Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 779

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Эрдэнэжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор Н.Анхбаяр,

          Ялтан С.Эрдэнэжаргалын өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

          Хохирогч О.Ариунтуяагийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаяр,

          Иргэний нэхэмжлэгч Х.Дуламсүрэн,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан С.Эрдэнэжаргалын өмгөөлөгч Ж.Хандсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор С.Эрдэнэжаргалд холбогдох эрүүгийн 2016 2400 0671 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овгийн Сэрээтэрийн Эрдэнэжаргал, 1975 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8 дугаар гудамжны 49 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЙМ75110911/,

 

С.Эрдэнэжаргал нь согтуугаар 2016 оны 7 дугаар сарын 9-ний орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилтын замд 77-15 УНМ улсын дугаартай, “Хонда Фит” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 2.7а, 8.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас жолооч Х.Дуламсүрэнгийн жолоодож явсан 72-09 УНЯ улсын дугаартай, “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч О.Ариунтуяагийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: С.Эрдэнэжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Эрдэнэжаргалыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, С.Эрдэнэжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1. дэх хэсэгт зааснаар С.Эрдэнэжаргалд оногдуулсан 5 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, жолоочийн үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1. дэх хэсэгт зааснаар С.Эрдэнэжаргалаас нийт 1.224.210 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаярт 598.210 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Дуламсүрэнд 626.000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул С.Эрдэнэжаргалд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2. дахь хэсэгт зааснаар С.Эрдэнэжаргалд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг баривчлах ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан С.Эрдэнэжаргалын өмгөөлөгч Ж.Хандсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний нэхэмжлэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч анхан шатны шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн гүйцэд барагдуулсан тул гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болсон.

 

Иймд С.Эрдэнэжаргалын ар гэрийн хүнд байдал, бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй зэрэг байдлуудыг харгалзан үзэж баривчлах ялыг доош татаж, хугацааг багасгаж өгнө үү...” гэв.

Хохирогч О.Ариунтуяагийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлыг төлж барагдуулвал гомдол санал байхгүй, өнөөдрийн байдлаар надад төлсөн мөнгө байхгүй, хохирол төлсөн гэдгийг мэдээгүй байгаа. Дахин зардал гараагүй..." гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Х.Дуламсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлын тал мөнгийг өмнө нь авсан, хурлын өмнө үлдсэн мөнгийг нь авсан. Гомдол саналгүй...” гэв.

 

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.Эрдэнэжаргалын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон тул тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү, давж заалдах гомдлууд үндэслэлгүй…” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

С.Эрдэнэжаргал нь согтуугаар 2016 оны 7 дугаар сарын 9-ний орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилтын замд 77-15 УНМ улсын дугаартай, “Хонда Фит” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 2.7а, 8.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас жолооч Х.Дуламсүрэнгийн жолоодож явсан 72-09 УНЯ улсын дугаартай, “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч О.Ариунтуяагийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

                       

            Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх 7, 19/, Зам тээврийн осол үзлэгээр тогтоосон байдал /хх 8-9/, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-12/,

 

            Хохирогч О.Ариунтуяагийн “...хурд сааруулагчаар гарах гэтэл өөдөөс буюу эсрэг урсгалаас нэг машин их хурдтай, яах ийхийн зуургүй орж ирээд миний сууж явсан машины зүүн урд хэсэг рүү хүчтэй мөргөсөн. Нэг мэдсэн чинь миний сууж явсан машин зорчих хэсгийн зүүн талын хашлага даваад зогсчихсон, тэгсэн нөгөө манай машиныг мөргөсөн машин нь эсрэг урсгалдаа буцаж эргээд ертөнцийн зүгээр зүүн хойшоогоо хараад, баруун талынхаа хашлагыг даваад зогсож байсан. Би машинаас буух гэтэл миний зүүн талын хөл эвгүй болчихсон хөдөлж болохгүй хэсэг хугацаанд шоконд орсон. Тэгээд машинаасаа буугаад гараад иртэл манай машиныг мөргөсөн машины жолооч нилээн согтуу хөл дээрээ тогтож чадахааргүй байсан...” /хх 28-30/,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаярын “...охин О.Ариунтуяа нь 2016 оны 7 дугаар сарын 9-ний орой найз Х.Дуламсүрэнгийн хамтаар явж байгаад зам тээврийн осолд орж биедээ хүндэвтэр зэргийн гэмтэл авсан. Тэгээд охин О.Ариунтуяа нь 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Франц улс руу явсан...” /хх 33-35/,

 

            Иргэний нэхэмжлэгч Х.Дуламсүрэнгийн “...найз О.Ариунтуяа нь миний хажуугийн урд суудал дээр суугаад бид хоёр явж байтал өөдөөс их хурдтай машин явж харагдахаар нь дөнгөж хурд сааруулагч дээр ирээд давах гэж байхдаа тоормосоо гишгээд зогстол өөдөөс буюу эсрэг урсгалаас ирсэн машин их хурдтай орж ирээд машины зүүн урд хэсэг рүү хүчтэй мөргөсөн. Манай машиныг мөргөсөн машины жолооч нилээн согтуу хөл дээрээ тогтож чадахааргүй байсан...” /хх 40-41/ гэх мэдүүлгүүд,

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…О.Ариунтуяагийн биед зүүн шилбэний шаант ясны зөрүүгүй хугарал, өвчүү зөрөөгүй хугарал, тархи доргилт, хамрын нурууны зулгаралт, зүүн эгэм орчны цус хуралт, зүүн хөлийн шагайн үе орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх зүүн шилбэний шаант ясны зөрүүгүй хугарал, өвчүүний зөрөөгүй хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй…” гэсэн 9747 тоот шинжээчийн дүгнэлт /хх 53-54/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…Х.Дуламсүрэнгийн биед тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шууны цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй…” гэсэн 9746 тоот шинжээчийн дүгнэлт /хх 58-59/,

 

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын “...Хавтас хэргийн материалтай уншиж танилцахад осол хэргийн схем, фото зураг, автомашинуудын эвдрэл гэмтлүүдээс харахад 77-15 УНМ улсын дугаартай, “Хонда фит” загварын автомашины жолооч С.Эрдэнэжаргал нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дэх хэсэгт заасан Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна. 2.7 дахь хэсэгт заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. Үүнд а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 72-09 УНЯ улсын дугаартай, “Тоёото Ист” загварын автомашины жолооч Х.Дуламсүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэсэн 481 дугаартай дүгнэлт /хх 77-78/, 

 

Хохирлын баримтууд /хх 37-39, 46-49/, Х.Дуламсүрэнгийн “Баянзүрх эмнэлэгт” хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх 64-70/, Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн гаргасан автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг /хх 72-73/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлүүд /хх 107-109/, хохирол төлсөн баримт /хх 141, 187/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүхээс С.Эрдэнэжаргалыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн талаар хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Ялтан С.Эрдэнэжаргалын өмгөөлөгч Ж.Хандсүрэн “хохирлын мөнгө төлсөн, С.Эрдэнэжаргалын ар гэрийн байдлыг харгалзан баривчлах ялыг хөнгөрүүлж өгнө үү ” гэсэн  гомдол гаргажээ.

 

Ялтан С.Эрдэнэжаргал нь 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан /хх 107/, 2014 оны 6 дугаар сарын 7-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, захиргааны журмаар баривчлагдсан /хх 108/, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил 2 сарын хугацаагаар хасуулж  /хх 134/ захиргааны зөрчил удаа дараа гаргаж, арга хэмжээ авагдаж байсан атлаа энэ зөрчилдөө дүгнэлт хийлгүй, дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдад хохирол, бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтлүүдийг учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

 

Анхан шатны шүүхээс С.Эрдэнэжаргалд оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх тул түүний баривчлах ялыг багасгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан С.Эрдэнэжаргалын өмгөөлөгч Ж.Хандсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                             Д.ОЧМАНДАХ

 

                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ