Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 1044

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би тус шүүхийн хуралдааны  4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Эй ******* ******* ХХК,

Хариуцагч: Ашигт  малтмал, Газрын тосны газрын Кадастрын Хэлтсийн дарга,

Гуравдагч этгээд: Э******* ХХК, 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сэргээн хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах, Э******* ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 1091 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Эй ******* ******* ХХК захирал Б.Энхсансар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “....Манай компани нь Ашигт малтмалын газрын Кадастрийн хэлтсээс 2015 оны 8 дугаар сарын 24-ны өдөр нийтэд зарлан явуулсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагаанд зохих журмын дагуу оролцож, 09:00:26 секундэд бүртгэгдэн Хэнтий аймгийн Б******* Сумын нутаг дахь “Х*******” нэртэй газар хавсралтад заагдсан солбицлын дагуу цахим бүртгэлийн 10 дугаарт бүртгэгдсэн болно.

Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс уг бүртгэлийг хүчингүй болгосон гэх ба манай компанид ямар нэгэн байдлаар хариу мэдэгдээгүй тул бид Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01-13 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын даргад хандан “ ...цахим санд гэмтэл гарснаас тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүчингүй болгосон гэх боловч ямар шийдвэрээр хүчингүй болгосон, хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй, албан ёсоор хариу мэдэгдсэн зүйл байхгүй байна. Манай компанийн өргөдөл цахим системийн гэмтэл гарахаас өмнө бүртгэгдсэн байдаг.

Иймд танай газрын Кадастрын хэлтсийн даргын хууль бус үйл ажиллагаа нь манай компанийг хохироож байгаа тул тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хууль журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Ашигт малтмалын газрын даргаас манай албан бичгийн хариуг 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 1-182 тоот албан бичгээр ирүүлсэн ба уг албан бичигт дурдсанаар “...ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон. Иймд танай компанийн хүсэлтийн хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн байна. Манай компанийн зүгээс уг шийдвэрт гомдолтой байгаа бөгөөд өргөдлийг хууль журамд нийцүүлэн гаргаж, өргөдлийн бүртгэлийн 10 дугаарт бүртгэгдсэн, тухайн өдрийн бүртгэлийн 51 дугаар хүртэл ямар нэгэн цахим системийн гэмтэл гараагүй болно.  Иймд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сэргээн хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нийтэд зарлан явуулсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагаанд зохих журмын дагуу оролцож, тухайн өдрийн 09 цаг 00 минут 26 секундэд хавсралтад заасны дагуу цахим бүртгэлийн 10 дугаарт бүртгэгдсэн байдаг. Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс уг бүртгэлийг хүчингүй болгосон гэх ба манай компанид ямар нэг байдлаар хариу мэдэгдээгүй тул бид Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0113 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын даргад хандан цахим дугаар олголтыг хүчингүй болгосон боловч ямар шийдвэрээр хүчингүй болгосон хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй албан ёсоор хариу мэдэгдсэн зүйл байхгүй байна. Манай компанийн өргөдөл цахим системд гэмтэл гарахаас өмнө бүртгэгдсэн байдаг. 

Манай компанийн зүгээс гомдолтой байгаа бөгөөд өргөдлийг хууль журмын дагуу гаргаж өргөдлийн бүртгэлийн 10 дугаарт бүртгэгдсэн. Тухайн өдрийн бүртгэл нь 51 дугаар хүртэл цахим системд алдаа гараагүй байна. Иймд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сэргээн хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Эх Орд Майнинг ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын шийдвэр, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Эй ******* ******* ХХК-д холбогдох зөрчигдсөн эрхийг маань сэргээж өгнө үү. Албан бичиг явуулсан байх үед тусгай зөвшөөрөл олгосон байна.

Мөн ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй байна. Үүнтэй холбоотой маргаанууд гарсан байгаа. Хариуцагчийн тайлбарлаж байгаа хэвлэлийн бага хурлын аман шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Түүнчлэн Эх Орд Майнинг ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 1091 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "...Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д “Ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах” чиг үүргийг Засгийн газарт олгосны дагуу Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, өргөдөл хүлээн авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах, түүнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх талаар Уул уурхайн сайдад чиглэл өгсөн.

Засгийн газрын дээрх тогтоол болон Уул уурхайн сайдаас тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбицлыг баталсны дараа Ашигт малтмалын газраас уг тогтоосон талбайд эхний ээлжид уртрагийн 104 дүгээр градусын баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр олгож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж эхэлсэн.

Үүний дараа Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар чиглэл өгсний дагуу Ашигт малтмалын газраас 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нийтэд албан ёсоор уртрагийн 104 дүгээр градусаас зүүн талд хайгуулийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг мөн сарын 24-ний өдөр авч эхлэхийг нийтэд зарласан.

Тухайн өдөр аж ахуйн нэгжүүдээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 09 цаг 00 минутад эхлэхээс өмнө 08 цаг 32 минутад цахим дугаар олгох системийн Login серверт  алдаа гарч техникийн саатал үүссэн тул дугаар олгох ажиллагааг түр зогсоох талаар тус байгууллагын цахим хаягт байршуулсан. Дээрх техникийн саатал арилсны дараа 09 цаг 00 минутад аж ахуйн нэгжүүдээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн нийт 51 өргөдөл цахим дугаар олгож байтал дахин 09.02.31 цагт Login серверээс хариу өгөхгүй болж, систем 34 минутын хугацаанд доголдсоноос өргөдлийн дугаар олгох ажиллагаа тасалдсан. Энэ талаар тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан нийт аж ахуйн нэгжүүдэд хандан цахим дугаар олгох системд гаргасан алдааг тодруулж, шаардлагатай засвар өргөтгөл, тохиргоог гүйцэтгэж ирэх даваа гариг буюу 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дахин өргөдлийн дугаар олгох болсныг 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нийт хандсан аж ахуйн нэгжүүд түүний дотор дээрх 51 аж ахуйн дугаар олголтыг хүчингүй болгож шийдвэрлэснээ тус байгууллагын цахим хаягт байршуулсан.  

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 7.1, 17.2-д заасан шаардлагыг хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно”. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д “Энэ хуулийн 18.1-д заасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасан.

Нэхэмжлэгч компани нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу дээрх Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт дурдсан баримтуудыг ирүүлсэн тохиолдолд өргөдлийг мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх боломжтой болсноор эрх зүйн харилцаа үүсэх байсан.Гэтэл нэхэмжлэгч нь цахим дугаар олгох системд гаргасан алдаанаас болж нийт олгох ёстой 128 өргөдлийн дугаар гүйцэд олгоогүйгээс нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг авах боломжгүй байсныг өөрт нь дугаар олгосон мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Эй Энд Капитал ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д “ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах” чиг үүргийг Засгийн газарт олгосон. Засгийн газар энэ чиг үүргийнхээ хүрэ******* ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлыг хангах чиг үүргийг Ашиг малтмалын газарт даалгасан. Энэ ажлын хүрэ******* олон нийтэд ил тод, чирэгдэл багатай явуулах үүднээс өргөдлийн дугаарыг цахимаар олгох асуудлыг удаа дараа Засгийн газрын хурал дээр хэлэлцэж, холбогдох санхүүжилтийг гаргаж, зохион байгуулалтын ажлыг тухай бүр танилцуулж байхыг даалгасан Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан. Үүний дараа 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр албан ёсоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох өргөдлийн дугаарыг цахимаар олгох талаар нийтэд зарлаад долоо хоногт 120 буюу өдөрт 30 өргөдлийг хүлээж авч шийдвэрлэх техникийн болон бусад бололцооноос шалтгаалан өргөдлөө авч эхэлсэн.

Цахим дугаар олголт эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын газар нутгийг уртрагийн зүүн, баруун хоёр хэсэгт хуваасан. Эхний ээлжид барууд хэсэгт авсан. Үүний дараагаар ажлын явцыг Засгийн газрын хуралдаанд 2015 оны 08 дугаар сард танилцуулсан. Засгийн газар энэ үйл ажиллагаа явагдаж эхэлсэн байна. Цааш нь хэвийн үргэлжлүүлэх тал дээр анхаарч ажиллана уу гэсэн чиглэл өгсөн. Ингээд 2015 оны 08 дугаар сард уртрагийн зүүн хэсэгт өргөдлийг авч эхэлсэн. Эхний өдөр 2015 оны 08 дугаар сарын 24-нд цахим дугаар олгох серверт алдаа гарч, техникийн саатал үүссэн. Үүний дагуу дугаар олгох ажиллагааг нэн даруй зогсоох шаардлага гарсан. 08 цаг 32 минутад алдаа гарсан үүний дараагаар дугаар 09 цагт дугаар олгох боломжтой болоод 51 өргөдөл авч байх явцад буюу 09 цаг 02 минутад 39 секундэд сервер дахин хариу өгөхгүй болж систем 34 минут доголдсон. Энэ талаар тусгай зөвшөөрөл өргөдөл олгох цахим дугаар олголт авахаар хандсан компаниудад хандан цахим дугаар олголтод алдаа гарсан алдааг тодруулж, шаардлагатай тохиргоог хийсний дараа ирэх даваа гараг буюу 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дугаар олгох болсныг мэдэгдээд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хандсан нийт аж ахуйн нэгжүүдэд 51 хүртэл олгосон дугаар олголтыг хүчингүй болгосон. Хүчингүй болгохдоо ажлын хэсэг хуралдаад шалтгаан нөхцөл нь хүний хүчин зүйлээс үл хамаарах техникийн нөхцөлөөс болсон байна гэдгийг тогтоосон. Хоёрдугаарт нэхэмжлэгч өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ирүүлсэн гэж тайлбарладаг.

Гэтэл Ашигт малтмалын тухай хууль дээр өргөдлийг хүлээж авах, бүртгэх шат байдаг. Өргөдлөөс өмнөх шат буюу дугаар олголт дээр систем гацсан учраас дугаар олгох ямар ч боломжгүй. Хүчингүй болгосон 51 аж ахуйн нэгжээс ямар нэгэн өргөдөл хүлээж аваагүй. Нэхэмжлэгч компани маргахдаа өргөдлөө ирүүлсэн тэр нь өргөдөл биш дугаар олгосон хуудас. Хэрэв ингэж маргаж байгаа бол Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст өргөдөл ирүүлсэн баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавтаст хэрэгт авагдсан байх ёстой. Эдгээр нь хэргийн материалд байхгүй байгаа тул өргөдөл гаргасан гэж үзэх боломжгүй. Иргэний хуульд давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйл ажиллагаа доголдох талаар зохицуулалт байдаг. Энэ ойлголт нь захиргааны эрх зүйн харилцаанд мөн адил хэрэглэгдэнэ гэж ойлгогдож байна. Техникийн асуудлаас болж бусад аж ахуйн нэгжид дугаар олгож байх явцад систем гацахад олгосон байсан 51 аж ахуйн нэгжид дугаар олгосон гэж үзэхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Маргаж байгаа тухайн талбай дээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасны дагуу Э******* ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шаардлага гаргасан нь хүчингүй. Тухайн талбай дээр нэхэмжлэгч компани дахин өргөдөл гаргаагүй. Хууль ёсны дагуу цахимаар дугаараа аваад өргөдлөө гаргасан компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулъя гэж байгаа нь үндэслэлгүй. Энэ аж ахуйн нэгж нь ашигт малтмалын тухай хуулийн 18 дүгээр зүйлийн 18.1-д заасан түрүүлж өргөдөл гаргасан аж ахуйн нэгж мөн бөгөөд өргөдөлд ирүүлсэн материал нь хууль зүйн шаардлага хангасан тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн Ашигт малтмалын газрын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1091 дүгээр шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Э******* ХХК-ийн захирал С.Энхтулга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Манай компани Засгийн газар, Ашигт малтмалын газраас баталсан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахын тулд 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр цахимаар өргөдөл гаргах дугаар авч, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан. Өргөдөл гаргаснаас хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа явагдсаар 2015 оны 12  дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр Хэнтий аймгийн Баян-овоо сумын нутагт “Чулуут” нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл авсан.Нэхэмжлэгч Эй ******* ******* компани нь үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байна. Эй ******* ******* компани нь 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр цахимаар өргөдлийн дугаар авахаар хандсан юм байна. Гэтэл тухайн өдөр системийн гэмтэл гарч бүх хандалтыг хүчингүй болгосон тухай Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн албан ёсны сайт дээр мэдээлэл тавигдсан байх ба мөн 8 дугаар сарын 24-ний өдөр хэвлэлийн бага хурал хийсэн байна. Энэ хурал дээр 24-ний өдрийн дугаар олголтыг хүчингүй болгож аж ахуйн нэгжүүдийн системд хандах эрхийг 7 хоногоор сунгасан тухай мэдэгдсэн байна. Мөн цахимаар дугаар авсан тохиолдолд тухайн 7 хоногтоо хэдний өдөр, хэдэн цагт өргөдлөө цаасаар Кадастрын хэлтэст гаргах тухай мэдээлэл компанийн электрон шууданд ирдэг.

Иймээс Эй ******* ******* компани нь 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс /даваа гариг/ 28-ны /баасан гариг/ өдрүүдэд цахим дугаар олголт хүчингүй болсныг мэдсэн байгаа атлаа Ашигт малталтын газарт бараг 4 дүгээр сарын дараа буюу 12-р сарын 17-ны өдөр хандсан байгаа нь хууль бус гэж үзэж байна. Энэ нь нэхэмжлэгч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн цахим дугаар олгосныг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрснийг нотолж байна. Цахимаар зөвхөн өргөдөл гаргах эрхийн дугаар олгож байгаа болохоос биш хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж байгаа биш гэж ойлгож байна.

Иймээс Эй ******* ******* компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”....Эй ******* ******* ХХК-ийн зүгээс 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон Ашигт малтмал газрын тосны газрын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгох. Эй ******* ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сэргээх. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах гэсэн гурван шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэмэгдүүлсэн шаардлагадаа Э******* ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1091 дүгээр шийдвэрээс тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага гаргасан байна.

Гуравдагч этгээдийн хувьд Эй ******* ******* ХХК-аас гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эй ******* ******* ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 21-нд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахаас 500.000 төгрөг төлөөд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өргөдөл гаргах дугаар цахимаар авсан байдаг. Тухайн өдөртөө 120 дугаар олгодгоос 51 хүртэл яваад систем гацсан нотлох баримт хэрэгт байна. Ингээд 51 компаниас бусад нь дугаар авч чадаагүй учраас тэгш эрхийг хангах үүднээс тэр өдрийн дугаар олголтыг хүчингүй болгосон байна. Энэ тухайгаа тэр даруй буюу 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нээлттэй мэдээлэл хийсэн байна.

Мөн цахим хуудсаараа энэ өдөр дугаар олгосон олголтыг хүчингүй болгоод 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дугаар олгохоор болсон гэсэн мэдээллийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн сайтад тавьсан байна. Үүнээс хойш 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Эй ******* ******* ХХК нь Ашигт малтмалын газарт гомдол гаргасан байна. 2015 оны 8 дугаар сарын 24-нд энэ тухай мэдчихээд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөдөл гаргасан нь энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ хугацаанд яагаад гомдол гаргаагүй вэ гэсэн асуулт гарч ирж байна. Энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Ашигт малтмалын газрын сайт дээр тавьсан мэдээллийг хүлээн зөвшөөрсөн байж байгаад гэнэт 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан. Манай компани хувьд 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хуулийн дагуу өргөдөл гаргаж тусгай зөвшөөрөл авсан. Нэхэмжлэлийн шаардлагадаа Эй Энд Капитал ХХК тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сэргээх шаардлага гаргасан байна. Тус компани нь ямар нэгэн өргөдөл гаргаагүй цахим дугаар олголт байсан.

 Ашигт малтмалын газарт ямар нэгэн өргөдөл гаргасан нь батлагдахгүй байгаа. Эй ******* ******* ХХК- ийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Э******* ХХК хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахад энэ талбай дээр бүртгэгдсэн болон өргөдөл гаргасан хуулийн этгээд байгаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд болж, тусгай зөвшөөрлөө авсан.

Эй ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч Эй ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Эй ******* ******* ХХК нь “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн Эй ******* ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сэргээн хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах, Э******* ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 1091 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчээс “...2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ашигт малтмалын хайгуулын өргөдлийн цахим дугаар олголт 09:00:26 цаг хүртэл хэвийн явагдаж 51 компанид дугаар олгогдсон байхад тухайн өдрийн дугаар олголтыг бүхэлд нь хүчингүйд тооцсон, мөн албан ёсны шийдвэр гараагүй байхад манай байгууллагын өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус” гэж,  хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч “...2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр цахим дугаар олголт 09:00:00 цагт эхэлж, эхний 51 аж ахуйн нэгжийн дугаарыг олгосон боловч 09:02:31 цагаас эхлэн 34 минутын хугацаанд доголдсон тул 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дугаар олголтыг бүхэлд хүчингүй болгох арга хэмжээ авч, аж ахуйн нэгжүүдийн системд хандах эрхийг 1 долоо хоногоор сунгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

Ашигт малтмалын газраас явуулсан 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаа 09:00:00 цагт эхэлж, 51 аж ахуйн нэгжид өргөдлийн дугаар олгосон боловч 09:02:31 цагаас систем доголдсоноос шалтгаалан Ашигт  малтмалын газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/10 дугаар  тушаалаар батлагдсан ажлын хэсгээс мөн өдрийн дугаар олголтыг хүчингүйд тооцож , 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дахин өргөдлийн дугаар олгох болсныг 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмалын газрын цахим хуудсаар нийтэд мэдээлж, хэвлэлийн бага хурал  хийсэн байна.

Мөн өдөр хийгдсэн ажлын хэсгийн хуралдаанд  оролцсон Ай И Ар Пи Консалтинг ХХК-ийн захирал Ц.Бадраа “...технологийн хувьд өнөөдөр 51 ээс хойш олгогдсон дугаар  яг дарааллаараа олгогдоогүй, эх******* байсан дугаар хойшлох, мөн олгогдоогүй байх эрсдэлтэй”, Аксэнсэ Ай Ти Суппорт ХХК-ийн захирал З.Гантулга “тухайн өдөр нэвтэрч орсон бүх аж ахуйн нэгжүүд систем гацсаныг мэдсэн учраас өнөөдрийн дугаар олголтыг хүчингүй болгох” Э.Амартөвшин ”систем рүү хандаж мэдээлэл авах боломжтой бүх хэрэглэгчдэд мэдэгдэж хамгаалалт хийсэн” гэсэн саналуудыг гаргасан, мөн Ц.Бадраа шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ  “манай компанийн хөгжүүлсэн систем саатсанаас Ашигт малтмалын газраас албан ёсоор хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох ажиллагааг цуцалсан” гэжээ.

 Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох, ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д “кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 – 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэж тус тус заасны дагуу хариуцагчаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг олон нийтийн хяналтан дор явуулах зорилгоор өргөдлийг хүлээн авах дугаарыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагааг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн а/7 тушаалаар батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын  дагуу 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хэрэгжүүлсэн боловч системийн саатлаас уг үйл ажиллагааг хүчингүйд тооцож, бүх аж ахуйн нэгжид дахин оролцох боломжоор ханган, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дахин өргөдлийн дугаар олгох болсныг нэхэмжлэгч мэдэх, түүнчлэн дахин хандах боломжтой байсан боловч энэхүү эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч Эй ******* ******* ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар авахаар хандсан  Хэнтий аймгийн Б******* сумын  3200 га талбайтай гуравдагч этгээд Э******* ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өргөдлийн цахим дугаар олголтын системээс дугаар авч , Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1091 дүгээр шийдвэрээр   ******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл авсан 7485.22 га талбай нь давхцалтай  байна.

Гэвч гуравдагч этгээд Э******* ХХК-ийг ******* дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газрыг Эй ******* ******* ХХК-ийн хүсэлт гаргасан талбай гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 3.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл бүртгэх асуудал хариуцсан мэргэжилтэн нь цахимаар олгогдсон өргөдлийн дугаарын дагуу, заасан цагт өргөдлийг хүлээн авна” гэж заажээ.

Харин Эй ******* ******* ХХК 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар авсан боловч мөн өдрийн дугаар олголтыг хүчингүйд тооцож, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дахин өргөдлийн дугаар олгох болсон талаар хариуцагч нийтэд мэдээлсэн атал дахин өргөдлийн дугаар авахаар хандаагүй бөгөөд хариуцагчаас Эй ******* ******* ХХК-ийн өргөдлийг хүлээн авсан гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч Эй ******* ******* ХХК-ийн хүсэлт гаргасан талбайд Э******* ХХК-д ******* дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон гэж үзэж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1091 дүгээр шийдвэрээр хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

           Иймд дээрх нөхцөл байдлуудыг дүгнээд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр явуулсан цахим дугаар олголтын үйл ажиллагаа нь системийн алдаанаас болж хүчингүй болгосныг буруутгах боломжгүй бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон шийдвэр нь нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрхийг хязгаарлаагүй байх тул нэхэмжлэгчийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн Эй ******* ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сэргээн хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах, Э******* ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 1091 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тус шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 7626 дугаар захирамжаар хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын эрх залгамжлагчаар Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргыг тогтоосон болно.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 11.1.6, 11.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Эй ******* ******* ХХК-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон  Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сэргээн хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах, Э******* ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 1091 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН