| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2018/0085/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/93 |
| Огноо | 2018-10-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/93
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.А,
улсын яллагч Э.Н,
хохирогч О.Э,
шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Т-ын Б-д холбогдох эрүүгийн 1817001630081 дугаартай хэргийг 2018 оны 09 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигин овогт Т-ын Б /РД:ЕЙ97110110/ Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1997 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Грийн хаусын хашаанд оршин суух, хөлсөөр мал малладаг, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эх, ах, эгч, 2 дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Т.Б нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 08 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хайгуулчны 1-9 тоот хашаанаас иргэн Б.М эзэмшлийн улсын дугааргүй “Dayun” маркийн мотоциклийг хулгайлж 1 860 000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 07 дугаар сарын 31-ний орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сансарын 109 тоот хашаанаас иргэн О.Э-ын эзэмшлийн 07-16 ГСЗ улсын дугаартай “Dayun” маркийн мотоциклийг хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 08 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хайгуулчны 1-9 тоот хашаанаас Б.М-ы эзэмшлийн улсын дугааргүй “Dayun” маркийн мотоциклийг хулгайлж 1 860 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2017 оны 07 дугаар сарын 31-ний орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сансарын 109 тоот хашаанаас О.Э-ын эзэмшлийн 07-16 ГСЗ улсын дугаартай “Dayun” маркийн мотоциклийг хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 07 дугаар сарын 09-нд хөдөөнөөс 2 ахтайгаа орж ирсэн. Ах хөдөө хүүхдээ орхисон байсан учраас яараад явсан. Би араас нь явах гэтэл унаа олдохгүй байсан. Тэгэхээр нь айлын гадна улаан өнгийн мотоцикль байхаар нь авсан. 2017 оны 07 дугаар сарын 30-ны орой хөдөөнөөс орж ирээд, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Э гэдэг хүний ногоон өнгийн мотоциклийг байшингийнх нь баруун талын цонхны хажуунаас авсан. Мотоцикль улсын дугаартай байсныг аваад хаячихсан. Мотоциклиудыг нь буцаагаад эзэнд нь өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ахин ийм хэрэг хийхгүй. Энэ хэргээс салчихвал цэргийн алба хаагаад сайхан амьдарна гэв.
1.2. Хохирогч Б.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар баг, Хайгуулчны 1-9 тоотоос мотоциклио алдчихлаа гэж манай малчин Б над руу залгаж хэлсэн. Миний мотоцикль улаан өнгийн банктай, хар савхин суудлын бүрээстэй Даюун маркийн мотоцикль байсан. Би 2018 оны 01 дүгээр сард Дорноговь аймгийн Айраг сумын мотоцикль борлуулдаг цэгээс 1 860 000 төгрөгөөр худалдаж авсан. Бичиг баримтгүй, улсын дугаар авч амжаагүй байсан. Малчин Б-т мал хариулуулах зорилгоор авч өгсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-20 хуудас/
1.3. Хохирогч О.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 31-ний орой 18 цагийн үед ажилдаа яваад шөнийн 02 цагийн үед гэртээ ирэхэд хашаан дотор байшингийн урд талд байсан миний ногоон өнгийн супер Даюун маркийн 07-16 ГСЗ улсын дугаартай мотоцикль алга болсон байсан. Манай эхнэр 00 цагийн үед гэрээс гарахад мотоцикль байсан гэсэн. Би Улаанбаатар хотоос 2016 онд 1 800 000 төгрөгөөр худалдаж авсан. Миний мотоцикль нь Super dayun гэсэн бичигтэй, ачаа тавьдаг хэсэг никель нийцтэй, ногоон крыло нь хугарсан байсныг цэнхэр крылогоор сольсон өөр онцлох шинж тэмдэг байхгүй. Тээврийн хэрэслийн гэрчилгээ нь миний нэр дээр байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 61-63 хуудас/
1.4. Гэрч Д.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 07 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед Сүмбэр сумын Хайгуулчны 9-1 тоотод Б-ын монгол гэрийн ертөнцийн зүүн талд гэрийг нь түшүүлээд улаан өнгийн Даюун нэртэй мотоциклио орхиод түлхүүрээ өөртөө аваад явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/
1.5. Гэрч Ж.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Б 2018 оны 07 дугаар сарын 09-ны орой 19 цагийн үед хөдөөнөөс өөрийнх нь хэлж байгаагаар мал маллаж байгаа айлынх нь хүү айлд ямаа хүргэж өг гэж хэлээд явуулсан гэсэн. Маргааш өглөө нь 08 цаг өнгөрч байхад хөдөө явна гээд босоод М-нх руу хамт явах хүнтэй уулзана гэж явсан. Тэгээд удалгүй цуг явах хүн минь босоогүй байна гэж хэлсэн. Тэгээд 09 цаг өнгөрч байхад цүнхтэй мотоциклийн багаж аваад гарсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/
1.6. Гэрч Б.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай нөхөр Б 2018 оны 07 дугаар сарын 09-ний орой хөдөөнөөс 21 цаг өнгөрч байхад ирээд Хайгуулчны 1-9 тоотод мотоциклио үлдээгээд гэр лүүгээ явж амарсан. Би 08 цаг өнгөрч байхад мотоциклио үлдээсэн айл руу утсаар залгахад Б-г ирээд мотоциклио аваад явсан юм уу гэж асуухаар нь үгүй ээ гэж хэлээд мотоцикль үлдээсэн айлдаа очиход мотоцикль алга болсон байсан. Мотоциклио хашаан дотор гэрийн зүүн талд тавьсан байсан. Манай нөхөр М гэдэг айлд туслах малчнаар ажилладаг ба М ах адуу малаа харж бай гээд авч өгсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 хуудас/
1.7. Гэрч Д.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 07 дугаар сарын 09-ний орой Б манайд ирээд түүний ээж Т бид 3 цуг хоносон. 2018 оны 07 дугаар сарын 10-ны өглөө Б хөдөө гэр лүүгээ явлаа гээд гараад явсан. Тэгээд орой нь цагдаа дээр байна гэж ээж Т руугаа утсаар хэлсэн байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28 хуудас/
1.8. Гэрч П.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21 цагийн үед Б улаан өнгийн мотоциклио унаад манайд ирээд мотоциклоо гэрийн ертөнцийн зүгээр зүүн талд тавьж байсан. Маргааш өглөө буюу 2018 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 08 цагийн үед би гарч бие засахад улаан өнгийн мотоцикль байсан ба гэртээ орж ирээд орондоо 1 цаг хэвтээд босоод цонхоор харахад мотоцикль байхгүй байсан. Б-ын эхнэр Г над руу залгахад Б явсан юм уу мотоцикль нь алга байна гэхэд алга болсон юм уу гээд Б, Г хоёр ирээд цагдаа дуудсан. Мөрийг ажиглахад мотоциклийг түрж гараад зүүн хойшоо явсан байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-30 хуудас/
1.9. Гэрч Ө.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 31-ний орой 18 цагийн үед манай нөхөр ажилдаа явсан. Би гэртээ хүүхдээ хараад байж байсан. Шөнө 00 цагийн үед бие засахаар гэрээс гарахад манай нөхрийн мотоцикль хашаанд байсан. Гэртээ ороод унтсан ба шөнө 02 цагийн үед манай нөхөр ирээд мотоциль алга байна гэж хэлсэн. Цагдаагийн байгууллагад албан ёсоор хандаагүй. Манай нөхөр өөрөө ойр орчмоор хайсан. Таньдаг цагдаагийн ажилтанд утсаар хэлж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 67 хуудас/
1.10. Гэрч Г.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Б нь манайд 2017 оны 09 сараас хойш 1 жилийн хугацаанд ажиллаж байна. 2018 оны 04 дүгээр сард мал төллөх үед Б-ийн Чойрт байх гэрээс ногоон мотоциклийг нь ачиж хөдөө гэртээ авч ирсэн. Бид нарыг мотоциклийг хөдөө авч ирэх хүртэл Чойрын төв дээр байх гэрийн хашаанд нь байсан. Ногоон мотоцикль нь асдаггүй байсан тул би ойр зуурын юмыг нь янзласан. Миний мотоцикль гэж надад хэлж байсан. Сүүлд айлаас авсан гэж хэлсэн. Манайд байх хугацаандаа өөр мотоцикль авчирч байгаагүй. Өмнө нь мотоцикль унаж байгааг нь харж байгаагүй. Өөр мотоцикль унаж явах юм бол би мэдэх ёстой. Мал маллаж байх хугацаандаа хаашаа ч явахгүй малаа маллаж, ажлаа хийдэг, ийш тийшээ явах зав чөлөө байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 71-72 хуудас/
1.11. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-6 хуудас/
1.12. Эд мөрийн баримтыг хураан авах тухай санал, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 7-13, 48-53, 58-60 хуудас/
1.13. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт /х.х-ийн 32, 81 хуудас/
1.14. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 40-42, 90-93 хуудас/
1.15. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /х.х-ийн 57 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Т.Б-ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Т.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Э.С нар нь гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болохоо илэрхийлсэнийг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
2.2. Хохирогч Б.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-20 хуудас/
2.3. Гэрч Ж.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Миний хүү Б нь ганц бие эхнэр хүүхэдгүй, ааш зан эвдрээгүй хүний үгэнд сайн ордог, ажилсаг сайхан сэтгэлтэй хүүхэд. Сард 300 000 төгрөгөөр хөлсөөр мал малладаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/
2.4. Гэрч Д.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Б ганц бие эхнэр хүүхэдгүй. Ааш зан эвдрээгүй хүний үгэнд сайн ордог, ажилсаг сайхан сэтгэлтэй, хүнд их тусархуу үг цөөнтэй хүүхэд. М гэдэг хүний бог малыг хөлсөөр малладаг. Сард 300 000 төгрөгийн цалин аваад ээждээ өгдөг ба ээж нь бие муутай болохоор эм тарианд зарцуулдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28 хуудас/
2.5. Гэрч Г.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Б нь дуу муутай, зөрүүд байж магадгүй, ажилд сайн хүүхэд. Миний үгнээс гардаггүй юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 71-72 хуудас/
2.6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 106 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Т.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Т-ын Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТУЛГА