Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01262

 

 

 

 

 

 

2022 07 04 210/МА2022/01262

 

Б.З, Г.Э-А нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/01562 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.З, Г.Э-А нарын хариуцагч Р.Ц, М.Г нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 30,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.З, Г.Энх-Амгалан, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Мөнгө зээлж хүүнд нь байранд суулгана гэх сонингийн зарын дагуу анх бид байранд очиж үзэхэд Р.Ц, Р.Сод-Эрдэнэ, А.Идэрзориг, М.Гнар байсан. 20,000,000 төгрөг зээлж байранд суулгана гэхээр нь бид хоёрт бэлэн 15,000,000 төгрөг байна гээд 11,500,000 төгрөгийг нотариатаар гэрээ хийж бэлнээр тоолж өгөөд үлдэх мөнгийг нь Р.Цгийн дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээ 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан. 2017 оны 04 дүгээр сард Р.Ц нөхрийн хамт ажил дээр ирээд 5,000,000 төгрөг нэмээд өгчих байраа 6 сараар сунгаж өгье, Р.Сод-Эрдэнэ эгчийг дуудаад гэрээгээ үргэлжлүүлье гэсэн боловч Р.Сод-Эрдэнэ Баганхангайд байна ирэх боломжгүй гэсэн тул Р.Ц хэдүүлээ гэрээгээ үргэлжлүүлээд хийе та нар 2018 оны 06 дугаар сарын 27-ныг хүртэл хүүхдийн хичээл сургууль амрах үеэр гарахгүй юу гээд 5,000,000 төгрөг нэмж авсан. Ингээд нийт 20,000,000 төгрөг зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулж эгч Р.Сод-Эрдэнэд дүү чинь 5,000,000 төгрөг нэмж авсан 06 дугаар сарын 27-ныг хүртэл байх юм байна гэхэд эгч нь би очиж амжихгүй дүүд тэгээд өгчихгүй юу даа гэж хэлсэн. Үүнээс хойш бид утсаар ярих тоолонд гэрээний хугацаа дууслаа мөнгөө авъя эсвэл гэрээгээ сунгая гэж олон удаа хүсэлт тавьсан. Тухайн үед Р.Ц гэрээг сунгах боломжгүй байна. Эгч хөдөө байна, хоёулаа хамт байж сунгах юм байна гэхээр нь эгч рүү нь залгаж би гэрээгээ сунгая, эсвэл мөнгөө аваад байраа захиалмаар байна бид анхнаасаа байрны урьдчилгаанд хурааж байсан мөнгөө өгсөн гэдгээ ч хэлсэн. Гэтэл өөдөөс гэрээ хүчин төгөлдөр байгаа юм чинь байрандаа байж бай, одоохондоо мөнгөний боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Бид Цагдаагийн байгууллагад хандахад та нар байранд нь байгаа юм чинь асуудалгүй гэж хэлсэн. 2019 онд Р.Ц, А.Идэрзориг хоёр бидэн дээр ирж удахгүй мөнгө бэлэн болно та нар байраа хайж бай гэж хэлсэн тул 20,000,000 төгрөгөө аваад өгөх юм байна гээд байр хайж байгаад буцаад холбогдоход 7 хоногийн дараа мөнгийг чинь олж өгнө гэхээр нь 7 хоноод залгатал бүх утаснууд нь хаалттай сургаггүй алга болцгоосон. Эгч Р.Сод-Эрдэнэ рүү нь залгахад дүүтэйгээ тангараг тасраад байна. Байраа зарж л мөнгийг чинь өгье, эгчдээ байрны зургийг дараад явуул гэхээр нь чат руу нь явуулж зар тавьсан. Тухайн үед байрыг зөндөө хүн ирж үздэг байсан. Р.Сод-Эрдэнэ эгч бас залгаад одоо хүн очиж үзнэ шүү гэдэг байсан. Зар дээр 140,000,000 төгрөгөөр зарна гэж тавьж байсан. Сүүлд 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зар тавьсан. Р.Сод-Эрдэнэ байрыг зараад ямар ч байсан та хоёрын мөнгийг өгнө гэсэн тул хүлээж байтал нэг өдөр Р.Ц залгаад Р.Сод-Эрдэнэ эгчийн 49 хоног өнгөрөөд 50 дахь хоног дээр нь залгаж байна, одоо наад ипотекийн зээлийн байрыг банк хурааж авна бид зээлээ төлөхгүй байгаа. Та хоёрыг нэг өдөр хөөж гаргана шүү, та хоёр наад байрнаасаа гарчих бид түрээслэж байгаад мөнгийг чинь цувуулаад хэдэн жил ч хамаагүй цувуулж өгье гэсэн хүсэлтийг нь хүлээж аваагүй. Учир нь манайх 3 хүүхэдтэй бөгөөд байрны урьдчилгаанд хурааж байсан мөнгөө энэ хүмүүст өгсөн тул гарах боломжгүй. Зээлийн гэрээний 3.6-д зээлэнд хүү тооцохгүйгээр Р.Сод-Эрдэнийн өмчлөлийн орон сууцанд үнэ төлбөргүй 1 жилийн хугацаанд түрээслэн суухаар тохиров гэж бичсэн. Иймд хариуцагч Р.Ц, М.Гнараас зээлийн 20,000,000 төгрөгийг гэрээний 3.5-д зааснаар алданги 10,000,000 төгрөгний хамт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Р.Ц байр түрээслүүлнэ гэх зар тавьж зарын дагуу нэхэмжлэгч нар холбогдож эдний хооронд гэрээ байгуулагдсан. Гэрээ нь зээлийн гэрээ нэртэй боловч орон сууцыг Б.З, Г.Э-Анарт түрээслүүлж, түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөг авахаар тохиролцон, түрээсийн гэрээг сунгаж 5,000,000 төгрөг нэмж авсан. Р.Ц зар тавихдаа тухайн орон сууцыг сарын 1,500,000 төгрөгийн төлбөртэй зар тавьж үүний дагуу гэрээ байгуулагдсан юм. Харицагчийн хувьд байраа анхнаасаа түрээслүүлж түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөг авсан. Р.Цгийн хувьд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу алданги нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нар түрээсийн гэрээ байгуулагдсанаас хойш 20.000.000 төгрөг төлөөд өнөөдрийг хүртэл түрээс төлөхгүй, байрыг чөлөөлж өгөхгүй амьдарсаар байгаа. Гэрээ зээлийн гэрээ нэртэй хийгдсэн боловч харилцаа нь түрээсийн гэрээний харилцаа юм. Орон сууцанд түрээслэж суучхаад мөнгөө нэхэмжилж байгаа тул төлөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Хариуцагчийн хувьд түрээсийн хугацаа дууссанаас хойших хугацааны түрээсийн төлбөр нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч одоог хүртэл төлөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р.Ц, М.Гнараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.З, Г.Э-Анарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р.Ц, Г.Э-Анараас 307,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Энх-Амгалан, Б.З нарт олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Зээлдэгч нар зээлийн гэрээний зүйл болох 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болохоо зөвшөөрч... 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлсэн гэж дүгнэжээ. Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаанд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний утга агуулгыг нарийвчлан судлан тогтоохгүйгээр талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн байна гэж өнгөц дүгнэлт хийж Р.Ц, М.Гнараас зээлийн гэрээний төлбөр гэж 30,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай шийдвэр болсон гэж үзэж байна.

4.б. Мөн шүүхийн шийдвэрээр хариуцагч нараас 30,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үнийн дүн болох 30,000,000 төгрөгийг хариуцагч нарт хуваарилан 11,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл шүүхээс 30,000,000 төгрөгөөс хэдэн төгрөгийг Р.Ц, хэдэн төгрөгийг М.Гтөлөх талаар нарийвчлан тогтоохгүйгээр 30,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн ойлгомжгүй, тодорхой бус шийдвэр болсон гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нарын зүгээс шүүх хуралдаанд 11,250,000 төгрөгийг бэлнээр Р.Цд өгч, үлдэгдлийг дансанд нь шилжүүлсэн бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг дансаар нь өгсөн, Р.Сод-Эрдэнэд ямар нэгэн байдлаар мөнгө өгөөгүй болохоо илэрхийлсэн байдаг.

Иймд Р.Сод-Эрдэнэ нь нэгэнт өөрийн аваагүй мөнгийг нэхэмжлэгч нарт буцаан төлөх үүрэг хүлээхгүй. Гэтэл шүүхээс бусдаас огт аваагүй мөнгийг Р.Сод-Эрдэнийн өвийн хүлээн авсан этгээд болох М.Ганболдоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх шаардлагыг илтэд зөрчсөн үйлдэл болжээ. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч нарын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нарын гомдлын нэг үндэслэл нь зээлийн харилцаа үүсээгүй, эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөрт 20,000,000 төгрөгийг авсан гэж маргасан. Гэвч нотариатаар батлагдсан зээлийн гэрээнд үнийн дүн болон зээл төлөх хугацаа, мөн хүсэл зоригийг бусдын дарамт шахалтгүйгээр, ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр уг гэрээг байгуулж байгааг илэрхийлэн нотариатаар батлуулсан. Уг гэрээнд Р.Ц болон Р.Сод-Эрдэнэ нар гарын үсэг зурсан. Иймд анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт гаргасан. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь зээлийн гэрээ болон н.Ганболдын өөрийнх нь нэхэмжлэлтэй Б.З, Г.Э-Анарт холбогдох Иргэний хэрэг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүссэн. Уг хэргийн шүүгчийн захирамжийг хэрэгт нотлох баримтаар хавсарган өгсөн. Иргэний хэрэг үүсгэх захирамжид М.Г20,000,000 төгрөг зээлж, орон сууцандаа хүү авахгүй, үнэ төлбөргүй суулгана гэж тохиролцсон. Мөн М.Ганболд, Р.Ц нарын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдэлд зээлийн гэрээний харилцаа үүсч, мөнгө зээлж авсан гэдгээ өөрсдөө илэрхийлсэн. Иймд эдгээр нотлох баримтууд болон зээлийн гэрээгээр уг харилцаа үүссэн болохыг анхан шатны шүүхээс хуулийн үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.  Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2.  Нэхэмжлэгч Б.З, Г.Э-Анар хариуцагч Р.Ц, М.Гнарт холбогдуулан гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид ... М.Ганболдын нэхэмжлэлтэй Г.Энх-Амгаланд холбогдох орон сууц чөлөөлүүлэх, 27,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт энэ хэргийг нэгтгүүлэх хүсэлт гаргасан байна. /хх 44-45/

Анхан шатны шүүх хэргийг нэгтгэн шийдвэрлэх шаардлагагүй, гэрээний өөр, өөр төрлүүдийн үүрэгтэй холбоотой маргаан гэж үзэн дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт Нэг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил төрлийн хэд хэдэн хэрэгт зохигчоор оролцож байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй буюу өөр өөр нэхэмжлэгчээс нэг хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь уг хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар нэгтгэн хянан шийдвэрлэж болно. гэж зааснаар М.Ганболдын нэхэмжлэлтэй Г.Энх-Амгаланд холбогдох иргэний хэрэг болон энэ хэрэг нь хоорондоо холбоотой холимог гэрээний маргаан байх тул хэргийг нэгтгэж шийдвэрлэх нь уг хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/01562 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

.