| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2018/0086/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/94 |
| Огноо | 2018-10-08 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2018/ШЦТ/94
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.А,
улсын яллагч Э.Н,
шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Н-ын Т-д холбогдох эрүүгийн 1817001050077 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Шарнууд овогт Н-ын Т /РД:ЕЙ69042519/ Увс аймгийн Зүүнговь суманд 1969 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Уулзварын 2-17 тоотод оршин суух, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, урьд 1994 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар, 1995 онд Эрүүгийн хуулийн 123 дүгээр зүйлийн 4-т зааснаар 2 жил хорих ялаар, 1996 онд Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сар 25 хоногийн хорих ялаар, 2000 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих ялаар, 2002 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил хорих ялаар, 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 20 хоног баривчлах ялаар, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр суллагдсан, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн гэх,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Н.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг, Тавантолгойн хөндлөн бор гэх газраас иргэн Г.У-ийн 5 тооны малыг хулгайлж, 750 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Тавантолгойн хөндлөн бор гэх газраас Г.У-ийн 5 тооны хонь хулгайлж, 750 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Н.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Хөндлөн бор гэх газарт У-ийн 800-аад тооны бог малыг 1 сар ганцаараа малласан. У-ээс цалингаа авъя гэхэд чи мэддэг юм уу би мэдэж байна гэж хэлээд өгөхгүй болохоор нь 5 тооны хонь авсан. У ав гэж хэлээгүй, би цаасан дээр бичиж үлдээгээд авсан. Одоо хүртэл цалингаа аваагүй байгаа. Хонь авч ирсэн автомашин нь Ш гэдэг хүнийх, би Э-д 1 хонь өгнө гэж хэлээд аваад авсан. Хамт явсан 2 хүндээ хулгай хийж байгаа талаар хэлээгүй. Мал малласан хөлсөндөө хонь авч байгаа гэж хэлсэн. Ахиж ийм зүйл хийхгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
1.2. Хохирогч Г.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манайх Т-оор сувай мал болох 800 орчим бог мал хөлсөөр маллуулж байсан. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө би адуундаа хөдөө гэрээсээ урагш мотоцикльтой явахад Т хонь хараад гэрт ганцаараа үлдсэн. Өдөр 16 цагийн үед өвгөн аав Л-ийн хаваржаанд буутал утас дугарахаар нь авахад манай эгч У Чойроос залгаад танай хониноос машинтай хүмүүс хулгай хийгээд Чойрт орж ирсэн байна. Би цагдаад дуудлага өгчихлөө гэж хэлэхээр нь гэртээ давхиад ирэхэд манай хоньчин Т байхгүй гэр эзэнгүй байсан. Манай эхнэр А цагдаа дээр очиж хулгайд алдагдсан хонинуудыг үзээд өөрийнхөө хонь болохыг таньсан байсан. Манай 5 хонь зөв чих цуулбар, буруу чих үзүүрээс онь /ухам/ имтэй эр хонь байсан. Алдсан 5 хонио хүлээгээд авсан, бүгд зүгээр байна. Т-ын цалинг хугацааг нь дуусаад явахад нь бэлэн мөнгө өгөхөөр тохирсон байсан. Бог, бод мал өгнө гэж яриагүй. Т 5 хоноод ирнэ санаа зоволтгүй гэж цаасан дээр бичээд үлдээсэн байсан. Т-д малаас зарж борлуулах, захиран зарцуулах эрх олгоогүй. Манай малаас өөр хонь, мал дутсан асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-21 хуудас/
1.3. Гэрч Д.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Говьсүмбэр аймагт мал хайж яваад өчигдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 17-нд ирээд найз Т-нд хоносон. Маргааш өглөө нь үл таних 3 хүн орж ирээд 1 шил архи хувааж уугаад хөдөө явах гэж байна гэсэн. Би алдсан адуугаа сурсан чинь цуг яваад замдаа харвал хар гэхээр нь хар өнгийн Пажеро маркийн машинтай Т, жолооч Э нарын хамт Чойроос зүүн хойд зүгт 30 км орчим яваад гаднаа цагаан өнгийн Портертой хөдөөний айлд очсон. Т тэр айл руу ороод ирье гэж хэлээд буухдаа манайх байгаа юмаа гэж хэлсэн. Удалгүй гэрээс гарч ирээд машинд суугаад ах бид 2 энд амьдардаг юм ахад хэлчихлээ хониноосоо 3-4 хонь барина гэж жолоочтой ярьж байхыг нь би сонссон. Айлын гаднаас хөдлөөд хойд зүг рүү давхиад хонь, ямаа нийлсэн 800-аад мал дээр очсон. Т буугаад хонио хурааж бөөгнүүлж байгаад дайраад 2 хонь бариад шууд машины ард ачсан. Тэгээд дараа нь дахиж дайраад 1 хонь, ахиж дайраад 2 хонь бариад машины ард хийгээд Чойр луу явсан. Тухайн хонинууд нь зөв чих нь цуулбар, буруу чих нь ухам имтэй байсан. Чойр руу орж ирэхэд цагаан өнгийн жижиг тэрэг засмал зам дээр зогсоогоод цагдаа дээр авч ирээд та нар хонь хулгай хийсэн байна гэхээр нь би хулгай хийж байгааг нь мэдээгүй, адууны эрэлд явж байгаа хүн гэдгээ хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-24 хуудас/
1.4. Гэрч З.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Т нь 05 дугаар сарын 01-ыг хүртэл манай сувай бог малыг хариулж байсан. Манай нөхөр өчигдөр хөдөө гэр лүүгээ яваад өглөө малаа тоолоод адуундаа явж байгаад үдээс хойш гэртээ ирэхэд нь Т 5 хоноод ирнэ санаа зоволтгүй гэсэн захиа бичиж үлдээгээд явсан байсан. Намайг Чойрын гэртээ байхад манай нөхрийн төрсөн эгч У над руу утсаар яриад танай хониноос хулгайлсан талаар над руу хүн хэлээд би цагдаад мэдэгдсэн. Нөхөрт чинь бас хэлсэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25-26 хуудас/
1.5. Гэрч Э.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Лүнгийн 18 тоотод Б гээд таньдаг ахындаа очиход гэрт нь манай хуурай ах Ш согтуу байж байсан. Тэгэхээр нь би түүний хар өнгийн 28-41 ГСА улсын дугаартай Пажеро маркийн машиныг унаад хонхорт 4 дүгээр байрны гадаа хүргэж өгөөд ганцаараа дэнж рүү явж байтал авто засварын гадаа Т, Б хоёрыг мотоцикльтой зогсож байсан. Т над дээр ирээд хөдөө яваад тус болоод өгөөч ээ хотод эгчийн бие муудаад байна. Хөдөөнөөс хэдэн мал авч ирж зараад хот руу эгч дээрээ очих гэсэн юм гэхээр нь энэ машин бензин тос байхгүй амьжихгүй гэхэд чи бензин тосоо гаргаад явчих, би чамд хөлсөнд нь 1 хонь өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Т Ц гэдэг айлд мал маллаж байгаа, тэднийхээс хөлсөндөө мал авна, эндээс ойрхон зүүн тийш 30 орчим километр гэж хэлсэн. Би эхнэртэйгээ уулзахаар Т-нд очиход А тэнд байж байсан. А адууны эрэлд явж байна гээд бид нараас адуу сураад байсан. Би А-ийг бид хоёртой хөдөө ойрхон явж адуугаа харахгүй юм уу гэхэд А тэгье гээд хамт явсан. Бид нар Чойроос зүүн зүгт 30 орчим км яваад нэг айлд очиход Т буугаад гэрт ороод гараад ирсэн. Тэр айлд хүн байгаагүй гаднаасаа уяатай байсан. А бид 2 машинаас буугаагүй. Тэр айлд хүн байхгүй болхоор нь Т-д хулгайн юм биш биз дээ гэхэд үгүй ээ би Ц-тэй яриад тохирсон байгаа, мал малласны хөлсөндөө авах гэж байгаа юм гээд хойшоо давхиад хонь нь дээр очсон. Т 5 хонь бариад машины хойно ачсан. Би Т-ыг хулгай хийж байгаа талаар нь огт мэдээгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-28 хуудас/
1.6. Гэрч М.Ш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр миний машин эвдрээд Лүнгийн 18 тоотод Б-ийн хашаанд очоод архи уугаад байж байтал Э орж ирж байсан. Тэр намайг хонхор луу миний машинаар гэрт хүргэж өгсөн. Тэгээд маргааш өглөө нь босоод машинаа Э-оос авах гэтэл утас нь холбогдохгүй байсан. Сураг сонсоход миний машин цагдаа дээр байсан. Э-оос утсаар асуухад Н-ын Т таараад хөлсөнд нь 1 хонь өгье 2, 3 мал ачаад ирье гэхээр нь хөдөө яваад ирсэн чинь Т-ын авч ирсэн хонинууд нь хулгайн мал болж таараад цагдаад баригдсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/
1.7. Гэрч Л.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр миний утсанд танихгүй мобикомын дугаараас эмэгтэй хүн залгаад танайхны бололтой хонь нь дээрээс хар жийп машинтай хүмүүс хонь аваад байх шиг байна гэхээр нь чи өөрөө хэн бэ гэхэд би нэрээ хэлмээргүй байна гэж хэлсэн. Дараа нь хөдөө гэр лүүгээ буюу аавынх руугаа залгахад манай дүү У утсыг нь авсан. Би түүнд танай хониноос машинтай хүмүүс хонь аваад Чойрт ирсэн гэсэн мэдээлэл байна, би цагдаад мэдэгдсэн гэж хэлсэн. Тэгэхэд У гэртээ Т гэдэг хүнийг үлдээсэн гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30 хуудас/
1.8. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр би хөдөө гэрээс Чойр орж бензин, тос авахаар өөрийн мотоцикльтой ганцаараа явсан. Замд Т ганцаараа худаг дээр морио услаад байж байсан. Түүнтэй мэнд ус мэдээд Чойр орохоор явж байгаа талаар хэлэхэд хамт яваад ирье гэж хэлээд миний ард сундлаад хамт Говьсүмбэр аймагт ирсэн. Тухайн үед Т У гэдэг айлд хөлсөөр мал малладаг байсан. Би Т-ыг малчны байранд буулгаж орхиод бензин тос авахаар явсан. Тэгээд буцаад ирэхэд Т машинтай хүмүүстэй архи уугаад байж байсан. Т тэр машинтай хөдөө явна гэхээр нь би буцаад хөдөө гэр лүүгээ ганцаараа явсан. Би Т-ыг хонь хулгай хийсэн талаар мэдээгүй. Машинтай хүмүүстэй хөдөө явна гэж байхаар нь сэжигтэй санагдаад хулгай хийх гэж байж магадгүй гэж бодоод У-т утсаар хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35 хуудас/
1.9. Гэрч Э.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Сүмбэр сумын 5 дугаар баг Таван толгой гэх газраас хар өнгийн жийп машинтай хүмүүс хонь хулгайлсан байж болзошгүй гэсэн мэдээлэл авсны дагуу отолт хийж уг машиныг Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг Замын цагдаагийн постноос урагш засмал зам дээр зогсоож шалгахад тээврийн хэрэгслийг Э жолоодоод хажууд нь Т суучихсан, мөн тэр хоёроос гадна нэг хүн хамт явж байсан. Машины багажинд амьдаар нь 5 хонь ачсан байсан бөгөөд хаанаас ямар учиртай хонь ачиж яваа болохыг Э-оос асуухад Тогтох мэднэ гэж хэлсэн. Т-оос юун хонь хаанаас аваад явж байгааг асуухад таньдаг айлаасаа аваад явж байна гэсэн. Тэгсэнээ энэ хоёр хамаагүй шүү гээд байсан. Тэгэхээр нь цагдаагийн хэлтэс дээр авч ирээд шалгахад хулгайн хонь болох нь тогтоогдсон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 107 хуудас/
1.10. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 5-11 хуудас/
1.11. Хулгайд алдагдсан хонийг эзэнд нь эргүүлэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 12-14 хуудас/
1.12. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /х.х-ийн 37, 119 хуудас/
1.13. Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 111-117 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Н.Т-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Н.Т-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б- нь гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй болохоо илэрхийлсэнийг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Н.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Г.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Нэхэмжлэх зүйл байхгүй. Алдсан 5 хонио эргүүлэн авсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20-21 хуудас/
2.2. Гэрч О.Ү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Т гэх хүнтэй 2013 оны намар танилцаад өвөл нь нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл нэг гэрт хамтран амьдарч байна. Эрүүл архи уугаагүй байхдаа элдэв янзын зан ааш гаргаад байдаггүй, мөрөөрөө үг дуу цөөтэй хүн, Намайг түүнтэй сууснаас хойш нэг удаа хулгайн хэрэг хийгээд шүүхээр шийтгүүлж байсан. Түүнээс өмнө олон удаа шоронд орж байсан гэж надад ярьж байсан. Тогтох нь өөрийн гэсэн өмч хөрөнгө, гэр орон, мал, үл хөдлөх, хөдлөх хөрөнгө гэх зүйл огт байхгүй. Манай гэрт л надтай хамт амьдардаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31 хуудас/
2.3. Гэрч М.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Т гэдэг хүн нь манай аавын эгчийн хүүхэд байгаа юм. Т нь хувийн зан байдлын хувьд хүнд тусч, хөнгөмсөг зантай, даруу төлөв, үг дуу цөөтэй, бусдын үгнээс гардаггүй, хар ажилд сайн хүн. Амьдрал ахуйн хувьд тааруу, эхнэр нь өөд болоод удаж байгаа, 3 хүүхэдтэй бөгөөд одоо тэд нартайгаа амьдардаггүй, Ү гэх хүнтэй хамтран амьдардаг. Өөрийн гэсэн өмч хөрөнгө, гэр орон байхгүй. Хар бор ажил хийж хүний гуйлганд явж амьдардаг хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34 хуудас/
2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 55-88 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтэндээ: Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч дахин гэмт хэрэг үйлдэхгүй болохоо илэрхийлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Н.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь машин механизм хэрэглэж бусдын 5 бог мал хулгайлж цагдаад саатуулагдан буцаан өгсөн, 1994 оноос хойш удаа дараа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан болно.
Шүүгдэгч Н.Т-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Mitsobishi Pajero маркийн хар саарал өнгийн 28-41 ГСА улсын дугаартай автомашин нь М.Ш-ын эзэмшлийн автомашин болох нь түүний гэрчээр өгсөн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байх тул автомашиныг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, автомашины үнэ болох 3 000 000 төгрөгийг шүүгдэгч Н.Т-оос гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогт Н-ын Т-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Т-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Т-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Mitsobishi Pajero маркийн хар саарал өнгийн 28-41 ГСА улсын дугаартай автомашины үнэ болох 3 000 000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Н.Т-оос гаргуулж улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Mitsobishi Pajero маркийн хар саарал өнгийн 28-41 ГСА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Н.Т- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТУЛГА