Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/273

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Заяа,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,

ШүүгдэгчХ.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Охолбогдох эрүүгийн 1838006630313 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Х.О нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг Хүртийн хөндий гэх газраас иргэн П.ЛМустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 он 07 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг Хүртийн хөндий гэх газраас иргэн Ц.М6 тооны хонийг бэлчээрээс нь хулгайлж 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

ШүүгдэгчХ.О нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг Хүртийн хөндий гэх газраас иргэн П.Л Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 он 07 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг Хүртийн хөндий гэх газраас иргэн Ц.М 6 тооны хонийг бэлчээрээс нь хулгайлж 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчХ.Оийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Хүртийн хөндийд явж байтал хэсэг хонь бэлчээртээ тасарсан явж байсан. Тэгэхээр нь 5 хонь барьж аваад хүлж тавиад нэг хонийг нь мотоцикль дээр дүүрээд аваад явсан...Би 2018 оны 08 дугаар сарын 14-ний орой болж байхад цуг архи ууж байсан хүний мотоциклийг унаж явсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.М н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Түнэл сумын үертийн ам гэх газар луу очоод буцаад явж байтал бор, цагаан дээлтэй улаан мотоцикльтой 2 хүн эвэртэй зүрх эмтэй шар халзан хонь дундаа аччихсан явж байхаар нь өөрийн хонь болохоо таниад тэмдэг нь сайн танигдахгүй байсан болохоор шууд гэртээ ирсэн. 19 цагийн үед хонь руугаа очиход хүү хонио туугаад явж байсан хар үзүүрийн ам руу харахад орой дээр 2 цагаан юм харагдахаар нь очтол манай хоёр хонийг хүлээд тавьсан байсан. Хонио хүлээсийг нь тайлахад нэг нь үхсэн нөгөө хонийг нь шувуу идсэн байсан...Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад 6 хонины нийт 900.000 төгрөг бэлнээр тоолж өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-24 дүгээр хуудас/,

Хохирогч П.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манай төрсөн ах Мягмардорж 88214719 дугаарын утаснаас залгаад ах нь мотоциклио алдчихлаа гэхээр нь би яаж байгаад алдчихсан юм бэ гэтэл ах нь архи ууж байсан айлынхаа хашаанаас мотоциклио алдчихлаа гэсэн...Миний алдсан мотоциклийгО гэх залуу авчирч өгсөн...Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-16, 18 дугаар хуудас/,

Гэрч П.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дүү Лулсын дугааргүй улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг унаж ирсэн. Тэр унаж ирсэн мотоцикль Тулгын гэрийн хаяанд байсан. Орой намайг унтаж байхад 23 цагийн үед мотоцикль Тулгын гэрийн хашааны үүднээс дуугараад цаашаа явах шиг болсон. Би Мөнхбаяр гэх залууг унаад явсан байх гэж бодсон. Түүнээс хойш шөнө 2 цагийн үед нойл орох гэтэл миний мотоцикль байхгүй байсан. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 09 цагийн үед Тулга Мөнхбаяр луу залгаад манай найзын мотоциклийг авчирч өг л дөө гэж гар утсаар ярихад Мөнхбаяр юун мотоцикль би аваагүй гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-27 дугаар хуудас/,

Гэрч Я.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Шөнө 02 цагийн үед намайг сэрэхэд Мягмардорж гэрийн гэрэл асаагаад гэрээс бие засахаар гараад удалгүй орж ирээд миний мотоцикль алга болсон байна. Мөнхбаяр мотоциклийн хажууд унтаж байсан. Унаад явсан байх өглөө залгая гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 07 дугаар сарын 18-нд ...15 цагийн орчимд үл таних 2 залуу улаан өнгийн шинэ мотоцикль унаад голдоо нэг ширхэг хонь хийгээд ороод ирсэн. Орж ирээд хүрэн улаан дээлтэй үл таних залуу энэ хонийг мөрөн оруулах гэсэн юм түр танай хашаанд хийгээд үлдээчихье жаахан байж байгаад аваад явна гэхээр нь би тэг, тэг гээд хэлсэн чинь өөрсдөө хашаанд оруулаад уяад үлдээсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-34 дүгээр хуудас/,

Гэрч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би 2018 оын 07 дугаар сарын 18-ны өглөө 6 цагийн үед Мөрөнгөөс Тариалан сум орохоор дүүОийн хамт мотоциклиор явсан. Тосонцэнгэл сумын наад талын засмал зам дээрО би хүнээс мөнгө авах ёстой гээд буугаад үлдсэн. Манай дүүО над руу залгаад та ирэх болж байна уу гэхээр нь Хүртийн хөндий орчимд яваад очтолО замын хажууд нэг хонь хүлээд тавьчихсан байсан...Отгонбилэг би дахиад хоёр хонь хүлээд тавьчихсан байгаа гэхээр нь юун хонь юм гэхэд би өрөндөө авсан юм гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 37 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлсэн тайлан /ХХ-ийн 44, 48 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч             Х.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг болон малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838006630313 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

ШүүгдэгчХ.О нь урд  2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 83, 85-87 дугаар хуудас/-аар тогтоогдож байх боловч ялгүй болсон байна.

ШүүгдэгчХ.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

ШүүгдэгчХ.От ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.

ШүүгдэгчХ.Оийн цагдан хоригдсон 41 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 328 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээнээс хасах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838006630313 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.О-ийг бусдын эд хөрөнгийг болон малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.         

2. ШүүгдэгчХ.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-т оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоосугай.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-ийн цагдан хоригдсон 41 /дөчин нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай буюу 328 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

6. Эрүүгийн 1838006630313 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

     7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчХ.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.ХҮРЭЛБААТАР