Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2026/ДШМ/558

 

2026           05           07                                                                              2026/ДШМ/558

 

 

Г.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Чингүүн,

хохирогч О.Ц-гийн өмгөөлөгч Ж.Мөнгөнзул,

шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/469 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2506 06866 3109 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х- овгийн Г-ын Б-, 1996 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Увс аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Г-” ХХК-нд эдийн засагч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт .......тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:ОГ-).

Шүүгдэгч Г.Б- нь хохирогч О.Ц-г Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь “Бизнес хийж байгаа хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, “Коллегэн” гэх эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг сүлжээ дэлгүүрүүдэд зарж борлуулж байгаа, бүтээгдэхүүнээ хүмүүст таниулах зорилгоор хөрөнгө оруулалт шаардлагатай байна, уг барааг үйлдвэрийн үнэ нь 2400 төгрөгөөр аваад 3700 төгрөгөөр зарж ашиг олох боломжтой байна” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 106,105,000 төгрөгийг, мөн хохирогчид “мөнгө зээлээч, зээлээ хаачхаад буцаагаад өгье, мөнгө олоод өгөөч, эхнэр аллаа” гэж хэлж хуурч, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 600,000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөгийг буюу хохирогчоос нийт 109,705,000 төгрөгийг Хаан банкны өөрийн 5Г-9 тоот дансаар шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- овогт Г-ын Б-ыг “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж” залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-оос нийт 69,470,700 төгрөгийг гаргуулж, хохирогч Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Г-  байрны О- тоотод оршин суух Б- овогт О-ийн Ц-д олгож, Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ын асрамжид байх бага насны хүүхдүүд болох Б-ын Х-, Б-ын А- нарын асрамжийн асуудал, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Увс аймгийн Малчин сумын Засаг даргад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж, хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаан дээр хэлж улмаар энэ талаараа анхан шатны шүүхэд хүсэлт бичиж өгсөн. Мөн хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж, уучлалт гуйсан. Миний хувьд анхнаасаа Ц-г залилах, хохироох санаа зорилго агуулаагүй боловч эцэст нь хохирол үүссэнд хариуцлагаа бүрэн ухамсарлаж байна. Хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Түүнчлэн миний хариуцлагагүй байдал, санхүүгийн буруу тооцоолол зэрэг байдлуудаас улбаалан ийм хүнд байдалд орж, улмаар насанд хүрээгүй хүүхдүүдээ зовоож амьдарч байгаадаа туйлын их харамсан шаналж байна. Би тус хэрэгт холбогдохын өмнө тогтвортой ажил хөдөлмөр эрхлэн цалингаараа хоёр бага насны хүүхдээ тэжээн тэтгэж, асарч хамгаалж ирсэн. Гэтэл шүүхээс бага насны хоёр хүүхдийн минь асрамжийн асуудлыг Увс аймгийн Малчин сумын засаг даргад даалгаж шийдвэрлэсэнд гомдож байна. Учир нь миний асрамжид байх бага насны хүүхдүүдийг минь асрамжийн газарт шилжүүлж байгаа шүүхийн шийдвэр эцэг хүний хувьд маш хүнд, гомдолтой байна. Миний хийсэн хэргээс шалтгаалан бага насны хүүхдүүдийн минь эрх ашиг зөрчигдөх учиргүй. Би анх удаа ийм хэрэгт холбогдож байгаа бөгөөд энэ алдаа миний амьдралд маш том сургамж болж байна. Цаашид эцэг хүний үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарлан хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө ямар ч зөрчил болон гэмт хэрэг үйлдэхгүй, үрсийнхээ төлөө зөв амьдарч, сайн эцэг байж чадахаа амлаж байна.

Миний хувьд нийт авсан мөнгөнөөс 48,814,204 төгрөгийг буцааж төлсөн, үлдэгдэл мөнгийг би сар бүрийн тогтвортой ажил хөдөлмөрөөсөө олсон цалингийн орлогоосоо үе шаттайгаар бүрэн барагдуулах боломжтой. Түүнчлэн манай амьдралд тус нэмэр болж ирсэн настай ээжийгээ зовоож, өвчтэй үед нь асарч халамжилж чадахгүй байгаадаа, бага насны хүүхдүүдийнхээ хажууд дэмжиж, тусалж чадахгүйдээ гүнээ харамсан өдөр бүр өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшин уйлж, тарчлан зовж байгаадаа хоёр нялх үрдээ болон бусад бүх хүмүүсээс уучлалт гуйж байна. Давж заалдах шатны шүүхээс хичээнгүйлэн хүсэхэд надад ганц удаа итгэл хүлээлгэн, бага насны хүүхдүүдээ асарч халамжлан цаашид ажлаа үргэлжлүүлэн хийж хохирлоо төлж барагдуулах боломжийг олгож, надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх насанд хүрээгүй 2 хүүхдийн асрамжийн асуудлыг Засаг даргад даалгаж шийдвэрлэсэнд өөрчлөлт оруулж өгнө үү. Бүгд Найрамдах Солонгос Улс руу хүүхдүүдийн эх явсан баримт байхгүй, эцэг, эхээс нь асуухад “Монгол Улсад байгаа” гэж хэлсэн. Тиймээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хуульд заасны дагуу хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй байна. Шүүгдэгч анхнаасаа залилах гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргалгүй, тогтвортой мэдүүлэг өгч байсан. Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирол төлбөрөөс 1,000,000 төгрөг төлсөн. Шүүгдэгч урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, санхүүгийн шинжээч хийж, сард 4,000,000 төгрөгийн цалин авдаг. Шүүхийн шатанд 106,000,000 төгрөгөөс 48,850,000 төгрөгийн хохирлыг хэсэгчилж төлж барагдуулсан. Цаашдаа компаниасаа зээл авах боломжтой. Тухайн зүйл анги нь сонгох санкцтай учраас торгох ял оногдуулж өгнө үү. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад торгох ял оногдуулахаар зохицуулсан учраас шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бага насны 2 хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Хохирогч О.Ц-гийн өмгөөлөгч Ж.Мөнгөнзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирол төлбөрийг талаар ярьж байна. Өчигдөр үйлчлүүлэгчтэйгээ холбогдоход 1,000,000 төгрөг шилжиж орж ирсэн талаар хэлсэн. Шүүх хуралдаанд баримтаа гаргаж өгөх байх гэж бодсон боловч намайг хохирол төлбөр шилжүүлсэн талаар хэлэх байх гэж тайлбарласан учраас энэ талаар хэлье. Миний үйлчлүүлэгч шүүгдэгчийн эхнэр Монгол Улсад байгаа талаар мэдэж байгаа. Шүүгдэгчийн эхнэр миний үйлчлүүлэгч рүү “уулзах боломжтой юу” гэж мессеж бичиж, “уулзах боломжгүй, өмгөөлөгчтэй холбогдоорой” гэхэд дарамталсан, ёс бус үг хэрэглэсэн мессеж явуулсныг хэлэх нь зүйтэй байх. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 15 дахь талын бусад асуудал хэсэгт “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй” гэж дурдсан боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт сэтгэл санааны хохирлыг гаргуулсан заалт ороогүй. Тиймээс шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт сэтгэл санааны хохирлыг шийдвэрлэсэн заалтыг оруулж өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Чингүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагатай холбоотой хэсэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарын тухайд, анхан шатны шүүх сэтгэцэд учир хор уршиг, хохирол дүнг нэмж тооцон нийт 69,470,700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Тус заалтад өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго зэргийг харгалзан шийтгэл оногдуулсан. Тус гэмт хэрэгт торгох, хорих ял оногдуулах зохицуулалттай. Шүүгдэгч хохирлын дийлэнх хэсгийг төлж барагдуулаагүй байсан учраас түүнд торгох ял оногдуулснаар дахин мөнгөн дүн яригдана. Шүүгдэгчид торгох ял оногдуулбал шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй, торгох ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүснэ. Шүүгдэгчид хорих ял оногдуулсан нь түүний үйлдлийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд нийцсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд 2 хүүхдийн асрамжийн асуудал яригдаж эхлэн энэ талаар хэлэлцсэн. Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагааны талаар Засаг даргын эдлэх эрхийн талаар, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.5 дахь заалтад “эцэг, эх хоёулаа удаан хугацаагаар ... цагдан хоригдсон, хорих ял эдэлж байгаа зэрэг шалтгаанаар хүүхдээ биечлэн асран хамгаалах, тэжээн тэтгэх боломжгүй болсон” гэж заасан. Энд эцэг, эхийн асуудал яригдана. Хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар гэрлэлт хүчин төгөлдөр хэвээр байна. Хүүхдүүдийн эцэг цагдан хоригдсон боловч эхэд нь хуулиар хүлээсэн үүрэг байгаа. Хуулийн дагуу эх нь хүүхдүүдээ асран хамгаалах, харгалзан дэмжих асуудал яригдана. Хэдийгээр шүүгдэгчийн эцэг, эхийн асрамжид хүүхдүүд байгаа боловч эх нь үүргээ хүлээх зүйтэй гэж үзэж байна. Мөн шийтгэх тогтоол Г.Б-ын Х- гэж хүүхдийн нэрийг буруу бичсэн байна. Хэрэгт авагдсан баримтыг харахад Г.Б-ын А- гэж байна. Техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй байна. Түүнчлэн хохирол төлсөн 1,000,000 төгрөгийн баримтын талаар ярьж байна. Хохирогчийн өмгөөлөгч “хохирогч 1,000,000 төгрөг авсан болохоо илэрхийлсэн” гэж байна. Баримтгүй зөвхөн илэрхийлж байгаа учраас анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөн дүнгийн хэмжээгээр хохирол төлбөрийг гаргуулах нь зүйтэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1. Шүүгдэгч Г.Б- нь хохирогч О.Ц-г Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь “Бизнес хийж байгаа хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, “Коллегэн” гэх эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг сүлжээ дэлгүүрүүдэд зарж борлуулж байгаа, хүмүүст бүтээгдэхүүнээ таниулах зорилгоор хөрөнгө оруулалт шаардлагатай байна, уг барааг үйлдвэрийн үнэ нь 2400 төгрөгөөр аваад 3700 төгрөгөөр зарж ашиг олох боломжтой байна” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр 106,105,000 төгрөгийг,

мөн хохирогчид “мөнгө зээлээч, зээлээ хаачхаад буцаагаад өгье, мөнгө олоод өгөөч, эхнэр аллаа” гэж хэлж хуурч, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 600,000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөгийг буюу хохирогчоос нийт 109,705,000 төгрөгийг Хаан банкны 5Г-9 тоот өөрийн дансаар шилжүүлэн авч, түүнд  их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч О.Ц-гийн “...2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Г.Б- надтай холбогдож “Бизнес хийж байгаа хөрөнгө оруулалт хэрэгтэй байна” гэж утас болон инстаграм чатаар холбогдсон. “Коллегэн” гэх эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг 2024 оны 07 сараас хойш CU, GS25 дэлгүүрүүдэд зарж борлуулж байгаа, бүтээгдэхүүнээ хүмүүст таниулах зорилгоор хөрөнгө оруулалт шаардлагатай байна, уг барааг үйлдвэрийн үнэ нь 2400 төгрөгөөр аваад 3700 төгрөгөөр зарж ашиг олох боломжтой” гэж хэлсэн. Тухайн үедээ Г.Б- нь “Тесо” компанид санхүүгийн албаны ахлахаар ажиллаж байгаа гэдгээ хэлсэн тул итгэж хөрөнгө оруулахаар болсон. Тэр өдрөө Г.Б-ын Хаан банкны 5Г-9 тоот данс руу 3,120,000 төгрөг “хөрөнгө оруулалт” гэх утгатайгаар шилжүүлж, тухайн өдрөө 1,680,000 төгрөгийг “хөрөнгө оруулалт” гэх утгатайгаар, мөн уг данс руу шилжүүлсэн. Энэ мэтээр хөрөнгө оруулалтын мөнгө хийж хамгийн сүүлд 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 11,400,000 төгрөгийг “соllegen nt 5000sh” гэх утгатайгаар уг данс руу шилжүүлж, нийт хөрөнгө оруулалтад 106,105,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 600,000 төгрөгийг “Зээлээ хаачаад буцаагаад өгье” гээд надаас зээлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 22-нд “3,0 сая төгрөг олоод өгөөч, эхнэр аллаа” гээд залгаад байхаар нь би 3,0 сая төгрөгийг бас шилжүүлсэн. Уг хугацаанд Г.Б- ашиг гэж миний дансанд нийтдээ 15,670,204 төгрөг шилжүүлсэн. Надад өгч байгаа мөнгө нь миний бодлоор итгэл төрүүлэх зорилгоор миний мөнгөнөөс л авч өгөөд байсан гэж би сүүлд ойлгосон. Г.Б-ын төрсөн эгч Г.Х-тай 9Х- гэх утасны дугаараар холбогдоход “Г.Б- худалдаа бизнес эрхэлж байгаа нь худлаа, чамаас өөр олон хүнээс мөнгө авсан байна, бид нар энэ мөнгийг нь төлөхөөр хичээж байна, авсан юм чинь буцааж өгнө, манай дүү мөрийтэй тоглоод өрөнд орсон юм шиг байна” гэж хэлсэн. Г.Б-той холбогдож болохгүй, фейсбүүк, инстаграм, утасны дугаар, и-мэйл хаягаар хүртэл холбогдож чадахгүй байж байгаад “хүүхдээ эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна, мөнгө шилжүүл” гэж мессеж, чат бичсэн чинь огт хариу ирээгүй хэр нь миний дансанд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөгийг “narantuul ashig” гэх утгатайгаар Хаан банкны 5Х-5 дугаартай миний дансанд орсноос хойш дахиж ашгийн мөнгө миний дансанд ороогүй. Би Г.Б-той холбогдож ашгийн мөнгөө нэхэх бүрд шалтгаан хэлж хойшлуулж байсан учраас уг хүн миний хөрөнгө оруулсан мөнгөөр худалдаа эрхэлж байгаа нь мэдэгдэхгүй, үнэхээр бизнесийн үйл ажиллагаанд зарцуулж буй эсэхэд эргэлзээ төрж хөрөнгө оруулсан мөнгөө буцааж авъя гэж 2024 оны 12 дугаар сараас Г.Б-той утсаар холбогдож хэлэхэд “За хүлээж байгаарай, найз нь удаахгүй, мөнгө орж ирнэ” гэж хэлээд 2024 оны 12 дугаар сарын 30-нд “Волл стрийт” ресторанд уулзсан. Би Б-оос асуухдаа “Чи надад ...бүтээгдэхүүн зарж байгаа гэж худлаа яриад байгаа юм биш үү” гэж асуухад Г.Б- юу ч дугарахгүй байж байгаад “Найзтайгаа нийлээд утас захисан чинь залилуулчих шиг боллоо, чиний мөнгөний 68,0 саяар сүүний квот захисан, сүүний мөнгө нь орж ирэхээр бүх мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн. 2025 оны 01 дүгээр сарын 20-нд МУИС-ийн нэгдүгээр сургуулийн баруун талд байрлах нотариатад уулзаж Г.Б- “мөнгөө буцааж хувааж төлөх зээлийн гэрээ хоёулаа хийе, би мөнгөө ажлын залуутайгаа нийлж One xbet тоглоод алдчихсан” гэсэн. 2025 оны 04 дүгээр сарын 30-ны дотор гэж санагдаж байна, тэр хугацаанд төлж дуусгахаар зээлийн гэрээг 120,0 сая төгрөгийг Г.Б-оос авахаар гэрээ байгуулж, 30,0сая төгрөг Г.Б-оос авч, дахин Г.Б-той холбогдож чадахгүй, чатаар, утсаар, и-мэйлээр хүртэл холбогдож чадахгүй, сүүлд эгчтэй нь 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр холбогдоход “өөрсдөө учраа ол” гэж хэлсэн. Г.Б-ыг найз нөхөд байсан учраас удаан хугацаанд хүлээж төлөх боломж олгож хүлээсэн. ...2025 оны 02 дугаар сарын сүүлээр Г.Б-ын ажил дээр уулзаж, манай нөхөр “4 сард гэхэд мөнгөө төлж дуусга, чамд боломж олголоо” гэхэд Г.Б- “За ойлголоо, би төлж барагдуулна” гэж хэлсэн. Надтай Г.Б- 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, 2025 оны 08 дугаар сарын 07-ны өглөө холбогдож “20,0 сая төгрөг яг одоо өгөх боломжтой, удахгүй бүгдийг нь өгнө” гэж холбогдсон ч мөнгө өгсөн юм байхгүй. ...” /1хх 17-18/ гэсэн мэдүүлэг,

гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл, иргэн О.Ц-гийн өргөдөл /1хх 5-7/,

хохирогч О.Ц-гийн Хаан банкны 5Х-5, 5О-4, 5Х-3 тоот данснуудын дэлгэрэнгүй хуулга /1хх 41-54/ болон эдгээр данснуудын хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 55-56/,

шүүгдэгч Г.Б-ын Хаан банкны 5Г-9 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 71-137/,

шүүгдэгч Г.Б-ын Хаан банкны 5Г-9 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 138/,

“Х-” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 868 дугаартай “...Албан тоотод дурдсан Г- овогтой Б- /РД:ОГ-/ гэсэн утгаар компанийн харилцагчдын жагсаалтаас хайлт хийхэд манай байгууллагатай ямар нэгэн хэлцэл байгуулж байгаагүй, ямар нэгэн бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаагүй болно.” гэх лавлагаа бүхий албан бичиг /1хх 143/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Г.Б-ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж” залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, аливаа гэмт хэрэгт хэргийн үйл баримт, гэмт санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг сэргээн тогтоохдоо болж өнгөрсөн үйл явдлын өрнөл, үргэлжилсэн хугацаа, гэмт этгээдийн үйлдлийн арга, давтамж, гэмт үйлдэлдээ ашигласан арга, хэрэгсэл, үйлдэл зэргийг тал бүрээс нь шинжлэн судалснаар зөв үнэлэлт өгөх, шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байдаг болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Залилах” гэмт хэрэг нь хуурч, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг бий болгох, бодит байдлыг нуух, гуйвуулах, худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил, найз нөхдийн харилцааг ашиглан итгэл төрүүлэх зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд шууд авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан өгөхгүй, хариу төлбөр хийхгүй өөрийн болгох субьектив санаа, зорилго, сэдэлттэй байдаг ба гэмт этгээд дээрх хэлбэрийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг юм.

Энэ гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэрэг, тухайлбал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргээс өмчлөгч буюу хохирогч хуурмаг үйлдэлд төөрөгдсөний улмаас хууртагдсан, итгэсэн учраас гэмт этгээдэд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ өөрийн хүсэл зоригоор, сайн дурын үндсэн дээр шилүүлж өгсөн байдгаараа ялгаатай байдаг.

Тус хэргийн хохирогч О.Ц-, шүүгдэгч Г.Б- нар нь МУИС-ийн Бизнесийн сургуульд нэг ангид суралцаж төгссөн, найз нөхдийн харилцаатай хүмүүс байх ба шүүгдэгч энэхүү харилцааг ашиглан хохирогч О.Ц-д итгэл үнэмшил төрүүлж, түүнд бизнес хийж байгаа, “Коллегэн” гэх эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг CU, GS-25 сүлжээ дэлгүүрүүдэд зарж борлуулж байгаа, бүтээгдэхүүнээ хүмүүст таниулах зорилгоор хөрөнгө оруулалт шаардлагатай байна, өндөр ашиг олох боломжтой” гэх зэргээр худал хэлж, хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан түүнээс 106,105,000 төгрөгийг, мөн “мөнгө зээлээч, зээлээ хаачхаад буцааж өгье, эсхүл мөнгө олоод өгөөч, эхнэр аллаа” гэх зэргээр 3,600,000 төгрөгийг, нийт 109,705,000 төгрөгийг Хаан банкны өөрийн дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Түүнчлэн, шүүгдэгч Г.Б- нь хөрөнгө оруулалтын бизнесийн үйл ажиллагаа огт явуулаагүй атлаа дээрх хууль бус үйлдлийг хийхдээ хохирогчид итгэл үнэмшил төрүүлэхээр “компани байх хэрэгтэй байна” гэж түүгээр “Х-” нэртэй ХХК-ийг байгуулуулж, тус компанийн 60 хувь эзэмшигч нь О.Ц-, 40 хувь эзэмшигч нь Г.Б- гэж Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, данс нээлгүүлэх, мөн байгууллагын данс руу Е-мартаас мөнгө орж уу, шалгаад үз дээ гэх, эсхүл е-мэйлээр нууц шүү гэж гэрээ гэх худал, бодит биш баримт явуулах, найзтайгаа нийлээд утас захисан чинь залилуулчих шиг боллоо гэж худал ярих зэргээр хохирогчийг хуурч, анхнаасаа мөнгийг нь буцаан өгөхгүй гэсэн субьектив санаа зорилготойгоор бодит байдлыг нууж, өмчлөгчийн хөрөнгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.

Ийнхүү хохирогч О.Ц-гаас шилжүүлж авсан мөнгөөр шүүгдэгч Г.Б- нь  Олон улсын хэмжээнд бооцоо тавьж тоглодог “1xbet” нэртэй мөрийтэй тоглоом тоглосон, улмаар хохирогч мөнгөө нэхэхэд үйлдлээ үргэлжлүүлэн, халхавчилж зээлийн гэрээ баримт үйлдэх зэргээр их хэмжээний эд хөрөнгийг залилсан байна.

Харин хохирогч О.Ц- нь өндөр ашигтай гэж хэлсэнд итгэж хамтран ажиллаж ашиг олох зорилгоор шүүгдэгч Г.Б-ын бодит нөхцөл байдлыг нягтлахгүйгээр сайн дураараа эд хөрөнгөө шилжүүлж өгч байсан нь хохирох шалтгаан нөхцөл болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “Их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан бөгөөд Г.Б-ын хохирогч О.Ц-д учруулсан 109,705,000 төгрөгийн хохирол нь их хэмжээнд хамаарна.

Иймд шүүгдэгч Г.Б-ын бусдын их хэмжээний эд хөрөнгийг шилжүүлж залилан авсан дээрх үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн анхан шатны шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан төрөл, хэмжээний дотор 2 жилийн хорих ялыг сонгож оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

2. Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй.

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх дээр дурдсан хуулийн зохицуулалтыг үндэслэн шүүгдэгч Г.Б-оос хохирогч О.Ц-д үлдэх хохирол, төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн шийдвэр байх боловч тооцооллын алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүх энэхүү алдааг зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

            Хохирогч О.Ц-гаас 109,705,000 төгрөгөөс ашиг гэж 15,670,204 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 10,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 17,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг буюу 20,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3,500,000 төгрөг, нийт 49,670,204 төгрөг хохиролд авсан, үлдэх төлөгдөөгүй төлбөр 60,034,796 төгрөг гэж анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлжээ. /2хх 40/

            Гэтэл анхан шатны шүүх хохирогчид төлөгдөөгүй хохирол төлбөрийг 60,890,700 төгрөг гэж зөрүүтэй тооцоолон гаргасан тул уг дүнг зөвтгөн шийдвэрлэв.

            Түүнчлэн, хохирогч О.Ц-гаас сэтгэцийн хор уршгийн төлбөр нэхэмжилжээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл /Залилах/-д д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.”, 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж тусгайлан заасан бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал, үүссэн харилцаанд хэрэглэхээр байна.

Мөн Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөр”-ийг төлүүлэх жишиг аргачлалыг баталсан ба аргачлалын гуравдугаар зүйлийн 3.1-д “Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо дараах зарчмыг баримтална:” 3.1.1-д “нөхөн төлбөрийн хэмжээг шударга, үндэслэл бүхий тогтоох.”, 3.1.2-д “хохирол нөхөн төлбөр боломжит түвшинд буюу хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдлыг хангах.”, 3.1.3-д “хохирогч өөрт учирсан хохирлоор ашиг бий болгохгүй байх зарчмыг баримтлах” гэж, дөрөвт: сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэлийг 9-18 хувиар, нөхөн төлбөрийн хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тооцох” гэж зохицуулсан.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЕГ825/4078 дугаар дүгнэлтэд  “...О.Ц-д тухайн гэмт хэргийн улмаас сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд нь хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” гэжээ. /1хх 149-151/

Шүүгдэгч Г.Б- нь 2024 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд залилах гэмт хэрэг үйлдсэн тул дээрх хууль болон журам үйлчлэх бөгөөд анхан шатны шүүх хохирогч О.Ц-д шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 2024 онд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон шүүгдэгчээс сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрт 8,580,000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогч О.Ц-д хохирлын үлдэх төлбөр 60,034,796 төгрөг дээр сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрт гаргуулах 8,580,000 төгрөгийг нэмж, нийт 68,614,796 төгрөг гэж зөвтгөх нь зүйтэй.

3. Анхан шатны шүүх, шүүгдэгч Г.Б-ын хүүхдүүд болох 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Б-ын А-, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн Б-ын А- нарын асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар зохих арга хэмжээ авахыг Увс аймгийн Малчин сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн боловч энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан, “Б-ын А- /РД:ОХ-/”-ыг “Б-ын Х- /РД:ОХ-/” гэж хүүхдийн нэрийг буруу бичсэн, хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар шүүгдэгч Г.Б- нь Аким овгийн Далайн Батцэнгэлтэй 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн /1хх 185/, мөн түүний хүүхдүүд Б-ын А-, Б-ын А- нарын төрсний бүртгэлийн лавлагаа /2хх 21-22/-нд төрүүлсэн эх нь А- овгийн Д-н Б- /РД:ОБ-/ гэж бүртгэгдсэн байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт “Хүүхдийн эрх, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг”-ийг тусгасан.

Тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй. ...” гэж, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Хүүхдийг гэр бүлийн орчинд бие махбод, танин мэдэхүй, нийгэмшихүйн хувьд  жигд хөгжүүлэх үүргийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүлээнэ.” гэж хүүхдийн эрхийг уг хуулиар хамгаалсан.

Мөн дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т “хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчныг бүрдүүлэх” гэж хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн ямар үүрэгтэй болохыг хуульчилсан.

Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Эцэг, эх дараах үүрэг хүлээнэ: 26.2.1-д “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх.” гэж зааснаас гадна, хорих газарт ял эдэлж байгаа хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдэд асран хамгаалагч томилох асуудлыг энэ хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3 дэх заалтаар зохицуулжээ.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Д.Б- нь шүүхийн шийдвэрээр хугацаатай хорих ял шийтгэгдэж, энэ хугацаанд бага насны хүүхдүүдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй тул түүний хүүхдүүдийн асран хамгаалагчийн асуудал хөндөгдсөн.

Монгол Улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуулиар хүүхдүүдийн эх Д.Б- нь “хүүхдээ өсгөн бойжуулах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх” үүрэгтэй боловч, шүүгдэгчийн мэдүүлснээр хүүхдүүдийн эх Д.Б- БНСУ-р явсан, эсхүл тусдаа амьдарч байсан, Монгол Улсад байгаа гэх зэрэг өөр, өөрөөр тайлбарлах бөгөөд энэ талаар тодорхой баримтгүй. Хэдийгээр иргэн А- овгийн Д-н Б- /РД:ОБ-/ үр хүүхдээ асран хамгаалах үүргээс чөлөөлөгдөхгүй боловч түүний оршин суудаг, амьдардаг газрын баримт сэлтгүй, хүүхдүүдийн асран хамгаалагчийн асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх, шүүгдэгч Г.Б-д хорих ял оногдуулж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүний хүүхдүүдийн асран хамгаалагчийн асуудлыг болон хариу үйлчилгээ үзүүлэхийг Гэр бүлийн тухай хууль зааснаар болон иргэний бүртгэлийн хаягаар Увс аймгийн Малчин сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Харин анхан шатны шүүх ийнхүү шийдвэр гаргахдаа Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д заасан “Сум, дүүргийн Засаг даргад” эрх олгосон заалтыг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Тиймээс энэхүү хууль хэрэглээний алдааг зөвтгөн, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ын бага насны хүүхдүүдийн асран хамгаалагчийн асуудлыг шийдвэрлэх болон хариу үйлчилгээг үзүүлэхийг Увс аймгийн Малчин сумын Засаг даргад даалгаж, анхан шатны шүүх Б-ын А- (РД:ОХ-)-ны нэрийг буруу бичсэн алдааг засаж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар зохих арга хэмжээ авахаар зааж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснийг зөвтгөсөн тус тус өөрчлөлтийг шийтгэх тогтоолын 6 дахь заалтад оруулав.

4. Шүүгдэгч Г.Б- “...Миний хийсэн хэргээс болж бага насны хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөх учиргүй. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, цаашид эцэг хүний үүрэг хариуцлагаа ухамсарлан гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй, үлдэх төлбөрийг сар бүр тогтвортой ажил хөдөлмөр хийсэн цалин орлогоос үе шаттайгаар барагдуулах боломжтой. Настай эх, бага насны хүүхдүүддээ дэмжиж тусалж чадахгүй байгаад харамсан  гэмт хэрэгтээ гэмшиж байгаа тул итгэл хүлээлгэн бага насны хүүхдүүдээ асарч халамжлах, ажлаа үргэлжлүүлэн хийж хохирлоо барагдуулах боломжийг олгож оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх бөгөөд үүрэг билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг шүүх удирдлага болгодог ба, тухайлбал, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Мөн шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэм бурууд нь хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг учиртай.

            Шүүгдэгч Г.Б- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоо тодорхой хэмжээнд төлж барагдуулсан хэдий ч тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй, хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгдээгүй зэргээс дүгнэхэд шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжгүй, мөн анхан шатны шүүхээс хуульд заасан хамгийн бага буюу 2 жилийн хугацаагаар хорих ялыг шүүгдэгчид оногдуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зохицуулагдсан хэм хэмжээ, тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар шүүхэд олгосон онцгой бүрэн эрх юм.

Мөн шүүгдэгч Г.Б- давж заалдах гомдолдоо бага насны хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөх учиргүй, асрамжийг засаг даргад даалгаж шийдвэрлэсэнд, хүүхдүүдийг асрамжийн газарт шилжүүлж байгаад гомдолтой гэх боловч иргэний бүртгэлээр Г.Б- нь Увс аймгийн Малчин сумын 2-р баг, Цалгар гэх газарт буюу тус аймгийн Засаг захиргааны нэгжийн харьяалах газарт оршин суудаг бүртгэлтэй, одоогийн байдлаар түүний хүүхдүүд Увс аймгийн Малчин суманд түүний эцэг, эхийн хараа хяналтад байгаа талаар шүүгдэгч өөрөө хуралдаанд илэрхийлсэн, хүүхдүүдийн эхийн тухайд хаана байдаг болон  оршин суудаг нь тодорхой бус зэрэг байдалд дүгнэлт хийхэд анхан шатны шүүх Г.Б-ын хүүхдүүдийн асрамжийг шийдвэрлэхийг Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу Увс аймгийн Малчин сумын засаг даргад даалгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул эдгээр үндэслэлээр шүүгдэгчийн хорих ялыг хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/469 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, шүүгдэгч Г.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 07-ны энэ өдрийг хүртэл 84 (наян дөрөв) хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/469 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

4 дэх заалтын “...шүүгдэгч Г.Б-оос нийт 69,470,700 төгрөгийг гаргуулж...” гэснийг “...шүүгдэгч Г.Б-оос нийт 68,614,796 төгрөгийг гаргуулж...” гэж,

6 дахь заалтын “Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар ...Б-ын Х- /РД:ОХ-/...” гэснийг “Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар ...Б-ын А- /РД:ОХ-/...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ын 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 84 (наян дөрөв) хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                            М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                     П.ГАНДОЛГОР

           

ШҮҮГЧ                                                           Т.АЛТАНТУЯА