Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2026/ДШМ/23

 

 

 

 

 

 

 

                                                                                

                                                                                  2026/ДШМ/23

 

 

        

    Д.Б, Д.Ө, Д.Э нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,

             Прокурор: Ж.Ундармаа

             Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Энхжаргал, Э.Цэндсүрэн

 Шүүгдэгч: Д.Б, Д.Э, Д.Ө

 Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

 А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалангийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч, Д.Б, түүний өмгөөлөгч Э.Цэндсүрэн, шүүгдэгч Д.Ө, түүний Н.Энхжаргал нарын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Б, Д.Э, Д.Ө нарт холбогдох 2512002950219 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, 5 хүүхдийн хамт А аймгийн Э сумын 0 дугаар баг, Ц 0-0 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Дын Э /РД:0000000000/,

 

2. Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 02ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 0, нөхрийн хамт А аймгийн Э сумын 0 дугаар багийн Аы 0-0 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Дын Ө /РД:0000/,

 

3. Монгол Улсын иргэн, 19 оны 0дүгээр сарын 0-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 0, нөхөр, 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын 3 дугаар багийн Ц 0-0 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Дын Б /РД:0000/

 

1.1. Шүүгдэгч Д.Ө, Д.Б, Д.Э нар нь бүлэглэн 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр А аймгийн И сумын Э багийн Э газарт байх хохирогч О.Бийн өвөлжөөний тусгайлан хамгаалсан байр, агуулахад цоожийг онгойлгон, цүүг нь эвдэн нэвтэрч эмээлийн яс мод 1 ширхэг, 90 ампертай шүлттэй аккумлятор 1 ширхэг, мазда Бонго маркийн машины помпны сэлэлтийн насос 1 ширхэг, мотоциклийн бөгсний гэрлэн дохио 1 ширхэг зэргийг машин механизм ашиглан хулгайлж, О.Бид 700,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Бийн өвөлжөөнд малын байр, хашаа хоёрын голд ил байсан усны тэрэг 1 ширхэг, 6 хүний майхан 1 ширхэг зэргийг машин механизм ашиглан хулгайлж, Бд 628,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Бгийн өвөлжөөний тусгайлан хамгаалсан байр, агуулахад цоожийг нь онгойлгон нэвтэрч тээврийн хэрэгслийн хучлага 1 ширхэг, 10 метрийн урттай хөнгөн цагаан утас, мотоциклийн обудтай дугуй 1 ширхэг, мотоциклийн аккумлятор 1 ширхэг зэргийг машин механизм ашиглан хулгайлж, Бд 217,000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 1,545,000 төгрөгийн хохирол учруулан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас Д.Б, Д.Э, Д.Ө нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолд: А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Боржигон овогт Даваажавын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж, Шүүгдэгч Б овогт Дын Ө, шүүгдэгч Б овогт Дын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Д.Ө, Д.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө, Д.Б нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Д.Ө, Д.Б, Д.Э нар нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Ө, Д.Б нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 0-0улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Б, Д.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тооцож, давж заалдах гомдол эсэргүүцэл гаргах үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

              Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч Д.Э Д.Ө, Д.Б нар нь бүлэглэн, үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр А аймгийн И сумын Э багийн Э газарт байрлах 3 иргэний өвөлжөөнөөс эд зүйл хулгайлсан гэж үзэхүйц нөхцөл байдал тогтоогддог. Тодруулбал Сэжигтэн Д.Эгийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн мэдүүлэгт “Бага боловсролтой, 4 дүгээр анги төгссөн, ...Би 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн дүү нарын хамт аймгийн төвөөс хөдөлсөн. Мөнгөгүй явж байсан болохоор мөнгө олох санаатай И сумын төвд очоод ...амбаараас улаан өнгийн эмээлийн яс мод 1 ширхэг, шар өнгийн аккумлятор хулгайлан авч багаж хэсэгт хийн цааш явсан. Эмээлийн яс модыг хүүдээ өгье гэж бодоод авсан. Өвөлжөө, амбаарын эздэд баригдаад эд зүйлсийг нь хүлээлгэн өгсөн.” Гэсэн.  Мөн гэрч А.Гын мэдүүлэгт “...Тэгээд дээрх тээврийн хэрэгслийн араас нь яваад хартал Цагаанчулуут гэх газар руу өгсөөд Г гэх айлын өвөлжөөн дээр очсон байсан. Тэгээд би тухайн тээврийн хэрэгсэл дээр яваад очтол 0-0улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 эмэгтэй явж байсан. Би тэр эмэгтэйчүүдэд хандаж “та нар энэ эзэнгүй айлын өвөлжөөнүүдээр юу хийж явж байгаа юм бэ” гэхэд “бид нар Э сум руу явж байгаа юм” гэж байсан.” гэх бөгөөд мөн сэжигтэн Д.Б. Д.Ө нарын мэдүүлгийн баримтаар бүлэглэн хулгай хийсэн гэж үзэхүйц хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан байна.

Гэтэл шүүгдэгч Д.Эг шүүхээс цагаатгаж шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Б, Д.Ө, гэрч А.Г нарын мэдүүлгийг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно гэжээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэндсүрэн давж заалдах гомдол саналдаа: 1. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.Б, Д.Ө нар амбаарт ороогүй, онгорхой байсан, авсан эд зүйл амбаарын гадна байсан гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч нарын энэхүү мэдүүлэг бусад баримтаар тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр О.Б, Б нар эд зүйлсээ амбаартаа хийж, төмөр болон уяагаар бэхлэн цоожилсон болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн.

Гэвч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч нар хэдий тус амбааруудад түгжээ мэт зүйл хийсэн байсан гэж мэдүүлсэн боловч түгжээ мэт зүйлтэй байсан эсэх нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тойгдоогдоогүй.

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “төмөр мэт зүйлийн түгжээтэй, уяа болон төмөр утсан түгжээ мэт зүйл байв.” гэж бичигдсэн боловч уг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн эх сурвалж болох гэрэл зургийн үзүүлэлтээр тус түгжээ мэт зүйлсээр түгжих боломжгүй нөхцөл байдал харагддаг. Энэ талаар өмгөөлөгч нар нотлох баримтыг шинжлэн судалж, хууль бус нэвтрэлт мөн гэдгийг үгүйсгэсэн. Гэтэл анхан шатны шүүх “Төмөр болон уяагаар бэхлэн цоожилсон болох нь тогтоогдож байна.” гэж нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй нөхцөл байдлыг тогтоогдсон мэтээр дүгнэж, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хоорондоо харилцан зөрүүтэй байхад хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлсэн атлаа гэрэл зургийн үзүүлэлтийг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй байна.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 330 дугаар тогтоолд “Хулгайн гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдвэл учруулсан хохирлын хэмжээнээс үл хамааран шүүгдэгчийн эрх зүйн байдлыг ноцтой хүндрүүлэн үзэх тул хууль бус нэвтрэлтийн талаар зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай бөгөөд нэвтрэн орсон газрын онцлог, нэвтэрсэн арга, саад, хамгаалалтыг даван туулсан, түгжээ хаалт, дохиоллыг эвдсэн, салгасан байдал, зорьсон санаа сэдэлт зэрэгт ач холбогдол өгч байх нь зүйтэй." гэжээ.

Гэвч анхан шатны шүүх нэвтрэн орсон газрын буюу хөдөөгийн айлын эзэнгүй орхисон өвөлжөөний амбаарын онцлогийг харгалзан үзээгүй, өмчлөгч нарын эд хөрөнгөө хамгаалж цоож түгжээ хийсэн гэх бодит нөхцөл байдал нь бусдыг хууль бусаар нэвтрэхэд хэр хэмжээний хориг саадтай байх боломжтой эсэх, нэвтрэн орсон газрын онцлогоос шалтгаалж хохирогч нар түгжээ мэт зүйл хийсэн боловч бусад байдлаар хаалга нь онгорхой байх боломжтой эсэх, амбаартаа хадгалсан гэх эд зүйлс нь бодит байдал дээр хүний хэрэгцээ шаардлага хангах эсэх, энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхгүйгээр хүндрүүлэн зүйлчилсэн нь өмчлөгчийн орон байрны халдашгүй байх эрхийг хамгаалж Эрүүгийн хуульд хуульчилсан хууль тогтоогчийн хүсэл зоригоос гажуудаж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Ийм учраас шийтгэх тогтоолд заасан дээрх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: Шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Д.Ө, Д.Б нар анх хулгайн гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж машинаар яваагүй боловч эхний өвөлжөөнөөс эд зүйл авсны дараа дараагийн өвөлжөөнүүдээс эд зүйлийг үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар авч машинаар зөөж тээвэрлэсэн нь машин механизм ашиглаж үйлдсэн буюу хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна" гэжээ. Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн № 306 дугаар тогтоолд “Бусдын оронд байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал нотлох баримтуудаар тогтоогдоогүй бол хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизмыг ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үздэггүй” гэж заасан. Үүнээс үзвэл тайлбарын гол агуулга нь гэмт этгээд өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан нөхцөл байдал тогтоогдвол хүндрүүлэн зүйлчлэхээр ойлгогдож байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас харвал шүүгдэгч нар анх И сум руу үеэл дүү Мочих зорилготой явсан, замдаа И сумын хогийн цэгээр орсон, улмаар замаа буруу сонгон явж зам төөрсөн. Эдгээр үйл баримтууд аль аль нь тогтоогдсон, нотлох баримтаар няцаагдаагүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нар анх хулгай хийх зорилготой яваагүй боловч эхний өвөлжөөнөөс дараагийн өвөлжөө рүү хулгай хийх зорилгоор машин механизмыг ашигласан гэж үзэж хүндрүүлэн зүйлчилжээ. Гэвч бодит байдал дээр зам андуурч явсаар зам мухардаж буцах замдаа айлуудын өвөлжөөгөөр хог түүх гэж очсон. Нэгэнт зам төөрсөн учраас ирсэн замаараа буцах нь, машинтайгаа явах нь тодорхой, нөгөө талаар хулгай хийх зорилгоор өвөлжөө хоорондын замыг олж сонгон явсан үйл баримт тогтоогдоогүй.Тийм учраас энэ тохиолдолд хулгай хийх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан гэж үзэх боломжгүй. Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад зөвхөн үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг төгсөөгүй буюу нэг өвөлжөөнөөс дараагийн өвөлжөө рүү хулгай хийх зорилгоор машин механизм ашиглаж явсан гэдэг агуулгаар хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, яллах талыг хэт баримталсан гэж үзэж байна.

Хэдийгээр үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг нь нэг эхлэл, төгсгөлтэй боловч анх шүүгдэгч нарт машин механизм ашиглаж хулгай хийх зорилго, өөрсдийнхөө үйлдлийг хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх зорилго байгаагүй гэдгийг, мөн “машин механизм ашиглаж” үйлдсэн гэж хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон хуульчилсан гол агуулга нь гэмт этгээдийн хууль бус үйлдлээ төгс гүйцэтгэх гэсэн субъектив санаа зорилгын эсрэг гэдгийг онцгой анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Дээрх нөхцөл байдлуудыг болон энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч Д.Бы ар гэр, амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг хөнгөрүүлж, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдах гомдол саналдаа: Тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэхдээ: ”Шүүгдэгч Д.Б, Д.Ө нар хохирогч О.Б, Б нарын төмрөөр болон утсаар цоожилсон байсан амбаарт төмөр уяа зэргийг тайлж нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, анх хулгайн гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж машинаар яваагүй боловч эхний өвөлжөөнөөс эд зүйл авсны дараа дараагийн өвөлжөөнүүдээс эд зүйлийг үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар авч машинаар зөөж тээвэрлэсэн нь тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн,

Мөн хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр хохирогч О.Б, Б нар эд зүйлсээ амбаартаа хийж, төмөр болон уяагаар бэхлэн цоожилсон байсан нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, буруу шийдвэр болсон гэж үзэж байна.

Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр агуулах гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах зоорь, авто мухлаг, хөргөх ба бараа зөөх төхөөрөмжийн автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрийн эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн болон ачаа тээвэрлэхэд зориулсан тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамруулахаар заасан хэдий ч бусдын халдлагаас хамгаалж зориулалтын цоож, бэхэлгээ хийгээгүй бол агуулах сав гэдэгт хамааруулахгүй гэж зааж тайлбарласан байдаг.

Хэдийгээр хавтаст хэрэгт хохирогч О.Б, Б нар эд зүйлсээ өвөлжөөний амбаар дотроосоо алдсан, амбаараа төмөр болон уяагаар цоожилсон байсан гэж мэдүүлж байгаа ч тухайн амбаар саваа бусдын халдлагаас хамгаалж зориулалтын цоожоор цоожилж, зориулалтын бэхэлгээ хийсэн байсан эсэх нь тогтоогдоогүй нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт нотлох баримтаар тогтоогддог.

Хэргийн газраас ямар нэг эвдэрсэн цоож, сугалагдсан цуурга, бэхэлгээ олж тогтоогдоогүй.

Шүүгдэгч нарыг эвдээд орж байгааг харж гэрчилсэн хохирогч нарын болон гэрчийн мэдүүлэг авагдаагүй байхад цоожийг онгойлгон, цүүг эвдэн нэвтэрсэн гэж ялласан дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй хэт яллах талыг барьсан шийдвэр болсон.

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч үйлдсэн үйлдлийн тухайд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх хаалга түгжээг эвдэх, цуурга сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж хүндрүүлэн зүйлчлэхээр заасан.

Дээрх хэргийн тухайд шүүгдэгч Д.Б, Д.Ө нар өвөлжөөний амбаарын ямар цоожийг онгойлгон, ямар цүүг нь эвдлээд орсон болох нь тогтоогдоогүй. Мөн шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж дүгнэсэн. Хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашигласан гэдэгт эд хөрөнгө байгаа газарт хялбар хүрэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөвөрлөх, тээвэрлэх зэргээр хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэхийн тулд урьдаас тусгайлан бэлтгэсэн зэвсэг, техник хэрэгсэл, машин механизмыг зориуд ашигласныг ойлгоно. /УДШ-ын 2023.12.06-ны өдрийн 158 дугаартай тогтоол/ Шүүгдэгч нар анхнаасаа хулгайн гэмт хэрэг үйлдэх ямар нэг санаа зорилгогүй, айлд очихоор явж байгаад замаасаа төөрч явсаар байгаад мухар замд тулсан. Зорьсон газраа хүрэхээр явж байх үед хохирогч О.Б, Б нарын өвөлжөө байр таарсан хэдий ч өнгөрөөд явсан, харин буруу замаар ороод буцах ёстойгоо мэдээд буцах үедээ дээрх айлуудын өвөлжөөгөөр ороод эд зүйлс аваад байгаа нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Тэдний үйлдэлд хулгайн гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж, машин механизмыг урьдаас бэлтгэн, улмаар үйлдээ хөнгөвчлөх, түргэтгэх зорилгоор зориуд ашигласан гэх шинж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй.

Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ анх хулгайн гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж машинаар яваагүй боловч эхний өвөлжөөнөөс эд зүйл авсны дараа дараагийн өвөлжөөнүүдээс эд зүйлийг үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар авч машинаар зөөж тээвэрлэсэн нь хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн буюу хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх үндэстэй байна гэж дүгнэж шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн шийдвэр болсон гэж үзэж байна. ӨХ: Шүүгдэгч нарын үйлдэлдээ хандсан сэтгэл зүйн харьцаа, сэдэл санаа зорилгыг бүрэн тогтоож, хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ урьдаас үйлдлээ хөнгөвчлөн түргэтгэх зорилгоор машин механизмыг зориуд ашигласан байгаа байдал тогтоогдсон тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байтал хэргийн бодит байдалд дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн. Шүүгдэгч Д.Б, Д.Ө нар хохирогч О.Б, Б, Б нарт учруулсан хохирол төлбөрийг биет байдлаар бүрэн нөхөн төлсөн, хохирогч нар ямар нэг гомдол саналгүй, гэм хор бүрэн арилсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, холбогдсон үйлдэлдээ дүгнэлт хийн гэм буруугаа хүлээж байгаа, мөн тэдний ар гэрийн амьдралын хүнд нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан ”эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйл ийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулж, А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 сарын 05-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

            Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол саналдаа: Учир нь: 2025 оны 06 сарын 29-нд И сумын борт багт амьдардаг үеэл дүү Б.Мөнх-Эрдэнийд очиж шөлний хонь авах гэж явсан. Эгч Д.Ө Д.Э нарын хамт явах замдаа бензин муутай байсан болохоор бензиний мөнгө олчих санаатай И сумын хогийн цэгээр орж ойр цуурын цайр, хөнгөн цагаан утас олоод зам товчилж, урдаас нь даваад орчих санаатай тод замаа дагаж явсан боловч замаа мэдэхгүй буруу замаар орсон тул ууланд тулж цааш явах аргагүй болсон. Тэгээд буцах замдаа өвөлжөө таарсан хогон дээр нь хагархай тогоо байхаар нь очиж авангаа хогноос нь эвдэрхий дугуй, бас шатсан наклад хайлш гэх мэт зүйлс түүсэн. Үүд, хаалга нь онгорхой амбаарын хойгуур, урдуур байсан хуучин хаягдал юмнуудыг хамж авсан. Бид амбаарт нь ороогүй шагайж хараагүй. Тэндээс хөдлөөд замд таарсан байрны хогоор хог түүсэн бас л амбаар нь онгорхой байсан. Хашааны хажуугаар гүйж хогон дээгүүр нь гүйж ойр зуурын хог түүсэн гэтэл эзэн нь бололтой хүн ирээд биднийг юу хийж яваан асуухад нь дүү Мөнх-Эрдэнийд очихоор явж байгаагаа хэлэхэд биднийг та нар Талхаатай яваа хүмүүсүү гэж асуусан бид тийм хүн танихгүй гэхэд сая Талхаа энүүгээр яваад амбаарууд ухаад би цагдаад өгсөн одоо та нарыг цагдаад өгнө гэж дагуулж доош гол руу уруудсан. Тэнд машинтай мотоциклтэй хүмүүс ирээд биднийг элдвээр хэлж доромжилж байтал цагдаа авч явсан. Биднийг очиход цагдаагийн гадаа цагаан ачааны машинтай хоёр хүн баривчилж ирсэн байсан. Бид гурав очих айлгүй болохоор голын захад хоносон. Маргааш нь хүмүүст юмыг нь хүлээлгэж өгөхөд тэр хүмүүс ч бас амбаараас авсан юмнуудаа өгч байсан. Бид цүүтэй амбаар, уяатай амбаарт ороогүй шагайж хараагүй. Биднийг орсон гэх нотолгоогүй. Ядаж тэр төмөрт ч хүрээгүй хүрсэн бол гарын хээ гарах байсан. Иймд маш их гомдолтой байна. Биднийг машин тэрэг ашиглан амбаар цүү онгойлгосон гэж ялласанд маш их гомдолтой байна. Би нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр элэгний церооз  буюу элэг хатуурал хүнд шатандаа орсон дэлүү томорсон, цөс өтгөрч чулуужсан, цөсний хана нимгэрсэн, элэгний холбоос судас бүдүүрч судасны хана нимгэрсэн оноштой байнгын хэвтэрт байдаг. Гэдэс нь байнга гүйлгэдэг сардаа тариагаар уураг 3-4-н удаа хийлгэдэг нэг тариа нь 300.000 төгрөг болдог 4 тариан нь сардаа 1.200.000 төгрөг болдог. Бусад эм нь бас үнэтэй сард авдаг халамжийн мөнгө эмийнх нь талд ч хүрдэггүй. Манайх галдаа ч хийх түлээгүй байгаа. Машинтай байхдаа ядаж аргал хомоол түүгээд болгоод байсан. Одоо аргагүй болоод хашааныхаа банзыг түлж байгаа. Тэр прус 20-ыг манай том хүү МСҮТ төгсөөд тэтгэмжийнхээ мөнгөөр 3.500.000 төгрөгөөр авч байсан. Би хүүгийнхээ машиныг хураалгасан болохоор яахаа мэдэхгүй хэцүү байна.

Одоогоор манайх идэх хоолгүй байгаа. Би ганцаараа ажил хийж заваараа оёдол хийж амьдралаа авч явдаг. Манайх банкны зээлтэй бас лизингийн зээлтэй мөн гар утасны апликейшний зээлтэй арайл гэж амьдарч байна. Манай нөхөр архи ууж бид гуравт агсам тавьж зодож цохидог болохоор хоёр хүү ааваасаа их айдаг. Манай том хүү дагавар болохоор намайг эзгүйд байнга айлгаж зовоодог байсан. Одоо миний том хүү яг эмзэг насандаа яваа болохоор элдэв хүүхдүүдтэй нийлж хэрэг төвөгт орчих вий гэж их айж байна. Мөн манай том хүү энэ хавар цэрэгт явах тул би бага хүүдээ их санаа зовж байна. Иймд миний амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж зүйчлэлийг маань хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял болгон зүйчилж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол саналдаа: Дүүгийндээ очихоор явах замд машины бензин хүрэхгүй болж, бензин нэмэх мөнгө бидэнд байгаагүй учраас бензиний мөнгөнд нэмэрлэх зорилгоор Их тамир сумын хогийн цэгээр ороод цааш зам дөтөлж явах гэсэн боловч айлын өвөлжөөнд тулсан цааш явах аргагүй болсон тул буцахдаа айлын өвөлжөөний хогнуудаар орж хагархай тогоо, шатсан наклад, мотоциклийн эвдэрхий зэс, хөнгөн цагаан түүсэн. Айлын амбаар сав, цоож, цуурга эвдээгүй. Өвөлжөөний байрны хаалга нь эвдэрхий салхинд саваад  байж байсан. Бид хоёр бусдын эд зүйлийг хог байсан ч зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг мэдсээр байж дур мэдэн авсан нь буруу. Бидэнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү.”гэжээ.

 

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. Хэргийн уйл баримтын дүгнэлт.

2.1. Шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Д.Ө нар бүлэглэн 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр А аймгийн И сумын Э багийн Эгэдэг газарт байрладаг хохирогч О.Бийн өвөлжөөний амбаараас эмээлийн яс мод, 90 ампертай шүлттэй аккумлятор, мазда Бонго маркийн машины помпны сэлэлтийн насос, мотоциклийн бөгсний гэрлэн дохио зэрэг 700,000 төргийн үнэтэй эд зүйлийг, хохирогч Бийн өвөлжөөний малын байр, хашаа хоёрын дунд ил байсан усны тэрэг, 6 хүний майхан зэрэг 628,000 төгрөгийн үнэтэй эд зүйлийг, хохирогч Бгийн өвөлжөөний  амбаараас тээврийн хэрэгслийн хучлага, 10 метрийн урттай хөнгөн цагаан утас, мотоциклийн обудтай дугуй, мотоциклийн аккумлятор зэрэг 217.000 төгрөгийн эд зүйлийг авч машиныхаа багажид хийж явах замдаа хохирогч нарт баригдсан байна.

2.2. Энэ үйл баримт нь: Хохирогч О.Бийн: “2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр А аймгийн И сумын Э багийн Э газарт байдаг амбаарт байсан 2022 онд 150,000 төгрөгөөр худалдан авсан Эмээлийн яс мод, 20,000 төгрөгөөр үнэлэгдэх 90 ампертай шүлттэй аккумлятор, 170,000 төгрөгөөр худалдан авч байсан мазда Бонго маркийн машины помпны сэлэлтийн насос, 20,000 төгрөгийн үнэлгээтэй мотоциклын бөгсний гэрэл дохио зэрэг 360,000 төгрөгөөр үнэлэгдэх эд зүйлс нь үл таних 3 эмэгтэй хүний унаж явсан 0-0улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслээс гарсан.  Тухайн өдрийн 12 цагийн үед хөрш Г нь утсаар залгаад “Танай амбаарыг саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 эмэгтэй ухаад эд зүйлс хулгайлаад явсан” гэж хэлсний дагуу сумын төвөөс өвөлжөөнийхөө амбаар руугаа явж байх замдаа тухайн тээврийн хэрэгсэлтэй таарч эд зүйлсээ буцаан авсан.” тухай мэдүүлэг, /1 хх 6-8/,

2.3. Гэрч А.Гын: “2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр И сумын Э багийн нутаг Э газарт малд явж байхдаа дурандаж суутал Бийн өвөлжөөн дээрээс мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хөдлөөд цааш явахаар нь манай голын машин биш байна гэж бодоод араас явж Бийн өвөлжөөний урдуур гарахад амбаарынх нь хаалга онгорхой байсан. Тэгээд дээрх тээврийн хэрэгслийн араас нь явтал Цагаанчулуут гэх газар руу өгсөөд Г гэх айлын өвөлжөөн дээр очсон байсан. Тэгээд тухайн 0-0улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дээр яваад очиход 3 эмэгтэй байсан. Тэр эмэгтэйчүүдэд хандаж “Та нар эзэнгүй айлын өвөлжөөнүүдээр юу хийж явж байгаа юм бэ?” гэхэд “Бид нар Э сум руу явж байгаа юм” гэж хэлсэн. Гар утасгүй явсан болохоор гэртээ ирээд Г, Б нарт энэ талаар утсаар хэлсэн. Дээрх айлуудын өвөлжөөнүүд хоорондоо нэг километр орчим зайтай.” байдаг тухай мэдүүлэг /1 хх 55-56/,

2.4. Гэрч Ц.Гын: “Б, Г нар утсаар залгаж А аймгийн И сумын Э багийн Э газарт байраг өвөлжөөн дээрх амбааруудад хулгай орсон байна. Хулгайчуудыг нь барьчихлаа та ирж эд зүйлсээ шалга гэсний дагуу очиход манайхаас алдагдсан эд зүйл байгаагүй. Харин Б, Од, Б нар хулгай хийсэн гэх 3 эмэгтэйтэй байсан. Тухайн 3 эмэгтэй нь 0-0улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Хулгайлсан эд зүйлсээ тээврийн хэрэгслийнхээ багажид хийсэн байсан.” тухай мэдүүлэг /1 хх 51-52/,

2.5. Хохирогч Бгийн: “2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр А аймгийн И сумын Э багийн Э газарт байдаг өвөлжөөний амбаараасаа ногоон өнгийн тээврийн хэрэгслийн хучлага, 10 м урттай хөнгөн цагаан төмөр утас, мотоциклын обудтай дугуй, мотоциклын аккумлятор зэрэг нийт 306,000 төгрөгөөр үнэлэгдэх эд зүйлсээ хулгайд алдсан. Дээрх эд зүйлс нь маркийн тээврийн хэрэгслээс гарсан. а.р жижиг дугуйтай, 100 см орчим урттай түрдэг тэрэг, йл байгаагүй. нь 3 эмэгтэй хүний унаж явсан 0-0улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн багажаас гарсан. Амбаараа цоожилдог боловч хэрэг гарах үед амбаараа цоожоор биш төмөр утас, уяа холилдсон зүйлээр түгжээ хийж орхисон байсан.” тухай мэдүүлэг /1 хх 229- 231/,

2.6. Гэрч Э “2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр А аймгийн И сумын Э багт байх өвөлжөөний амбаараасаа эд зүйлсээ алдсан. 3 эмэгтэй алдсан эд зүйлсийг 0-0улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн багаж хэсэгтээ хийсэн явж байна гэж нутгийн залуу Г хэл дуулгасан, улмаар дээрх эмэгтэйчүүдийг барьсан.” тухай мэдүүлэг /2 хх 2-3/,

2.7. Хохирогч Б, гэрч Э нарын: “2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр А аймгийн И сумын Э баг Э газарт байх өвөлжөөнөөсөө малын байр хашаа хоёрын голд байсан улбар шар өнгийн усны тэрэг, улбар шар өнгийн 6 хүний майхан зэргийг хулгайд алдсан бөгөөд дээрх эд зүйлс 0-0улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 эмэгтэйн тээврийн хэрэгслийн багажаас гарсан.”тухай адил агуулга бүхий мэдүүлэг /1 хх 146-148, 170-171/,

2.8. 18 метрийн урттай, 8 метрийн өргөнтэй тээврийн хэрэгслийн хучлага, 10 метрийн урттай хөнгөн цагаан утас, мотоциклийн аккумлятор, цагаан өнгийн ободтой мотоциклийн дугуй зэрэг эд зүйлсийг хохирогч Бд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 246-247/, эдгээр эд зүйлсийг 217,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №АЦ25-120 дугаартай дүгнэлт /1 хх 236-240/,

2.9. Ногоон өнгийн дэвстэй, суран ганзагатай, улаан өнгөөр будсан эмээлийн мод, шаргал өнгийн 90 амперын аккумлятор, мотоциклийн арын дохионы хэсэг зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 43-44/, эдгээр эд зүйлсийг 700,000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ы  2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №АЦ25-122 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх 17-21/,

2.10. Шар өнгийн металл материалаар хийгдсэн, хоёр жижиг дугуйтай, 100 см орчим урттай түрдэг тэрэг, улбар шар өнгийн ууттай майхан зэргийг Бд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 166-167/, уг эд зүйлсийг 628.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №АЦ25-121 дугаар дүгнэлт /1 хх 153-158/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

 

 3. Шүүгдэгч Эүйлдэлд хийсэн үйл баримтын болон хууль зүйн дүгнэлт.

 

 3.1. Прокуророос шүүгдэгч Д.Эг шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Д.Ө нартай бүлэглэж үйлдлийг хийсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 3.2. Шүүгдэгч нарын хэрэг бүртгэлтэд сэжигтнээр өгсөн мэдүүлгээс өөр Д.Эг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримт авагдаагүй байна.

 3.3. Д.Эгаас сэжигтнээр мэдүүлэг авахад тээрээр “Би уншиж бичиж чадна. 4 дүгээр анги төгссөн.” гэж мэдүүлсэн байх боловч бодит байдалд Д.Э нь эрх үүрэг танилцуулсан баримтад нэрээ буруу бичсэн, мэдүүлэгт 2 үг бичсэн нь хоёулаа буруу буюу  “унсан, тансан” /1 хх 73-75/ гэж утга агуулга тодорхойгүй ойлгомжгүй бичигдсэн зэргээс тэрээр бичиг үсэг мэддэг эсэхэд эргэлзэх бодитой үндэслэл байжээ.  

 3.4. Зөвхөн үсэг таних, эсвэл өөрийн нэрийг бичих, гарын үсэг зурж чаддаг байхыг бичиг үсэг мэддэг гэж үзэхгүй бөгөөд бичиг үсэг мэднэ гэдэг нь хууль зүйн утгаараа өөрт нь холбогдох хууль зүйн баримт бичгийг тухайлбал эрх үүрэг тайлбарласан баримт, мэдүүлэг зэргийг уншиж агуулгыг нь бүрэн гүйцэд ойлгодог байх, өөрийн хүсэл зоригийг бичгээр илэрхийлэх чадвартай байхыг ойлгодог.

3.5. Эрүүгийн хэрэг хянан ажиллагаа нь бүхэлдээ бичмэл баримт дээр үндэслэн явагддаг бичмэл баримтын агуулгын бүрэн гүйцэд уншиж ойлгож чадахгүй хүн өөрт нь холбогдох баримт бичгийн хууль зүйн үр дагаврыг мэдэх боломжгүй тул өмгөөлөгч үүнийг тайлбарлаж, танин мэдүүлэх шаардлагатай болдог.

 

3.6. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй болохыг заасан боловч бичиг үсэг мэдэхгүй тохиолдолд өөрийгөө бие даан өмгөөлөх эрх нь хязгаарлагдах тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бичиг үсэг мэдэхгүй хүний өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхийг тусгайлан хангах хүрээнд өмгөөлөгчийг заавал оролцуулах үүргийг мөрдөгч, прокурор, шүүхэд хуульчлан үүрэг болгосон.

3.7. Гэтэл сэжигтний бичиг үсгийн чадварт эргэлзээ төрөхүйц бодит нөхцөл байдал байсаар байтал мөрдөгч нь хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх боломжоор сэжигтнийг хангалгүйгээр шууд өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.2-т заасан бичиг үсэг мэдэхгүй сэжигтэн оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулахгүй байх  хуулийн хоригийг зөрчсөн гэж үзнэ.

            3.8. Мөн шүүгдэгч Д.Э, Д.Б, Д.Ө нар нь төрсөн эгч дүүс байхад тэдэнд өөрийн болон гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тэргүүн ээлжид тусгайлан тайлбарлалгүй, бусад сэжигтнүүдтэй гэр бүл, садан төрлийн  харилцаа, хамааралтай эсэхийг болон мэдүүлэг өгөх эсэхийг нь асуулгүйгээр мэдүүлэг авсан байна.

            3.9. Тиймээс сэжигтэн нарын мэдүүлэг нь хуульд заасан журмыг зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тооцогдох бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

3.10. Шүүгдэгч Д.Эг прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн гэмт хэрэгт буруутгах өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүнийг тухайн гэмт хэрэгт буруутгах хангалттай үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй тул

анхан шатны шүүх Д.Эг шүүгдэгч Д.Б, Д.Ө нартай  бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй гэж дүгнэж түүнд холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

4. Шүүгдэгч Д.Б, Д.Ө нарын холбогдсон гэмт хэргийн эрх зүйн дүгнэлт:

4.1. Прокуророос шүүгдэгч нарыг агуулах саванд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсан, бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж буруутгасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б, Д.Ө нарыг агуулах саванд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсан, уг гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж дүгнэн тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

4.2. Хохирогч О.Бийн эд зүйл алдагдсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд хаалгыг эвдсэн, түгжээ мэт зүйл, цүүг хөшсөн, гэмтээсэн болохыг илтгэх ул мөр, физик шинж байгаа эсэх талаар огт тэмдэглээгүй атлаа “Хохирогчийн хэлснээр амбаар нь төмөр мэт 20-25 см-ийн урттай түгжээтэй байсан эсэхийг шалгахад хохирогчийн хэлсэн үнэн байх ба, түгжээ мэт зүйлийг гэрэл зургаар бэхжүүлэв.” /1 хх 9-12/ гэж дүгнэсэн байна.

4.3. Мөн хохирогч Бгийн эд зүйл алдагдсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд “хаалганы баруун дээд хэсэгт уяа болон түгжээ мэт зүйл байв” /2 хх 4-6/ гэсэн байх боловч хэргийн газарт нөхөн үзлэг хийх үед хаалга амбаарын дотор талд унасан байдалтай байсан нь гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдсан, тулж тогтоон гэрэл зураг авсан атлаа тухайн хаалга нь үндсэн бүтэц буюу амбаарын эх биеэс салангид байсан шалтгаан, нугас буюу хаалгыг нээж хаах механизм,  хаалганы цүү, цоож, цуургыг сугалсан, эвдсэн зэрэг шинж тэмдэг, ул мөр байсан эсэхийг огт тусгаагүй байна.

4.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд тухайн ажиллагааны явц, илэрсэн нөхцөл, эд зүйлийн хэлбэр, өнгө, харагдаж байгаа онцлох шинж тэмдэг зэргийг нэг бүрчлэн бичиж хавтаст хэрэгт хавсаргахаар заасан байтал мөрдөгч энэ үүргээ биелүүлэхийн оронд “хохирогчийн хэлсэн үнэн байна” гэсэн субьектив дүгнэлт хийсэн нь тэмдэглэл үйлдэхэд тавигдах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй байна.

4.5. Гэтэл анхан шатны шүүх эдгээр байдлыг анхаарч үзээгүй, тухайн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүх эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлэх  зарчимд нийцээгүй байна.

4.6. Хохирогч О.Б, Б нарын эд зүйл байсан амбаарын хаалга нь цоожгүй, харин цуургатай, уяатай байсан талаар хохирогч нар мэдүүлсэн боловч энэ байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь амбааруудын хаалганы цуургыг эвдэх, сугалах уяаг тайлах зэргээр, хаалгыг онгойлгож нэвтэрсэн байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгч нар тэдний эд зүйлийг авсан болохыг нотолж байгаа ч цоож, цүүг эвдэх зэргээр саадыг эвдэж амбаарт нэвтэрсэн болохыг нотлоогүй байна.

4.7. Харин шүүгдэгч нар тухайн амбаарууд нэг нь хаалгагүй, нөгөө нь хаалга нь онгорхой байсан гэж мэдүүлж байгаа нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлттэй тохирч байх бөгөөд шүүгдэгч нарын энэ мэдүүлгийг няцаах баримт хэрэгт авагдаагүй. Эдгээр байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

4.8. Тиймээс шүүгдэгч нар нь өдрөөр, задгай орчинд хаалгагүй, хаалга нь онгорхой байсан амбаарт ямар нэгэн хориг сайдгүй, илээр нэвтэрч эд зүйл авсан байна.

4.9. Хохирогч нарын амбаар нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хамаарахгүй, бөгөөд тусгайлан хамгаалагдсан байр, агуулахад нэвтэрч эд зүйл хулгайлсан гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах зэргээр бүх төрлийн хамгаалалтыг үгүй хийж орох, онгорхой байхад нь сэм орж нуугдах зэрэг аргаар нэвтрэн орж эд зүйл авсан байхыг ойлгодог.

4.10. Гэтэл хохирогч нарын амбаар нь ойр орчиндоо айл, хүнгүй, гадуураа хашаагүй, задгай орчинд, цоож цуургагүй, ямар нэгэн хамгаалалтгүйн дээр гадна харагдах байдлаасаа ч мал, эд зүйлсийг нар, салхи зэрэг байгалийн нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий хашаа саравчны шинжтэй байжээ.

4.11. Тиймээс шүүгдэгч нарын ямар нэгэн хамгаалалтгүй, онгорхой амбаарт саадгүй нэвтэрсний дараа тэндээс эд зүйл авсан үйлдлийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж дүгнэхэд эргэлзээ төрж байна.

4.12. Яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийг шүүгдэгч нар үйлдсэн болохыг шүүхийн өмнө эргэлзээгүйгээр нотлох үүргийг мөрдөгч, прокурор хүлээх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн шалгасны эцэст шүүгдэгч яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрвөл тэрхүү эргэлзээг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх /in dubio pro reo/ зарчим нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагдсан.

4.13. Мөн шүүгдэгч нарын авсан хохирогч нарын эд зүйлс нь овор хэмжээ багатай биеэр авч явах боломжтой, тухайн эд зүйлсийн дотор машин механизм ашиглахгүйгээр авч чадахгүй эд зүйл байхгүй, шүүгдэгч нар замаас төөрч буцах замдаа тухайн эд зүйлсийг хулгайлсан, эд зүйл хулгайлах зорилгоор авто машинаар явсан гэх байдал тогтоогдоогүй байна.

4.14. Шүүгдэгч нар бусдын эд зүйлийг авах үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор авто машин ашигласан байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлийг авсан гэж дүгнэхэд эргэлзээтэй байна.

4.15. Шүүгдэгч Д.Б, Д.Ө нар нь бусдын эд зүйлийг авч зарж борлуулан мөнгө болгох зорилгод чиглэсэн, идэвхтэй үйлдлээрээ нэгдэж хохирогч нарын эд зүйлийг  өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, тэдний хүсэл зоригоос гадуур, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

4.15. Тиймээс энэ эргэлзээтэй байдлыг шүүгдэгч Д.Б, Д.Ө нарт ашигтайгаар шийдвэрлэж тэдний үйлдлийг тэднийг бусдын эд зүйлийг авч зарж борлуулан мөнгө болгох зорилгод чиглэсэн, идэвхтэй үйлдлээрээ нэгдэж хохирогч нарын эд зүйлийг  өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, тэдний хүсэл зоригоос гадуур, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

4.16. Шүүгдэгч Д.Б, Д.Ө нар нь идэвхтэй, хамтарсан үйл ажиллагааны үр дүнд хохирогч нарын эд зүйлийг өөрсдийн захиран зарцуулах эрхэд шилжүүлснээр тухайн гэмт хэргийг төгссөн гэж үзнэ.

4.17. Шүүгдэгч Д.Б, Д.Ө нар нь бусдын эд хөрөнгийг өөртөө эд хөрөнгийн ашигтай байдал бий болох зорилгод нэгдэж авсан тул хор уршийг хэн учруулснаас үл хамаарч шүүгдэгч нарын үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

4.18. Мөн гэмт этгээд нь хамтарсан гэмт үйл ажиллагааны үр дүнд нэгдсэн хор уршиг бий болохыг урьдаас мэдэж, уг хор уршгийг учруулахыг шууд санаатай хүсч, гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ нэгдсэн тохиолдолд тухайн этгээдийг гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгч Д.Б, Д.Ө нарын гэмт хэрэгт Д.Э үйлдлээрээ нэгдсэн гэх байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

5. Давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийн талаарх дүгнэлт.

 

5.1. Дээр тайлбарласан хууль зүйн дүгнэлтүүдэд тулгуурлан анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалдтай нийцээгүй, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй тул анхан шатны шүүхийн тогтоолыг өөрчлөх, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж болох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс Д.Б, Д.Ө нарт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхээс тухайн зүйл хэсгээр хорих ял оногдуулсан зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэлээ.    

5.2 Ингэхдээ шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруудаа чин санаанаасаа гэмшсэн, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх талаар амлалт өгч байгаа ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс хорих оногдуулсныг  8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хөнгөрүүлэн өөрчилж, шийтгэх тогтоолд үүнтэй холбогдох өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч нарыг суллах нь үндэслэлтэй байна.

5.2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө цагдан хоригдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх явцыг хөнгөвчлөх зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй тул авто машиныг эзэмших, өмчлөх эрхийг хязгаарлах эрх зүйн үр дагаварыг арилгаж эзэмшигчид нь буцаан олгох нь үндэслэлтэй байна.  

5.3. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байх бөгөөд шүүгдэгч Д.Б, Д.Ө нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаарх шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын  давж заалдах гомдол саналыг хүлээн авсныг дурдаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн өөрчлөлт оруулснаас бусад заалтыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4  дэх заалтад заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” гэснийг “17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж, шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4” гэснийг “17.1 дүгээр зүйлийн 1” гэж, “1 жилийн хугацаагаар хорих”  гэснийг “8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” гэж” шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг бүхэлд нь ”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Д.Ө нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг А аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хэлбэрээр хэрэгжүүлж, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг А аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж, шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1” гэснийг ”Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “21.5 дугаар зүйлийн 6” гэж, “улсын орлого болгосугай.” гэснийг “эзэмшигч Д.Бд нь буцаан олгосугай.” гэж тус тус өөрчилж шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.Ө нарын анхан шатны шүүх хуралдаанаас хойш цагдан хоригдсон 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, нийт цагдан хоригдсон 57 хоногийг зорчих эрх хязгаарлах ялаас тус тус хасаж тооцсугай. 

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Б, Б.Ө нарыг сулласугай.

 

  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЭНХТӨР

 

                            ШҮҮГЧИД                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                               Д.БАЙГАЛМАА