Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/303

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох 1821004070262 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1982 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг ... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн тоотод иргэн *******г зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн хохирогч *******-г 2001 оны өвөл жирэмсэн байхад нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг гэх газарт өөрийн гэрийн гадна талд цасан дээр унагааж, толгой руу нь өшиглөж зодсон,

мөн 2016 оны 04 дүгээр сард хохирогч *******-г найз нөхөдтэйгээ явлаа гэх шалтгаанаар нүүр болон тархи руу нь цохиж, хамрыг нь хугалсан,

мөн 2017 оны 10 дугаар сарын сүүлээр хохирогч *******-г Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн ...  тоотод оршин суух иргэн ийн гэрт үсдэж, чирээд өшиглөж зодсон гэх хэрэгт холбогджээ.   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оын 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө ажлаасаа буугаад гэртээ ирэхэд эхнэр байгаагүй. Шөнө 2 цагийн орчим бага хүүгээ дагуулаад согтуу орж ирсэн. Согтуу орж ирээд надаас мөнгө нэхэж хэрүүл хийгээд байсан. Би юу ч дуугарахгүй сууж байтал  надаас тамхи нэхээд ар нуруунд маажсан. Тэгэхээр нь би 2 гарыг нь дараад, байж байтал гэдэснээс хазсан. Гарыг нь тавиулах гээд толгойн тус газарт нь нэг удаа цохисон. 2001 онд зодсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөө байнга архи ууж байдаг, хаагуур юу хийж яваад гэмтсэнийг мэдэхгүй...” гэв.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би *******-д зодуулчихаад өөрийн гэртээ очоод байхад хэвтэрт байгаа ээжийн минь хажууд намайг зодсон. 2001 онд жирэмсэн байхад бас зодсон. 2017 оны 10 дугаар сард гэх айлд бид хоёр жаахан архи уусан. Тэгсэн нэг мэдсэн намайг зодоод тэнд байсан хүмүүс “яаж байгаа юм бэ” гээд салгаж чадахгүй, зодоод байхаар нь цагдаа дуудсан. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баян-Уул сумаас найз маань ирсэн. Тухайн үед бага зэрэг уусан байсан болохоор мөнгөний асуудал ярьсан. Тэрнээс болж намайг бас зодсон. Би гомдолтой байна” гэв.

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 он гэдгийг нь санаж байна. Манай гэрт ******* нөхөр *******, манай нөхөр бид хэд жаахан ууцгаасан юм. Намайг нэг сэрсэн чинь ******* эхнэрээ үсдээд зодож байхад нь манай нөхөр сэрээд салгаж болиулсан. Тэр үед ******* эхнэрээ үсдээд нүүр рүү нь өшиглөсөн, тэгэхэд манай нөхөр салгасан...” гэжээ. /хх-ийн 19 тал/

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын сүүлээр манай дүү хөдөөнөөс ирээд ******* бид гурав уулзах гэтэл ******* ирэхгүй байсан. Харин маргааш нь ирсэн чинь нүүр ам нь хөх алаг болсон байсан. Яасныг нь шалгаасаар байгаад хэлүүлэхэд нөхөртөө зодуулсан гэж байсан. ...Мөн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өглөө 05 цагийн орчим ******* намайг дуудаад байхаар нь очиход ******* архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн, ******* эрүүл байсан. Ингээд би дүүгээ хүүхдийнх нь хамт зурагт зэргийг нь аваад гарсан. Нөгөөдөр нь очиход ******* хамаг юм аа эвдчихсэн байсан. Тэгээд ******* хөргөгч, өмсөх хувцсаа аваад гарсан. Миний дүү тэр хүнтэй  амьдрах юм бол тэр хүний гарт үхнэ, хүүхдүүд нь бүгд аавыгаа байвал айгаад бүлтэгнээд байдаг. Дүү *******-гийн баруун нүд нь хөхөрч хавдчихсан байсан...” гэжээ. /хх-ийн 36, 87-88 тал/

 

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Аав *******гийн хувьд ээжийг хардаж хэрүүл маргаан үүсгээд толгой тархи руу нь цохидог. ...2017 оны 10 сарын сүүлээр аав ээж хоёр найзуудтайгаа архи уугаад тэрнээс болж аав ээжийг үснээс нь зулгааж зодсон бөгөөд тэр үед гэртээ ирэхэд хамарнаас нь цус гарсан байдалтай, нүүр нь улайчихсан байсан...” гэжээ. /хх-ийн 85-86 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 516 тоот актын дүгнэлтэд

            1. *******-гийн биед баруун нүдэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх  тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.  

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэжээ. /хх-ийн 39 тал/

    

     - Гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/

     - Гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/

- *******-гийн яллагдагч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-19, 45 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч овогт ******* нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ... тоотод хохирогч *******-г зодож, улмаар түүний баруун нүдэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2001 оны өвөл Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг гэх газарт өөрийн гэрийн гадна талд хохирогч *******-г жирэмсэн байхад нь цасан дээр унагааж, толгой руу нь өшиглөж зодсон,

2016 оны 04 дүгээр сард найз нөхөдтэйгээ явлаа гэх шалтгаанаар түүний нүүр болон тархи руу нь цохиж, хамрыг нь хугалсан,

2017 оны 10 дугаар сарын сүүлээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн ийн гэрт *******-г үсдэж, чирээд өшиглөж зодсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч *******, *******, насанд хүрээгүй гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 516 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч *******-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, энэ гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэвч шүүгдэгч *******-гийн 2001 оны өвөл Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг гэх газарт өөрийн гэрийн гадна талд хохирогч *******-г жирэмсэн байхад нь цасан дээр унагааж, толгой руу нь өшиглөж зодсон, 2016 оны 04 дүгээр сард найз нөхөдтэйгээ явлаа гэх шалтгаанаар түүний нүүр болон тархи руу нь цохиж, хамрыг нь хугалсан, 2017 оны 10 дугаар сарын сүүлээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн тоотод оршин суух иргэн ийн гэрт *******-г үсдэж, чирээд өшиглөж зодсон гэмт хэргүүд нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” 1.2-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан заалтанд хамаарч байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр шүүгдэгч *******-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч *******-г 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг тоотод хохирогч *******-г зодож, улмаар түүний баруун нүдэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт нь  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.    

 

Шүүгдэгч *******-д холбогдох хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байхгүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь шүүгдэгчээс  нотлох баримт байхгүй тул нэхэмжлэх зүйлгүй гэсний дагуу шүүгдэгч *******-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч *******-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, энэ гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр шүүгдэгч *******-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.                                 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ