| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0292/э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/300 |
| Огноо | 2018-10-15 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/300
2018 10 15 2018/ШЦТ/300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох 1821002090320 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сард Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “Хадан хөв” гэх газраас иргэн *******-н 25 тооны хонь, 5 тооны ямаа, *******-н 15 тооны хонь, 5 тооны ямааг буюу өөрийн малтай нийлсэн алдуул мал болох 40 тооны хонь, 10 тооны ямааг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 4700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээж, прокуророос санал болгож байгаа 500.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна... гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хаваржаандаа буух болоод хамт хонио нийлүүлж хариулдаг байсан *******той хонио ялгаж тоолоход манай хониноос 25 хонь, 5 ямаа, *******нхоос 15 хонь, 5 ямаа дутсан байсан. Нийт манай 30 тооны хонь ямаа, *******-оос 20 тооны хонь ямаа дутсан. Ингээд нүүж буучихаад *******- г гэрийн ойр хавиар хониор ороод ир гэж явуулахад Л-ий хонь дотор цөөн хонь ямаа нийлсэн байна гэж хэлсэн. Би 3-4 хоногийн дараа Л-ний хонь дээр очиход манай 8 хонь, 3 ямаа, *******-н 4 ямаа байсан. Тухайн үед ******* ганцаараа байсан, манай хонь ямааг бүгдийг нь өөрийнхөө имээр имнэсэн байсан... Хохирлоо бүрэн барагдуулсан тул гомдол саналгүй” гэжээ. /хх-ийн 18, 67 тал/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хаваржаандаа буух гээд хонио ялгахад манай хониноос 15 хонь, 5 ямаа, *******-н хониноос 25 хонь, 5 ямаа дутсан байсан. Ингээд би ойр хавийн айлуудын хониор ороход Л-ий хонь дотор *******-н хонь байх шиг байхаар нь *******-д “манай хониноос дутаад байна, танай хонь дотор манай хониноос байна уу” гэхэд тэр дуугарахгүй байсан. Тэгээд хонь дотор нь ороход манай ямаа, *******-н хэдэн хонь байхаар нь Гантулгад очиж хэлсэн. Тэгээд Гантулга очоод өөрийнхөө 8 тооны хонь, 3 ямаа, манай 4 ямаа байхыг ялгаж авсан... Хохирлоо бүрэн барагдуулсан тул гомдол саналгүй” гэжээ. /хх-ийн 22-23, 65 тал/
- *******-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45 тал/
- Хэрлэн сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 59, 60 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2018 оны 02 дугаар сард Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “Хадан хөв” гэх газраас хохирогч *******-н 25 тооны хонь, 5 тооны ямаа, *******-н 15 тооны хонь, 5 тооны ямааг буюу өөрийн малтай нийлсэн алдуул мал болох 40 тооны хонь, 10 тооны ямааг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 4700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Хэрлэн сумын эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-ийг бусдын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 4700.000 /дөрвөн сая долоон зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******-ийг бусдын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 4700.000 /дөрвөн сая долоон зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******-д 25 тооны хонь, 5 тооны ямаа буюу 2850.000 төгрөгийн, *******-т 15 тооны хонь, 5 тооны ямаа буюу 1850.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч нарт өөрийн эзэмшилд байсан хонь ямааг буцаан өгч, завшсан малын үнэ 3000.000 төгрөгийг төлж, хохирлыг бүрэн барагдуулсан байх тул шүүгдэгч *******-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-ийг бусдын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 4700.000 /дөрвөн сая долоон зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ