Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01244

 

 

 

 

 

2022 07 01 210/МА2022/01244

 

ТБ АФХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/01831 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ТБ АФХХК-ийн хариуцагчБ.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,760,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөрБ.Э нь ТБ АФХХК-тай 16900094 дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, 5,100,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тоёота приус 20 маркийн 39-84 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ огт биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 5,100,000 төгрөг, хүү 5,110,200 төгрөг, алданги 2,550,000 төгрөг нийт 12,760,200 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч зээлийн гэрээ байгуулсан өдрөөс өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дууссан. Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд зээлдэгчБ.Э зээлийн гзрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, фидуцийн зүйлийг хариуцагчаас бодитоор гаргуулахаар шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна. Иймд нийт 12,760,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний биеБ.Э нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчБ.Эгээс зээлийн гэрээний үүрэгт нийт 9,027,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТБ АФХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3,733,200 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчБ.Эгээс улсын тэмдэгтийн хураамжид 159,382 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТБ АФХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анх Сайн авто ломбарднаас 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 39-84 УНГ дугаартай машинаа барьцаалан зээл авсан. Тухайн үед манай нөхөр ажилгүй, би жирэмсэн байсан тул зээлээ төлөхөд хүнд байсан ба Сайн ломбард-ны ажилтанд учраа хэлж ажилд орж, цалинтай болох хугацаа өгөөч гэж гуйсан. Бид зээлээ төлөхгүй гэж машинаа нуусан юм байхгүй. Биднийг шүүхэд өгнө гэхээр нь тэг шүүхээр шийдүүлээд мөнгөө өгье гэж хэлээд салсан. Удалгүй дэлхий нийтээр цар тахал гарч бидний нөхцөл байдал улам хүндэрсэн. Биднийг зээлээ төлөх боломжгүй болсон үед үззхэд өгөх боломж байсан. Гэтэл нэлээн цаг хугацаа өнгөрөөж байгаад биднээс ийм их алданги нэхэж хохироож байгаад гоидолтой байна. Иймд алданги 2,550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:Б.Э нь анхан шатны шүүх хуралдаанд энэхүү хүсэлттэй адилаар 4-5 удаа шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан. Өмнөх шүүх хуралдаан хойшилсноос хойш итгэмжлэгдсэн төлөөлөгчөө солих, эсхүл өөрөө шүүх хуралдаанд оролцох бүрэн боломжтой байсан. Иймд хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ТБ АФХХК нь хариуцагчБ.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,100,000 төгрөг, зээлийн хүү 5,110,200 төгрөг, алданги 2,550,000 төгрөг, нийт 12,760,200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан 16900094 тоот зээлийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу зохигчдын тайлбартай харьцуулан үнэлбэлБ.Э нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ТБ АФХХК-аас 5,100,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгууланБ.Эгийн эзэмшлийн Тоёота Приус маркийн цагаан өнгийн 39-87 УБГ улсын дугаартай, гэрчилгээний №02124706 дугаартай автомашины өмчлөлийг ТБ АФХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх 6-9/

Зохигчид дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан зээлийн болон фидуцийн гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

4. Талууд зээлийн гэрээндээ зээлийн хүү, алдангийн хэмжээг харилцан тохиролцож тогтоосон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасантай нийцсэн тул ТБ АФХХК нь хариуцагчБ.Эгээс 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16900094 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, түүний хүү, алданги шаардах эрхтэй.

Харин зээлдүүлэгч ТБ АФХХК нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны хүүг шаардах эрхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Учир нь:

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.5-д зээлийн гэрээний хугацааг 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл буюу 9 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулсан атлаа нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар зээлийг хүүг тооцсон нь буруу. Энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

5. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцдог бөгөөд мөнгийг буцаан шаардах эрх зээлдүүлэгчид үүсэх юм.

Б.Эрдэнэсүрэн нь зээлийн гэрээний үүрэгт мөнгө төлөөгүй болохыг зохигчид маргаагүй ба хариуцагч нь зээлийн мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн байна.

Иймээс хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,100,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 1,377,000 төгрөг, нийт 6,477,000 төгрөгөөс гэрээний хугацаа дууссан 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх 769 хоногийн алдангийг тооцоход 24,904,065 төгрөг болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алданги 3,238,500 төгрөг төлөхөөр байна. Гэвч нэхэмжлэгч нь алдангид 2,550,000 төгрөг нэхэмжилсэн тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр алдангийг тооцож гаргуулсан нь үндэслэлтэй байна.

Иймээс алданги 2,550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үндсэн зээл 5,100,000 төгрөг, зээлийн хүү 1,377,000 төгрөг, алданги 2,550,000 төгрөг, нийт 9,027,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх 3,733,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/01831 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.БЯМБАСҮРЭН