Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1004

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн 2016 оны “Өндөр өртөг бүхий мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” УНТЭ-Б/16/001 дугаартай Тендерийн үнэлгээний хороонд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс зарласан УНТЭ-Б/2016/001 дугаартай “Өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” нээлттэй тендерт оролцсон “А*******” ХХК-ийг тус эмнэлгийн тендерийн үнэлгээний хорооноос 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр шалгаруулалтад оролцуулахаас татгалзсан үйлдэл хууль бус байсан болохыг тогтоолгох болон Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс зарласан УНТЭ-Б/16/002 дугаар бүхий тендерийн шалгаруулалтаас “А*******” ХХК-ийг хассан тендерийн үнэлгээний хорооны үйлдэл хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н*******, Л.У*******, гуравдагч этгээд “М*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, “М*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, “М” ХХК-ийн төлөөлөгч Р.А, “П” ХХК-ийн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрал нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Э******* нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тодруулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...“А*******” ХХК нь Улсын нэгдүгээр эмнэлгээс зарласан УНТЭ-Б/16/001 дугаартай “Өндөр өртөг бүхий мэс заслын тусламж үйлчилгээнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” тендерт 2016 оны 3 дугаар сард тендерийн баримт бичгийг худалдан авч оролцсон. Тухайн тендер нь нийт 25 багц өндөр өртөгтэй мэс заслын эмнэлгийн хэрэгслийг худалдан авах талаар байсан ба манай компани үүнээс 13 багцад оролцсон юм. Эхний тендер шалгаруулалт болж, Тендерийн үнэлгээний хороо 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр албан бичиг ирүүлэхдээ “А*******” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээнээс Шүүхийн ерөнхий зөвлөл, санхүүгийн тайлангийн хугацаа болон нэр зөрүүтэй байна” гэсэн үндэслэлээр тус шалгаруулалтад оролцуулахаас татгалзсан болно. Тухайн тендерийн үнэлгээний хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дараа дээрх 25 багцаас 13 багцад дахин сонгон шалгаруулалт явуулахаар болж, УНТЭ-Б/16/002 дугаар бүхий тендер зарлагдан, “А*******” ХХК 1, 2, 3, 6, 10, 11 дүгээр багцуудад оролцохоор тендерийн материал бүрдүүлэн өгсөн болно. Улсын нэгдүгээр эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр ирүүлсэн албан бичигтээ “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн нь ТбОНӨХБАҮХАтХ-ийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг зөрсөн” гэж үзэн шалгаруулахаас татгалзсан байна. Дахин зарласан тендерийн баримт бичгийн “ижил төрлийн гэрээ гүйцэтгэсэн туршлага” гэсэн хэсэгт “А*******” ХХК нь "Н" ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулан Шастины нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлгээс зарласан ШУГТЭ 2015/04 тоот тендерт оролцож байсан туршлагын талаар тендерийн зохих хэсгийн материалд дурдан улмаар тус гэрээг хавсаргах байсан боловч техникийн алдаа гарган, Шастины нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлэгтэй 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулж байсан 07 тоот гэрээг хавсаргасан нь тус тендерийн үнэлгээний хороо илт худал мэдээлэл гэж үзэх үндэс болжээ. “А*******” ХХК, Н ХХК-иуд нь 2015 оны 03 дугаар эмнэлгээс зарласан тендерт хамтран оролцож байсан ажлын туршлага байдаг юм. Мөн тендерийн баримт шаардлагад /31.1.б/ зохих журмаар баталгаажуулсан байхыг заасан байгаа нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э******* гарын үсгээ кирилл үсгээр болон уйгаржингаар бичсэнийг буруутгах үндэслэл болохгүй, төрийн хэл болгох гэж ерөнхийлөгчийн санаачилсан уйгаржин монгол бичгээр бичсэнийг ямар зохих ёсонд нийцүүлэн дүгнэсэн болох нь тодорхойгүй тул татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Тендерийн баримт бичгийн 18 дугаар зүйлийн 18.1 /в/ д заасныг зөрсөн гэж үзсэн боловч худалдан авах ажиллагааны боловсон хүчний чадавхыг Эрүүл мэндийн сайдын 2015 оны 264 дүгээр тушаалыг үндэслэнэ гэж Тендерийн баримт бичгэнд тусгаагүй үндэслэлээр татгалзсан байна. 

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс зарласан УНТЭ-Б/16/001 дугаар бүхий “Өндөр өртөг бүхий мэс заслын тусламж үйлчилгээнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” тендерийн 13 багцад “А*******” ХХК оролцож тус тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан ч “А*******” ХХК-ийн оролцсон 13 багц тендерт бусад оролцогчийг шалгаруулах зэргээр тендер шалгаруулалт хэрэгжсэн.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, шүүх нь захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтооно гэж заасан байдаг. Тендер шалгаруулалт цаашид явагдаж байгаа боловч “А*******” ХХК нь оролцоогүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг 1. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс зарласан УНТЭ-Б/2016/001 дугаартай “Өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” нээлттэй тендерт оролцсон “А*******” ХХК-ийг тус эмнэлгийн тендерийн үнэлгээний хорооноос 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр шалгаруулалтад оролцуулахаас татгалзсан үйлдэл хууль бус байсан болохыг тогтоолгох, 2. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс зарласан УНТЭ-Б/16/002 дугаар бүхий тендерийн 1, 2, 3, 6, 10, 11 дүгээр багцын шалгаруулалтаас “А*******” ХХК-ийг хассан тендерийн үнэлгээний хорооны үйлдэл хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчлөн нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Д******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“... Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол тендерийн үнэлгээний хорооны шалгаруулалт хууль бус болохыг тогтоолгож тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргаж байсан. Анх гаргаж байсан шаардлагаа Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерт оролцсон “А*******” ХХК-ийг тус эмнэлгийн тендерийн үнэлгээний хорооноос шалгаруулалтад оролцохоос татгалзсан үйлдэл хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байгаа. Нийт 26 багц тендер зарлагдаад эхний сонгон шалгаруулалтаар 13 багц дээр шалгаруулаад үлдсэнийг нь дахин зарласан. Хоёр удаа зарлахад хоёуланд нь “А*******” ХХК оролцсон. Тэгэхэд тендерийн үнэлгээний хороо дахин шалгаруулалтаас татгалзсан байгаа юм. Тэгэхээр хоёрдох удаагаа татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчлөгдсөн байгаа” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У*******, С.О нараас шүүхэд гаргасан тайлбар болон Л.У*******, Ш.Н******* нар нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

“ ... Улсын Их Хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийг / шинэчилсэн найруулга/ батлахдаа эмнэлгийн өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээний үнэ, төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрх зүйн үндэслэлийг тогтоосон. Хуулийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн ажлын хүрээнд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар тогтоолоор эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, түүнийг санхүүжүүлэх, хяналт тавих журмыг баталсан бөгөөд ингэснээр эмнэлгийн өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг авах иргэдийн боломжийг нэмэгдүүлсэн. Өндөр өртөг бүхий мэс засал хийлгэхтэй холбоотойгоор хувь хүнээс гарах зардал багасаж, иргэн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд орохоос хамгаалагдах, өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээг өөрөө төлбөрийг нь төлж авах боломжгүй байсан даатгуулагчид тусламж, үйлчилгээг авч, эрүүлжих нөхцөл бүрдсэн. 

“А*******” ХХК нь Улсын төв нэгдүгээр эмнэлгээс зарласан УНТЭ Б 16/001, 16/002 хоёр удаагийн тендерт оролцсон. “А*******” ХХК-ийг тодорхой үндэслэлээр тендерийн бичиг баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж хүлээн авахаас татгалзсан. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас маргаан үүссэн. Тендерийн үнэлгээний хорооны нэгдүгээр шалгаруулалтад “А*******” ХХК-ийг ерөнхий нөхцөл хангаагүй байна гэж татгалзсан. Тендерт оролцогчийн баримт бичиг гэсний 18 дугаар зүйлийн 18.Ж-д тодорхой заасан байдаг. Одоогийн ба сүүлийн нэг жилд оролцсон аливаа шүүхийн зарга маргааны талаар мэдээлэл лавлагааг үнэн зөв гаргуулж ирүүлэх тухай шаардлага гаргасан байгаа. Ингээд лавлагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэгдсэн архиваас авах шаардлага хангаагүй байна гэж үзэж байна. Энэ компанийн хувьд байгуулагдсанаас хойш нэрээ 3 удаа сольсон байдаг. 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “А*******” ХХК болгож өөрчилсөн байгаа юм. Тендерийн баримт бичиг сүүлийн нэг жилийн хугацаанд гэж заасан учраас аливаа шүүхийн зарга маргаан гэдэгт Иргэн, Эрүү, Захиргааны 3 шатны шүүхийн хэрэг маргаанд оролцож байсан эсэх талаар лавлагаа авна гэж тендерийн баримт бичигт тодорхой заасан байгаа. Сүүлийн нэг жилийн хугацаа гэдэгт “У” ХХК-нь шүүхийн зарга маргаан гэдэгт хамаараад байгаа юм. Гэтэл манайд ирүүлсэн бичигт “А*******” ХХК нь сүүлийн нэг жилд Нийслэлийн 6 дүүргийн Иргэний хэргийн хариуцагчаар оролцож байгаа гэдэг лавлагаа ирүүлсэн байдаг. Манай байгууллагаас ямар лавлагаа гаргуулахыг хүсэж байсан бэ гэхлээр сүүлийн нэг жилийн хугацаанд аливаа зарга маргаан гэж тодорхой заасан зүйлийн шаардлага хангахгүй байна гэж үзсэн. Шүүхэд оролцсон талаар мэдээлэл тухайн компани нэрээ өөрчлөхөд шүүхийн бүх шийдвэр оролцогчдын нэр өөрчлөгдөхгүй юм. “А*******” ХХК нь зөвхөн нэр өөрчлөгдсөн байгаа. Гэтэл "У" ХХК-ийн нэрээр шүүхэд оролцогчоор орж байгаагүй гэх лавлагааг ирүүлсэн байсан бол манайх шаардлага хангасан гэж үзэх бүрэн боломжтой байсан.

 Мөн чадвар дадлага туршлагын хувьд шаардлага хангаагүй байна гэх үндэслэлээр буцаасан байгаа. Тийм учраас хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байсан гэж үзэж байна.

Зохих ёсоор гарын үсэг зурсан гэдгийг яаж үнэлэх тухай нарийвчилж үзэхгүй ерөнхий нөхцөлийн шаардлага хангаж байгаа эсэх талаар тогтооно. Гол авч үзэх асуудал нь 30 дугаар зүйлийн 30Б-д тендерийн баримт бичиг зохих ёсоор гарын үсэг зурж баталгаажуулсан эсэх талаар шаардлага байгаа юм. Тэгэхээр тендерт оролцогчийг эрх бүхий эсэхийг нотлох гээд 17 дугаар зүйлийн 17Б-д тендерт оролцогчийг төлөөлж гарын үсэг зурсан этгээдийн итгэмжлэлийг ирүүлсэн байх гэсэн байгаа. Итгэмжлэл бол зохих ёсоор гарын үсэг зурсан эсэх талаар нотлох баримт юм. Нэхэмжлэгч компани зохих ёсоор гарын үсэг зурж итгэмжлэл ирүүлсэн байгаа. Итгэмжлэл нь энэ компанийн захирал Бийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тендерт оролцогчийн өмнөөс гарын үсэг зурах эрхтэй этгээдээр гүйцэтгэх захирал Р.Э*******ыг итгэмжлэл олгосон. Гүйцэтгэх захирал Р.Э******* гарын үсгээ ийм хэв маягтай зурна гээд гарын үсгээ зурж тамга тэмдэг дарагдсан байгаа юм. Энэ бол зохих ёсоор гэдгийн эхний шаардлагыг хангаж байгаа юм. 

Нэгт компанийг төлөөлөх хууль ёсны этгээд мөн байсан. Итгэмжлэлээр ирүүлсэн хүний гарын үсгийн баталгаажуулалтыг шалгасан. Гэтэл баталгаажилтад Р.Э******* гэж бичсэн байсан хэрэв уйгаржин бичгээр гарын үсэг зурсан байсан бол итгэмжлэл дээр ирүүлсэн гарын үсэгтэй таарч байна гэж үзээд зохих ёсоор байна гэж үнэлэх байсан. Гэтэл тендерийн баримт бичигт уйгаржин бичгээр гарын үсэг зурсан байсан. 

Хоёрт. Илт хууль бус мэдээлэл ирүүлсэн гэж буцаасан байгаа. Манайхтай гэрээ байгуулах гэж байгаа байж манайхтай гэрээ байгуулсан гэж худал мэдээллийг гэрээ гүйцэтгэж байсан туршлага хэсэгт бичиж ирүүлсэн байсан. Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгтэй гэрээ байгуулсан гэж гэрээний дугаарыг бичиж тендерийн баримт бичиг дотор ирүүлсэн байгаа. 3 дугаар эмнэлгийн захирал Т гэх хүн “А*******” ХХК-тай гэрээ байгуулж байгаагүй гэж албан бичиг ирүүлсэн байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ андуурч хийсэн байна гэсэн байсан. Тендерийн баримт бичгийн 33 дугаар зүйлийн 33б-г зөрчсөн гэж үзэж татгалзах үндэслэл болсон. Тийм учраас хууль бус байдлаар шийдвэрлэсэн шийдвэр гэж ойлгохгүй байхыг хүсэж байна. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сангийн яамнаас шалгалтын бүрэлдэхүүн гарч 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 4 дүгээр албан ёсны байцаагч нарын танилцуулга дарга нарт танилцуулагдсан байгаа юм. Энэ бол хууль ёсны бичиг баримт юм. Маргаан үүсэж байх хооронд 2016 оны 297 дугаар Сангийн яамны сайдын бүртгэлд хамруулах тухай тушаал байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд “М*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд гаргасан тайлбартаа: 

“... Дээрх тендер шалгаруулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэж байгаа бөгөөд “М*******” ХХК нь тендерийн гэрээний дагуу бараагаа нийлүүлж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд “М*******” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ч нь шүүхэд гаргасан тайлбартаа:

 “...Манай компанийн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс зарласан УНТЭ-Б/16/002 дугаар бүхий тендерийн 11, 12 дугаар багцуудад оролцон 11 дүгээр багцад УНТЭмнэлэгтэй хэлэлцсэний үндсэн дээр тендерт санал болгосон үнийг буулган бараа нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу эхний ээлжийн бараагаа хүлээлгэн өгсөн байгаа. Манай компанийн хувьд зохих хууль журмын дагуу тендерт оролцон гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа тул уг нэхэмжлэлийн УНТЭ-Б/16/002 дугаар бүхий тендерийн 11 дүгээр багцын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цын шүүх гаргасан тайлбартаа: 

“... Тус компани нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг үндэслэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй” гэв. 

Гуравдагч этгээд “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь шүүхэд гаргасан тайлбартаа:

 “... Манай байгууллага нь Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс зарлагдсан УНТЭ-Б/16/001, УНТЭ-Б/16/002 дугаар бүхий нээлттэй тендерүүдийн зарим багцуудад үнийн санал хүргүүлж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээний худалдан авах” тухай хуулийн 28 дугаар 28.7.4-т заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч, 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу УНТЭ-Б/16/001/01, УНТЭ-Б/16/002/01 тоот гэрээнүүдийг тус тус байгуулан ажиллаж байна” гэв. 

Гуравдагч этгээд “Е” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь шүүхэд гаргасан тайлбартаа: 

“... Манай компани нь Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс зарласан УНТЭ-Б/2016/001 дугаартай “Өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” нээлттэй тендер шалгаруулалтыг үнэн бодиттой явагдсан гэж үзэн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс гаргасан тендерийн хариуг дагаж байгаагаа мэдэгдэж байна” гэв.

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь шүүхэд гаргасан тайлбартаа: 

“... М ХХК нь УНТЭ-ээс зарлагдсан УНТЭ-Б/16/001 дугаартай өндөр өртөг бүхий мэс заслын тусламж үйлчилгээнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” тендерийн 13 багцад /1, 2, 3, 6, 7, 8, 9, 11, 12, 13, 20, 23, 25/ оролцож Багц-6-д шалгарч УНТЭ-Б/16/001/06 тоот гэрээ, мөн УНТЭ-Б/16/002 дугаартай тендерийн 5 багцад /5, 6, 8, 10, 12/ оролцож Багц-5, 12-т шалгарч УНТЭ-Б/16/002/02 тоот гэрээ тус тус байгуулж эмнэлгийн хэрэгслийн нийлэлтийг ханган ажиллаж байна. ... Манай эрх ашгийг хохироолгүйгээр хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: 

“... 2016 оны өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх УНТЭ-Б/16/001 дугаартай тендерийн шалгаруулалтад оролцсон бөгөөд "А*******" ХХК-ийн гаргасан гомдолтой холбогдон манай компанийн хууль ёсны эрх ашигт хөндөгдсөн зүйл байхгүйг энэ албан бичгээр мэдэгдэж байна” гэв. 

Гуравдагч этгээд “П” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“... Ерөнхий энгийн зүйлээс хамаарч манай компани бас хасагдаж байсан. Нэгдүгээр эмнэлгийн 100 хувь зөв гэж үзэж байна. Өөрийнхөө компанийн туршлагаас үзэхэд ерөнхий шаардлагаар хасахаас өмнө тендерийн хороо хангалттай лавлагааг авч, асуух зүйл байвал асууж тодруулж байх хэрэгтэй байгаа юм. Нэхэмжлэгч тендерийн процессыг сайжруулан уу гэж хүсэж байгаа юм байна гэж ойлгож байна. Цаашдаа тендерийг явуулахдаа зөв явуулна уу гэж хүсэж байна. Нэхэмжлэгчийн хэлж байгаа зүйлүүд тодорхой хэмжээнд үндэслэлтэй байна.” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

“А*******” ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “тендерийн үнэлгээний хорооны шалгаруулалт хууль бус болохыг тогтоолгон, тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг болон Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн 2016 оны “Өндөр өртөг бүхий мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” УНТЭ-Б/16/001 дугаар Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс зарласан УНТЭ-Б/2016/001 дугаартай “Өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” нээлттэй тендерт “А*******” ХХК-ийг оролцуулахаас татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс зарласан УНТЭ-Б/16/002 дугаар бүхий тендерийн шалгаруулалтаас “А*******” ХХК-ийг хассан үйлдэл хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн. 

1. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нээлттэй зарласан “Өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” 25 багц бүхий УНТЭ-Б/2016/001 дугаар тендер сонгон шалгаруулалтын 1-3, 6-8, 13, 16-20 дугаар багцад /нийтдээ 13 багц/ нэхэмжлэгч “А*******” ХХК оролцохоор тендерийн материал ирүүлснийг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн “Өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” тендерийн үнэлгээний хороо хянан үзэж, 2016 оны 04 дүгээр сарын 19, 28 болон 5 дугаар сарын 13-ны өдрүүдэд хуралдан “1. ...2015 оны 6 сараас “А*******” ХХК гэж нэрээ өөрчилсөн гэж байгаа хирнээ санхүүгийн тайлан нь 2014, 2015 онууд “А*******” ХХК гэсэн нэрээр байна, мөн Улсын бүртгэлийн гэрчилгээ 2013 он “А*******” ХХК гэсэн нэрээр байна. 2. “А*******” ХХК-ийн тендерийн материалд төлөөлөгч компаниудын итгэмжлэл эх хувиараа байхгүй... 3.Ижил төрлийн гэрээ гүйцэтгэсэн туршлага гэсэн хүснэгтэд “А*******” ХХК нь УНТЭ буюу манай эмнэлэгтэй Б/15/001 гэсэн гэрээний дугаараар ...хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж... худал мэдүүлсэн баримт байна. 4. Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэгтэй ШУГТЭ-2015/04 тендерт хамтран ажиллаж байгаагүй байж ажилласан гэж худал мэдүүлсэн зэрэг үндэслэлүүдээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т үндэслэлээр тендерээс татгалзаж цаашид үнэлгээнээс хасах” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Эдгээр үндэслэлүүдээс захиалагч Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг /эрх бүхий албан тушаалтан/ “1. ...тендерт оролцогч хуулийн этгээдийн гэрчилгээнээс Шүүхийн ерөнхий зөвлөл, Санхүүгийн тайлангийн хувьд хугацаа болон нэр зөрүүтэй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.3.1, 15.3.2-т заасны дагуу тендерийн баримт бичиг шаардлага хангахгүй гэж үзэж, танай тендерээс татгалзаж байна” гэсэн хоёр үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж байгаа тухайгаа 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/16/001/09 дүгээр албан бичгээр мэдэгджээ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж зааснаар тендерээс татгалзах шийдвэрийг захиалагч гаргах бөгөөд тухайн тохиолдолд, захиалагч 2 үндэслэлээр “А*******” ХХК-ийн тендерээс татгалзсан байх тул шүүх эрх бүхий этгээдийн татгалзсан үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.  

Хавтаст хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн лавлагаа болон холбогдох бусад баримтуудаас үзэхэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тоот дугаар бүхий, тоот регистрийн дугаартай “У” ХХК нь хуулийн этгээдийн нэрээ өөрчлөн “А*******” ХХК болсныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр бүртгэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээг дахин олгожээ.

Улмаар нэхэмжлэгч “А*******” ХХК нь Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс зарласан нээлттэй тендер шалгаруулалтад оролцох зорилгоор 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Шүүхийн төрөлжсөн архивд хандан хуулийн этгээдийн /дахин давтагдашгүй/ регистрийн дугаар бүхий лавлагаа гаргуулах хүсэлтийг хуулийн этгээдийн шинэчлэгдсэн нэрээр гаргасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн төрөлжсөн архив шүүн үзэж, “Улсын бүртгэлийн гэрчилгээтэй, тоот регистрийн дугаартай “А*******” ХХК нь сүүлийн 3 жилийн байдлаар ... анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаагүй болохыг тодорхойлов” гэсэн агуулгатай 2285 тоот лавлагааг 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн байна. 

Мөн компанийн шинэчлэн бүртгүүлсэн нэрээр “Эдийн засгийн ил тод байдал” болон 2014, 2015 оны санхүүгийн тайланг гаргаж, “Ф” ХХК-иар баталгаажуулсан энэ тухай тайлбар, холбогдох тодорхойлолтыг /“А*******” ХХК-ийн УНТЭ-Б/16/001 тендерийн баримт бичгийн 21 дүгээр тал дахь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/150 тоот “Мэдэгдэл гаргах тухай” албан бичиг болон 39 дүгээр тал дахь “А*******” ХХК-ийн танилцуулга/ тендерийн баримт бичигт хавсарган, тендерийн үнэлгээний хороонд хүргүүлсэн байхад захиалагч Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Б/16/001/09 тоот албан бичгээр “... танай байгууллагаас ирүүлсэн тендерийн материал нь тендерт оролцогч хуулийн этгээдийн гэрчилгээнээс Шүүхийн ерөнхий зөвлөл, Санхүүгийн тайлангийн хувьд хугацаа болон нэр зөрүүтэй” гэсэн үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1, 15 дугаар зүйлийн 15.3.2 заалтыг баримтлан тендерийн баримт бичиг шаардлага хангахгүй гэж үзэж, тендер шалгаруулалтад оролцуулахаас татгалзсан нь үндэслэлгүй байх бөгөөд гуравдагч этгээдийн гаргаж өгсөн лавлагаа, баталгаажуулсан тайлангийн өмнөөс нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй гэж шүүх үзэв. 

“А*******” ХХК нь тендерийн баримт бичигт нэр сольсон талаарх өөрийн зүгээс шаардагдах, мэдээллийг хавсаргасан байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 2. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс “Өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” УНТЭ-Б/16/001 тендерийг /25 багц бүхий/ 2016 оны 03 дугаар сард анх, 2016 оны 06 дугаар сард “Өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” 13 багц бүхий УНТЭ-Б/16/002 дугаар нээлттэй тендерийг дахин зарлажээ. Энэхүү дахин зарлагдсан 13 багц бүхий тендер сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “А*******” ХХК нь  1-3, 6, 10,11 дүгээр багцад /нийтдээ 6 багц/ оролцохоор тендерийн материал ирүүлсэн байх ба Тендерийн үнэлгээний хороо хянан үзээд “...1. Тендерийн баримт бичгийн 22 дугаар зүйлийн 22.1 дүгээр заалтад “Тендерийн оролцогчийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураж баталгаажуулна” гэсний дагуу А*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалын 000011 дугаар хуудсанд Ерөнхий захирал Б.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсэг /Р.Э*******/ крилл үсгээр баталгаажиж ирсэн боловч дараагийн хуудаснуудад бүгд уйгаржин бичгээр байна. Энэ нь Тендерийн баримт бичгийн 31 дүгээр зүйл болох “Тендерийг хянан үзэх, шаардлагад нийцсэн эсэхийг тогтоох 31.1 дүгээр зүйлийн 31.1 /б/, 31.1 /г/ заалтуудыг зөрчиж байна. 

2. Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн байна. А******* ХХК нь Шастины Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй “Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх” ШУГТЭ-2015/04 тендерт хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж тендерийн материалын 000091 дүгээр хуудсанд байгаа боловч энэ талаар тодруулга авахад гэрээ байгуулаагүй гэсэн албан бичгийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 433 дугаар бичгээр ирүүлсэн.

3.“А*******” ХХК нь 2015 онд илт худал мэдээлэл ирүүлсэн тухай Сангийн яамны 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/7055 дугаар “Хяналт шалгалтын танилцуулга” буюу эрх бүхий улсын байцаагч нарын хийсэн хяналт шалгалтын нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дугаар заалтад заасны дагуу тогтоогдсон байна. 

4. Захиалагчийн тендерийн бичиг баримтын 18 дугаар зүйлийн 18.1.в-д заасны дагуу “Гэрээг гүйцэтгэх удирдах болон техникийн голлох боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл” нь шаардлагад нийцээгүй байна. Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 264 дүгээр тушаалаар эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тусгай зөвшөөрөл олгоход хүний нөөцөд тавигдах шаардлагыг заасан. Энэ шаардлага нь зөвхөн тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага төдийгүй цаашид үйл ажиллагаагаа явуулахдаа хангасан байвал зохих шаардлага байгаа юм. “А*******” ХХК-ийн ирүүлсэн материалаас үзэхэд ажиллах хүчний чадавх нэг л хүн /Аюуш овогтой Даваажав/ эм зүйч мэргэжилтэй байна. Гэтэл худалдааны менежер, чанарын менежер, агуулахын эрхлэгч бүгд эм зүйч байх шаардлагатай гэж заасан байна.” гэсэн үндэслэлүүдээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т үндэслэлээр тендерээс татгалзаж цаашид үнэлгээнээс хасах” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Эдгээр үндэслэлүүдээс захиалагч Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг “...тус эмнэлгээс зарласан “Өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” УНТЭ-Б/16/002 тендерийн 1, 2, 3, 6, 10, 11 дүгээр багцуудад танай байгууллагаас ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн шалгараагүй болохыг мэдэгдэж байна” хэмээн дээрх 4 үндэслэлийг дурдан, тендерээс татгалзаж байгаа тухайгаа 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1/739 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

 Хэргийн оролцогчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан холбогдох бусад баримтуудаас үзэхэд УНТЭ-Б/16/002 дугаар тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт болон захиалагчийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт дурдагдсан 4 үндэслэлд “Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн: Гэрээний ШУГТЭ-2015/04 дугаартай “Өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх” тендерт хамтран ажиллах нэр бүхий П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийг захиалгатай 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэж хугацаа буруу бичсэн учир нь “Өндөр өртөгтэй мэс заслын хэрэгсэл худалдан авах” тендер 2015 оноос зарлагдаж эхэлсэн ба ШУГТЭмнэлэгтэй гэрээ байгуулаагүй гэсэн албан бичиг тус эмнэлгээс ирүүлсэн байна.

Илт худал мэдээлэл бүхий ирүүлсэн тухай баримт: “А*******” ХХК нь 2015 онд илт худал мэдээлэл ирүүлсэн тухай Сангийн яамны 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/7055 тоот “Хяналт шалгалтын танилцуулга” буюу эрх бүхий улсын байцаагч нарын хяналт шалтгалтын тэмдэглэл “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дугаар заалтад заасны дагуу тогтоогдсон байна. 

Тендерийн баримт бичгийн 22 дугаар зүйлийн 22.1 дүгээр заалт: Тендерийн баримт бичгийн 22 дугаар зүйлийн 22.1 дүгээр заалтад “Тендерт оролцогчийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулна” гэсний дагуу “А*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалын 000011 дүгээр хуудсанд Ерөнхий захирал Б.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсэг /Р.Э*******/ кирилл үсгээр баталгаажиж ирсэн боловч дараагийн хуудаснуудад бүгд уйгаржин бичгээр байна. Энэ нь Тендерийн баримт бичгийн 31 дүгээр зүйл болох “Тендерийг хянан үзэх, шаардлагад нийцсэн эсэхийг тогтоох 31 дүгээр зүйлийн 31.1 /б/ заалтыг зөрчиж байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч “А*******” ХХК-иас УНТЭ-Б/16/002 дугаар тендерт оролцохоор ирүүлсэн материал дахь Тендерийн баримт бичгийн 18 дугаар зүйл: Захиалагчийн тендерийн бичиг баримтын 18 дугаар зүйлийн 18.1.в-д заасны дагуу “Гэрээг гүйцэтгэх удирдах болон техникийн голлох боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл” нь Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 264 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын “Хоёр”-т заагдсан шаардлагыг хангаагүй болох нь “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх компанийн хүний нөөцийн шаардлагад нийцээгүй” гэх байдлаар тогтоогдож байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар дээрх үндэслэл нь нэхэмжлэгч “А*******” ХХК-ийг тендер сонгон шалгаруулалтаас хасах хангалттай үндэслэл болжээ.

Өөрөөр хэлбэл, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс зарласан УНТЭ-Б/16/002 дугаар “Өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” 13 багц бүхий тендерт ирүүлсэн нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “дахин зарласан УНТЭ-Б/16/002 дугаар бүхий тендерт ирүүлсэн “А*******” ХХК-ийг хассан үйлдэл хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг үндэслэн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс зарласан УНТЭ-Б/2016/001 дугаар “Өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” нээлттэй тендерт оролцсон “А*******” ХХК-ийн тендерээс татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоосугай.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.4-т заасныг үндэслэн “Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс зарласан УНТЭ-Б/16/002 дугаар бүхий тендерийн шалгаруулалтаас “А*******” ХХК-ийг хассан үйлдэл хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА