Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00193

 

“Итами жидоүшяа” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06006 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1830 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Итами жидоүшяа” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Ганболдод холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг, хохиролд нийт 125.301.832 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 79.543.750 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэнгийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар, С.Батбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Япон Улсын "Итами жидоүшяа" ХК нь автомашины худалдаа, зуучлалын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. 2004 оноос Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд Япон Улсаас хуучин болон шинэ автомашин худалдан авахад зуучилж, зөвлөгөө, тусламж үзүүлж хамтран ажиллаж ирсэн. 2004 онд О.Оюунцэцэг гэх эмэгтэй нэхэмжлэгч компанийн захирал Итами Күниотой танилцаж, Япон Улсаас хуучин автомашин худалдан авахад хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2006 онд өөрийн дүү О.Ганболдыг, 2007 онд өөрийн нөхөр Б.Бат-Очир нарыг Итами Күниод тус тус танилцуулж, автомашин худалдан авахад зуучлуулж байсан. О.Ганболд, Б.Бат-Очир нар нь Япон Улсад очиж хуучин автомашин худалдаалдаг хуулийн этгээдүүдээс худалдан авах автомашинаа сонгож, ийнхүү сонгосон автомашины төлбөрийг тухайн үед нь нэхэмжлэгч төлж, Монгол Улс руу ачуулдаг байсан. Хариуцагч нар автомашины төлбөр болон Япон Улс дахь дотоодын тээврийн зардал, даатгалын зардал, зуучлалын хөлс зэргийг 1-2 сарын дотор нэхэмжлэгчид төлдөг байсан. 2010 оны 10 дугаар сараас 2013 оны 09 дүгээр cap хүртэл нийт 30-н cap 483.840 иений төлбөрийг нэхэмжлэгч төлсөн. Энэ эрхийн нэг сарын төлбөр нь 13.440 иен байсан. Гэтэл хариуцагч нар нь 2013 оны 4 дүгээр сард худалдан авсан автомашины төлбөрүүдийг өнөөдрийг хүртэл хугацаанд бүрэн төлөөгүй байна. Хариуцагч нарын төлөөгүй байсан төлбөрүүдийг төлүүлэхийн тулд ихээхэн хэмжээний зардал гаргаж, хохироод байна. Нэхэмжлэгч компанийн захирал нь хариуцагч нараас төлбөр гаргуулахаар 4-н удаа Монгол Улсад биечлэн ирсэн, мөн төлбөр гаргуулах ажиллагааг тасралтгүй шуурхай явуулах үүднээс Монгол Улсад итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, түүнийг цалинжуулсан байдаг. Үүний үр дүнд хариуцагч нар нь автомашины үлдэгдэл төлбөрийг төлөх талаар амлалт, баталгаа гаргаж өгсөн. Хариуцагч О.Ганболд, Б.Бат-Очир нь автомашины үлдэгдэл төлбөрийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө барагдуулах тухайгаа 2014 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн бичгээр баталгаажуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагч Б.Бат-Очироос автомашины төлбөрийн үлдэгдэл болох 2.840.000 иен буюу 46.150.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гарсан боловч тэрээр Монгол Улсаас гадаад улсад зорчсон болох нь төрийн эрх бүхий байгууллагын лавлагаагаар тогтоогдож байх тул уг шаардлагаа татан авч байна. Харин хариуцагч О.Ганболдоос 2014 оны 4 сард худалдаж авсан 15 автомашины төлбөрийн үлдэгдэл 5.663.150 иен буюу 92.026.187 төгрөг, интернэт эрхийн төлөө төлсөн 483.840 иен буюу 7.862.400 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын хөлс 1.040.000 иен буюу 16.900.000 төгрөг, нэхэмжлэгч Монгол Улсад ирсэн зардал 104.810 иен буюу 1.883.435 төгрөг, нэхэмжлэгч Монгол Улсад байсан буудлын зардал 3.037 ам.доллар буюу 6.162.589 төгрөг, онгоцны аялалын ослын даатгал 26.000 иен буюу 467.220 төгрөг нийт 125.301.832,49 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би өмнө нь илүү мөнгө суутгуулж байсан бөгөөд тэрийг буцааж өгнө гэж ярьдаг байсан. Миний авах мөнгө төлөх ёстой төлөөгүй байгаа машины үнээс илүү гарна гэж бодож байна. Бид хамтарч ажиллахаа болих үед тооцоо нийлье гэхэд тооцоогоо нийлэхгүй мөнгө нэхээд байдаг байсан. Нэхэмжлэгчтэй 2005 оноос эхэлж харилцсан. Нэхэмжлэгч нь надаас суутгалыг илүү авч байсан. Эхний үед зээл өгдөггүй байж байгаад яваандаа бага багаар зээл өгдөг болсон. Улмаар 2013 оны 08 дугаар сарын 30-нд ирээд явахдаа өөр хүнээс машин авлаа гээд япон явах визгүй болгосон. Улмаар бусдад муулж ярьснаар манай компанийг дампууруулсан. Би япон явах эрхгүй болсон тул тооцоогоо нэгтгэе гэхэд эхлээд надаас мөнгө нэхсэн. Ирэх болгонд нь би хэлдэг байсан. 2014 оны 7 дугаар сард ирэхэд нь дахин уулзсан. Бага ч гэсэн мөнгө шилжүүл гэхэд нь би харин мөнгө авах тооцоотой гэдгээ хэлсэн. Гэтэл намайг эрүүгээр шалгуулах үед нь би айсандаа болоод мөнгийг төлнө гэж хэлсэн. Миний бие 6,6 сая иений машиныг нэхэмжлэгчээс авсан ба эндээс монгол мөнгөөр 24 сая төгрөг, дараа нь 1 сая иен нэхэмжлэгчийн дансруу шилжүүлсэн үлдэснийг нь төлөх ёсгүй. 2014 оны 7 сард ирэхэд нь уулзаад би мөнгө өгсөн гэдгээ ярьсан. Энэ тухай хэрэгт баримт байгаа. Гэтэл над руу дайрч давшлаад байсан. Би эвлэрэх санал удаа дараа гаргаж байсан. Машины үнийн төлбөрийг миний өгсөн суутгалаас тооцох ёстой. Энэ мөнгө хүрнэ. Харин интернэтийн эрхийн төлбөрийг нь цаг тухайд нь төлж байсан. Cap сард өөр өөр төлбөр гардаг. Нэхэмжлэгч Монголд ганц надтай уулзах гээгүй өөр ажлаар ирж олон хүнтэй уулздаг байсан ба жилд 1-2 удаа ирдэг. Буудлын төлбөр болон ослын даатгалын төлбөрийг би хариуцахгүй надад хамаагүй. Сөрөг нэхэмжлэлийн хувьд машин болгон дээр өөр өөр мөнгө авдаг байсан. 1 машинаас баримжаагаар 5.000 иен авдаг ба 979 машинаас нийт 4.895.000 иен нэхэж байгаа. Миний бие 979 машин болон 5.000 иенийг нэхэмжлэгчид илүү өгсөн гэдгийг гэрчүүд нотолдог. Энэхүү зуучлалын хөлсийг бид хоорондоо тохиролцож тогтоодог байсан боловч нэхэмжлэгч нь бусад хүмүүсээс авдаг мөнгөнөөс илүү буюу надаас машин бүрт илүү 5.000 иен авдаг байсныг сүүлд мэдсэн юм. Иймд нэхэмжлэгч надад энэ суутгуулсан мөнгийг буцааж өгнө гэдэг байсан. Учир нь надаас илүү авсан мөнгө юм гэжээ.

Хариуцагч О.Ганболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь 2005 оноос Япон Улсаас хуучин автомашин худалдан авч, Монголд оруулж ирэн худалдах үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан юм. Ингэхдээ Япон Улсын иргэн Итами Күниотой хамтран ажиллаж, түүгээр зуучлуулан автомашин худалдан авдаг байсан бөгөөд надаас зуучлалын хөлсөнд нэг автомашинаас 15.000 иен авдаг байсан. Надаас гадна Итами Күнио олон монголчуудад автомашин авахад нь зуучилдаг байсан ба тэднээс зуучлалын хөлсөнд 10.000 иен авдаг байсныг хожуу мэдсэн болно. Ингээд Итами Күниоос яагаад надааас илүү мөнгө аваад байгаа юм бэ гэхэд илүү авсан мөнгөө буцааж өгнө гэж хэлсэн, бид хоорондоо тооцоо нийлж үзэхэд миний худалдаж авсан 979 машинаар бодож үзэхэд машин бүрээс илүү авсан 5.000 иенээр бодоход 4.895.000 иен төлөхөөр тооцоо гарсан байгаа болно. Иймд Итами Күниос 4.895.000 иен буюу 79.543.750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Ч.Отгонбаатар, С.Батбаяр нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид давуу эрх олгож интернэт худалдааны эрх нээж өгсөн. Жил бүр хураамж төлдөг. Японд машиныг нь авч өгөх, үзүүлсэн үйлчилгээний хөлс тул зуучлалын хөлсийг буцаан нэхэх эрхгүй. Зуучлалын хөлсний тухайд харилцан тохиролцож дараа нь хуримтлал үүсгээд буцааж өгнө гэдэг байсан. Нэхэмжлэгч нь 2013 оноос өөр хүнтэй бизнес хийхээ больсон, бөгөөд Монголд ирэх шалтгаан нь О.Ганболдын төлбөрийн асуудал байсан. Иймд 2013 оноос хойшхи баримтаар хариуцагчаас төлбөрөө нэхэж байгаа. Нэхэмжлэгч нь зөвхөн О.Ганболдтой уулзахаар Монголд ирдэг байсан гэдгийг нотлох хүндрэлтэй. Хавтаст хэрэгт О.Ганболдын өгсөн CD байдаг ба энд нэхэмжлэгч нь 50 минутын уулзалт хийсэн байдаг. Мөн 4 удаа Монголд ирсэн. Бидний зүгээс баримтын хүрээнд хариуцагчаас төлбөрөө нэхэж байна гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06006 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар хариуцагч Б.Бат-Очирт холбогдох 46.150.000 төгрөг гаргуулах тухай “Итами жидоүшяа” хувьцаат компанийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дүгээр зүйлийн 222.7, 492 дүгээр зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч О.Ганболдоос 92.026.187,50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Итами жидоүшяа” хувьцаат компанид олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 33.275.644,99 төгрөгт холбогдох хэсэг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 1.138.884 төгрөг, хариуцагчийн 555.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ганболдоос 618.081 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 388.700 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1830 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1830 тоот магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/06006 тоот шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ” гэсэн заалтыг зөрчиж, хариуцагч О.Ганболдоос Итами Күнио-оос авсан машины төлбөрт төлсөн 24.000.000 төгрөгийг гэрээний үүргийн биелэлтэнд тооцохгүй, уг асуудалд хамаарахгүй гэж дүгнэсэн нь илтэд хууль бус дүгнэлт болсон байна. Япон улсын иргэн Итами Күнио-гийн төлөөлөгч болох Монгол Улсын иргэн Ц.Энхсайханы нэр дээрх Хаан банкны дансанд Итами Күнио-гоос авсан машины төлбөр болох 24.000.000 төгрөгийг 2014 оны 3 дугаар сард төлсөн баримтыг уг хэрэгт нотлох баримтаар үнэлэх ёстой баримт гэж үзэж байна. Хариуцагч О.Ганболд нь иргэн Ц.Энхсайханаас машин худалдаж авч байгаагүй, тэрээр зөвхөн Япон улсын иргэн Итами Күнио-д төлөх машины төлбөрийн асуудлаар О.Ганболдтой харилцаж байсан этгээд болно.

Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 92.026.187 төгрөгөөс Ц.Энхсайханы данс руу шилжүүлсэн 24.000.000 төгрөгийг хасаж тооцон, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх ба зохигчид мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чаджээ.

  Хариуцагчийн өмгөөлөгч “... нэхэмжлэгчийн төлбөрт Ц.Энхсайханы данс руу хариуцагчаас шилжүүлсэн 24 сая төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах”-аар  хяналтын журмаар гомдол гаргасныг хангах боломжгүй байна.

       Нэхэмжлэгч Япон Улсын “Итами жидоүшяа” ХК хариуцагч О.Ганболдоос автомашины үнэ 5.663.150 иен буюу 92.026.187 төгрөг, түүний өмнөөс төлсөн гэх интернэт худалдааны эрхийн хураамж 483.840 иен буюу 7.862.400 төгрөг, хариуцагч Б.Бат-Очироос түүнд худалдсан автомашины үнэ 2.840.000 иен буюу 46.150.000 төгрөг, хариуцагч нараас хохирол 16.900.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч нь хариуцагч тус бүрд холбогдуулан хариуцагч бүртэй байгуулсан гэрээг үндэслэн нэхэмжлэлээ гаргасан байна.

      О.Ганболд нь Япон Улсад биечлэн очиж, эсвэл интернэтээр машиныг сонгох, “Итами жидоүшяа” ХК нь түүний сонгосон машиныг өөрийн мөнгөөр худалдан авч, Монгол Улс руу тээвэрлүүлэн илгээх, нэхэмжлэгч нь 1 машины үнэ бүр дээр 15.000 иенийг нэмж, уг үнийг төлөхөөр О.Ганболд нь зөвшөөрсөн, О.Ганболд хүлээн авсан машиныг өөрийн үзэмжээр борлуулахаар тохирсон талуудын хооронд үүссэн харилцааг шүүх худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ. Талууд машиныг сонгож авах, тээвэрлүүлэх талаар хамтран үйл ажиллагаа явуулсан хэдий ч үр дүн нь нэхэмжлэгч Япон Улсын “Итами жидоүшяа” ХК нь үнэ тогтоож, машиныг О.Ганболдод худалдсан, О.Ганболд нь худалдан авсан машинаа захиран зарцуулсан байна.

Шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан хариуцагч О.Ганболдоос 92.026.187 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүнд холбогдох нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг  болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т нийцжээ.

Хариуцагч О.Ганболдоос 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ц.Энхсайханы данс руу машины үнэ гэсэн зориулалтаар 24 сая төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт байх боловч уг мөнгийг нэхэмжлэлийн үндэслэл болох худалдах, худалдан авах гэрээтэй хамааралтай болохыг хариуцагч нотлоогүй тул хасч тооцох үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг машин бүрийн үнэ дээр 5.000 иен илүү нэмсэн, нийт 979 машинаас тооцоход 79.543.750 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан байсан, уг мөнгийг буцааж өгөхөөр тохирсон гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ. Нэхэмжлэгчийн зүгээс бусад этгээдүүдэд автомашин нийлүүлэхдээ  хариуцагчтай тохирсон үнээс бага буюу 5.000 иенээр бага байсан нь нэхэмжлэгч хариуцагч нарын тохиролцоог үгүйсгэх үндэслэл болохгүй. Учир нь гэрээний талууд харилцан тохирч өөрсдөө үнээ тодорхойлно. Нөгөө талаар нэхэмжлэгч дээрх хэмжээний мөнгийг буцааж өгөх үүрэг хүлээсэн болохыг хариуцагч баримтаар нотлоогүй байна.

      Харин анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн нэр томьёог алдаатай тусгасан, улсын тэмдэгтийн хураамжийг ойлгомжгүй буруу шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу болжээ. Дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

     1. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Бат-Очирт холбогдох нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг шүүхэд гаргажээ. /хх-56/ Тэрээр Б.Бат-Очир нь гадаад улс руу явсан тул  нэхэмжлэлээ дараа шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэсэн үндэслэл заасан байна.

      Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан зохицуулалтаар шийдвэрлэхдээ хуулийн уг зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хуульд байхгүй ажиллагааг явуулсан нь буруу болжээ. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болохыг заасан боловч энэ нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэх үр дагавар болохыг мөн хуулийн 106.5-д заасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч Б.Бат-Очирт холбогдох нэхэмжлэлээ одоогоор шийдвэрлүүлэх боломжгүй, дараа гаргах тул татан авах агуулгатай хүсэлт гаргасан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн хүсэл зорилгод нийцээгүй, дээрх зохицуулалт хэрэглэвэл зохих хэм хэмжээ биш байжээ.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлээ багасгах, өөрчлөх, нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэлээ татан авах эрхийг эдлэх бүрэн эрхтэй хэдий ч нэхэмжлэлээ татан авах асуудлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулаагүй байна. Шүүх хуулиар зохицуулаагүй ажиллагааг явуулах боломжгүй юм.

      Харин нэхэмжлэлээ татан авах нэхэмжлэгчийн хүсэлтийн үндэслэл нь хариуцагч Б.Бат-Очирын оршин суух хаяг тодорхой боловч уг хаягтаа амьдардаггүй гэх шалтгаан заасныг хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлтэй адилтгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Хуулийн уг зохицуулалтыг хэрэглэснээр нэхэмжлэлийг болон улсын тэмдэгтийн хураамжийг буцаах бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй юм.

            Түүнчлэн шүүх “шийдвэр хүчинтэй байх, хүчин төгөлдөр болох” эрх зүйн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад тусгажээ.  Шийдвэр уншиж сонсгомогц хүчинтэй  байна. Харин энэ үед шийдвэр биелэгдэх боломжгүй, шийдвэрт гомдол гаргах эрх хэрэгждэг. Мөн гомдол гаргаагүй ч гомдол гаргах хугацааг дуусгадаг. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон бол шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх бөгөөд гомдол гаргах эрхгүй, тухайн асуудлаар шүүхийн шийдвэр дахин гарахгүй байх үр дагавартай байна. Хоёр өөр ойлголт бүхий эрх зүйн асуудлыг шүүх өөрөө буруу тайлбарлаж, хэрэглэх нь буруу болно.

     Мөн шийдвэрт хэргийн оролцогчийг зөв бичих ёстой бөгөөд хэнд холбогдох хэний, ямар сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг тусгаагүй нь ойлгомжгүй болжээ. “Итами жидоүшяа” ХК нь Япон Улсын хуулийн этгээд бөгөөд аль улсынх болохыг шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулснаар ойлгомжгүй болсноос гадна шийдвэр гүйцэтгэх боломжгүйд хүргэх байдлыг бүрдүүлжээ.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1830 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06006 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бат-Очирт холбогдох 46.150.000 төгрөг гаргуулахыг хүссэн Япон Улсын “Итами жидоүшяа” ХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтад “... хэсэг, ...гэсний дараа Япон Улсын “Итами жидоүшяа” ХК-д холбогдох 79.543.750 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч О.Ганболдын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

3 дахь заалтад “... 388.700” гэсний өмнө “сөрөг нэхэмжлэлд төлсөн” гэж оруулж,

4 дэх заалтад “...шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох...” гэснийг “шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй байх” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дүгээр зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 280.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА