| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2018/0085/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/92 |
| Огноо | 2018-09-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/92
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ачмаа,
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Б овогт Б-н С-т холбогдох эрүүгийн 1817001770088 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 17-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, Говьсүмбэр аймаг дахь Ус-ду ОНӨААНТҮГ-н машинист ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, ........... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд
Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 65 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Б овогт Б-н С /РД:.............../
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.С нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, Хонхорын урд балгас орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ч.Ү-г хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нуруу, нүүр, цээж рүү гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Б.С нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хонхорын урд балгас орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч буюу хохирогч Ч.Ү-г хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нуруу, нүүр, цээж рүү гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Ч.Ү-н Айраг сум руу эмнэлэгт үзүүлнэ гэж яваад 08 дугаар сарын 05-ны өдөр ирсэн. Ирэхээр нь хэнтэй явсан юм бэ? гэхэд хэлэхгүй байхаар нь гар хүрсэн гэв.
1.2. Шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр манай эхнэр Ү эмнэлэг орж үзүүлчихээд ирье гээд Чойрын төв рүү гарсан. Тэгээд утсаа салгаад алга болсон. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэртээ ирсэн. Тэгээд Хонхорын балгасанд хөнгөн цагаан зэс түүхээр хамт явж байгаад би Ү чи хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ гэсэн чинь хүнтэй цуг Айраг сум орчихоод ирлээ гээд хэнтэй хамт явснаа хэлэхгүй байсан. Эмэгтэй хүнтэй хамт явсан гээд байсан. Тэгэхээр нь уур хүрээд хардах сэтгэл төрөөд араас цамцных нь захнаас татаад нуруугаар нь газар унагаасан. Газар унасны дараа хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд газар хэвтчихээд босохгүй болохоор нь цээж хэсгийн хувцаснаас татсан чинь махтай хамт баригдсан. Тухайн үед манай эхнэр ёо гэж байсан. Өөр асуудал болоогүй. Манай эхнэр ээж рүүгээ С намайг зодлоо гээд утсаар яриад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/
1.3. Хохирогч Ч.Ү-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хөдөө гэрээсээ Чойр орно гэж гараад 2 хоног гадуур явчихаад гэртээ 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн орчимд гэртээ ирсэн юм. Тэгтэл манай хамтран амьдрагч С надад уурлаад хөдөө гэртээ ирэлгүй Чойрт хоёр гурав хоног хаагуур хэнтэй явж байгаад ирж байгаа юм бэ гэж асуухад нь би юм хэлэлгүй гэртээ байж байгаад 15 цаг 30 минутын орчим гараад Хонхорын урд байдаг балгас руу хөнгөн цагаан зэс түүх гээд явсан.
Тэгэхэд манай хамтран амьдрагч С надтай хамт явж байгаад надад уурлаад чи хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ, чи эрчүүдтэй хамт явж байгаад ирсэн үү гэж дахиж надад хэлээд миний цамцны захны араас үстэй хамт барьж татаад намайг газар унагасан, мөн миний баруун хөлийн шилбэ хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд би газар хэвтээд босохгүй байсан чинь миний зүүн гарнаас хүчтэй базаад татсан. Би тэгэхээр нь гараа татаад гарнаас нь тавиулсан. Тэгтэл миний цээжний хэсгийн хувцаснаас татахдаа зүүн хөхний дээд талын махнаас хувцастай хамт базаад татсан. Өөр зүйл болоогүй. Шинжээч эмчийн дүгнэлтээр миний биед учирсан гэмтлүүдийг бүгдийг нь миний хамтран амьдрагч С намайг зодож надад учруулсан. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.
Намайг С одох үед бид хоёрын ойр хавьд С бид хоёроос өөр хэн нэгэн хүн байгаагүй. Миний хувьд С-н өмнөөс эсэргүүцэл үзүүлсэн, түүнийг цохисон зодсон асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/
1.4. Гэрч С.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай охин Ү над руу утсаар яриад С намайг зодоод байна, балгасанд байна гэхээр нь яваад очсон. С зөрөөд төв рүү явлаа гээд яваад өгсөн. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Манай охины хүзүүний урд хэсэг улайсан байдалтай байсан. Шүүх эмчид дараа нь үзүүлсэн байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/
1.5. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 244 дугаартай дүгнэлтэд:
- Ч.Ү-н биед хүзүүнд зулгаралт, зүүн хөхөнд, зүүн хөхний дээд хэсэгт, зүүн бугалганд, баруун шилбэнд цус хуралт, цээжинд зүүн 5, 6-р хавирганы орчим, бүсэлхийн нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 25 дугаар хуудас/
1.6. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.С-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.С нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.С-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Б.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Хохирогч Ч.Ү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Миний хувьд хамтран амьдрагч С-т хандан гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/
2.2. Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
С ахын хувьд их даруухан дөлгөөн зантай. Энэ тэнд хар бор ажил хийгээд өөрийгөө болгоод явдаг. Саяхнаас эхнэр авсан гэж байсан. Ямар хүнтэй суусан талаар мэдэхгүй байна. Хар бор ажил хийхдээ сайн, ер нь элдэв янзын ааш зан гаргаж байгаагүй. Мөрөөрөө зантай хүн байгаа юм. Бид нарт дараа тээр болоод байдаггүй, өөрийгөө болгоод явдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
2.3. Гэрч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Б.С-н хувьд хүнтэй мэнд устай явдаг. Энэ тэнд хар бор ажил хийгээд явж байдаг. Амьдрал ахуйн хувьд гэвэл эхнэр хүүхэд байхгүй байсан. Саяхан нэг хүнтэй суусан гэж надад хэлж байсан. 72-2 тоот байранд эгчтэйгээ хамт амьдардаг байсан. Хаяа нэг архи уусан явж байдаг. Ер нь мөрөөрөө олдсон ажиллаа хийчхээд явдаг. Хүнд их тусархуу, хүн энийг тэрийг хийгээд өг гэхээр туслаад явж байдаг. Б.С-г хүнтэй маргалдаж муудаж байсныг мэдэхгүй. Б ахаа сайн уу гээд явж байдаг. Амьдралын хувьд сайн амьдралтай биш, өнөө маргаашаа болгоод явж байдаг. Өөр надад хэлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/
2.4. Хохирогч Ч.Ү-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 55 дугаар хуудас/
2.5. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-50 дугаар хуудас/
2.6. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 65 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-54 дүгээр хуудас/
2.7. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэх зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-н С-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ