдаагийн алба хаагч барьж авчихсан тавихгүй байхаар нь би наанаас нь очоод тэднийг салгах гэсэн чинь салахгүй байхаар нь нилээн татаж чангааж байж салгасан. Тухайн үед би зууралдаж байгаад *******ын цамцыг урчихсан ...гэх мэдүүлэг... /хх-ийн 112-115 /
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
... эргүүлээсээ буугаад амрахаар өөрийн эзэмшлийн улаан өнгийн 78-38 БНХ улсын дугаартай машинтай цагдаагийн дэд ахлагч *******ын хамт гэр лүүгээ явж байхад Баянхонгор зочид буудлын талын асфальтан зам дээр нэг согтуу хүн гараа алдлаад, бас нэг хүн замын нөгөө талын урсгалыг хаагаад зогссон байхаар нь дөхөж очоод зогсоод буугаад амрыг эрье юу болоод зам хаагаад байгаа гэхэд тэр зам хаагаад зогсож байсан залуу чамд ямар хамаатай би Баянгол дүүргийн мөрдөн байцаагч байна гэхээр нь бичиг баримтаа шалгуул гэхэд намайг хэл амаар доромжлоод намайг бариад авсан, би түүнийг болиулахаар зууралдаж байтал нэг залуу ирээд чи яагаад байгаа гээд надруу дайрсан чинь надтай хамт явж байсан эргүүлийн цагдаа ******* түүний болиулаад холдуулах гэхэд тэрээр шууд миний толгойн хажуу хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд ******* түүнийг салгасан бөгөөд тэр залуу нь Этай маргалдаж байснаас буцаж ирээд миний хувцас хунараас татаж чангааж байгаад миний цагдаагийн цэнхэр цамцны урд талын товчнуудыг салгаж, хажуу хэсгийг урсан... гэх мэдүүлэг /хх-ийн 62-67/
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
... эргүүлээс би хэсгийн байцаагч *******ын хамт түүний машинтай Баянхонгор сум Номгон 1 дүгээр баг Баянхонгор зочид буудлын хажууд явж байтал 2 залуу замын голд гар өргөөд зогсож байсан. Тэгээд ******* машинтай дөхөж очоод зогсож бид хоёр машинаас бууж ******* та нар яаж яваад байгаа хөдөлгөөнд саад учруулаад байна гэхэд нэг сахалтай залуу нь би Баянгол дүүрэгт мөрдөн байцаагч хийдэг та нарыг ажилгүй болгон гэж шаардлага эсэргүүцсэн. Тэр сахалтай залуу нь миний мөрдөснөөс барьж авчихаад тавихгүй байхад ******* түүнийг салгасан чинь нэг залуу ирээд бас бид надруу дайрч *******ын цамцыг урчихсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 73-75/
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
...******* нь надруу утасдаад бид нар аймагт ороод ирчихсэн биллъярд тоглоод байж байна чи хүрээд ирээч гэхээр нь би биллъярдын газарт очиход *******, түүний дүү ******* наана нь 4-5 хүмүүс байсан бөгөөд удаагүй 2 эмэгтэй нэмэгдэж ирээд 10-уулаа болсон. Тэгээд Сайнаа гэх залуугийн төрсөн өдөр болж байгаа гээд тэнд биллъярд тоглож байхдаа 2 шил архи уугаад тэндээсээ гараад Биеийн тамир спортын газрын урд талд байдаг сааданд орж 3 шил архи уугаад шөнө болчихсон байхад тарцгаасан. Тэгээд *******, *******, *******,******* гээд эхнэр нөхөр хоёр, наана нь 1 залуу бид 6 буудалд орж амрахаар явсан. Тэгээд Баянхонгор зочид буудалруу орж өрөө асуусан чинь өрөө байхгүй гэж хэлсэн, тухайн үед шөнийн 01 цаг болж байсан ба бид нар такси барьж ажлынхаа байрлаж байсан байр луу явцгаая гээд гарсан. Тэгээд би буудлаас гараад эхнэртэйгээ утсаар ярих гээд буудлын цаад талруу гарсан бөгөөд *******, ******* нар такси барих гээд зам дээр гар өргөж харагдсан. Би эхнэртэйгээ утсаар ярьчихаад эргээд ирэхэд *******, ******* нар 2 цагдаагийн алба хаагч нартай зууралдчихсан зогсож байхаар нь би дундуур нь орж салгасан . ******* нь намхан цагдаагийн алба хаагчийн цагдаагийн цэнхэр цамцыг урчихсан...гэх мэдүүлэг / хх-ийн 95-97/
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
..би тухайн үед цагдаагийн газрын ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд шөнийн 01 цагийн үед цагдаагийн албан хаагч *******, ******* нарын тавьсан шаардлагыг нь согтуу хүмүүс эсэргүүцэж бидэнд халдсан гэсэн дуудлагаар Баянхонгор зочид буудлын хажууд явж очиход *******ын цамц нь урагдсан байдалтай, залуучууд орилж чарлаад байж байсан. Тэгээд манай алба хаагч нар уг хүмүүсийг цагдаагийн газар авчирч түр саатуулсан... гэх мэдүүлэг /хх –ийн 79-82 /
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
...хамт ажиллаж байсан хүний төрсөн өдөр болж аймгийн төв орж ирээд 10-аад хүн байсан. Аймгийн төв Биеийн тамир спортын газрын урд талд байх сааданд 0.75 литрийн хэмжээтэй 5 шил архи хувааж ууж дуусаад шөнийн 01 цаг өнгөрч байсан 4 залуу нь байрандаа очиж амрахаар явсан. Манай ах *******, ******* болон наана нь хамт явсан 2 эрэгтэй, 1 эмэгтэй бид 6 буудалд орохоор Баянхонгор зочид буудал руу ороход сул өрөө байхгүй гэхээр нь бид нар ажлынхаа байрлаж байсан газраа очихоор буудлаас гараад зам дээр такси барих гээд зогсож байтал машин тэрэг явахгүй байсан бөгөөд гар өргөж байхад нэг машин ирж байгаа бололтой гэрэл гарахад манай ах ******* машины урд талд гараа өргөөд зогссон чинь машин бараг ойрхон тулж зогссон. Тэгээд машин дотроос 2 хүн бууж ирээд яаж яваад байгаа ингэж такси барьдаг юм уу гэхэд манай ах ******* та нар яаж ирж зогсож байгаа гэсэн. Тухайн үедээ тэр хоёр хүнийг цагдаагийн алба хаагч мэдээгүй болохоор хэлсэн байх. Тэгээд маргалдаж эхэлсэн бөгөөд ******* цагдаа нь манай ах *******ыг нүүрлүү нь гараараа түлхээд, миний нүүрний хажуу хэсэгрүү цохиод авахаар нь би түүнээс барьж аваад наалдсан чинь манай ах ******* хажуу талаас орж ирээд ******* цагдаагийн хажуу талаас татаад цамцыг нь урчихсан. Тэгтэл наана нь явж байсан цагдаагийн алба хаагч *******ыг цааш нь замын нөгөө талруу аваад явсан бөгөөд тэнд бас ******* оччихсон бас л бие биерүүгээ маргалдаад барилцаж аваад л байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 92-94/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 382 дугаар шинжээчийн
1. *******ын биед хүзүүнд зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдпоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно.
3. Дээрх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...Гэх дүгнэлт /хх-ийн 100-101/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2/, хэргийн гзарт үзлэг хийсэжн тэмдэглэл, гэрэл зуршийн үзүүлэлт /хх-ийн 15-19/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 37-39/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 47-51/, яллагдагчаар татах тогтол нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол /хх-ийн 190-191/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 116/, сурагчийн хувийн хэрэг / хх-ийн 128-138/, Урьд ял шийтгэгдэсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 139/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Баянхонгор зочид буудлын хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн албан хаагч *******ын тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, албаны дүрэмт хувцсыг урсан,мөн цагдаагийн газрын эргүүлийн цагдаа *******ын мөрдөснөөс базаж, гараараа далайн цохих гэж заамдаж, хөлрүү нь өшиглөсөн, хэл амаар доромжилсон зэргээр хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэнэ мэдүүлэг / хх-ийн 112-115/, хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-67/хохирогч *******ын мөрдөн өгсөн мэдүүлэг /хх-ийн 73-75/, гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / хх-ийн 95-97/ , гэрч *******ын мөрдөн өгсөн мэдүүлэг /хх –ийн 79-82 /, гэрч *******ын мөрдөн өгсөн мэдүүлэг /хх-ийн 92-94/ , Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 382 дугаар шинжээчийн “...*******ын биед хүзүүнд зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 100-101/ болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******од Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******од ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулсан болно.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй байх тул шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч *******од торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Хохирогч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын эзэмшлийн “... Samsung -S маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч *******од буцаан олгож, уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 450000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******од урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “... Samsung -S маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч *******од буцаан олгосугай
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА