| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0271/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/271 |
| Огноо | 2018-10-15 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндсэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Заяа,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч Т.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Цд холбогдох эрүүгийн 1838007540349 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутгаас гарал үүслийн гэрчилгээгүй 2.7 куб метр модыг ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутгаас гарал үүслийн гэрчилгээгүй 2.7 куб метр модыг ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Цйн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би найз Халтар, Далайбаатар нарын хамт Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас түлээний модоо авахаар өөрийнхөө ... улсын дугаартай портер маркийн машинаар явсан юм. Манай хүүхэд Мөнхдэмбэрэл Арбулаг сумын төвөөс гоожингоо аваад бид нар дээр ирсэн. Хүү маань ирэхдээ гоожин л байна, суманд гарал үүслийн гэрчилгээ тасарсан байна. Гарал үүсэл өгсөнгүй гэсээр ирсэн. Тэгээд бид нар модоо ойгоос унаанги жаахан мод ачаад Мөрөн лүү хөдөлсөн. Мөрөн лүү орж ирж яваад байгаль орчны хүмүүст шалгагдаад цагдаад саатуулагдсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-9 дүгээр хуудас/,
Хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...сумын хэсгийн төлөөлөгч болон засаг дарга нар дуудаад ийм асуудал гарсан байна, хохирогч иргэний нэхэмжлэгчээр оролцох хэрэгтэй байна гээд цагдаагийн газар луу албан тоотыг цахимаар явуулсан байсан...хууль бусаар мод бэлтгэсэн гэх Ц гэх хүн учруулсан хохирлын мөнгө болох 162000 төгрөгийг манай байгууллагад бэлнээр өглөө. Би няравын хувьд тухайн мөнгийг хүлээн авлаа гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-17 дугаар хуудас/,
Гэрч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Арбулаг сумын төв орж гоожин авсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр аав надруу утсаар яриад Арбулаг сум руу түлээндээ явж байна гоожингоо тусгалт гэдэг газар луу аваад ирээрэй гэсэн. Би гоожин авсан өдрөө байгаль хамгаалагчаас гарал үүслийн бичиг байгаа юу гэхэд байхгүй гэхээр нь мод бэлтгэх эрхийн бичиг байгаа юм чинь гэж бодоод аавын байгаа газарт очиж эрхийн бичгээ өгөөд Мөрөн лүү явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Мөрөн Хатгалын чиглэлд Хужиртын амны хяналтын постонд байгаль хамгаалагч Ц.Нямдолгорын хамт үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд буюу 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 22 цаг 9 минутанд гарал үүслийн гэрчилгээгүй 3-4 метр куб орчим хэмжээтэй хуурай түлээний мод ачиж явсныг зогсоож шалгасан... тухайн үед Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би Баттуяагийн хамт үүрэг гүйцэтгэж байхад ... улсын дугаартай Бонго портер маркийн тээврийн хэрэгсэл дээр эрхийн бичиггүй мод тээвэрлэсэн хүнийг шалгасан. 22 цаг 9 минутанд гарал үүслийн гэрчилгээгүй 3-4 метр куб орчим хэмжээтэй хуурай түлээний мод ачиж явсныг зогсоож шалгасан...та нарт шалгуулна гэж байхгүй гээд хэл амаар доромжлоод байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Ц жижиг жижиг мод бэлтгэж машиндаа ачсан. Тэнд очсоны дараа Цйн хүү нь гээд нэг залуу бичиг баримт авч ирж өгч байгаа юм болж байсан. Тэгээд модоо ачиж дуусаад 21 цагийн үед Мөрөн лүү орж ирсэн. Тэгтэл мод нь бичиг баримтгүй юм болоод саатуулагдсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Л.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц уулнаас унаанги мод түүж машин дээрээ ачсан. Бид нарыг очсоны дараа Цйн хүү нь гээд нэг залуу бичиг баримт авч ирж өгсөн...Байгаль хамгаалагч нар зогсоогоод бичиг баримт байхгүй гээд саатуулсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас нэг хүн ирээд тусгалтаас мод ачаад ахындаа буулгах гэсэн юм. Эрхийн бичиг авья гэхээр нь би эрхийн бичигээ бичиж өгөөд гарал үүслийн бичиг байхгүй байгаа, манай сумаас аймгийн төв рүү түлшний мод бэлтгэн тээвэрлэх эрхийн хэмжээ батлагдаагүй байгаа болохоор гарал үүслийн бичиг цаанаасаа хуваарилагдаж ирээгүй байгаа, аймгийн төв рүү тээвэрлэж болохгүй шүү гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтэд:
Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 40 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Цйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838007540349 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Т.Ц нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 55 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Т.Ц нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Д.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1838007540349 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 2.7 м3 модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Ц нь ... улсын дугаартай Портер маркийн машинаар гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн, уг тээврийн хэрэгсэл нь Д.Д. гэх хүний өмчлөлийх байх тул ... улсын дугаартай Портер маркийн машиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Ц-г гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 2.7 м3 модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ... улсын дугаартай Портер маркийн машиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн 1838007540349 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР