| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0262/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/272 |
| Огноо | 2018-10-16 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Г.Сэндсэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Заяа,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Доржханд,
ШүүгдэгчА.Б, Д.Ннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнА.Б, Д.Ннарт холбогдох эрүүгийн 1838006760310 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.Б, Д.Н нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 01-ний орой Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутгаас иргэн Ц.Ц3 тооны үхрийг ... дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б, Д.Ннар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 01-ний орой Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутгаас иргэн Ц.Ц3 тооны үхрийг ... дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн орчим Мөрөнгөөс найз Насантогтохын хамтаар түүний ... гэсэн дугаартай портер машинаар Тосонцэнгэл сум руу явсан ...Тосонцэнгэл рүү явж байгаад замаас салаад айлын өвөлжөөн дээр очиж зогссон ...тэгээд өвөлжөөний баруун урд уулын энгэрт 3 үхэр байсан. Тухайн үед гэгээ тасраад харанхуй болж байсан. Тэгэхээр нь Насантогтохын хамт уулын энгэр дээр байсан үхрийг тууж ирээд айлын саравчинд оруулж барьж аваад машиндаа ачсан. Мөрөнд шөнийн 3 цагт ирсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Тосонцэнгэл сумын цаад талаас хар зүсмийн үнээ, хүрэн бөөр алаг бяруу, мөн хар зүсмийн нэг эр шүдлэн бэлчээр дээрээс нь машиндаа ачсан. Тэгээд Мөрөнд орж ирээд цагдаа нарт баригдсан. Тухайн үед Б цагдаа нарт баригдаад явсан. Намайг машинаа харж байгаарай гэхээр нь би зугтаад явчихсан. Зугтаад явж байгаад мөрдөгч Даваацэрэнд баригдсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 2-4 дүгээр хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл /ХХ-ийн 6-7 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 26 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнгөрсөн 08 дугаар сарын 20-ны үед өвс тэжээл хадлангийн ажлаа бэлтгэх гээд үхрээ тугалтай нь хамт Тосонцэнгэл сум, Их-Уул сумын хоорондох Шаралдайн энгэр гэх газар малаа бэлчээрт нь үлдээсэн...2018 оны 09 дүгээр сарын 04-ний орой манай хүүхэд интернет орж байгаад манай үхэр энд байна гэхээр нь мэдээд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үхрээ цуглуулж бүртгэхэд 8 тооны үхэр байхгүй байсан. Халтар үнээ, бидэртэй хүрэн эр үхэр, мухар шар цоохор баяруу гэх 3 тооны үхрийг хүлээн авлаа. Тосонцэнгэл сумаас Мөрөн сум руу орж ирсэн бензин тосны мөнгө, замын зардлаа төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-16 дугаар хуудас/,
Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…НЭнхтуяа гэж хүнээс портер машин 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан. 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өглөөгүүр үхэр ачиж ирж яваад цагдаад баригдсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр намайг зах дээр ажлаа хийгээд байж байхад Очирхуяг цагдаа залгаад Мөрөн сумын ... тоотод хулгайн мах муудах гээд байна ирээд авчихаач гэхээр нь Сэргэлэн гэх хүний хамт очсон. Бид хоёрыг очиход айлын амбаарт 4 тооны үхрийн махнууд байсан бөгөөд арьснуудыг нь өвчөөгүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 50-51 дүгээр хуудас/,
Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…... дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл нь миний тээврийн хэрэгсэл юм. Нгэж хүнд 3.500.000 төгрөгөөр зарна гэж тохиролцсон. Тухайн үед наймаа хийхдээ Ннадад огт мөнгө өгөөгүй. Түүсэн жимсээ зарж борлуулаад мөнгийг нь өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-24 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлсэн тайлан /ХХ-ийн 28, 34 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчА.Б, Д.Ннарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838006760310 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Ц.Ц нь Тосонцэнгэл сумаас Мөрөн сум руу ирж буцсан замын зардлаа нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчА.Б, Д.Ннараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
ШүүгдэгчА.Б нь урьд 1998 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, 2000 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар, 2002 онд Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил 11 сар 8 хоногийн хорих ялаар, 2009 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж 2017 онд 1 жил 1 сар 5 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 73, 97-98, 104-107, дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ннь урьд 1988 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2, 153 дугаар зүйлийн 2-т зааснаар 5 жилийн хорих ялаар, 1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, 1999 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 онд ялын хугацаа дуусаж суллагдсан болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 70, 91-96 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
ШүүгдэгчА.Б, Д.Ннар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 1838006760310 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан ... дугаартай Портер маркийн машины хууль ёсны өмчлөгч нь Б.Э. гэх хүн байх тул прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нараас машины үнэ 1.600.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 800.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
ШүүгдэгчА.Бийн цагдан хоригдсон 44 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 352 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээнээс хасах, Д.Насантогтохын цагдан хоригдсон 43 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 344 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээнээс тус тус хасах нь зүйтэй байна.
ШүүгдэгчА.Б, Д.Ннар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Б, Д.Н нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчА.Б-ийг 352 /гурван зуун тавин хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Д.Н 344 /гурван зуун дөчин дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчА.Бийн цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар буюу 352 /гурван зуун тавин хоёр/ цагаар тооцож, Д.Н-ын цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар буюу 344 /гурван зуун дөчин дөрөв/ цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус тус хассугай.
4. Эрүүгийн 1838006760310 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Ц нь Тосонцэнгэл сумаас ирж буцсан замын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч А.Б, Д.Н нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар ... дугаартай Портер маркийн машиныг битүүмжилсэн прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Б, Д.Н нараас тус бүр 800.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, Д.Н нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР