| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2018/0087/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/95 |
| Огноо | 2018-10-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2018/ШЦТ/95
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч З овогт Э-н Т-д холбогдох эрүүгийн 1817001760087 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 22-нд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт /Говьсүмбэр аймгийн Шивээговь сум, 1 дүгээр баг, 2-2-27 тоотод түр оршин суух/, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар баг Олон-Овоо Төмөр замын гудамж 3 дугаар бар ............тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх З овогт Э-н Т /РД: .........../
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.Т нь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2-р баг, 2-2-27 тоотод иргэн С.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газар цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, 2 дугаар байрны 2 дугаар орц 27 тоотод хохирогч С.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газар цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр найз залуугийн найзуудтай нэг найз нь гадагшаа явахаар болоод бид нар гаргаж өгөх гээд хамт зугаалганд яваад бороо ороод байсан болохоор нь буцаж Шивээговь суманд ирээд С.А-ы гэрт хорхог хийж идчихээд унтах гээд найз залуутайгаа гэртээ ороод байж байтал араас бүгд нөхөртэйгөө манайд орж ирээд эрэгтэйчүүд нь гадагшаа гарна гээд гараад явсан хойгуур бид дөрөв үлдсэн. С.А пиво уугаад сууж байсан аягаа над руу шидээд бос ч ирэн миний дух руу хоёр гурван удаа чичилсэн. Тэгэхээр нь би буйдан руу түлхээд нүүр рүү нь хоёр, гурван удаа цохисон чинь С.А бархираад байхаар нь би боссон тэгээд С.А өөрөө гараад явсан гэв.
1.2. Шүүгдэгч Э.Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр манай найз залуу болох Ч-н Б Солонгос улс руу явахаар болсон гээд Ч бид хоёр, Л эхнэр А, Б эхнэр Б-тэй, Б найз хүүхэн болох М нийт 8 хүн, Л-н 2 хүүхэдтэй 10 хүн Хэрлэн гол руу зугаалахаар болсон. Тэгээд бид нар Чойр дээрээс зугаалганд авч явах хүнсээ бэлдчихээд Хэрлэн гол орохоор гараад явж байтал замд Л-н унаж явсан мотоцикль эвдэрсэн. Тэгээд бид нар замдаа зогсчихоод эрчүүд нь пиво уугаад сууж байсан чинь А Л руу учиргүй уурлаад л элдэв янзын үгээр харааж зүхээд байсан. Тухайн үед гадаа их хүчтэй бороо орж байсан. Тэгээд бид бороотойд зугаалаад яахав гээд буцаад Шивээговь суманд ирсэн. Тэгээд Л-н гэрт бид нар ороод хоол цай хийж идэж уугаад эрчүүд нь 1.75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уусан. Тэгээд бид нар Л-н гэрээс гараад Ч бид хоёрын байгаа С ахын гэр буюу 2 дугаар байрны 2-р орцны 27 тоотод ороод сууж байтал эрчүүд нь гадаа гарч машинд суунгаа нэг шил архи уучихаад ирье гээд гараад явсан. Тэгээд А, М, Б бид нар үлдээд А, М бид гурав 2.5 литрийн пиво уугаад сууж байгаад би А-г чи өдөр олон хүмүүсийн дэргэд уурлаад уур амьсгал эвдээд их эвгүй харагдаж байна лээ гэсэн чинь А би танай нөхөрт уурлаагүй, би өөрийнхөө нөхөрт уурлах чамд хамаагүй, чи аятайхан байгаарай гэхээр нь би чи зүгээр байгаарай гэсэн чинь А чи муу бацаан зүгээр байхгүй бол яадаг юм гээд гараараа толгой руу чичиж байгаад гарч явахдаа “чи Л-ай суугаад амьдар мэд үү? гэхээр нь би “за за” гээд хэлчихсэн чинь буцаж ирээд дахиж толгой руу чичээд “би чамтай тоглоогүй байна шүү” гэхээр нь би уурлаад “за муу гичий минь чамайг шаагаад хаячихна шүү” гэсэн чинь урдаас “чи намайг гичий янхан гэдэг хэн бэ? чи өөрөө гичий янхан” гэх зэргээр урдаас олон үгээр доромжлоод байхаар нь уур хүрээд А-г буйдан дээр татаж унагаж байгаад зүүн хацар луу нь 2 удаа цохисон чинь урдаас аймар орилоод байхаар нь би босгосон. Тэгсэн чинь А гэрээс гараад явсан. Тэгээд буцаж орж ирээд дахиад намайг элдэв янзын үгээр доромжлоод байсан. Би дахиж А-тай зодолдоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/
1.3. Хохирогч С.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр Л-н найз Б Солонгос Улс руу явах гэж байгаа гээд найз нар нь гаргаж өгөхөөр Хэрлэн гол руу зугаалахаар болсон юм. Тэгээд бид нар Чойроос хэрэглэх эд зүйлээ бэлдэж авчихаад Хэрлэн гол руу явж байтал замдаа Л-н унаж явсан мотоциклийн дугуй хагараад зогссон. Тухайн үед гадаа бороо орж байсан юм. Тэгсэн чинь Л мотоциклоо янзлахын оронд найз нартайгаа нийлээд пиво уугаад суугаад байхаар нь би “чи хүүхдүүдээ дагуулж явж байж хар усан борооноор жаргалаа хөөгөөд пиво уугаад суугаад байх юм” гээд ууралсан. Тэгээд бид нар гадаа бороотой байна, гол орохоо больё гэж яриад буцаад Шивээговь суманд ирсэн. Тэгээд бүгд манай гэр лүү ороод би хоол цай хийж өгөөд гэрт Л, Б, Б, Ч, Т, М, Б нар нэг шил 1.75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уусан. Тэгээд тэд нар хоол цай идэж уучихаад хажуу талын орцонд Ч-ын ах С-н гэрт орцгооё гээд бид нар бүгд орсон. Тэгээд манай хажуу талын орцонд С гэх айлд хүн байхгүй байхад нь Ч түлхүүрээр онгойлгож орсон. Тэгээд эрчүүд нь гадаа машинд сууж байгаад “нэг шил архи уучихаад ороод ирье” гээд 0.75 литрийн Тайга нэртэй архи аваад гарсан. Тэгээд Т, Б, М бид нар С ахын гэрт үлдээд Т, Б, М бид нар пиво уугаад сууж байтал Т надад “би чамаас эгч дүү хүмүүстэй зугаалганд явж үзэж байсан, чи өнөөдөр хамт явж байсан хүмүүсийнхээ уур амьсгалыг эвдээд элдэв янзын үгээр харааж доромжлоод” гэхээр нь би “танай нөхрийг хэлээгүй ш дээ, чи ч миний оронд байсан бол уурлах л байсан, гадаа бороо орж байхад нялх нойтон хүүхдүүдээ дагуулж явчихаад пиво уугаад суугаад байхаар нь хэн ч гэсэн уурлана биз дээ миний нөхөртөө уурлах чамд хамаагүй” гээд хоорондоо маргалдсан. Тэгээд би гэрээс нь гарах гэж байсан чинь Т миний араас “чамайг хаана ч барна шүү гичий минь, янхан минь” гэхээр нь би эргэж хараад толгой руу нь хуруугаараа чичээд “чи зүгээр байгаарай, чам шиг хүүхэд надтай маргалддаггүй юм, эгчийн дүү аятайхан бай” гэсэн чинь намайг буйдан дээр дарж унагаад миний нүүр лүү 3-4 удаа цохион. Тэгээд би доороос нь босож ирээд гараад явсан. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлээд тодорхойлолт хийлгэж авсан. Маргааш нь Т уучлалт гуйгаад ирэх болов уу гэж бодсон чинь ирээгүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/
1.4. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр Б-н найз Банзрагч Солонгос улс руу явахаар болсон гээд манай нөхрийн найз нар болох Л эхнэртэйгээ, Б эхнэртэйгээ, Ч эхнэртэйгээ, манай нөхөр бид хэд Хэрлэн гол руу зугаалганд явахаар болоод явцгаасан. Тэгээд бид нар замдаа явж байсан чинь Л-н унаж явсан мотоцикль эвдрээд замдаа зогссон. Тухайн үед гадаа бороо орж байсан юм. Тэгсэн чинь А нөхөр лүүгээ уурлаад “чи хар усан борооноор хүүхэд дагуулж явчихаад явах үгүй нь мэдэгдэхгүй байна” гээд уурласан. Тэгээд бид нар Шивээговь суманд буцаж ирээд Л-н гэрт орцгоогоод эрчүүд нь 1 шил 1.75 литрийн Соёрхол нэртэй архи уучихаад Л-н гэрээс гараад 2-р орцны 27 тоотод Ч, Т хоёрын амьдарч байгаа С ахын гэр лүү орцгоосон. Тэгээд С ахын гэрт ороод сууж байсан чинь Л, Ч, Б Б нар гадаа гарч нэг шил архи уухаар гарсан. Тэгээд гэрт нь Т, М, А бид нар үлдээд Т, М, А нар 2.5 литрийн савлагаатай пиво уугаад сууж байсан. Тэгж байгаад М унтаад өгсөн. Тэгээд сууж байснаа Т А-г “би олон хүнтэй зугаалганд явж үзсэн, чи их онцгүй харагдаж байна лээ шүү” гэсэн чинь А “би нөхөрлүүгээ уурласан болохоос танай нөхөр лүү уурлаагүй. Миний нөхөртөө уурлах чамд ямар хамаатай юм бэ?” гээд маргалдаад эхэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад А пиво ууж байсан аягаа шидсэн чинь Т-н хажуу талаар зөрсөн. Тэгээд А гутлаа өмсөөд гарахдаа “чи Л-гаа хамт амьдраарай” гэсэн чинь Т газар сууж байгаад тэгье, тэгье гэж хэлсэн чинь А буцаж ирээд Т-н толгой руу гараараа чичээд “зүгээр байгаарай” гээд элдэв янзын үгээр хараагаад байсан. Тэгсэн чинь Т “чи зүгээр байгаарай би чамайг шаачихна шүү” гэж хэлсэн. Тэгээд А гарч явах гэж байгаад Тг “чи муу гичий миний нөхөртэйгээ хэрэлдэх чамд хамаагүй мэдэв үү” гээд хараагаад байсан чинь Т А буйдан руу татаж унагаад нүүрлүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд би салгах гээд босоод очтол Т А-г орхиод босоод ирсэн. Тэгээд А Т руу дайраад байхаар нь би дундуур нь орж салгаад дахиж зодолдуулаагүй. Тэгээд А гараад явахаар нь би гадаа байсан хүмүүсээ дуудаж оруулж ирсэн… /хх-ийн 12 дугаар хуудас/
1.5. Гэрч Р.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай 10 жилийн ангийн найз Б Солонгос Улс руу явахаар болсон гээд манай найз нар гаргаж өгөхөөр Хэрлэн гол руу зугаалганд явсан юм. Тэгээд замдаа явж байтал мотоцикль эвдрээд дээрээс нь бороо ороод байхаар нь буцаад Шивээговь суманд ирсэн. Тэгээд бид нар манай найз Л-н гэрт хоол цай хийгээд 1 шил 1.75 литрийн Соёрхол нэртэй архи уусан. Тэгээд манай найз Л, Б, Б бид дөрөв нэмж нэг шил архи гадаа сууцгааж байгаад ууя гэж гараад Т, А, Б, З Л-н гэрийн хажуу талын орцонд манай ах С ахын байр луу оруулчихаад бид нар гадаа суусан. Тэгсэн чинь А, Т хоёр хоорондоо зодолдсон байсан. Яг юунаас болж хэрхэн зодолдсон талаар надад мэдэх зүйл байхгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
1.6. Гэрч М.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Тухайн өдөр манай нөхөр Б-г Солонгос Улс руу явахаар болсон гээд найз нар нь гаргаж өгөхөөр болоод Хэрлэн гол руу явна гэсэн чинь замд Л гэдэг найзынх нь мотоцикль эвдрээд бас гадаа бороо ороод явахаа болиод буцаад Шивээговь суманд ирээд Л-н гэрт хоол цай хийж идэцгээгээд эрчүүд нь тэнд 1 шил 1.75 литрийн Соёрхол нэртэй архи уусан. Тэгээд бид нар Л-н гэрээс гараад хажуу талынх нь орцонд Ч-н гэрт ороод сууж байсан чинь араас Л эхнэр А-гаа нэг шил Тайга нэртэй архи барьчихсан орж ирсэн. Тэгтэл эрчүүд нь гадаа гарч уучихаад ороод ирье гээд гараад явцгаасан. Бид нар Ч-н гэрт үлдээд пиво ууж эхлээд байж байтал миний нойр хүрээд байхаар нь унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал Б намайг сэрээхээр нь босоод ирсэн чинь А, Т нар хоорондоо маргалдчихсан байж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгачихаад байж байсан чинь гадаа нөгөө хэдийн дуу гарах шиг болохоор нь гал тогооных нь өрөө лүү ороод цонхоор нь ороод ир гэж дуудчихаад буцаад зочны өрөөнд яваад орсон чинь Т А буйдан дээр дарчихсан байж байсан. Тэгээд тэр хоёрыг салгасан чинь А нь баахан орилж чаралж байгаад гараад явсан, дахиж зодоон болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
1.7. Гэрч О.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2018 оны 07 дугаар сарын 29-нд ээлжинд үүрэг гүйцэтгэж байхад 08 цагийн үед С.А хүнд зодуулчихлаа гээд ирсэн. Тухайн үед биеийн ерөнхий байдал дунд, баруун нүдний дээд зовхи хөхөрч хавдсан, хамар орчим хавдаж хөхөрсөн, баруун хацрын дээд хэсэгт хавдаж хөхөрсөн, толгойн баруун дээд хуйхны хэсэгт хавдсан, хүзүү орчим нь маажиж улайлгасан, уруулын дотор хэсэгт нь язарсан, зүүн дээд хэсэгт нь хөхөрсөн байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
1.8. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 242 дугаартай дүгнэлтэд:
- С.А-ны биед тухайн үед тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд, баруун хацарт, толгойд, дээд уруулд цус хуралтууд дээд уруулын дотор салстанд өнгөц язрал, хүзүүнд зулгаралт гэмтэл учирчээ.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 20 дугаар хуудас/
1.9. 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Шивээговь сумын ЭМТ-н дуудлагын эмчийн тодорхойлолт,
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Э.Т-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Э.Т нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Э.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Э.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч Р.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Т нас залуу хүүхэд гэхэд их ажилсаг, даруухан, хүмүүстэй их нийцтэй харьцдаг хүүхэд шиг надад санагддаг. Манай хөдөө гэрээр болон бид нарыг Шивээговь суманд ирсэн байхад нөхөртэйгээ болон өөр ямар нэгэн хүнтэй маргалдаж муудалцаж байхыг нь огт хараагүй. Их үг дуу цөөтэй хүүхэд байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/
2.2. Гэрч Л.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Т нь айлын ганц хүүхэд байгаа юм. Эмэгтэй хүүхэд учир зөөлөн сэтгэлтэй, хүмүүстэй их нийтэч хүүхэд байгаа юм. Хүүхэд байх үеэсээ надтай ойролцоо өссөн учир би энэ хүүхдийг сайн мэднэ. Их хөдөлмөрч хичээнгүй, төлөв даруу хүүхэд юм. Хүнтэй зодолдсон гэхээр нь би одоо болтол итгэхгүй байна… гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
2.3. Хохирогч С.Амөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/
2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/
Шүүгдэгч Э.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Э.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Э-н Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ